Энэ онд мэндэлснийх нь тэгш ой тохиож буй 11 генерал
Үйл явдал
/
2020-04-29

Аливаа улс орны тусгаар тогтнолын нэгэн баталгаа, эх орноо хамгаалах гол хүчин нь цэрэг, арми байсаар ирсэн түүхтэй. Тиймээс цэрэг, арми байгаа цагт тэднийг удирдах дээд дарга, генералууд байх ёстой бөгөөд энэ ч утгаараа генералуудыг улс орны тусгаар тогтнолын баталгааны нэгэн гол хүчин зүйл гэж үзэж болох юм.

Анх генерал цолыг Франц улсад 16 дугаар зуунаас хэрэглэж ирсэн бөгөөд Орос улсад 1657 онд Нэгдүгээр Петр хаан армидаа хэрэглэсэн ажээ. Монголчуудын хувьд өнө эртнээс цэргийг үүсгэн байгуулж, төр улсаа сахин хамгаалж ирсэн арвин баялаг уламжлалтай бөгөөд тэрхүү цэргийг удирдах дарга, жанждаа баатар, хөлөг баатар, мянгат, түмтийн ноён гэх зэргээр нэрлэж байсан нь нэг талаараа албан тушаал боловч нөгөө талаараа цэргийн цолыг давхар илэрхийлж байсан аж.

Орчин цагийн цэргийн хэргийн хөгжлийн чиг хандлагын дагуу шинэ маягийн цэргийг байгуулж, сургаж бэлтгэхийн хамт зэрэг дэвийг нь илэрхийлсэн цэргийн цолыг хэрэглэж эхэлсэн байна. Ингэхдээ түүхэн хөгжлийн дагуу цэргийн цолондоо хас тэмдэг, өлзий хээ, таван хошууг хэрэглэж ирсэн юм.

Олноо өргөгдсөн Монгол Улсын цэрэгт 1914 оноос нийт цэргийг зэрэг дэвтэй болгосон нь өнөөгийн цэргийн цолны үүсэл байж болох юм. Үүнээс хойш 1921, 1931, 1936, 1944, 1963, 1990, 2011 онд цэргийн цолонд өөрчлөлтүүдийг хийсэн байна.

Түүх сөхөхөд, БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1944 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 22 дугаар хурлын тогтоолоор Монгол ардын хувьсгалт цэргийн дарга нарыг нийтэд нь офицер хэмээн нэрлэхээр болж, цэргийн цолыг шинэчилжээ. Улмаар МАХЦ-т 1944 онд шинээр нэвтэрсэн цэргийн дээд цол нь генерал цол бөгөөд уг цолыг эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгох журам гаргаж, БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын есөн хүнд хошууч генерал, бүгд 11 хүнд анх удаа генерал цолыг олгосон байна.

Армийн генерал цолыг 1970 оноос хэрэглэж Ю.Цэдэнбал, Б.Дорж нарт уг цолыг хүртээсэн ба хурандаа генерал цолыг 1960-аад оноос олгож Б.Цог, Ж.Лхагвасүрэн, С.Батаа, Ж.Авхиа, Б.Дорж, С.Равдан, Ж.Ёндон, С.Лувсангомбо, Б.Дэжид нарт хүртээжээ. Дэслэгч генерал цолыг 1944 оноос эхлэн олгосон ба анх Бүх цэргийн жанжны нэгдүгээр орлогч Ж.Лхагвасүрэн, МАА-ийн Улс төрийн газрын дарга Ю.Цэдэнбал нарын 20 хүн хүртсэн байна. Хошууч генерал цолыг 1944 оноос эхлэн олгосон ба нийт 109 хүн хүртсэн юм. Тэрчлэн 2006 онд бригадын генерал цолыг анх Н.Энхбаялагт олгосноос хойш өдгөө 41 хүн энэхүү дээд офицерын цолыг хүртжээ.

Энэ бүхнийг нэгтгэж үзэхэд, 1944 онд анх генерал цол олгосноос хойших 76 жилийн түүхэнд нийтдээ 180 хүн генерал хэмээх эрхэм дээд цолыг хүртээд байна.

Монгол Улсын генералууд нь зөвхөн Батлан хамгаалах, Аюулгүй байдлыг хангах хэрэгт төдийгүй улс орны хөгжлийн бүхий л үе шатанд манлайлан оролцож ирснийг энд тэмдэглэх учиртай ба тэдгээр эрхэм хүмүүсээс мэндэлснийх нь тэгш ой 2020 онд тохиож буй 11 генерал байна. Энэ удаа тэдний намтар, үйл ажиллагааг уншигч та бүхэнд танилцуулахыг эрхэм болголоо.

 

ХОШУУЧ ГЕНЕРАЛ МАТРОСЫН ЗАЙСАНОВ

(1910-1967)

М.Зайсанов 1910 онд төрсөн. Таван настайдаа өнчирч одоогийн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат Райсханыд үрчлэгджээ. Тэр бээр 1929-1930 онд ЗХУ-ын Москва хотод Дорно дахины хөдөлмөрчдийн их сургуулийн дэргэдэх Хошууны ажилчдыг бэлтгэх нэг жилийн сургууль, 1930-1931 онд дээрх сургуулийн бэлтгэл анги, 1931-1934 онд Тамбовын морин цэргийн дунд сургууль, 1934-1937 онд К.Е.Ворошиловын нэрэмжит Оренбургийн Нисгэгч-нисэн хянагчийн 3 дугаар дунд сургууль, 1948-1951 онд Москва хотын цэргийн нисэх хүчний академид тус тус суралцаж төгсжээ.

М.Зайсанов 1925 оноос Ховд аймгийн Мал эмнэлгийн газар ажилтан, 1934-1937 онд Оренбургийн нисэхийн сургуульд суралцахын хамт монгол сурагчдын орчуулагч багш, 1937 оноос мөн сургуульд монгол курсийн багш-нисгэгч, МАХЦ-ийн Нисэх  эскадрилийн дарга, 1939 оноос МАХЦ-ийн нисэх хүчний дарга, 1943 оноос нисэх дивизийн дарга, 1946 оноос Нисэх хүчний дарга бөгөөд хэлтсийн дарга, 1951 оноос Нисэх хүчний хэлтэс, нисэх холимог 5 дугаар тусгай хорооны дарга, ЦЕС-ийн Нисэх секцийн даргаар ажиллажээ. МАХЦ-ийг 1950-иад оны дунд үеэс эхлэн цомхотгон олон зуун офицерыг цэргийн албанаас бэлтгэлээр халж энгийн байгууллагуудад шилжүүлсэн юм. Үүнтэй уялдан М.Зайсанов бэлтгэлээр халагдаж 1956-1964 онд Улаанбаатар төмөр замын хамгаалалтын хэлтэст ахлах байцаагч, мөн хэлтсийн дарга, Төв засварын газарт слесарийн хэсгийн эрхлэгчээр ажиллаж байв.

Тэр бээр БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор “Нисэхийн” хошууч генерал хэмээх анхны цол хүртсэн бөгөөд Монгол Улсын анхны 11 генералын нэг юм. Түүний хөдөлмөр, зүтгэлийг нь төр, засгаас өндрөөр үнэлж Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор гурван удаа, Байлдааны гавьяаны одон, “Алтан гадас” одонгоор хоёр удаа болон бусад медалиудаар тус тус шагнажээ. Мөн ЗХУ-ын Байлдааны гавьяаны улаан тугийн одон болон бусад медалиар шагнасан байна.

 

ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЖАМЦЫН ЦЭНД-АЮУШ

(1920-1971)

Ж.Цэнд-Аюуш нь 1920 онд Сайн ноён хан аймгийн Сүжигт бэйсийн хошуу, одоогийн Архангай аймгийн Хотонт сумын нутагт төрсөн.

1942-1943 онд ЦЕС-ийн улс төрийн ангийг хурдавчилсан хөтөлбөрөөр, 1947-1949 онд Улаанбаатар хотод МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын шинэ хүчний дээд сургуулийг эчнээгээр, 1955-1959 онд ЗХУ-ын Москва хотод ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Намын дээд сургуульд суралцаж төгсжээ. Ж.Цэнд-Аюуш нь 1940 онд Баянтүмэн дэх 5 дугаар морьт дивизэд цэрэг, бага дарга, 1943-1944 онд тус дивизийн холбооны тусгай сумангийн улс төрийн удирдагч, 1944-1946 онд тус дивизийн 28 дугаар морьт хорооны намын товчооны дарга, 1946-1947 онд мөн дивизийн улс төрийн хэлтсийн намын ажлын зааварлагч, 1947-1951 онд МАХЦ-ийн Улс төрийн газарт хэлтсийн орлогч, 1951-1952 онд Улс төрийн газрын шинэ хүчний хэлтсийн дарга, 1952-1953 онд 6 дугаар мотомеханикжуулсан бригадын улс төрийн хэлтсийн дарга, 1953-1954 онд Улс төрийн газрын орлогч бөгөөд нам, эвлэлийн ажлын хэлтсийн дарга, 1954 оноос Улс төрийн газрын орлогч дарга, 1954-1955 онд Улс төрийн газрын дарга, 1959-1960 онд Ардын цэргийн командлагчийн орлогч бөгөөд Ардын цэргийн Улс төрийн газрын дарга, 1960-1962 онд Архангай аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1962-1969 онд Ардын цэргийн Улс төрийн газрын дарга, 1969-1971 онд Хувьсгалт тэмцлийн ахмад  зүтгэлтний хорооны орлогч даргаар ажиллаж байв. Тэрээр 28 дугаар морьт хорооны намын товчооны даргаар ажиллаж байхдаа 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон бөгөөд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1965 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 139 дүгээр тогтоолоор хошууч генерал цол хүртжээ. Түүний эх орноо Батлан хамгаалах, Зэвсэгт хүчийг бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь төр, засгаас өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Байлдааны гавьяаны одон, “Алтан гадас” одон, бусад ойн медалиудаар шагнасан бөгөөд ЗХУ-ын Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Польш улсын Эрх чөлөөний нэгдүгээр зэргийн одон, бусад медалиар шагнажээ.

 

ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ ЖҮГДЭРИЙН БАЛЖИННЯМ

(1930-2002)

Ж.Балжинням нь 1930 онд одоогийн Баянхонгор аймгийн  Гурванбулаг сумын нутагт төрсөн. 1940-1944 онд бага сургууль, 1961-1962 онд Улаанбаатар хотод худалдааны удирдах ажилтны курс, 1964-1969 онд ЗХУ-ын Москва хотод В.И.Лениний нэрэмжит Цэрэг-улс төрийн академи, 1979 онд Москва хотод прокурорын дээд курс, 1981 онд Москва хотод ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийн дээд курст тус тус суралцан төгсжээ.

Тэр бээр 1947-1951 онд сумын улаан булангийн эрхлэгч, эвлэлийн үүрийн даргаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж 1951-1954 онд МАХЦ-ийн Жанжин штабын хамгаалах суманд цэрэг, Улсын дээд шүүхийн цэргийн коллегид бичээч, нарийн бичгийн дарга (1953 онд офицер болсон)-аар ажиллаж байгаад орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр цэргийн коллеги татан буугдсан учир цэргийн албанаас халагдсан. Улмаар 1954-1960 онд Улаанбаатар төмөр замын худалдааны албанд нярав, барааны мэргэжилтэн, хэлтсийн дарга, 1960-1964 онд Улаанбаатар төмөр замын хэрэг эрхлэх газрын худалдааны албаны даргын албыг хашиж байгаад 1964 онд цэргийн албанд дахин ирж, 1969-1972 онд Цэргийн ерөнхий прокурорын орлогч, 1972-1978 онд Улсын прокурорын орлогч, 1978-1980 онд Улсын прокурорын орлогч бөгөөд Цэргийн ерөнхий прокурор, 1980-1982 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын хянан шалгах хорооны орлогч дарга, 1982-1988 онд МАА-ийн Улс төрийн газрын дарга, 1988-1990 онд БНМАУ-ын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын жинхэнэ зөвлөхөөр ажиллаж байгаад тэтгэвэрт гарчээ.

Түүнд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1978 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор хошууч генерал, 1982 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 325 дугаар тогтоолоор дэслэгч генерал цол хүртээсэн бөгөөд хөдөлмөр, зүтгэлийг нь төр, засгаас өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Байлдааны гавьяаны одон, “Алтан гадас” одон болон бусад медалиуд, ЗХУ, БНБАУ, БНПАУ, БНСЧСУ, БНСВУ-ын одон, медалиудаар шагнажээ.

 

ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ ЦАГААНЫ САМДАНГЭЛЭГ

 (1910-1994)

Ц.Самдангэлэг нь 1910 онд Дөрвөдийн зүүн гарын чуулган төгс хүлэг Далай ханы аймгийн Эетэй засгийн хошуу, одоогийн Увс аймгийн Тэс сумын нутагт төрсөн. 1933-1934 онд Бага даргын сургууль, 1934-1938 онд ЗХУ-ын Тамбов хотын морин цэргийн дунд сургууль, 1942-1946 онд Москва хотод М.В.Фрунзийн нэрэмжит Цэргийн академи, 1957-1960 онд ЗХУ-д В.И.Лениний нэрэмжит Цэрэг-улс төрийн академийн  адъюнктурт суралцан төгсжээ. Тэрээр 1932-1934 онд цэрэг, 1934 онд Цэргийн ерөнхий сургуулийн улс төрийн суманд сурагч, 1938-1939 онд Цэргийн ерөнхий сургуульд сумангийн дарга, буудлагын удирдагч, 1939-1940 онд Өлгийн хийд дэх 10 дугаар морьт дивизийн дарга, 1940-1942 онд Матад дахь 8 дугаар морьт дивизийн дарга, 1946-1948 онд Тамсагбулаг дахь 6 дугаар морьт дивизийн дарга, 1948-1949 онд МАХЦ-ийн Жанжин штабын тагнуулын хэлтсийн дарга, 1949-1983 онд МУИС-ийн цэрэг, биеийн тамирын кафедр, тусгай бэлтгэлийн тэнхим, иргэний хамгаалалтын тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад тэтгэвэрт гарчээ.

Ц.Самдангэлэг 1960 онд ЗХУ-д түүхийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан Монголын цэргийн түүхийн анхны эрдэмтэн, доцент бөгөөд түүнд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1961 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор хошууч генерал, 1971 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 68 дугаар тогтоолоор дэслэгч генерал цол хүртээжээ. Түүний улс орны батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь төр, засгаас өндрөөр үнэлж Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Байлдааны гавьяаны одонгоор хоёр удаа, “Алтан гадас” одонгоор гурван удаа болон бусад медалиар шагнажээ.

 

ХОШУУЧ ГЕНЕРАЛ ДОНОЙН БЯМБАА

(1930-2012)

Д.Бямбаа нь 1930 онд Хантайшир уулын аймгийн Дэлгэрхан уулын хошуу, одоогийн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутагт төрсөн.

1946-1952 онд Д.Сүхбаатарын нэрэмжит Офицерын сургууль, 1952-1954 онд Цэргийн Ерөнхий сургууль, 1963-1966 онд ЗХУ-ын Москва хотод М.В.Фрунзийн нэрэмжит Цэргийн академид тус тус суралцаж төгсжээ.

Д.Бямбаа нь 1946 оноос цэргийн алба хааж, 1954-1955 онд Цэргийн ерөнхий сургуульд курсийн дарга, 1956 онд Хүндэт харуулын ротод салааны дарга, 1957-1959 онд буудлагын 6 дугаар батальоны ротын дарга, 1959-1961 онд мотобуудлагын 5 ба 7 дугаар батальоны ротын дарга, 1966-1967 онд мотобуудлагын нэгдүгээр тусгай бригадын штабын орлогч, штабын  дарга, 1970-1976 онд МАА-ийн Жанжин штабын нэгдүгээр орлогч бөгөөд хэлтсийн дарга, 1976-1983 онд БХЯ-ны орлогч сайд бөгөөд МАА-ийн Ар талыг удирдах газрын дарга, 1983-1990 онд Улсыг батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн орлогч даргаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарчээ.

Түүнд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1973 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 80 дугаар тогтоолоор хошууч генерал цол хүртээсэн бөгөөд эх орноо батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь төр, засгаас өндөр үнэлж Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Байлдааны гавьяаны одон болон бусад медалиар шагнажээ.

 

ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ ШАГАЛЫН ЖАДАМБА

(1940-1996)

Ш.Жадамба нь 1940 онд Говь-Алтай аймгийн Халиун сумын нутагт Дунд Улиастайн голд төрсөн бөгөөд 1948-1956 онд дунд сургууль, 1961-1964 онд ЗХУ-ын Благовешенск хотын Ерөнхий цэргийн дунд сургууль, 1967-1970 онд ЗХУ-ын Москва хотод М.В.Фрунзийн нэрэмжит Цэргийн академи, 1974-1976 онд Москва хотод К.Е.Ворошиловын нэрэмжит ЗХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академид тус тус суралцан төгсжээ. Тэрээр цэргийн бүх шатны сургуулийг бүгдийг нь алтан медальтай төгссөн Монголын анхны төгсөгч юм.

Ш.Жадамба дунд сургууль төгсөөд мал маллахын зэрэгцээ эвлэлийн идэвхтэн, ухуулагчаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж 1960-1961 онд армийн химийн тусгай ротод цэрэг, 1964-1965 онд ЦЕДС-д курсийн дарга, 1965-1967 онд тус сургуульд тактикийн багш, 1970-1971 онд Ардын Армийн Жанжин штабын Оперативын хэлтэст чиглэл хариуцсан офицер, 1971-1973 онд Оперативын хэлтэст оперативын бэлтгэлийн тасгийн дарга, 1973-1974 онд Оперативын хэлтсийн орлогч, оператив тасгийн дарга, 1976-1979 онд Ардын Армийн Жанжин штабын нэгдүгээр орлогч, Оперативын хэлтсийн дарга, 1979-1981 онд Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч бөгөөд Оперативын газрын дарга, 1981-1986 онд БХЯ-ны орлогч сайд, 1986-1990 онд БХЯ-ны нэгдүгээр орлогч сайд бөгөөд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, 1990-1992 онд Батлан хамгаалах яамны  сайд, 1992-1996 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байлаа.

Түүнд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1978 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 107 дугаар тогтоолоор хошууч генерал, 1986 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 88 дугаар тогтоолоор дэслэгч генерал цол хүртээсэн юм. Түүний улс орны батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр, зүтгэлийг нь төр, засгаас өндрөөр үнэлж Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Байлдааны  гавьяаны одон, “Алтан гадас” одон болон бусад медалиуд мөн ЗХУ, Герман, Чехословак, Вьетнам, Лаос, Польш зэрэг улсын одон, медалиудаар шагнажээ.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2012 онд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийг дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит болгон түүний алдар гавьяаг нь мөнхөлсөн юм.

 

ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЧОЙЖИЛЫН ПҮРЭВЖАВ

(1930-2000)

Ч.Пүрэвжав нь 1930 онд одоогийн Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт төрсөн. 1943-1947 онд Завхан аймгийн Тэлмэн сумын бага сургууль, 1947-1950 онд Улаанбаатар хотод Зоо-мал эмнэлгийн техникум, 1950-1955 онд Монгол Улсын Их Сургуулийн Зоо-мал эмнэлгийн ангид суралцаж төгссөн.

Тэрээр 1950 оноос Сүхбаатар аймагт малын бага эмч, 1955-1958 онд Сүхбаатар аймгийн Онгон, Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын малын их эмч, Завхан аймгийн мал эмнэлгийн ерөнхий эмч, 1958-1975 онд МХЗЭ-ийн Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1975-1976 онд МАХН-ын Төв Хорооны намын байгууллагын хэлтэст ажилтан, 1976-1984 онд МАХН-ын Төв Хорооны Барилгын хэлтсийн орлогч эрхлэгч, 1984-1985 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Авто замын барилгын газрын харьяа Баруун чиглэлийн зам барилгын трестийн дарга, 1985-1987 онд Хөнгөн  ба хүнсний үйлдвэрийн яамны Барилга захиалагчийн товчооны хяналтын инженер, 1987-1988 онд Ноосны үйлдвэрийн нэгдлийн Барилга захиалагчийн группийн хяналтын инженер, 1989 онд Эсгий, эсгий гутлын үйлдвэрийн Барилга захиалагчийн төлөөлөгч, 1989-1990 онд Улсын барилгын хорооны төлөөлөгч зэрэг ажил эрхэлж байгаад тэтгэвэрт гарчээ.

Түүнд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1980 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 22 дугаар тогтоолоор хошууч генерал цол хүртээсэн бөгөөд хөдөлмөр, зүтгэлийг нь төр, засгаас өндрөөр үнэлж Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн  гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа, “Алтан гадас” одон, бусад медаль мөн ЗХУ, БНАГУ-ын медалиудаар шагнажээ.

 

ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЧОГИЙН САНДР

(1950-2017)

Ч.Сандр 1950 онд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутагт төрсөн бөгөөд 1958-1968 онд дунд сургууль, 1968-1973 онд ЗХУ-д Хилийн цэргийн дунд сургууль, 1976-1977 онд ЗХУ-д Хилийн цэргийн дээд курс, 1982-1985 онд Москва хотод М.В.Фрунзийн нэрэмжит Цэргийн академид суралцаж төгсжээ.

Тэрээр 1973-1975 онд Хилийн 0166 дугаар ангид штабын байлдааны бэлтгэл сургуулийн офицер, 1975-1976 онд мөн ангид заставын дарга, 1977-1979 онд Хилийн 0214 дүгээр ангийн штабын нэгдүгээр тасгийн дарга, 1979-1982 онд Хилийн 0166 дугаар ангийн штабын дарга, 1985-1989 онд мөн ангийн захирагч, 1989-1990 онд Хилийн ба Дотоодын цэргийг удирдах Ерөнхий газрын штабын байлдааны бэлтгэл сургууль, цэргийн албаны зохион байгуулалтын хэлтэст ахлах офицер, 1990 онд Хилийн ба Дотоодын цэргийн штабын нэгдүгээр хэлтсийн орлогч дарга, 1990-1993 онд Улсын Аюулгүй байдлыг хангах Ерөнхий газрын тэргүүн дэд бөгөөд Хилийн цэргийн дарга, 1994 онд Хилийн цэргийн удирдах газрын Эрдэм шинжилгээний төвд мэдээлэл, судалгааны секторын даргаар ажиллаж байв.

Түүнд БНМАУ-ын Ерөнхийлөгчийн 1991 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 53 дугаар зарлигаар хошууч генерал цол хүртээсэн бөгөөд түүний хөдөлмөр, зүтгэлийг нь төр, засгаас өндрөөр үнэлж Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Байлдааны гавьяаны одон болон бусад медалиар шагнажээ.

 

ХОШУУЧ ГЕНЕРАЛ БИЛЭГТИЙН БАНЗРАГЧ

(1930- 2000)

Б.Банзрагч нь 1930 онд Богдхан уулын аймгийн Богдхан уулын хошуу, одоогийн Төв аймгийн Баянцогт  сумын нутагт Дулаан гэдэг газар төрсөн.

1938-1947 онд бага, дунд сургууль, 1951-1955 онд Улаанбаатар хотод МУИС-ийн утга зохиол, хэл бичгийн анги, 1961-1963 онд Москва хотод ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Намын дээд сургуульд тус тус суралцаж төгсжээ.

Тэрээр 1948-1951 онд Улсын номын сангийн ном олгогч, фондын эрхлэгч, 1955-1956 онд МАХН-ын Төв Хорооны суртлын хэлтсийн лектор, зааварлагч, тасгийн эрхлэгч, 1956-1959 онд Улаанбаатар хотын Намын хорооны суртал ухуулгын хэлтсийн эрхлэгч, 1959-1961 онд Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1963-1966 онд Сэлэнгэ аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1966-1969 онд Өмнөговь аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1969-1982 онд БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны 3 дугаар хэлтсийн дарга, 1982-1985 онд БНМАУ-аас ЗХУ-ын Киев хотод суух Ерөнхий консул, 1985 оноос Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг удирдах газрын намын хорооны нарийн бичгийн дарга, 1990 онд УАБХЕГ-ын Архив бүртгэлийн албанд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хэргийг хянан цагаатгах салбар комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарчээ.

Түүнд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1979 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 226 дугаар тогтоолоор хошууч генерал цол хүртээсэн бөгөөд түүний хөдөлмөр, зүтгэл, улс орны аюулгүй байдлыг хангах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь төр, засгаас өндрөөр үнэлж Байлдааны гавьяаны одон, “Алтан гадас” одонгоор хоёр удаа, бусад ойн медаль, Хүндэт чекист цол, ЗХУ-ын Улаан таван хошуу одон, БНАГУ, БНСЧСУ-ын медалиудаар шагнасан юм.

 

ХОШУУЧ ГЕНЕРАЛ БАТМӨНХИЙН АМАРСАЙХАН

(1910-2003)

Б.Амарсайхан 1910 онд Сэцэн хан аймгийн Үйзэн вангийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Матад сумын нутагт төрсөн бөгөөд 1924-1927 онд Матад уулын хошууны тэнхимийн сургуульд суралцаж төгсжээ.

Тэрээр 1928 оноос Дорнод аймгийн эвлэлийн хорооны дарга, 1931 оноос тус аймгийн намын хорооны тэргүүлэгч гишүүн бөгөөд суртлын хэлтсийн эрхлэгч, 1932 оноос МАХН-ын Төв Хорооны зааварлагч, мэдээ боловсруулагч, “Үнэн” сонины нарийн бичгийн даргаар ажиллаж байсан ба 1934 онд цэргийн албанд ирж Дотоодыг хамгаалах газрын төлөөлөгч, отрядын гүйцэтгэх ангийн дарга, Бүх цэргийн жанжны нарийн бичгийн дарга, 1937 оноос МАХЦ-ийн Улс төрийн газрын орлогч даргаар ажиллаж байжээ. Мөн 1946 оноос Дорнод аймгийн болон Матад сумын хүн эмнэлгийн сувилагч, бага эмч, аймгийн Улаан загалмай нийгэмлэгийн хорооны орлогч даргаар ажиллаж байгаад 1972 онд өндөр насны тэтгэвэрт гарчээ.

Б.Амарсайханыг улс төрийн хилс хэргээр 1940 оны 2 дугаар сарын 5-ны өдөр шийтгэж, Цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1957 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор цагаатгасан байна.

Түүнд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1990 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 412 дугаар  тогтоолоор хошууч генерал цол хүртээжээ. Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хошууч генерал Б.Амарсайханы хөдөлмөр, зүтгэлийг нь төр, засгаас өндрөөр үнэлж Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон болон бусад медалиар шагнасан юм

 

ХОШУУЧ ГЕНЕРАЛ МИХЛАЙН БОРБААТАР

(1950-2017)

М.Борбаатар 1950 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт төрсөн бөгөөд 1958-1968 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын 10 жилийн дунд сургууль, 1969-1974 онд ЗХУ-д Цэргийн холбооны дээд сургууль, 1979-1982 онд Москва хотод М.В.Фрунзийн нэрэмжит Цэргийн академи, 1996 онд ОХУ-ын Москва хотод К.Е.Ворошиловын нэрэмжит Зэвсэгт хүчний Жанжин штабын академийн дээд курс, 2001-2002 онд БНХАУ-ын Үндэсний Батлан хамгаалахын академийн дээд албан тушаалын удирдах офицеруудыг бэлтгэх дамжаа, 2004 онд АНУ-ын Батлан хамгаалах яамны Аюулгүй байдлын судалгааны төвийн дээд албан тушаалтны семинарт тус тус суралцаж төгсжээ.

Тэрээр МУИС-д суралцаж байгаад 1968 онд цэргийн албанд татагдан ирж, Ардын Армийн 120 дугаар ангид байлдагч, бага дарга, 1974-1977 онд Ардын Армийн 2 дугаар мотобуудлагын бригадын холбооны салааны захирагч, холбооны ротын техникийн орлогч, ротын захирагч, 1977-1979 онд БХЯ-ны нэгдүгээр орлогч сайдын адъютант, 1982-1984 онд Ерөнхий цэргийн 5 дугаар армийн Оперативын хэлтэст офицер, ахлах офицер, 1984-1990 онд Зэвсэгт хүчний Жанжин штабын Нэгдүгээр газарт офицер, ахлах офицер, Оперативын хэлтсийн тасаг, хэлтсийн дарга, 1990-1996 онд Цэргийн их сургуулийн Ерөнхий цэргийн тэнхимийн дарга, ахлах багш, 1996-1998 онд Зэвсэгт хүчний Ерөнхий штабын Сургалт, соёл хүмүүжлийн газрын орлогч дарга, 1998-2002 онд ЗХЖШ-ын Сургалт, зохион байгуулалт эрхэлсэн орлогч, 2002-2006 онд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч, Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, 2006 оноос БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, 2011 оноос БНСУ-д суугаа цэрэг, агаарын цэргийн атташегаар ажиллаж байсан.

Түүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2000 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаар зарлигаар хошууч генерал цол хүртээсэн бөгөөд түүний хөдөлмөр, зүтгэлийг нь төр, засгаас өндрөөр үнэлж Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, “Алтан гадас” одон, Цэргийн хүндэт медаль болон бусад медалиар шагнасан юм.

 

Эх сурвалж: http://www.aimar.news/

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.170.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.