Архангайд өрсөлдөх "МАН-АН"-гийн горилогчид
Б.Баабар
Нийтлэл
/
2020-04-30

2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Архангай аймагт УИХ-ын гишүүн, БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нар  нэр дэвшихээр горилож тойрогтоо хийгдэх социологийн судалгаанд оролцох намын санхүүжилт 50 сая төгрөгөө тушаажээ. Мөн тэд 2016 оны УИХ-ын сонгуульд Архангай аймгаас УИХ-д сонгогдсон.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нь АНУ-ын American university сургуульд Олон улсын харилцааны бакалаврын зэрэг эзэмшиж, мөн тус сургуульдаа Олон улсын удирдлагын магистраар суралцаж төгсжээ. Тэрээр Монгол Улсын Уул уурхайн яамны дэд сайдаар ажиллаж байгаад УИХ-ын сонгуулийн 1-р тойрог буюу Архангай аймгаас УИХ-д сонгогдсон.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг

Архангай аймгийн унаган хүү тэрээр Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад 2016 онд УИХ-ын 2-р тойрог буюу Архангай аймгаас УИХ-д сонгогдсон. 2019 оноос МУ-ын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар ажиллаж байна. Тэрээр МУИС-ийг түүхч археологич, антропологич мэргэжлээр төгссөн нэгэн.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат

УИХ-ын гишүүн Ж. Мөнхбат нь Монгол ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүний албыг хашиж байгаад 2016 оны сонгуулиар УИХ-ын сонгуулийн 3-р тойрог буюу Архангай аймгаас УИХ-д сонгогдсон. Тэрээр МУИС-ийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн.

2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас Архангай аймагт долоон хүн нэр дэвшихээр дэнчингийн 100 сая төгрөгөө тушаасан байна.

УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр

Н.Батбаяр 2004 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Ц.Элбэгдоржийн үед Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан. 1990 оноос одоог хүртэл Ардчилсан намын идэвхтэн гишүүнээр ажиллаж байна. Тэрээр Москва хотын Эдийн засаг, статистикийн дээд сургуулийг Эдийн засагч-статистикч мэргэжлээр магистрын зэрэгтэй төгссөн. Москва хотын Улсын Их Сургуулийн дэргэдэх Улс Төрийн Дээд Сургуулийг улс төрч мэргэжлээр төгссөн нэгэн. Өөрийн охин Б.Жаргаланг мөн Архангай аймагт хүч үзүүлэхээр дэнчингийн 100 сая төгрөгийг нь тушаалгажээ.

“Бридж” группийн захирал Д.Ганхуяг

Тэрээр Япон Улсын Киото хотын Техникийн дээд сургуулийг Хими технологийн инженерээр төгссөн. Тайван, Тайланд, АНУ, Швейцарь улсуудад мэргэжил дээшлүүлсэн. Арван жилийн сургуулиа Архангай аймгийн Тариат суманд төгссөн нутгийн унаган хүү. Д.Ганхуяг нь 2004-2016 оны хооронд тасралтгүй гурван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан. 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшихээр дэнчингийн 100 сая төгрөгөө тушаасан байна.

Д.Мөнхжаргал

Тэрээр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уугуул. Япон улсад магистр хамгаалж, АНУ-д докторын зэрэг хамгаалсан. МУБИС-ын дэд захирлаар ажиллаж байсан доктор, профессор хүн юм.

Б.Жаргалан

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан Н. Батбаярын охин Жаргалан. Тэрээр АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж буй АН-ын залуу боловсон хүчин юм. Тэрээр Нью-Йорк хотын Колумбын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн.

Б. Болор

Б.Болор нь УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны дэд сайд, Сангийн сайдаар ажиллаж байсан нэгэн. Тэрээр Архангай аймгийн Чулуут сумын уугуул. Бельгийн вант улсын Европын их сургуулийг Эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн.

П.Мөнхтулга

“Хөх чоно” группийн үүсгэн байгуулагч, Эрчим хүчний дэд сайд асан Ө. Пүрэвбаатарын ууган хүү “Хөх чоно” группийн гүйцэтгэх захирал П.Мөнхтулга. Тэрээр өдгөө 30 настай. Архангай аймгийн ЕБС-иас АНУ-ын Доктор Филипсийн ахлах сургууль хүртэл дэвшин суралцсан. МУИС-ийг Олон улсын харилцаа болон Хууль зүйн сургуулийг бакалавр, Сингапурын Рафлесийн Их сургууль, АНУ-ын “LMU” их сургууль, Удирдлагын академийг тус тус магистраар төгсжээ.

Д.Золжаргал

Тэрээр Архангай аймгийн Хотонт сумын уугуул. Д.Золжаргал Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны Удирдлагын газрын дарга, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны дарга зэрэг албан тушаал эрхэлж явна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.185.16)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.