Гэр хорооллын хог ачилтыг эрчимжүүлэх үүрэг өглөө
Үйл явдал
/
2020-05-06

Аймгийн Засаг даргын 7 хоног бүрийн ээлжит шуурхай зөвлөгөөн өчигдөр 15 цагаас цахимаар хуралдлаа.

Хуралдааныг аймгийн Засаг дарга Д.Батлут удирдан явуулав. Өмнөх хуралдааны үеэр хүнд даацын тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохдоо даац хэтрүүлэн нийтийн эзэмшлийн авто зам байгууламжийг эвдэх, ногоон бүсэд батлагдаагүй зам гаргаж, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа асуудлыг анхаарах үүрэг өгсөн. Үүний мөрөөр батлагдаагүй маршрутаар тээвэрлэлт хийж байсан үйлдлийг зогсоож, цагийн хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгсэлд зөвшөөрлийг олгох ажлыг хийж хяналт тавин ажиллаж байгаа аж.

2020 оны эхний 4 сарын байдлаар аймгийн Онцгой байдлын газрын аврагчид 34 удаагийн дуудлагаар ажилласан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гал түймрийн улмаас 14.1 сая төгрөгийн хохирол учирч, 253,5 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Хаврын хуурайшилтын улиралтай холбогдуулан ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран эргүүл хяналтыг ажиллуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар ямар нэг ой хээрийн түймэр бүртгэгдээгүй байна.

COVID-19 вирусийн халдвар дэлхий дахинд тархаад байгаа энэ үед хүүхэд, эмэгтэйчүүд, гадаад улс оронд эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчлүүлж байсан иргэдийн гаргасан хүсэлтийн дагуу иргэдээ эх орондоо татан авах ажлыг манай улс шат дараатайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд ОХУ-аас ирэх 200 иргэнийг аймагтаа тусгаарлах, ажиглах үүргийг манай аймагт өгсөн бөгөөд харин манай аймгийн зүгээс 100 иргэнийг хүлээн авч ажиглах тусгаарлах боломжтойгоо мэдэгдсэн байна. Үүний хүрээнд ОХУ-аас эх орондоо ирж буй 100 иргэнийг хүлээн авч тусгаарлах, ажиглах байрыг бэлтгэх, түүнд ажиллах эмч мэргэжилтэн, цагдаа, Онцгой байдлын алба хаагчдыг бэлтгээд байна.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд аймгийн Засаг даргын зүгээс гэр хорооллын хог ачилтын ажлыг эрчимжүүлэх талаар Орхон аймгийн Хот тохижуулах газарт үүрэг чиглэл өглөө.

 
 



Мэдээллийн төв

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.89.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.