Улсын чанартай а1001 дугаартай авто замын өргөтгөлийн ажлын явцад шинээр хоёр газарт орц, гарц гаргахаар боллоо
Үйл явдал
/
2020-05-07

Эрдэнэт хотын урд талаар дайран өнгөрдөг А1001 зам нь улсын чанартай авто зам юм. Монгол улсын авто замын тухай хуулийн 4.1.28 дахь хэсэгт зааснаар “Улсын чанартай авто зам гэж нийслэлийг аймгийн төвтэй, аймгийн төвийг хооронд нь болон хилийн боомттой холбосон авто замыг” хэлнэ гэж тодорхойлжээ. Улсын чанартай авто зам нь аймаг, орон нутгийн засаг захиргаанд бус “Зам тээвэр хөгжлийн төв”-ийн бүрэн мэдэлд байдаг.

Сүүлийн жилүүдэд Булган, Хөвсгөл зэрэг аймаг нь хатуу хучилттай авто замаар нийслэлтэй холбогдсоноос хойш авто замын ачаалал эрс нэмэгдсэн тул Эрдэнэт хотын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгаа улсын чанартай А1001 авто замыг өргөтгөн 4 эгнээтэй болгож, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэнийг үндэслэж 2019-2020 онд тус авто замыг өргөтгөх ажил эхэлжээ. Энэхүү авто зам нь нийт 5 тэрбум 740 сая төгрөгийн өртөгтэйгөөр 2019 оны 5 сарын 1-ний өдрөөс эхлэн 2020 оны 10-рр сарын 30-нд бүрэн хүлээлгэн өгөх гэрээтэйгээр “Жавхлант харгуй” ХХК гүйцэтгэж байна.

Ингэхдээ 3 байршил дээр төмөр бетон хоолой барих, явган хүний нүхэн гарц шинээр байгуулах, ус зайлуулах хоолой хийх, замын дээгүүрх дулаан болон холбооны шугамыг шилжүүлэх, гэрэлтүүлэг гэх мэт олон ажил мөн давхар хийгдэж байна. Тус компани нь улсын чанартай А1001 замын ажлыг гүйцэтгэхдээ өөрийн хөрөнгөөр асфальтбетоны үйлдвэрийг суурилуулж хучилтын ажлыг гүйцэтгэхээр бэлдэж байна.

Гэтэл харамсалтай нь сүүлийн үед манай зарим нэг иргэд уг ажлыг улстөржүүлэн “орц, гарц хийхгүй байна” хэмээн авто замын бүтээн байгуулалтын ажлыг удаашруулж байгаа нь харамсалтай. Улсын чанартай авто замын үндсэн үүрэг нь дамжин өнгөрч буй авто тээврийн хөдөлгөөнийг саадгүй дамжуулан өнгөрөөх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэгддэг, олон орц гарцтай байх тусам авто замын хөдөлгөөн саарч нэвтрүүлэх эрчим мууддаг. Иймээс А1001 зам дагуу үйл ажиллагаа явуулдаг ААН, байгууллагуудын авто зогсоол, орц гарцыг орон нутгийн авто замтай холбох байдлаар шийдвэрлэхээр анх зураг төсөл нь хийгджээ.

Мөн улсын чанартай А1001 замын хажуугаар орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 оны төсөвт тусгаж, хатуу хучилттай туслах замууд, авто зогсоол, орц, гарцыг шинээр хийж шийдвэрлэхээр төлөвлөгдсөн.

Аймаг орон нутгийн төр захиргааны зүгээс аль болох иргэдийнхээ хүсэл сонирхлыг хангахаар ажиллаж байгаа бөгөөд А1001 замын гол захиалагч болох “Зам тээвэр хөгжлийн төв”-д удаа дараа бичиг, хүсэлт явуулж, хариуцан ажиллаж буй мэргэжилтэн, инженерүүд, зураг төсөв зохиогч нартай хэд хэдэн удаа уулзалт зохион байгуулж ирлээ. Улсын экспертизээс улсын чанартай авто замд олон орц, гарц гаргахгүй гэсэн байр суурьтай байдаг аж. Гэсэн хэдий ч манай аймгийн удирдлагуудын зүгээс хөөцөлдсөний үр дүнд 2-р бичил хорооллын Төмрийн зах, “Барс-2” барилгын материалын дэлгүүрийн урд хэсэгт болон 6-р бичил хорооллын өмнөх “Ирээдүй” төв гэсэн 2 газарт иргэдээс гаргасан хүсэлтийн дагуу шинээр авто машины орц, гарц гаргахаар холбогдох байгууллагуудтай уулзаж шийдвэрлэснээр А1001 зам нь нийт 18 орц, гарцтай боллоо.

Мөн энэхүү улсын чанартай А1001 замын ажилтай холбоотойгоор зөвшөөрөлгүй хашаагаа сунгасан, барилга, объект барьсан газруудын асуудлыг ч мөн давхар шийдвэрлэж, хашааг нь зөвшөөрөгдсөн хэмжээнд татуулах, зөвшөөрөлгүй баригдсан зарим объект, барилга байгууламжийг чөлөөлүүлэх ажил давхар хийгдэж байна.


Иргэдэд ойлгомжтой болгох үүднээс төлөвлөлтийн зургаар үзүүлье.

 
 
 
 
Мэдээллийн төв
Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.152.139)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.