Байгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцлоо
Үйл явдал
/
2020-05-07

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов болон гуравдугаар нарийн бичгийн дарга С.С.Мещанинов, М.Б.Безруков нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагаа болон зохион байгуулалт, мөн нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлаар хоёр тал санал солилцлоо.

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 12 дугаар сард ОХУ-д айлчлах үеэр Монгол Улсын Засгийн газар, “Газпром” компанийн хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар 20 гаруй жил яригдсан хийн хоолойг Монголын нутгаар дайруулах төслийн албан ёсны эхлэлийг тавьсан. Улмаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн Ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулан Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулахаар шийдвэрлэсэн юм.

ОХУ-аас БНХАУ руу жилдээ 38 тэрбум шоо метр хий дамжуулах “Сибирийн хүч” хоолойг 2019 оны 12 дугаар сард ашиглалтад оруулсан. Хийн хоолой татах хоёр дахь төсөл нь ОХУ-аас БНХАУ руу Монголын нутгаар дайруулан жилдээ 50 тэрбум шоо метр хий дамжуулах “Сибирийн хүч-2” хоолой төслийн ажил юм. ОХУ-ын экспортын гол бүтээгдэхүүн нь нэгдүгээрт нефть, хоёрдугаарт байгалийн хий ордог бөгөөд экспортынхоо дийлэнхийг нь Европын орнууд руу гаргадаг гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.46.92)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.