Амьжиргаа хөөж орон нутгаас дайжигсдын ҮРС хөөрхий
Нийтлэл
/
2020-05-08

Нар цагтаа мандаж хүмүүс алхдаг замаараа алхсан жирийн нэг өглөө. Аав ээжтэйгээ зэрэг гүйх шахам гэрээсээ гарсан бяцхан хүү. Үнэн тэгээд хайрласан нүдээр ээж аавыгаа нэг сайн хараад “Орой ирэхдээ надад зайрмаг авч ирээрэй” гэж орилох шахам хэлчихээд хаашаа ч юм яаран гүйлээ. Шавилхан биетэй хэрнээ сүрхий том яриатай энэ хүүг А.Анхбаяр гэдэг. Хөдөө амьдарч, суралцдаг одоо тавдугаар ангийн сурагч. Хөл хорионы улмаас хотод түр оршин суух аав ээж дээрээ ирээд байгаа юм. Түүний аав ээж хотод орж ирээд хоёр жил гаран болж байгаа юм. Тэднийх “Нийтийн байр"-нд амьдардаг. “Хөдөө суманд ажлын байр байхгүй. Үүнээс үүдээд өр тавьж амьдарлаа залгуулж байгаад аргагүй эрхэнд хоёр хүүхдээ хоёр тусдаа айлд үлдээгээд ирсэн. Харин хөл хорио гээд хоёр хүүхэд маань аав, ээж дээрээ ирж нар нь гарч байх шиг байна” гэж ярих хүн бол манай нийтлэлийн гол баатрын аав юм. “Анх хотод ирэхэд их хэцүү байсан. Таньж мэдэх хүн байхгүй. Нөхрийнхөө ах, дүү нараар хоног төөрүүлнэ. Хэд хонуулаад л үг хаяж, ширүүн харж эхэлнэ. Иймэрхүү байдлаар гүрийж амьдарсаар анхны цалиндаа хүрч шууд л тусдаа гарахаар шийдсэн. Тэгээд л энэ орчин муутай ч үнэ хямд байранд нүүж орсон доо". Түүний ээжтэй ийн ярилцаж байхад Анхбаяр хүү хоёр гартаа таван литрийн цэвэр усны савтай ус өргөсөөр аахилан орж ирлээ. Худаг хаана байдгийг асуухад  “Ойрхоон яг манай хажуу байрны цаана байдаг. Би одоо ахиад нэг ус авна. Тэгэхээр та хамт яваад хараарай” гэж хэвлүүхэн хариулт өгсөн юм. Тэгээд бид хамт усанд явж тэр надад найзуудаа танилцуулахаар болов. Усанд явах замдаа олон ч зүйлийг асууж амжив.

СУР: Чи өдөр болгон ингэж ус авдаг юм уу? Байранд чинь усны тэрэг байдаггүй юм уу?

А.А: Нэг айлд байдаг л даа. Гэхдээ гуйж яах юм. Тэгээд ч энэ усны сав хөнгөхөөн. Би хөдөө бүр энэнээс ч том саваар ус авдаг байсан.

СУР: Тэгэхдээ л хүнд байх даа. Чи түрүүн танай байранд архи уугаад орилоод байсан ах эгч хоёроос айсан уу?

А.А: Үгүй ээ айхгүй. Тэр ах эгч хоёр чинь эхнэр нөхөр байхгүй юу. Тэгээд хаяаа архи ууж муудалцаад л байдаг.

СУР: Чи тэгэхээр хүмүүс архи уух хоорондоо муудалцахаас огт айдаггүй юм уу?

А.А: Аав, ээж байхгүй бол айна л даа. Анх ирэхдээ бас айдаг байсан. Одоо бүгдийн таньдаг болохоор айхгүй ээ.

СУР: Анх ирэхэд гэж чи энэ байранд амьдардаг болоод хэр удаж байгаа юм бэ?

А.А: Өмнө нь сургуулийн амралт болохоор л ирдэг байсан. Сая харин цагаан сарын өмнө ирсэн. Намайг анх ирэхэд хүмүүс аягүй их архи уудаг байсан. Тэгээд тэнд зодолдог. (гараараа байрлуугаа заав ) Тэр нь манай гэрээс сайн харагддаг би байнга тэр хүмүүсийг зодолдохоор нь хардаг байсан. Одоо гэхдээ тэр хүмүүс байхгүй л дээ. Байрнаас гарсан.

СУР: Нээрээ би түрүүн танай байрны хүүхдүүдтэй танилцсан. Их олон хүүхэд амьдардаг юм байна тийм үү?

А.А: Тиймээ. Их олон хүүхэд амьдардаг. Дээд давхарт дандаа хүүхэдтэй хүмүүсийг оруулдаг. Сая бидэнтэй юм ярьсан хүүхэд байна шүү дээ тэр чинь 16 номерт амьдардаг хүүхэд. Бид хоёр сайн найзууд.

СУР: Тийм үү хөөрхөн хүү байна лээ. Чамд ингэж хол явж ус авах, жижигхэн өрөөнд амьдрах гээд энд хэцүү биш байна уу, хөдөө байвал гоё биш үү? Морь унана, тараг ууна гээд л.

А.А: Яах юм бэ тэнд чинь аав, ээж амьдрахгүй шүү дээ. Энд аав, ээж, эгчтэйгээ байх нь л хамгийн гоё байна. Тэгээд ч би энд олон найзтай болохоор явмааргүй байна. Бид ингэж ярилцсаар усаа гэрт хүргэлээ. Түүний эгч нь хоолой нь өвдөж халуурсан гээд орондоо хэвтэнэ. Түргэн дуудаж үзүүлсэн эсэхийг асуухад. “Гэрийн хаягаа сайн мэдэхгүй тэгээд ч ийм нийтийн байранд ирэхгүй” байх. Зүгээр л халууны эм, хоолойны эм хоёр уусан маргааш гайгүй болчих байх гэж хариулсан юм. Ийм хоёр хөөрхөн хүүхэд бидний зарим нь очиж үзээгүй төсөөлж ч чадахгүй тийм орчинд аав, ээжийгээ ажлаа тарж ирэхийг нь хүлээн амьдрах ...

Байрны орчин хүн амьдрах аюулгүй нөхцөл болох галын хор, үүдны түгжээ, бие засах газрын орчин нөхцөл гээд үнэхээр хүндхэн байдалтай байна. Гэтэл нийтийн байрны талаарх миний харж дүгнэсэн бодлыг хэд дахин давсан хүнд нөхцөл байдалд амьдардаг тухайгаа охин ярьсан юм. Өдөржин хажуу өрөөнд архидах ажилгүй ах эгч нар, оройжин хүүхдүүдээ уйлуулж зодолдох гэр бүл гэдгээс эхлээд өрөөний чийг, бясаа, жоом, хулгана гэх мэт хорхой, шавьжин дунд амьдардаг тухайгаа ярьлаа. Яасан өрөвдмөөр яасан их хайрламаар хүүхдүүд вэ. Оргон зайлсан, эрэн сурвалжлагдаж байгаа, тодорхой хаяггүй, түр оршин суух иргэдийн үүр болсон энэ байранд өсвөр насны хүү, охин хүүхэд гарч орох болгондоо хичнээн олон хүний харцан дунд амьдардаг бол. Хичнээн хүнээс айж ичиж гэртээ хаалгаа түгжээд аав ээжээ хүлээдэг бол. Бодохоос ч эвгүйцмээр. Энэнээс өөрөөр орон нутагтаа амьдрах аргагүй болсон эцэг эхийг өрөвдөх үү?. Цэцэг шиг хөөрхөн хүүхдүүдээ ийм газар хээв нэг орхиод  явах эцэг эхэд гомдох уу?. Энэ өрөөнд би өөртөө байх бүх өрөвч сэтгэлээ үлдээгээд гарсан юм.

Нар жаргаж байлаа. Байр, бие засах газар л багтахаар жижигхэн хашааны буланд тоглох хүүхдүүдээс нэг хөөрхөн охин над руу гараа даллаад л гүйгээд ирлээ. “Баяртай эгчээ та манай байранд ахиж ирэх үү” гэж асуугаад хариулт хэлэх завдал өгөлгүй найз нь хөтлөөд цаашаа гүйчихлээ.

“Баяртай. Эгч нь дахиад заавал ирнэ ээ”.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.181.20)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.