Б.Болороо: Ханийхаа нэрийг сэргээж чадсан
Б.Баабар
Үйл явдал
/
2020-05-13

Хүмүүс Б.Болороо гэх эмэгтэйг мэддэг болоод нилээдгүй хугацаа өнгөрч байна. Харин түүний нөхөр өнгөрсөн оны зургадугаар сард ажлын байран дээрээ амь насаа алдсан. Нөхрийнх нь цогцсыг 19 хоногийн дараа ажлын байрныхан лифтнээс олсон. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр түүний нөхрийг архи хэтрүүлэн хэрэглэж лифтний хонгил руу унаж амиа алдсан гэх дүгнэлт гаргасан. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй Б.Болороо сүүлийн нэг жилийн хугацаанд талийгаач нөхрийнхөө нэр төрийг сэргээхээр хэд хэдэн удаа хэвлэлийн бага хурал хийж, өвлийн хүйтэнд төв талбайд суулт хийсэн. Түүнийг суулт хийж байхад Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирж уулзан хэргийг дахин шалгах үүргийг хуулийн байгууллагад даалгаж байсан.

Тэгвэл хөгжийн бэрхшээлтэй бүсгүй Б.Болороо ханийхаа нэр төрийг сэргээж чаджээ. Тэрээр өчигдөр буюу 2020 оны тавдугаар сарын 11-нд өөрийн фэйсбүүктээ: “Ханийхаа нэрийг сэргээж чадсаан. Шүүх эмнэлгийн дахин бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтээр алкохол хэрэглээгүй нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл 2.4 промилл хэмжээ нь согтолтын зэрэг биш тэр дор 19 хоног байж өмхийрч, муудсанаас бий болсон исэлтээс үүдсэн хэмжээ гэж гарсан.

Мөн МХЕГ-аар дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулан дүгнэлт гаргахад миний хань БУРУУГҮЙ, КОМПАНИЙН 100%-ийн буруу гэж гарсан.

Миний эцсийн, цор ганц хүсэл бол ханийхаа нэрийг л цэвэрлэх байсан. Би зорилгодоо хүрсэн. Гэхдээ өөрийн сайндаа биш ТА БҮГДИЙН ДЭМЖЛЭГЭЭР. Бид ямар ч зүйлд нэгдэж чадвал ялж болдог юм байна, ҮНЭН илэрдэг юм байна шүү.

Эхнээсээ намайг дэмжиж, урам өгсөн, зоригжуулсан, чи ганцаараа биш шүү гэж урагшлах итгэл хайрлаж байсан, хайрлаж байгаа ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА.

Худал хуурмаг зүйлтэй эвлэрээд сууж чадахгүй байгааг минь хараад хүсэл, санааг минь ойлгож бүх зүйлд минь хамт байж тэмцсэн ЭЭЖДЭЭ онцгойлон БАЯРЛАЛАА.

Тун удахгүй хавтаст хэрэгтэйгээ танилцсаныхаа дараа та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно оо.

БИЕ НЬ ЭНЭ ОРЧЛОНД БАЙХГҮЙ БОЛЛОО Ч ҮР НЬ ҮЛДСЭН ХОРВООД НЭР НЬ ЦЭВЭР ЯВАГ ЭЭ.” хэмээн бичжээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.17.137)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.