Эмч нарыг “дээд”, сувилагчдыг “дунд” мэргэжилтэн гэж нэрлэсэн цагаас сувилагч мэргэжлийн үнэ цэнэ алдагдсан
Ярилцлага
/
2020-05-13

Олон улсын сувилагчдын өдөрт.

Өнөөдөр дэлхийн сувилагчийн баярын өдөр. Энэ өдрийг тохиолдуулан Сувилахуйн боловсрол судлал, Сувилахуйн эрдэм шинжилгээ, Сувилахуйн тусламж үйлчилгээнд олон өөрчлөлт, шинэчлэлийг бий болгож Сувилахуйн шинжлэх ухааныг хөгжүүлэх суурийг тавилцсан Анагаах Ухааны доктор, профессор, АШУҮИС-ийн Био Анагаахын сургуулийн Харилцааны ур чадварын тэнхимийн эрхлэгч Содовсүрэнгийн Наранчимэгтэй ярилцлаа.

 

Олон улсын сувилагчдын өдрийг тэмдэглэхийн зорилго нь юунд оршдог вэ? Та хүүхдийн эмч мэргэжилтэй ч яагаад сувилахуйтай холбогдсон талаар яриагаа эхэлье?

-“Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд мөнхөрсөн Английн сувилагч Флоренсе Найтенгилийг сувилахуйн ухааныг үндэслэгч хэмээн үзэж, түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ныг дэлхийн олон улс оронд “Сувилагчийн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ өдөр олон улс орон сувилахуйд гарсан ололт, амжилт, алдаа дутагдлаа хэлэлцүүлж, сувилагчийн хөдөлмөрийн үнэлэмж, халамж, хамгаалал, тэдэнд тулгамдаж буй асуудлыг нотолгоонд суурилж илрүүлэн улам боловсронгуй болгох арга замыг хайхаас гадна олон түмэнд мэргэжлийн мөн чанар, үнэ цэнийг таниулж, ард иргэдийг эрүүл мэндээ хадгалах, хамгаалах, аливаа өвчин эмгэг, осол гэмтлээс сэргийлэх ажлыг зохион байгуулж таниулдаг өдөр.

Миний хувьд ажил, амьдралын маань бараг хориод жил сувилахуйтай холбогдсон юм. ОХУ-ын Санкт-Петербург хотын (хуучин нэрээр ЗХУ -ын Ленинград хот) Хүүхдийн эмчийн дээд сургуулийг 1985 онд төгсөж ирээд Найрамдал дүүргийн хүүхдийн эмнэлэгт (одоогийн Баянзүрх дүүргийн хүүхдийн эмнэлэг) хуваарилагдан ажлын гараагаа эхэлсэн. 20-30 хүүхдийн амь нас хариуцаж, жижүүрийн эмчээр ажиллаж эхэлсэн тэр цагаас хамгийн ойр, хамтран ажиллаж байсан мэргэжилтэн бол сувилагч нар. Тухайн үед сувилагч нар Анагаах Ухааны Дунд сургуульд (Одоогийн Сувилахуйн сургууль) хоёр жилээр маш чадварлаг бэлтгэгдэж байсан. Анхны жижүүрт гарснаа санаж байна. Хоёр тасгийн 60-80 өвчтэй хүүхдийн дунд нэг эмч, хоёр сувилагч ачаалал ихтэй ээлжинд хононо. Ээлжийн үеэр шинээр өвчтэй хүүхэд ирнэ, оношилно, эмчилнэ гээд л маш богино хугацаанд хурдтай ажиллахыг шаарддаг байсан. Хүүхдийн эмчээр ажлын гараагаа эхлэхэд надад тус дэм болж, сургаж, чиглүүлж байсан хүмүүс бол яахын аргагүй сувилагч нар.

Эмчийн ажлыг сувилагчгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хүүхдүүд хүндэрч их ирдэг, олон хүүхдэд судас, дусал хийх хэрэгцээ, шаардлагатай үед гардан үйлдэл, ямар ч ажилбарыг “түүртэлгүйгээр” чадварлаг хийж гүйцэтгэдэг сувилагч нарынхаа ачаар олон хүүхдүүдийн амийг аварч байсан даа. Эмч нараа их хүндэтгэдэг, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, хурдан шаламгай, ёстой л мэргэжилдээ эзэн нь болсон сувилагч нартайгаа сэтгэл амар ажиллаж байсан ч, тэднийг “дунд мэргэжилтэн” гэж нэрлэдэг, өсөн дэвжих шатлал байхгүй, хийсэн үйлдлээ бичиж тэмдэглэдэггүй, биеэ даасан асаргаа, сувилгаа хийх “эрхгүй”, “сайн“ гүйцэтгэгч болгочихсон”, боломжтой сувилагч нь эмч болдог тийм л тогтолцоо байсан юм.

Мэдээж оношийг зөв тавьж, тохирсон эмчилгээг төлөвлөхөд эмчийн ур чадвар, мэдлэг, туршлага нөлөөлдөг ч бичсэн эмчилгээг хийхэд судсаа сайн олдог, гардан ажилбарыг чадварлаг гүйцэтгэдэг, асаргаа, сувилгааг мэргэжлийн түвшинд хийж чаддаг сувилагчгүй бол эмчийн ажил талаар болно. Хүүхдийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа сувилагч нарынхаа дунд янз бүрийн сургалт зохион байгуулж, ажлыг нь дэмжихийг хичээж, улирлын чанартай ”Эмийн бус эмчилгээний тасаг” байгуулж, тэдэнтэй нэгэн баг болон ажиллаж зөвхөн асаргаа, сувилгаа, зүү төөнө, хөдөлгөөн дасгалаар эмчилдэг тасгийг (1991-1995 он хүртэл) байгуулж ажиллаж байсан нь хожмын өдөр сувилахуйг хөгжүүлэхэд суурь болсон байх гэж боддог.


Эмчтэй нэгэн баг болон ажилладаг сувилагч мэргэжлийн мөн чанар, үнэ цэнэ, ажлын бүтээмж, үр дүнг эрүүл мэндийн салбарын ажилтнууд төдийгүй хүн бүр өргөн цар хүрээгээр ойлгож, дэмжих хэрэгтэй.

 

-АУИС-ийн Эрдмийн болон Мэргэжлийн сургалтын албанд (одоогийн АШУҮИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институт) “дунд мэргэжилтэн” хариуцсан арга зүйчээр Таныг ажиллаж байсан гэдэг. Энэ талаар?

-АУҮХ-ийн Сургалтын албанд (хуучнаар Эмч нарын мэргэжил дээшлүүлэх институтэд) сургалт хариуцсан мэргэжилтнээр 1995 онд ажилд орсон юм. Засаг төр солигдоход манай алба татан буугдаж, АУИС-ийн харьяанд ирэхэд тус институтийн захирлаар ажиллаж байсан профессор Л.Жигжидсүрэн багш “дунд мэргэжилтэн хариуцсан” арга зүйчийн орон тоог шинээр бий болгож, туршлагатайгаар нь намайг ажиллуулъя гэсэн саналыг тавьсныг АУИС-ийн захиргаа хүлээн авч, тушаал гарсан тэр өдрөөс сувилагч, тусгай мэргэжилтнүүдтэй ажил, амьдрал маань холбогдсон юм. Сувилагчдын дунд хагалгааны, мэдээгүйжүүлгийн, ариутгалын гэсэн гарын таван хуруунд хүрэхгүй цөөхөн сургалт зохион байгуулагдаж байсныг эс тооцвол сувилагч, тусгай мэргэжилтнүүд албан сургалтад хамрагдах боломж хязгаарлагдмал байсан цаг.

Эмч нарыг “дээд мэргэжилтэн”, сувилагч нарыг “дунд мэргэжилтэн” гэж нэрлэсэн цагаас л сувилагч мэргэжлийн мөн чанар, үнэ цэнэ алдагдсан. Мэргэжил “дээд” ба “дунд” гэж хуваагддаггүй. Сонирхлын дагуу мэргэжлээ сонгож, түүнийгээ чадварлаг гүйцэтгэж чадаж гэмээ нь ажилдаа сэтгэлээсээ хандаж, амжилтад хүрч сэтгэл хангалуун ажиллаж амьдардаг. Эмчтэй нэгэн баг болон ажилладаг сувилагч мэргэжлийн мөн чанар, үнэ цэнэ, ажлын бүтээмж, үр дүнг эрүүл мэндийн салбарын ажилтнууд төдийгүй хүн бүр өргөн цар хүрээгээр ойлгож, дэмжих хэрэгтэй. Учир нь эрүүл амьдрах ухааныг судалж буй сувилагч нараа мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэж чадсан цагт монголчууд цаг бусаар хорвоог орхих, хүндэрсэн хойноо эмнэлэгт хандах тохиолдол буурч, эм тарианд шүтэж ирсэн сэтгэлгээ өөрчлөгдөх юм.

 

-Эрүүл мэндийн салбарт ажиллаж эхэлсэн анхны мэргэжилтэн сувилагч байдаг. Мэдээж олон сайхан түүхийг бид сонсож байсан. Одоо харин сүүлийн үед сувилагчгүй боллоо, сувилагчийг үнэ төлбөргүй сургана гэж төр засгаас мэдэгдэл хийж байна. Таны бодол?

-Монгол Улсын хүн ам өсөж, хүн ард нь эрүүлжин, илааршихад үе үеийн сувилагч нарын оруулсан гавьяаг үнэлээд баршгүй. Одоо бид өнгөрснөөс суралцаж цаашид хэрхэн сувилахуйг хөгжүүлэх талаар өргөн цар хүрээгээр хөндөх цаг ирлээ гэж боддог. Сувилагч хөгжиж байж эмчийн ажил үнэлэгдэнэ. Сургууль, эмнэлэг, эрүүл мэндийн төв, төр захиргааны байгууллагад ажилладаг албан тушаалтан, удирдах ажилтнууд, эмч, багш, сувилагч нарт “энтрепренёр сэтгэлгээ” дутагдаж байна.

Бид хуучинсаг бэлэнчлэх сэтгэлгээ, сөрөг хандлага, бусдаас бурууг хайдаг зангаа өөрчилж, нийгмийн хэрэгцээнд үндэслэн илүү өөрөөр ажиллах цаг үе ирээд байна. Цалингаа нэмүүлье, ачаалал их байна, сувилагч дутагдаад байна гээд хичнээн яриад өөрсдөө санаачилгатай ажиллахгүй бол ямар ч үр дүнд хүрэхгүй. Яагаад зарим байгууллага, хувь хүн хурдтай хөгжиж “баялагийг” бүтээгээд байгаагийн нууц нь “энтрепренёр сэтгэлгээгээ” хөгжүүлсэнд байдаг. Өөрийн ажил, амьдрал дээр тулгамдаж буй асуудлаа зөв тодорхойлоод, өөрсдөө асуудлаа шийдвэрлэхийг “энтрепренёр сэтгэлгээ” гэдэг. Хэрвээ ийм сэтгэлгээ дутвал хэн нэгнийг шийдвэрлэхийг хүлээдэг, төр засгаас гуйдаг, асуудлын шалтгааныг олж харж чаддаггүй, илүү ядмаг сэтгэлээр амьдарцгаадаг.

Тухайлбал сувилагч дутагдаж буйн шалтгааныг тодорхойлж чадаагүйгээс буруу шийдвэр гаргах тохиолдол ч үүсдэг. Өнөөдөр Монгол улсад 13 сургууль (АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь аймаг дахь АУС, Энэрэл, Ач, Этүгэн, Шинэ анагаах ухаан, Оточ манрамба, МҮИС, Их засаг, Глобал удирдагч, Улаанбаатар их сургууль ) сувилагч бэлтгэж байна.

Хэдийгээр олон сургуульд сувилагч бэлтгэж байгаа ч ихэнх сургууль бакалаврын боловсролоор 4 жилээр сувилагчийг бэлтгэсэн, эм зүйн, эмчийн ангийн 2,3-р курстээ сувилагч нараас элсүүлэн сургадаг, бакалаврын зэрэгтэй сувилагчийн хийх ажлын цар хүрээ тодорхой бус, баталгаажаагүй, сувилагчийн талаарх ойлголт зарим эмч, удирдлагын дунд хуучин хэвээр, сувилагч нарын хөдөлмөрийг бодитой, зөв үнэлэх тогтолцоо нэвтрээгүй, биеэ даасан сувилахуйн тусламж үзүүлэх эрх зүйн орчин бүрдээгүй, сувилагчийн ажлыг зөв зохион байгуулж чадаагүйгээс ажлаасаа халшрах, ажилдаа сэтгэл ханамжгүй үлдэх, ажлаа орхих явдал элбэг байна.

Энэхүү ажлыг зөв гүйцэтгэхэд дэлхийн улс орнуудад мэргэжлийн холбоо, нийгэмлэг, сувилагч бэлтгэдэг сургуулиудын эрдэмтэн багш нарын хамтын ажиллагааны оруулсан хувь нэмэр их төдийгүй, нотолгоонд суурилан олон үйл ажиллагааг зөв, үр дүнтэй зохион байгуулж чадсан байдаг. Сувилахуйн тусламж үйлчилгээг хүн бүрийн хэрэгцээнд суурилан чанартай хүргэж чадсанаар ард иргэдийн эрүүл мэндийн чанарт өөрчлөлт гарч, эмчийн ажлын ачаалал багасаж, эм тарианы зардалд зарцуулж буй мөнгө ч хэмнэгдэж, иргэд ч сэтгэл ханамжтай үлддэг. Тухайн тасагт ажиллаж буй нэг эмчийн эмчилж буй өвчтний биеийн байдал, өөрийгөө асрах чадамжид суурилан боловсролын шатлалаас хамаарч 2-4 сувилагч тэдэнтэй хамтран ажиллах ёстой. Эмчийг хэт олноор бэлтгэснээс эмч, сувилагчийн харьцаа алдагдсан хэвээр төдийгүй улсын болон хувийн олон эмнэлэг шинээр байгуулагдаж ашиглалтад орж байгаатай холбоотой сувилагчийн дутагдалд орсоор байна.


Цалингаа нэмүүлье, ачаалал их байна, сувилагч дутагдаад байна гээд хичнээн яриад өөрсдөө санаачилгатай ажиллахгүй бол ямар ч үр дүнд хүрэхгүй.

 

-Гадаадад олон эмч, сувилагч нар урт, богино хугацаагаар туршлага судалж, суралцаж хүн бүр л нэг шинэ санаа тээж ирдэг. Таны хувьд?

-Сувилагчийн төгсөлтийн дараах сургалтад бид олон өөрчлөлт, шинэчлэлийг хийж эхэлсэн цаг үед АНУ-ын Орегон мужийн ЭМШУИС-д “Сувилахуйн боловсролын тогтолцоо” сэдвээр нэг жил суралцах боломж (1998-1999 оны хичээлийн жил) надад олдсон юм. Япон, Солонгос, Филиппин, сүүлийн жилүүдэд БНХАУ эмч, сувилагчаа АНУ-д төрөл бүрийн сургалтад хамруулж эх орныхоо нөхцөл байдал, онцлогт суурилан эрүүл мэндийнхээ салбарт шинэчлэл, өөрчлөлтийг хийж хөгжүүлж байна. АНУ-д Сувилахуйн боловсролын шатлал, Сувилахуйн тусламж үйлчилгээ, сувилагч нарын ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн асуудал, халамж хамгааллыг судалж суралцаж байхад ажил, амьдралын туршлагатай Америкийн сувилагч-эрдэмтэд “бид сувилахуйг хөгжүүлэхдээ их олон алдаа гаргасан, түүнийг дуурайж давтаж болохгүй шүү” гэж сануулж байсан зарим зүйлээс дурьдвал:

1-рт, Сувилагч мэргэжлийн үнэ цэнэ, бахархал, мөн чанар, үр дүнг сайн ойлгуулаагүйгээс зэрэг дэв, цол хэргэмийн хойноос хөөцөлдсөн сувилагчийн тоо өсөх хандлага гарсантай уялдуулан мэргэжлийн нийгэмлэг, холбоодын ажлыг чанаржуулах хэрэгтэйг;

2-рт, Сувилагч мэргэжилдээ чин сэтгэлээсээ дуртай, мэргэжилдээ үнэнч сувилагч нарыг ажлын байрнаас нь хөндийрүүлэлгүйгээр дээд боловсрол буюу бакалаврын боловсролыг олгох шаталсан сургалтыг нэвтрүүлэх нь хамгийн үр дүнтэй байдаг. Бакалаврын зэрэгтэй сувилагч эмнэлэгт ажиллавал эмчийн заавраар эм, тариа хийдэг ч, өвчтөнд бүрэн үзлэг хийж, тэмдэглэл бичиж, шаардлагатай тохиолдолд хийх асаргаа, сувилгааг тодорхойлдог. Түүний удирдлагад дипломын, дэд зэргээр бэлтгэгдсэн сувилагч ажиллахаас гадна 1 жилээр бэлтгэгдсэн сувилагчийн туслах, 6 сараар бэлтгэгдсэн асрагч баг болон ажилладаг. Боловсролын түвшин, бэлтгэгдсэн хугацаа, чадамжаас хамаарч хийж гүйцэтгэх үйлдэл бүрийг нарийвчлан тодорхойлж баталгаажуулсан байдгийг;

3-рт, Магистрын зэрэг эзэмшүүлэх сургалт нь зөвхөн судалгаа, шинжилгээний арга зүй эзэмшүүлэхээс илүү хүнийг бүхэлд нь үзэж, бодит үзлэгийг чадварлаг гүйцэтгэн “Сувилгааны үйл ажиллагааны таван шатлалын” дагуу сувилахуйн тусламжийг цогцоор нь үзүүлж мэргэшиж, эмчлэн, сувилах тусгай эрх авдаг. Ажилласан туршлага, сонирхсон салбараас хамаарч бакалаврын зэрэгтэй сувилагч нараас Хүүхдийн, Өндөр настны, Насанд хүрэгсдийн, Өрхийн, Нийгмийн эрүүл мэндийн сувилагчаар мэргэшүүлж бэлтгэдэг бөгөөд эрүүл хүн хаана байна, тэнд ажлын байр хүлээж байдгийг ойлгож авсан явдал юм.

 

Хөдөө орон нутагт олон арван жил үүргээ гүйцэтгэж ирсэн “бага эмчийн” ажил үүрэгтэй “Мэргэшсэн сувилагч буюу магистрын зэрэгтэй сувилагчийн” (Nurse practitioner) ажлын байрны тодорхойлолт дүйцэж байдаг.

АНУ-д суралцаж байхдаа олж харсан, анзаарсан зүйл нь сувилагчийн хөдөлмөрийг цагаар үнэлдэг, өвчтөний биеийн байдлын хүнд, хөнгөнөөс хамаарч нэг сувилагчид 1- 12 өвчтөн ноогддог, сувилахуйн оюутан болсон цагаасаа “цагийн ажил” хийх нөхцөл нь бүрддэг болохыг, тухайн тасгийн ахлах сувилагч нь өндөр түвшинд бэлтгэгдсэн учраас ямар өвчтөнд ямар асаргаа, сувилгааг хэнээр хийлгүүлэхийг зохицуулдаг, үнэхээр ажилдаа мэргэжсэн сувилагч нар ажиллаж байдгийг олж харсан юм.

Үүнээс гадна сувилагч нар нь 12:12 цагаар ээлжлэн ажиллах буюу нэг ээлж нь өглөөний 7 цагаас оройн 19 цаг, оройн 19 цагаас өглөөний 7 цаг хүртэл үргэлжилдэг. Оройн 19 цагаас шөнийн 01 цаг, 01-07 цаг хүртэл ажиллахад хөдөлмөрийн хөлс нь хүртэл эрс ялгаатайгаар зохицуулагдсан байдаг. Ээлжийн сувилагч нарынхаа эрүүл мэндэд онцгой анхаарч, тэдний хөдөлмөрийг бодитой, зөв үнэлснээр ажлын бүтээмж сайжирч байдаг талаар олон судалгааны материалууд байдаг. Бас нэг анзаарсан зүйл нь эмч нар өвчтөнийхөө оношийг зөв тавьж, эмчилгээгээ зөв бичихэд маш хариуцлагатай ханддаг төдийгүй сувилагч нарынхаа ажлыг үнэлж, тэдэнд хүндэтгэлтэй хандаж, туршлагаа харилцан хуваалцаж хамтран ажилладаг юм.

 

-Таны яриаг сонсохоор манай орны хөрсөнд хэр буух бол. АНУ-д Сувилахуйн боловсрол судлалаар нэг жил суралцаж ирээд ямар шинэчлэл, өөрчлөлтийг хийж чадсан бэ?

-Би их азтай. АНУ-д сурч ирсэн бараг бүх санаагаа хэрэгжүүлэхэд чин сэтгэлээсээ дэмжих удирдлага, хамт олны дэм тус их байсан. Одоо олон шавь нар маань эхлүүлсэн ажлыг маань улам төгөлдөржүүлж, шинэ шатанд гаргахын төлөө сэтгэл гарган ажиллаж байгаа гэдэгт итгэж байна. ШКТЭмнэлэгт (ШУГТЭ)-ийн “Сувилгаа эрхэлсэн орлогч дарга”, Сувилахуйн зөвлөхөөр 1999 оны 12-р сарын 16 -наас 2010 он хүртэл, ЭМЯ-ны Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөлийн даргаар (2002-2005), АУИС-ийн МДИ-ийн Сувилахуйн тэнхмийн эрхлэгчээр (2003-2008), АШУҮИС-ийн Сувилахуйн Эрдмийн зөвлөлийн даргаар (2018-2019 оны хичээлийн жилд) ажиллах хугацаанд гарсан олон өөрчлөлтийн тухай шавь нартайгаа хамтран 2014 онд эмхэтгэсэн “Шинэчлэл ба Түүх” бүтээлдээ дэлгэрэнгүй дурьдсан байгаа. www.mplus.mn -ээс дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.


Ээлжийн сувилагч нарынхаа эрүүл мэндэд онцгой анхаарч, тэдний хөдөлмөрийг бодитой, зөв үнэлснээр ажлын бүтээмж сайжирч байдаг талаар олон судалгааны материалууд байдаг.

Өнөөдрийн байдлаар Сувилахуйн ухаанаар докторын зэрэг хамгаалсан гурван сувилагч ажиллахаас гадна сувилагч бэлтгэдэг сургуулиудын багш нарын ихэнх хувийг магистрын зэрэгтэй сувилагч эзэлж байна. Одоо шавь нар маань мэргэжлээрээ бахархах, сувилагч мэргэжлийн үнэ цэнийг бий болгох, ард иргэдийнхээ эрүүл мэндийг хадгалах, хамгаалах олон ажилд сэтгэл гарган ажиллаж буйд баяртай байна.

 

-Нэг зүйлийг тодруулбал, орчин үед сувилагч нарыг зөвхөн бакалавраар бэлтгэж байж сувилахуй хөгжинө гэдэг, таны ярианаас эмнэлэгт бакалаврын зэрэгтэй сувилагч эмчийн удирдлагад ажиллана гэдгийг тодруулбал?

-Бид аливаа зүйлийг хөгжүүлэхэд эх орныхөө нөхцөл байдал, чадамж, онцлогийг их харгалзан үзэх учиртай. Олон улс оронд сувилагчийг бакалаврын боловсрол буюу дээд боловсролоор бэлтгэх бодлого барьж байгаа. Гэхдээ ихэнхи оронд сувилахуйн хүний нөөцийн дутагдалд орсоор байна. Сувилахуйн бие даасан тусламж үйлчилгээ өрх, сум, багаас эхэлдэг учраас тэнд ажиллах сувилагч нар бүгд бакалаврын боловсролоор бэлтгэгдэх ёстой. Хүн хаана байна тэнд сувилагч ажиллаж, мэргэжлийн тусламжаа үзүүлж байдаг. Эмчийн ажлаас ялгаатай нь эрүүл хүнтэй ажиллаж, тэдний насны бүлэг, онцлогоос хамаарч өвчин эмгэг, осол гэмтлээс сэргийлэх, эрүүл мэндийг хадгалах, хамгаалах, эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг гардан хариуцаж шаардлагатай тохиолдолд асаргаа, сувилгаагаар илааршуулдаг. Тийм ч учраас ерөнхий боловсролын сургуулиуд, албан байгууллагад мэргэшсэн сувилагч нар ажиллаж, эрүүл мэндийн хичээл, сургалтыг удирдан өөрийн биеэр үлгэрлэн тасралтгүй сургалт явуулж, өндөр хариуцлага хүлээдэг.

Харин эмнэлэгт сувилагчаар ажиллахад сувилагчаас илүү техникийн буюу гардан үйлдлийн чадварыг шаарддаг. Эм өгөх, тариа хийхээс гадна өвчтөний тав тухыг хангах үүднээс ор засах, асаргаа хийх, өвчний шинж тэмдэг, өөрийгөө асрах чадвараас хамаарч гардан үйлдлийг хийдэг. Харин энэхүү үйлдлийг бакалаврын сувилагчийн удирдлагад дипломын, дэд зэргийн, сувилагчийн туслах, асрагч нар хийж хамтран ажилладаг. Хэрвээ эмнэлгийн тасгийн сувилагч нар бүгдээрээ бакалаврын зэрэгтэй байвал өвчтөнд үзүүлэх асаргаа, сувилгааг хэн гардан хийж гүйцэтгэх вэ? гэдэг асуулт гарна. Боловсролын түвшин ахих тусам бичиж тэмдэглэх хуудсын агуулга, зарцуулах хугацаа ч өөр өөр байдаг. Иймээс бид эндээс л өөрчлөлтийг хийх учиртай юм.

 

-Үнэхээр сувилахуйн боловсрол судлал, эрдэм судлал, тусламж үйлчилгээнд чанарын олон шинэ ойлголтыг бий болгожээ. Цаашид сувилагч нар юунд анхаарал хандуулах вэ?

-Олон сайхан эрдэмтэн, мэргэд, багш, хамт олныхоо дэм, хамтын ажиллагааны үр дүнд бид сувилагчаас доктор төрүүлж, сувилагч нарыг орлогч даргын албан тушаалд ажиллуулж, их, дээд сургуульд багшлуулж, тэнхим удирддаг болгож чадсан. Гэхдээ хөгжил нэг дороо зогсдоггүй улам л боловсронгуй болдог учраас нийгмийн ба сувилагчийн хэрэгцээнд суурилан олон ажлыг хийх шаардлага бий болоод байна. Хэдийгээр төр засгаас эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч, тав тухтай орчин, тоног төхөөрөмжөөр хангаж, гадаад дотоодод сургаж, цалин хөлсийг нэмэгдүүлж байгаа ч тулгамдаж буй олон асуудал хэвээр байгаа нь амьдралын хэрэгцээнд суурилах ёстойг харуулж байна.

Нотолгоонд суурилж сувилахуйн тусламж үйлчилгээнд өөрчлөлт гаргахын тулд сувилагч нарын анхаарлын төвд дараах асуудлыг хөндөх хэрэгцээ, шаардлага бий болсон гэж үзэж байна. Үүнд: Сувилагчийн ээлж 16 цаг үргэлжилсээр байх уу? Сувилагч мэргэжлээ орхих болсны шалтгаан нь юунд байгаа вэ? Сувилагчийн хөдөлмөрийг цагаар хэрхэн үнэлэх вэ? Сувилагч нар яагаад хорт хавдраар өвдөж, жингийн илүүдэлд өртөж байна вэ? Сувилагч ар гэртээ санаа зоволгүй ажиллах нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх вэ? Боловсролын шатлалаас хамаарч ажил дээр ямар эрх, үүрэгтэйгээр сувилагч нар ажиллах вэ? Багийн бага эмчийг “Мэргэжсэн буюу магистрын зэрэгтэй” бэлтгэх сургууль, багш бэлэн үү? Яагаад сувилахуйн хүний нөөцийн хомсдолд орох болов? Сувилагч мэргэжлийн үнэ цэнэ, бахархал юунд оршдог вэ? Сувилагч нь биеэ даан ажиллахад ямар чадамж шаардагдах вэ? Гэрийн сувилахуйн тусламжийг бие даасан байдлаар хөгжүүлж болох уу? зэрэг олон асуудлыг шийдвэрлэх цаг ирээд байна.

 

-Танай тэнхим сувилахуйн хөгжилд хэрхэн оролцдог вэ?

-Сувилагч нартайгаа нэгэн баг болон ажилладаг ирээдүйн эмч, эм зүйч, эрүүл мэндийн нийгмийн ажилтан, нүүр амны, уламжлалт анагаахын ангид суралцаж буй АШУҮИС-ийн 2-р курсийн бүх оюутнуудад “Мэргэжлийн суурь ур чадварын” хичээлийг манай тэнхимийн багш нар ордог бөгөөд эмнэлэгт ажиллах анхны гараагаа тэд “Танилцах үйлдвэрлэлийн дадлагаар” сувилагчийн удирдлагад эхлүүлдэг. Оюутан байх цагаасаа хамтран ажиллах сувилагчийнхаа ажлыг ойлгож, өөрийн биеэр мэдрэхэд сургах олон чадварыг эзэмшүүлж, чанартай сургалтыг зохион байгуулахын төлөө бид ажиллаж байна.

 

Ярилцлага өгсөн танд баярлалаа!

 

Эх сурвалж: gogo.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.209.119)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.