Хууль тогтоомжийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжлээ
Үйл явдал
/
2020-05-13

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.05.12) хуралдаан 10 цаг 34 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, 9 асуудал хэлэлцэж шийдвэрлэв. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 7 гишүүний санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.  Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Батзандан, С.Бямбацогт, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Я.Санжмятав, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн нар санаачлан боловсруулж өргөн мэдүүлснийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг нь дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байнгын хорооны ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат ахалж ажиллаж байгаа юм.

Ажлын хэсэг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусгасны зэрэгцээ хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр найруулгын чанартай зарим засвар хийж, хуулийн төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Мөн хууль хоорондын зөрчлийг арилгах шаардлагын үүднээс зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёолол бэлтгэснийг чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос дээш саналаар дэмжив. Ингээд энэ талаарх танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлуулахаар тогтлоо.

 

Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль, тогтоомжуудыг нийцүүлэх ажлын хүрээнд уг хуулийн төслийг боловсруулан хэлэлцэж байгаа бөгөөд хуулийн төсөл батлагдсанаар төсөвт ямар нэг нэмэлт зардал шаардагдахгүй бөгөөд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт бодитоор хэрэгжиж, Засгийн газар тогтвортой ажиллах, гүйцэтгэх засаглалын эрх хэмжээ, үйл ажиллагааны чадавх дээшлэх ач холбогдолтой гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.

Хуулийг 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөх Байнгын хорооны саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байнгын хорооны ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт ахлан ажиллаж байгаа. Ажлын хэсэг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Түүнчлэн анхны хэлэлцүүлгийн үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу зарчмын зөрүүтэй нэг саналын томьёолол бэлтгэснийг санал хураалт явуулж дэмжив. Ингээд энэ талаарх танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэн хуулийн төслийг батлуулахаар тогтов.

Үргэлжлүүлэн ““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Засгийн газраас энэ оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Улсын Их Хурлын даргын захирамжаар тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоор ахлуулан 12 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Мөн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй ажлын дэд хэсгийг Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Үндэсний хөгжлийн газрын холбогдох албан тушаалтнууд, эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулсан байна.

Ажлын хэсэг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед гишүүдийн олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу тогтоолын төсөл болон хавсралтын зарим заалтыг гүйцээн боловсруулж холбогдох саналын томьёоллуудыг бэлтгэжээ. Ингээд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Тухайлбал, тогтоолын төслийн 1 дүгээр хавсралтад “Алсын хараа: Монгол Улс 2050 он гэхэд нийгэм, эдийн засгийн өсөлтөөр бүс нутагтаа манлайлсан “Азийн тэргүүлэгч улс” болно” гэж өөрчлөн найруулж тусгахаар болов. Мөн үүнтэй уялдуулан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн Эрхэм зорилгод гишүүдийн саналыг тусгаж өөрчлөн найруулах, хавсралтын зохих хэсгийн “дундаж давхарга” гэснийг “бага, дунд орлоготой” гэж өөрчлөхийг дэмжиж, тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтов.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.48.161)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.