Баянзүрх дүүрэгт Шинэ намаас нэр дэвших шинэхэн гишүүд
Б.Баабар
Үйл явдал
/
2020-05-14

Өчигдөр буюу тавдугаар сарын 12-ны өдөр Шинэ намынхан 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсийн нэрийг албан ёсоор зарласан. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Шинэ нам гишүүдийн тооноосоо шалтгаалж 34 мандаттай оролцох аж. Тэгвэл Баянзүрх дүүрэгт Шинэ намаас хэн хэн нэр дэвших гэж буй талаар та бүхэнд танилцуулъя.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан

Ж.Батзандан нь 2016 оны сонгуулиар Баянзүрх дүүрэгт АН-аас нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Энэ удаагийн сонгуульд тэрээр Шинэ намаас Баянзүрх дүүрэгт нэр дэвших аж. Тэрээр МУИС-ийн Хууль зүйн сургууль, Будапешт хотын хэлний бэлтгэлийн дээд сургууль, Мищкольцийн их сургуулийг тус тус төгссөн. Унгар улсын их сургуульд судлаач багш, Иргэний хөдөлгөөний намын дарга, Авилгатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлд багшаар ажиллаж байсан. Одоо УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Мөн хэдэн нөхдийн хамт байгуулсан “шинэхэн” “Шинэ нам”-ынхаа даргаар ажилладаг. Шинэ намаасаа Баянзүрх дүүрэгт нэр дэвших гэж байна. 2016-2020 оны сонгуулийн мөчлөгт тэрээр хэрхэн ажилласныг тойргийн иргэд дүгнэж сонголтоо хийх биз ээ.

Ш.Батсамбуу

Ш.Батсамбуу Шинэ намын дэд даргаар ажилладаг. Уул уурхайн эдийн засагч мэргэжилтэй, бизнес эрхлэгч юм. Түүнийг хүмүүс “Нарантуул”-ын Ш.Сайхансамбуугийн дүү гэдгээр нь андахгүй. Тэрээр өмнөх 2016 оны сонгуульд ахын хамт Завхан аймагт МАН-аас нэр дэвшсэн ч сонгогдож чадаагүй. Энэ удаа МАН-аа Шинэ намаар солиод үзээд алдахаар шийдэж хаа холын Завхан аймгаас Баянзүрх дүүрэгт “морилох” гэнэ. Харин түүний ах Ш.Сайхансамбуу тус эвслийн Үнэн ба зөв намаас нэр дэвшихээр болжээ. Ийнхүү ах дүү хоёрын дуэль үргэлжилсээр...

Ц.Баттуяа

Ц.Баттуяа нь хуульч мэргэжилтэй. Польш улсад боловсрол эзэмшиж, хүний эрхийн чиглэлээр дагнан ажилласан туршлагатай хуульч аж. Улаанбаатар хотын унаган охин тэрээр 2020 оны УИХ-ын сонгуульд Шинэ намаас Баянзүрх дүүрэгт нэр дэвших юм.

Х.Батсуурь

Х.Батсуурь нь эдийн засагч мэргэжилтэй. Лондонгийн Эдийн Засгийн Их Сургууль болон АНУ-ын Вашингтоны Их Сургуулийг төгссөн. ШУ-ын магистр. АНУ-д байршилтай Дэлхийн банк, MCG Capital хөрөнгө оруулалт, Тетра Тек инженер технологийн корпораци зэрэг байгууллагуудад мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай. Тэрээр 2020 оны УИХ-ын сонгуульд Шинэ намаас Баянзүрх дүүрэгт нэр дэвших юм.

С.Амарсайхан

С.Амарсайхан Шинэ намын дэд даргаар ажилладаг, эдийн засагч мэргэжилтэй. Тэрээр 2020 оны УИХ-ын сонгуульд Шинэ намаас Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болжээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.190.156.93)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.