Завхан аймгийн 21 сумын 84 багийн 165.000 га талбайд үлийн цагаан оготно устгалаа
Үйл явдал
/
2020-05-10

Завхан аймаг “Иргэн төвтэй төр бүхий аймаг” болох зорилт дэвшүүлж “Ард иргэдээ сонсох” аяныг найман удаа зохион байгуулсан билээ. Тус аяны хүрээнд малчдаас гарсан хамгийн олон давтамжтай саналыг үндэслэн өнгөрсөн сард гурван сумын таван багийн 20 мянга орчим га талбайд үлийн цагаан оготно устгалын ажлыг зохион байгуулсан билээ.

Тэгвэл энэ сард Монгол Улсын Засгийн газрын 185 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, бэлчээрийн хөнөөлт үлийн цагаан оготнотой тэмцэх, бэлчээр хамгаалах бүх нийтийн арга хэмжээг зохион байгуулах зорилгоор 21 сумын 84 багийн 165.249 га талбайд устгал хийлээ. Гурван өдрийн хугацаанд зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаанд 8800 малчин, 1750 төрийн албан хаагч идэвхтэй оролцож, 2000 машин, 1705 мотоцикль, 1138 хөрөө зэрэг техник хэрэгсэлтэйгээр утах, ус цутгах, конус тавих аргуудаар тэмцжээ. Нийт 15.682 ширхэг сарны суулт босгосон байна. Шатахууны зардалд ХХААХҮЯам 97.6 сая төгрөг, аймгийн Засаг даргын нөөц сангаас 21.6 сая төгрөг, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 28 сая төгрөг, албан байгууллагууд 14.1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв.

 

Баг бүр үлийн цагаан оготно тархсан бэлчээрийн талбайгаас нэн тэргүүнд хамгаалах шаардлагатай газрын байршил, хэмжээг тогтоож зураглал хийж ажилласан нь үр дүнгээ өгчээ.

 

Бэлчээрийн хөнөөлт үлийн цагаан оготнотой тэмцэх бүх нийтийн арга хэмжээг сэг зэм устгах, хог хаягдал цэвэрлэх ажилтай хамтатган мэргэжлийн байгууллагын болон аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон зургаан ажлын хэсгийн удирдлага, хяналтан дор хэлтэс, агентлагууд сумдын ЗДТГ-тай хамтран орон нутгийн малчид, иргэд, аж ахуйн хэгжүүдийн оролцоотойгоор ийнхүү нэгэн зэрэг амжилттай зохион байгууллаа.

 

Цаашид үлийн цагаан оготно ихтэй бүс нутгуудад бэлчээр хамгаалах арга хэмжээг хавар, намрын улиралд уламжлал болгон бүх сумандаа нэгдсэн журмаар зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.114.28)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.