Халамжаар “халхалсан” улс төр
Б.Баабар
Нийтлэл
/
2020-05-14

Коронавирусийн цар тахлын улмаас дэлхий дахинд мөн манай улсад ч хөл хорионы дэглэм тогтоосон. Үүнтэй холбоотойгоор цар тахлыг дагасан эдийн засгийн хямрал нүүрлээд буй билээ. Коронавирусийн үеийн эдийн засгийн хямрал нь дэлхийн II-р дайны үед үүссэн хямралаас хойш гарсан хамгийн гүн хямрал болж байна. Үүнээс шалтгаалж энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлт огцом буурна гэж Олон улсын валютын сангийн тэргүүн Кристалина Георгиева сануулжээ. Засгийн газруудаас тогтоосон хөл хорио, тусгаарлалтын улмаас олон мянган компаниуд хаалга барьж, ажилчдаа ажлаас халахад хүрсэн. НҮБ-ын хийсэн судалгаанд  дэлхийн ажиллах хүчний 81 хувь нь буюу 3.3 тэрбум хүн  коронавирусийн цар тахлаас болж ажлын байраа бүрэн буюу хэсэгчлэн хаасан байна.

Манай улсад ч мөн адил цар тахлыг дагасан эдийн засгийн хямрал нүүрлэж, иргэдийн худалдан авах чадвар эрс буурсан. Хувиараа бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид гээд хүн бүр тодорхой хэмжээгээр хямралд өртөөд буй. Үүнтэй холбоотойгоор иргэдийн амьжиргааг коронавирусийн цар тахлын үед дэмжих зорилгоор Засгийн газраас хэд хэдэн шийдвэрийг гаргаж хэрэгжүүлээд буй билээ.

Нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөг олгохоор болсон

Коронавирусийн халдвартай холбоотойгоор мөн малчдын орлого болон үндэсний үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор ноолуурын зах зээлийн суурь үнэ дээр тушаасан нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшууллыг малчин өрх бүрт олгохоор болсон.

Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болголоо

Коронавирусаас урьдчилан сэргийлэх зорилгоор Цар тахлаас хамгаалах тухай хуулийг баталсан. Уг хуулийн хүрээнд энэ сараас эхлэн аравдугаар сар хүртлэх зургаан сарын хугацаанд 0-18 хүртлэх насны хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгосон. Энэ сарын хүүхдийн мөнгө болох 30 мянган төгрөг орсон байсан учир нэмэгдэл болох 70 мянган төгрөгийг хурдан шуурхай нөхөн олгож эхэлсэн.

Дээрх хоёр шийдвэр нь коронавирусийн хямралын үед Засгийн газрын гаргасан шийдвэрүүдээс олны дунд хамгийн их дуулиан шуугианыг үүсгэж нэг хэсэгтээ л ярианы сэдэв болсон шийдвэрүүд юм. Нэг талаар энэ “мөнгө тарааж” буй шийдвэрүүд нь цар тахлын үед Засгийн газраас иргэдийнхээ амьжиргааг дэмжиж буй бодлогын чанартай шийдвэр байж болох ч нөгөө талаар эрх баригч болох Монгол ардын намынхны “сонгуулийн хөзөр” байж болно. Өөрөөр хэлбэл сонгууль хаяанд ирчихсэн энэ үед нийгэм ийм нөхцөл байдалтай байгаа нь эрх баригч намынханд харин ч завшаантай хэрэг болж “коронавирусаар далимдуулж” ирэх сонгуульд гарах нүхээ малтах завшааныг олгож буй халамжаар “халхалсан” улс төр байж болно. Ёстой л нөгөө нэг сумаар хоёр туулай буудна гэдэг шиг.

Энэ шийдвэрүүд үнэхээр цар тахлын үед иргэдийнхээ амьжиргааг дэмжиж буй цаг үеэ олсон шийдвэрүүд үү эсвэл халамжаар “халхалсан” улс төр үү...  

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.202.244)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.