Ж.Оймандах: Төрийг системээр нь өөрчлөх цаг болсон
Б.Баабар
Ярилцлага
/
2020-05-15

Энэ удаагийн ярилцлагад 2020 оны УИХ-ын сонгуульд Чингэлтэй дүүрэгт бие даан нэр дэвшихээр горилж буй Олон улсын хуульч, доктор Жамъянсүрэнгийн Оймандахтай ярилцлаа.

-Юуны өмнө та бидэнд өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Би 1995 онд Орос Монголын гуравдугаар сургуулийг төгссөн. Дараа нь ОХУ-ын Москва хотод суралцаж, монголд байдаггүй ганц мэргэжил болох Олон улсын хуульч мэргэжлийг эзэмшсэн. Мөн АНУ-ын Виржиниягийн Олон улсын их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Монголд ирээд дандаа хувийн хэвшлийн байгууллагуудад ажилласан. Үндэстэн дамнасан корпораци, “Рио Тинто”, “HSPC” банк зэрэг гаднын хөрөнгө оруулалттай компаниудад хуулийн зөвлөхөөр ажилласан.

-Таныг АНУ-ын Колумбын их сургуульд төрийн сангийн зээлээр 51000 доллараар сурсан. Үүнийгээ төлж барагдуулаагүй гэх мэдээлэл байдаг. Үүнийгээ яаж төлж барагдуулах вэ?

-Төрийн сангийн зээлээр суралцахад тодорхой журам бий. Төрийн сангийн зээлээр суралцаад, төгсөөд ирсэн бол эх орондоо, тухайн явуулсан байгууллагадаа таван жил ажиллаж, нийгмийн даатгал төлсөн байх шаардлага тавьдаг. Би төгсөж ирээд таван жил ажиллаж, нийгмийн даатгал төлсөн. Одоо ямар нэгэн асуудалгүй гэсэн үг. Миний хувьд АНУ-ын Колумбын их сургуульд тэнцсэн. Гэхдээ уг сургууль намайг хүлээн зөвшөөрөөгүй. Яагаад гэвэл төрийн сангаас жилдээ 17500 долларыг өгдөг. Гэтэл Колумбын их сургуулийн жилийн төлбөр 51000 доллар байсан. Үүнээс гадна бусад хэрэглээг багтаагаад Колумбын их сургууль надаас 80000 доллар шаардсан. Ийм хэмжээний мөнгийг тухайн үед төрийн сангаас олгохгүй байсан учир би өөр сургууль судалж явсан. Тэр нь АНУ-ын Виржиняагийн Олон улсын их сургууль байсан юм.

-2020 оны УИХ-ын сонгууль удахгүй болох гэж байна. Таны хувьд энэ удаагийн сонгуулиар Чингэлтэй дүүрэгт бие даан нэр дэвшихээр горилж байна. Яагаад улс төрд орох болсон бэ, ямар нэгэн хувийн шалтгаан бий юу?

-Сонгуульд нэр дэвших шийдвэрээ гэнэт л гаргасан. Манай найзууд намайг ятгасан. Дээрээс нь төр намайг хоёр ч удаа гадаад руу сургуульд явуулсан. Монголд байхгүй мэргэжил эзэмшүүлсэн. Тэгсэн мөртлөө намайг буцаад ирэхэд хоёр ч удаа ажилд аваагүй. Миний эзэмшсэн мэргэжил төрд хэрэгтэй байхад яагаад намайг ажилд авдаггүй юм бэ гэсэн шалтгаан. Мөн төрийн системийг өөрчлөхгүй бол болохгүй гэсэн шалтгаануудаас болж зайлшгүй улс төрд орохоор шийдэж 14 хоногийн өмнө бие даан нэр дэвших өргөдлөө өгсөн. Хүн болгон төрийн системийг өөрчилнө гэж ярьдаг юм билээ. Яг юуг нь өөрчлөх вэ гэхээр төрийн төсвийн хулгайг зогсоомоор байна. Өөрөөр хэлбэл авилга, хээл хахуулийн асуудлыг зогсоох юм. Энэ чиглэлээр би нилээн мэргэшиж ажилласан.

-Яагаад бие даан нэр дэвшиж байна вэ. Ямар нэгэн нам түших хэрэггүй байсан уу эсвэл боломж гарсангүй юу?

Намуудаас нэр дэвших санал ирж байсан. Гэхдээ би бие даан нэр дэвшихээр шийдсэн. Мөн ямар нэгэн намын харьяалалтай болчихвол Үндэстэн дамнасан корпорациуд ажилд авдаггүй. Шууд ажилд авахгүй гэж хэлэхгүй ч гэсэн цаагуураа авах дургүй байдаг.

-Та гаднын компаниудын зөвлөхөөр ажиллаж байсан. Тэгэхдээ зөндөө төсөл хөтөлбөрүүд дээр ажилласан байх. Тэдгээрээс эх орондоо хэрэгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрүүд байсан уу?

Бүгдийг нь хэрэгжүүлэх боломжтой. Бид олон улсаас тусламж авч чадахгүй бол ерөнхийдөө “дампуурна” гэсэн үг. Нэг хуулийн төсөл одоогийн байдлаар хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Төр хувийн хэвшлийн түншлэл гэсэн хуулийн төсөл. Үүнийг нэвтрүүлснээр монголд буй хуулийг өөрчлөх боломж олдоно.

-Таньд энэ сонгуульд аль нам ялалт байгуулж, аль хэр олон бие даагчид сонгогдох талаар ямар нэгэн прогноз байна уу?

-Миний бодлоор МАН ихэнх суудлыг авна. Дор хаяж 30 суудал. Ардчилсан нам бага суудал авна. МАХН мөн хэдэн суудал авна. Тэгээд 10 гаран бие даагчид сонгогдоно хэмээн бодож байна. Бие даагчид олон сонгогдож чадвал эвсэл байгуулж хамтран ажиллаж чадахаар байна. Одоогийн нийгмийн нөхцөл байдалд хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болголоо. Нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөг өгөх боллоо. Энэ мэт зүйл нь цар тахлын эдийн засгийн хямралын үед иргэдийнхээ амьжиргааг дэмжиж буй дэмжлэг мэт боловч цаагуураа эрх баригч намынхны улс төр явагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл ирэх сонгуульд гарах нүхээ малтаж буй улс төр юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.120.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.