Оросын цэргийн тусгай онгоцоор Монголын 347 сонсогч эх орондоо ирлээ
Үйл явдал
/
2020-05-14

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай өнгөрсөн долоо хоногт цахим уулзалт хийх үеэрээ тус улсын БХЯ-ны харьяа их дээд сургуулиудад суралцаж буй монгол сонсогчдыг Оросын цэргийн тусгай онгоцоор эх оронд нь авчрах хүсэлт тавьсан билээ.

Энэ дагуу өнөөдөр ОХУ-аас гурван онгоцоор Москва, Санкт-Петербург, Новосибирск болон бусад хотуудад суралцдаг 347 сонсогч эх орондоо ирж байна. Эхний онгоц 13:25 цагт Улаанбаатар хотноо газардлаа. Дараагийн онгоцууд 15:10, 15:15 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.

БХЯ-ны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Батсайхан "Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын санаачилга гаргасны дагуу ОХУ-ын батлан хамгаалах яам ийнхүү богино хугацаанд өөрийн зардлаар монгол сонсогч, оюутнуудыг эх оронд маань хүргэж ирлээ. Энэ бидэнд том тус. Монгол, Оросын Батлан хамгаалах салбарын найрсаг харилцааг илэрхийлсэн, хоёр улсын Батлан хамгаалах сайдууд хамтран хилийн чанадад сурч байгаа сонсогчдын эрүүл мэндийн төлөө хийж буй чухал алхам" гэжээ.

"Буянт-Ухаа" боомт дахь ХМХА-наас онгоц газардах үед зорчигчдод эрүүл мэндийн тандалт хийж, шаардлагатай бусад арга хэмжээг авлаа. Тухайн оюутнуудыг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Бага баян амралтын газар, Тоёоко инн зочид буудалд тусгаарлалтад авч байгаа бөгөөд “Covid-19” халдвар өндөр тархсан бүс нутгаас ирж байгаа учир өнөө шөнөдөө багтан бүх оюутнаас шинжилгээ авна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.14.93)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.