Х.Батсуурь: Монгол улс хар, саарал жагсаалтанд орж байгаа нь шинэ зүйл биш
Ярилцлага
/
2020-05-16

-2020 оны сонгууль болох гэж байна. Таны хувьд энэ удаагийн сонгуульд Шинэ намаас нэр дэвшихээр болсон. Яагаад энэ намыг сонгох болов?  Энэ талаар яриагаа эхэлье.

-Шинэ намыг сонгох нь надад хамгийн зөв сонголт байсан. Яагаад гэхээр би олон жил өөрийнхөө үзэл баримтлалыг ард түмэнд нээлттэй хүргэж Англи хэл, Монгол хэл дээр маш олон нийтлэл, сэтгүүл гаргасан. 2013 оноос иймэрхүү ажил хийж эхэлсэн. Тухайн үед дэмжигч маш бага байсан. Үзэл баримтлал маань шинэ содон болохоор монголчуудад төдийлөн сайн ойлгогдохгүй байсан байх. Ер нь бол үндэсний үйлдвэрийг хөгжүүлэх, дотоод эдийн засгийн нөөц бололцоондоо тургуурласан үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, үндэсний эрх ашгийн төлөө тогтолцоо гэсэн эдийн засгийн ийм тогтолцоог хөгжүүлэх ёстой гэж үздэг байсан. Энэ нь төдийлөн дэмжигдээгүй. Гэхдээ сүүлийн дөрөв, таван жилийн хугацаанд нийгмийн тогтолцоо, эдийн засгийн тогтолцоо тал дээр асар их өөрчлөлт гарч байна. Үүний давалгаагаар миний үзэл баримтлал харьцангуй олон дэмжигчтэй болж ирсэн үүний нэг нь Шинэ намын удирдлага УИХ-ын гишүүн Ж.Батзандан байсан. Ж.Батзандан гишүүнтэй уулзаж ярилцахад бид хоёрын Улстөр болоод нийгэм, эдийн засгийн хөгжлийн үзэл баримтлал яг цав нийлсэн. Тийм болохоор би шууд намд нь элсэе гэж шийдсэн.

-Тэр нийгэм, эдийн засгийн хөгжлийн үзэл баримтлалынхаа тухай тодорхой ярьвал?

-Энэ хөгжлийн үзэл баримтлал юу юм бэ гэхээр хуучин бидний мэдэх “Чөлөөт зах зээл, Цэвэр өрсөлдөөн” гэсэн эдийн засгийн хөгжлийн загвар байгаа. Энэ бол одоо буруу юм аа. Хоцронгуй хөгжилтэй, үйлдвэрлэлгүй улс оронд бол энэ нь эдийн засгийг нь сүйрүүлдэг эдийн засгийг нь өндөр хөгжилтэй улс орны хавсрага,  түүхий эдийн нөөц, давхрага болгож хувиргадаг. Тиймээс дэлхий дээр хаана ч бодитой хэрэгжидэггүй энэ “Чөлөөт зах зээл, Цэвэр өрсөлдөөн” гэх хуурамч үзэл баримттлалаас салж явхын бол Монгол улс зөв хөгжих гольдролдоо орно. Энэ үзэл бодлыг бүхэл бүтэн Улстөрийн хүчин хүлээн зөвшөөрч ажиллахаар болсон нь миний хувьд завшаантай хэрэг байсан.

-Та эдийн засагч мэргэжилтэй хүн. Тэгвэл та энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ намынхаа мөрийн хөтөлбөрт эдийн засгийн хувьд ямар бодлогыг тусгаж өгсөн бэ?

-Энэ мөрийн хөтөлбөрт тодорхой. Мөрийн хөтөлбөрт хамаагүй тоо баримттай, амлалттай зүйл хэлж болохгүй учраас хуулийн хязгаарт баригдаж мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Тэгэхдээ мэдээж тодорхой хүрээнд боломжийн саналуудыг бид нар оруулсан байгаа. Нийгмийн хөгжлийн гажуудлыг засах, мөнгөний бодлого, төсвийн бодлогод өөрчлөлт оруулна гэсэн зүйлүүдийг тусгасан. Харин харамсалтай нь мөрийн хөтөлбөр дээр яг тоо баримттай миний ярьсан зүйлүүдийг тусгаж оруулах тийм боломж байгаагүй. Ерөнхий юм л ярих боломжтой байсан. Жишээ нь төрийн албан хаагч нарын дундаж цалинг хоёр сая хүргье. Энэ одоо боломжтой юу гэвэл боломжтой. Миний хийж байгаа тооцоогоор. Гэтэл аудит дээр энийг хүлээн зөвшөөрөхгүй байх жишээтэй. Хэрвээ манай нам төрийн эрхэнд гарах юм бол төрийн албан хаагчдын цалинг хоёр сая болгоно гээд тоцооллоо гаргацан байгаа. Энэ нь дээр бол бид хамгийн түрүүнд уул уурхайгаас авах ёстой орлогоо авая. Импортоор авдаг тодорхой бүтээгдэхүүнээсээ хэмнэлт гаргая. Дотоодыг үйлдвэрлэлээ нэмэгдүүлье. Ингэснээр илүүдэл хөрөнгө бий болж байгаа. Энэ хөрөнгөнөөс төрийн албан хаагчдын цалинг нэмэх боломжтой болж байгаа юм. Ингэж гаргасан бидний тоцооллыг аудит дээр зөвшөөрөөгүй. Магадгүй ойлгоход хэцүү байсан байх. Бүхэл бүтэн нийгмийн тогтолцоог өөрчлөх зүйл шүү дээ.

-Та хэлэхдээ “Эдийн засагч” гэдэг үг нь  эдээр бие ээ засах, эдээр улс орноо засах гэсэн утгатай үг гэж хэлж байсан. Тэгвэл  бид эдээр улсаа хэр сайн хөгжүүлдэг юм бэ?

-Бид бол асар их эд баялагтай. Бүр гайхалтай их. Монгол хүн тэрүүгээрээ бахархдаг. Төрийн албан хаагч нарын цалинг хоёр сая болгох маш амархан. Би төрийн эрх барих юм бол энийг гурван жилийн дотор л хийнэ. Би өөртөө маш итгэлтэй байна. Яагаад гэхээр. Ихэнхи улс орон байхгүй юмаа бий болгох гэж зүдэрдэг. Бид харин байгаа юм аа хэрхэн ил болгох вэ. Ил болгосон юм аа хэрхэн зөв зарцуулах вэ гэдэг л асуудал байна.

-Сая 05 сарын 08-нд Монгол улс хар жагсаалтанд орсон. Монгол улс яагаад хар жагсаалтанд оров. Эдийн засагч хүний хувьд тайлбарлахад ?

-Монгол улс хар, саарал жагсаалтанд орж байгаа нь шинэ зүйл биш. Өмнө нь 2017 онд Монгол улс хар жагсаалтанд орж байсан. Татварын хар жагсаалтанд. Сар орчим татварын хар жагсаалтанд байж байгаад гарсан хэдий ч бид нарыг хар жагсаалтандаа үлдээчихсэн. Дараа нь 2019 онд намар Монгол улс FATF саарал жагсаалтанд орсон. Одоо 05 сарын 08-нд хар жагсаалтанд орууллаа. Энийг монголчууд төдийлөн сайн мэдэдгүй. Гадны хэвлэлээс хожуу олж мэддэг. Дотоодын хэвлэл мэдээллээр мэдээллэдэггүй. Өнгөрсөн 2017 онд хэн хар жагсаалтанд оруулсан гэхээр маш болчимгүй үйлдлээр сангийн сайд Ч.Хүрэлбаатар, сангийн дэд сайд Х.Булгантуяа нарын захидал юм. Энэ нь яасан бэ гэхээр OECD гэх эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага гэж Европод байрладаг олон улсын байгууллагаас “Та бүхэн олон улсын татвараас зугтааж байгаа асуудалтай тэмцэхэд өөрсдийн хууль тогтоомжиндоо стандартын дагуу өөрчлөлт хийнэ үү” гэсэн хүсэлт тавьсан. Тэр хүсэлтийн хариуд манай улс “Манай улс хууль тогтоомжоо олон улсын стандартад нийцүүлэх шаардлага байхгүй” гэсэн хариу өгсөн. Тэгэхээр нь шууд хар жагсаалтанд оруулаад хориг тавих гэсэн чинь манайхан гуйсан. “Уучлаарай бид андуурсан байна” гэх утгатай захиа явуулсан. Тэгээд хар жагсаалтнаас гаргасан. Энэ бол 2017 оны 11 сард хар жагсаалтанд ороод, дараа нь 2018 оны 1 сард захиа бичихээр нь Татварын хар жагсаалтаас гарсан. Дараа нь 2019 оны намар саарал жагсаалтанд оруулсан. Саарал жагсаалтанд оруулахдаа

  1. Мөнгө угаадаг
  2. Авилгад идэгдсэн
  3. Маш их эдийн засгийн гэмт хэргүүд Монголд гардаг(олон улсыг хамарсан болоод дотоодын гэмт хэргүүд )
  4. Тэр хэргүүдэд хууль ёсны шудрага хариуцлага тооцдоггүй. (өөхшүүлдэг) Ийм үндэслэлээр Монгол улсыг FATF-ын саарал жагсалтанд оруулсан.

-Энэ хар жагсаалтанд орох ямар үр дагавартай юм. Яаж гарах вэ?

-Сая 12 улс нэмэж хар жагсаалтанд оруулсан. Оруулсан улсаас нь заримыг нь нэрлэвэл Камбож, Иран, Ирак, Зимбаб, Монгол гээд байна. Энэ улсуудыг харахаар дандаа гэмт бүлэглэлүүд байдаг дайн тулаантай улсууд байна. Тэгэхээр энэ улсуудын зэрэгт л бид оччихсон байна. Хар жагсаалтанд орсон улсад Европын холбооноос эдийн засгийн хориг арга хэмжээ авдаг.  Хориг арга хэмжээ авна гэдэг нь Европын холбооны харъяа бүх улсуудын компаниуд монголтой хамтрах ямар ч бизнес байхгүй болно. Хөрөнгө оруулалт юу ч байхгүй болно. Дээр нь олон Дэлхийн банк, Олон улсын валютийн сан, Азийн хөгжлийн банк олон улсын байгууллагын бүх төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт зогсоно. Ард иргэдийн хувьд Европын улс руу виз мэдүүлэх хүндрэлтэй болно. Үүнээс үүдээд импорт, экспорт зогсоно. Ийм хор уршигтай. Энэ нь манайх шиг гадаад улс орноос хамааралтай улсуудын хувьд эдийн засгийн шууд дампууралд хүргэнэ гэсэн үг. Харин Монголчууд азтай хориг оо 10 сарын 01 хүртэл хойшлуулсан. Наана нь 06 сарын 24-нд сонголтоо зөв хийж чадах юм бол бид энэ хоригоос гарч чадна. Хар жагсаалтанд оруулсан энэ нөхдүүд чинь нэр дэвшинэ гээд явж байна. МАН-АН гээд. Энэ хүмүүсийг сонгохгүй нь ойлгомжтой. Энэ хүмүүс гарлаа гээд хар жагсаалтнаас гарахгүй. Тийм учраас шинэ хүмүүсээ гаргаад тэр хүмүүс нь цаашаа ажлаад явах юм.

-10 сарын 01-нээс өмнө  “Хар жагсаалт”-наас гарч болно гэсэн үг үү?

-Болно. Яаж вэ гэхээр авлига, мөнгө угаалт, эдийн засгийн гэмт хэргүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй. Эдийн засгийн олон гэмт хэрэг гардаг хэдий ч нэг нь ч шүүхээр орж шийдвэрлээгүй. 47 гэмт хэрэг илэрсэн ч нэг нь ч шүүхээр ороогүй гэж FATF 2018 оны тайланд дурдагдсан.  Жижиг дунд үйлдвэрийн зээлийг хүрэх ёстой хүмүүст нь хүргэх ёстой. Мөн авсан зээлийг нь буцааж төлүүлэх  ёстой. Дараагаар нь дипломатуудын хар тамхины наймаа. Энэ гэмт хэрэг мөн үү мөн. Бүр маш том гэмт хэрэг. FATF бол энийг маш тодорхой онцолсон байгаа. Яагаад хар тамхи наймаа хийж байгаад баригдсан дипломат  “энэ бол төрийн өмч юм аа. Минийх биш гэж хэлж байгаа юм”. Монголын төр хар тамхины наймаа хийдэг юм уу. Яагаад тэгвэл дипломат дугаартай машинаар наймаа хийдэг юм гээд том асуудал байна. Энийг шалгах хэрэгтэй. Яагаад Монголын банк дампуурдаг юм. Яагаад төв банк ажлаа хийхгүй арилжааны банкуудыг дампууртал нь явуулаад байна энэ талаар Европын холбооноос шалгаж байгаа. Банкны эх үүсвэрийг тодорхой болго гэсэн. Энэ зүйлүүдийг хийж энэ асуудлуудад тодорхой арга хэмжээ авч үр дүнг нь гаргаж байж хар жагсаалтнаас гарна. Энийг зориглож хийх хэрэгтэй. Энэ эрх баригч нар байгаа цагт энэ ажлыг хийхгүй.

-Танай намын хувьд УИХ-д сонгогдвол энэ ажлыг мэдээж хийнэ. Хийх явцад тулгарах эрсдэлд хэрхэн давж гарах тоцоолол гаргасан уу?

-Байгаа. Манай намын хувьд тооцоолол байгаа. Шинэ намын хувьд Монгол улсыг хар жагсаалтнаас гаргах төлөвлөгөө, тооцоолол, хийх ажлын жагсаалт байгаа. Хийнэ гэдэгтээ итгэлтэй, зоригтой байгаа.

-Монгол улсад гадаадын гурван банк салбараа нээх хүсэлт тавьсан. Энэ талаар таны бодол. Гадны банкыг оруулж ирэх нь хэр ашигтай вэ?

-Миний хувьд банк санхүүгийн тал дээр үндэсний эрх ашгаа тусгаж үндэсний банк байх ёстой гэж үздэг юм. Гэтэл Монголын өнөөгийн байдлыг аваад үзэхээр үндэсний банкууд маань гадаадын банкнаас илүү монголын эдийн засгийг шулж, мөлжиж байгаа нь олон жил ажиглагдаж байна. Тэгэхээр энэ асуудал дээр би бодохдоо төр нь банк аа авах ёстой юм байна. Тэр банк нь хүчтэй байх ёстой юм байна. Мөн гадаадын банкуудыг тодорхой хязгаарлалттай оруулж ирэх нь зөв. Өмнө нь үндэсний банк л байх ёстой гэж боддог байсан.

-Таныг Шинэ намын гишүүн Х.Батсуурь, эдийн засагч Х.Батсуурь гээд олон талаас нь хүмүүс дүгнэдэг. Тэгвэл Х.Батсуурь гэдэг хувь хүн ямар хүн бэ?

-Би бол эдийн засагч  мэргэжилтэй хүн. Би гадаадад олон жил сурсан учраас Монгол улсыг барууны өндөр хөгжилтэй улс орнуудтай яг бодитоор харьцуулах боломж олдсон. Би гадаадад мэргэжлээрээ олон жил ажилласан, бас Монголд ажлаад амьдарч байна. Тийм болохоор яг бодит өөрийн нүдээр харьцуулах боломж олдсон. Бас над шиг хүмүүс тийм ч олон биш байх гэж бодож байна.

-За та сонгогдлоо. УИХ-ын гишүүн боллоо. Дөрвөн жилийн дараа ажлын тайлангаа танилцуулахдаа тойрогтоо ийм гэрэлтүүлэг, ийм тоглоомын талбай барьсан гэж ярих УИХ-ын гишүүн биш байгаасай гэж хүсэж байна.

-Та яг зөв хэллээ. Үгүй би тэгэхгүй. УИХ-ын гишүүн үндэсний хэмжээнд бодлого хэрэгжүүлэх ёстой. Тэрнээс тойрогтоо тоглоомын талбай засах бол УИХ-ын гишүүний хийх ёстой ажил биш ээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.175.89)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.