Цахимаар хичээл үзэх нь төгсөх ангийн оюутан, сурагчдад хэр хүндрэлтэй байна вэ?
Үйл явдал
/
2020-05-16

 

COVID-19 халдварын улмаас сургуулиудын үйл ажиллагааг хязгаарлаж, сурагчид теле хөтөлбөрөөр хичээлээ заалгаад чамгүй хугацаа өнгөрлөө. Тэгвэл энэ нөхцөл байдал нь төгсөх ангийн сурагч, оюутнуудад хүндхэн тусаж байна.
Тодруулбал, энэ онд улсын хэмжээнд 30 мянга орчим сурагч төгсөнө. Тэгвэл хөл хорио гээд хөдөө гэртээ харисан төгсөх ангийн сурагчид олон байгаа юм. Мөн оюутнуудын хувьд цахимаар хичээлээ үзэж, ирцээ бүртгүүлж, түүгээрээ дүнгээ гаргаж цахимаар диплом хамгаална гээд мэдэхгүй, чадахгүй хүндрэлтэй асуудлууд олон байна. Энэ талаар төгсөх ангийн оюутан, сурагчидаас тодрууллаа.

 

МУИС-ийн төгсөх ангийн оюутан Н: Манай сургууль энэ жил цахимаар хичээл үзэж төгсөж байгаа. Зарим хүүхдүүд диплом бичиж байгаа гэсэн. Тэр хүүхдүүд бүр хүндрэлтэй байна гэсэн. Миний хувьд сая хөдөө байж байгаад ирсэн. Хөдөө л жоохон хүндрэл гарсан. Интернэт удаан болохоор бие даалтаа цаг тухайд нь өгч амжихгүй. Багшдаа хэлэхээр багш “бусад хүүхдүүд хийж болоод байхад чи яагаад чадахгүй байгаа юм” гэж хэлэх жишээтэй.

 

СУИС-ийн төгсөх ангийн оюутан Э.Б: Бид ерөнхийдөө их хүндрэлтэй байдалд төгсөж байна. Хичээлээ цахимаар үзэж хажуугаар нь судалгааны ажил бичнэ гэдэг их хүнд байна. Маргааш цахим диплом хамгаалалттай. Видео дуудлагаар ярьж диплом хамгаална гэсэн. Би учрын яг сайн мэдэхгүй л байна. Мөн хичээлийн ирц цахимаар авдаг гэсэн тэрийг бол бүр хаясан. Диплом удирдсан багштайгаа ч тухтай уулзаж чадахгүй цахимаар л харьцаж байна. Энэ мэт асуудлууд энгийн жишээ. Вирусны үед хөл  хорио тогтоох нь зөв л дөө. Гэхдээ төгсөх ангийн оюутнуудын хичээлийн ирц, явцын дүн дээр уян хатан хандах нь зөв байх аа.

 

ЕБС-ын сурагч Г.У: Би орон нутагт сурдаг болохоор хүндрэл их гардаг. Цахим хичээлээ үзэх гэхээр тог хязгаарлалтанд ордог, интернэт удаан гээд асуудал олон байна. Зарим нь гэр бүл надаас өөрөөс минь шалтгаалах асуудал, зарим нь үнэхээр хичээгээд ч болохгүй асуудал байна. Багшаас давтлага авах гэхээр “цахимаар тест бөглө” гэж хэлдэг. Гэхдээ л өөрийнхөө хэмжээнд бэлдэж байгаа.

 

ЕБС-ын сурагч Н.О: Миний хувьд энэ жил Монгол хэлний хичээлээр ЭЕШ өгөх гээд бэлдэж байна. Ихэнхидээ ном уншдаг. Цахим хичээлээ үздэг л дээ. Гэхдээ нэг л сайн ойлгодоггүй юм. Яахав багшдаа хэлээд хувиараа бэлдэж байна.

 

Төгсөх ангийн хүүхдүүдийн хувьд ийм байр суурьтай байна. Энэ талаар Боловсролын яамны мэргэжилтэнээс тодрууллаа.

-“Дэлхийн хэмжээнд цар тахалын улмаас  хөл хорио тогтоогоод байна. 190 гаруй улсын хэмжээнд боловсролын байгууллага үйл ажиллагаагаа зогсоосон. Манай улс л гэхэд есдүгээр сарын 1 хүртэлх хугацаанд танхимд хичээллэхгүй байхаар шийдвэрлэсэн. Үүний дагуу л үйл ажиллагаа явагдаж байна. Төгсөх ангийн сурагчдад анхаарал тавьж байгаа. Саяхан төгсөх ангийн сурагчдад дататай дугаар үнэгүй тараасан. Мөн танхимаар давтлага өгч эхэлсэн. Энэ мэтчилэн өөрсдийн бололцоогоороо асуудлыг шийдэж байна. Орон нутагт суралцдаг хүүхдүүдэд ч мөн ялгаагүй давтлага өгөөд явж байна. Цахим хичээл сурагчдын дүнд нөлөөлөхгүй. Төгсөх ангийн сурагчдын хувьд өөрсдөө хичээгээд, давтлагандаа хамрагдаад явбал бас тийм ч их хүндрэл гарахгүй байх гэж үзэж байна”.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.73.127)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.