2020 оны сонгуульд Баянзүрх дүүрэгт хэн хэн өрсөлдөх вэ?
Үйл явдал
/
2020-05-16

УИХ-ын 2020 оны сонгууль болох дөхөж байна. Намууд эхнээсээ нэр дэвших гишүүдээ зарлаад байна. Тэгвэл энэ удаагийн УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт дараах хүмүүс нэр дэвшихээр горилж байна.

Эдийн засагч, Шинэ намын гишүүн Х.Батсуурь

Х.Батсуурь нь эдийн засагч мэргэжилтэй. Лондонгийн Эдийн Засгийн Их Сургууль болон АНУ-ын Вашингтоны Их Сургуулийг төгссөн. ШУ-ын магистр. АНУ-д байршилтай Дэлхийн банк, MCG Capital хөрөнгө оруулалт, Тетра Тек инженер технологийн корпораци зэрэг байгууллагуудад мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай. Тэрээр 2020 оны УИХ-ын сонгуульд Шинэ намаас Баянзүрх дүүрэгт нэр дэвших юм.

 

Жүжигчин, АН-ын гишүүн Ж.Баясгалан

Үргээлэг, Бодлын хулгайч гэх кинонуудаар олны танил болсон жүжигчин Ж.Баясгалан хөлөө гэмтээгээд нилээдгүй хугацаа өнгөрч байна. Үүний дараагаар АН-д элсэж “хөгжлийн бэрхшээлтэй” иргэдийн дуу хоолой болж байна. Түүний тухай намын дарга нь “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль хэрэгжиж байгаа. Гэвч энэ хуулийн хэрэгжилт туйлын хангалтгүй байна. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын томоохон бодлого зорилтын тавих ёстой. АН-ын үйл ажиллагаанд төлөөлөл болон оролцохоор зориглож, энэ намын гишүүн болж байгаа Ж.Баясгаландаа талархаж байна”хэмээжээ. Тэгвэл жүжигчин залуу энэ жилийн УИХ-ын сонгуульд намаасаа нэр дэвшихээр горилж байна.

УИХ-ын гишүүн МАН-ын гишүүн Д.Оюунхорол

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нь 1986 онд Улсын багшийн дээд сургуулийг Математикийн багш мэргэжлээр, МУИС-ийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2008, 2012, 2016 оны сонгуульд ялалт байгуулж УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. 2019 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого,боловсрол,соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байна.

 

Ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга, АН-ын гишүүн З.Энхболд

З.Энхболд нь Монгол Улсын Их сургууль, АНУ-ын Денверийн Их сургуулийг тус тус төгссөн. Автоматик, телемеханикийн инженер, Эрх зүйч мэргэжилтэй. Тэрээр 2004, 2008 онд УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог буюу Өвөрхангай аймагт өрсөлдөж ялалт байгуулж байсан. Харин 2012 оны Улсын Их Хурлын сонгуулиар Ардчилсан намаас үүрэг даалгавар болгосны дагуу парламентад нийт ард түмнийг төлөөлөн сонгогдох 28 нэр дэвшигчийн жагсаалтын хоёрдугаарт бичигдэж, сонгогдсон юм.

Харин 2016 оны сонгуульд УИХ-ын дарга, эрх баригч Ардчилсан Намын даргын хувиар оролцсон тэрээр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 70-р тойрогт нэр дэвшиж өрсөлдсөн ч МАН-аас нэр дэвшсэн Данзангийн Лүндээжанцанд ялагджээ.

УИХ-ын гишүүн Шинэ намын дарга Ж.Батзандан

Ж.Батзандан нь 2016 оны сонгуулиар Баянзүрх дүүрэгт АН-аас нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Энэ удаагийн сонгуульд тэрээр Шинэ намаас Баянзүрх дүүрэгт нэр дэвших аж. Тэрээр МУИС-ийн Хууль зүйн сургууль, Будапешт хотын хэлний бэлтгэлийн дээд сургууль, Мищкольцийн их сургуулийг тус тус төгссөн. Унгар улсын их сургуульд судлаач багш, Иргэний хөдөлгөөний намын дарга, Авилгатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлд багшаар ажиллаж байсан. Одоо УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Мөн хэдэн нөхдийн хамт байгуулсан “шинэхэн” “Шинэ нам”-ынхаа даргаар ажилладаг. Шинэ намаасаа Баянзүрх дүүрэгт нэр дэвших гэж байна. 2016-2020 оны сонгуулийн мөчлөгт тэрээр хэрхэн ажилласныг тойргийн иргэд дүгнэж сонголтоо хийх биз ээ.

 

АН-ын гишүүн эмч Ж.Амарсанаа

Түүний намтар гэвэл их товчхон. 23-р тусгай дунд сургууль гэж байсан даа, тэнд сурч байсан. Тэгээд тэндээсээ Мамбадацан руу шилжиж суралцан төгссөн. Үүний дараагаар Япон улсад мэргэжил эзэмшсэн. Түүнийг хүмүүс элэгний Амарсайхан гэдгээр нь сайн мэддэг. Мөн тэрээр Эрүүл мэндийн дэд сайдын албыг хашиж байсан юм. Тэгвэл 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр горилж байна.

Шинэ намын гишүүн Ш.Батсамбуу

Ш.Батсамбуу Шинэ намын дэд даргаар ажилладаг. Уул уурхайн эдийн засагч мэргэжилтэй, бизнес эрхлэгч юм. Түүнийг хүмүүс “Нарантуул”-ын Ш.Сайхансамбуугийн дүү гэдгээр нь андахгүй. Тэрээр өмнөх 2016 оны сонгуульд ахын хамт Завхан аймагт МАН-аас нэр дэвшсэн ч сонгогдож чадаагүй. Энэ удаа МАН-аа Шинэ намаар солиод үзээд алдахаар шийдэж хаа холын Завхан аймгаас Баянзүрх дүүрэгт “морилох” гэнэ. Харин түүний ах Ш.Сайхансамбуу тус эвслийн Үнэн ба зөв намаас нэр дэвшихээр болжээ. Ийнхүү ах дүү хоёрын дуэль үргэлжилсээр...

МАН-ын гишүүн эмч Ж.Чинбүрэн

Ж.Чинбүрэн нь Хавдар судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан. Тэрээр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдөр буюу арванхоёрдугаар сарын 29-нд гавьяат эмч цол хүртсэн юм. Ж.Чинбүрэн нь манай улс хавдрын өвчлөл нас баралтаар дэлхийд тэргүүлж буй энэ үед хавдрын өвчлөл, түүний шалтгаан нөхцөлтэй тэмцэж буй залуу, чадварлаг эмч нарын нэг гэж хүмүүс ам сайтай байна. Тэгвэл 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшихээр горилж байна.

МАН-ын гишүүн О.Одбаяр

О.Одбаяр ОХУ, АНУ -д боловсрол эзэмшсэнээс гадна Отгонтэнгэр их сургуулийг дүүргэсэн. Багш, Олон улсын эдийн засагч болон Эрхзүйч мэргэжилтэй. Тэрээр “Алтай Холдинг” компанийн Дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яаманд 3-р нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Тэрээр 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирлын ажлаа өгсөн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.145.82)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.