Д.Энхсайхан: Би МАНАН бүлэглэлийн эсрэг УИХ-д нэр дэвшинэ
З.Батхуяг
Ярилцлага
/
2020-05-17

“Улстөрч” сэтгүүлийн энэ удаагийн дугаарт Сонгинохайрхан дүүргийн Шинэ намын дарга Д.Энхсайхан уригдаж, өөрийн намын 2020 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр, намын бүтэц, зохион байгуулалт болон цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрээр 1992 онд Улаанбаатар хотод орж ирсэн. Тэр үедээ ОХУ-д ганзагын наймаа хийж байжээ. Мөн Солонгос улсад үйлдвэрт ажиллаж байсан. Дараа нь Англи улсын Лондон хотод аяга таваг угаах, буудлын өрөө цэвэрлэх гээд хүний хийж болох ажлыг бүгдийг хийж хажуугаар нь англи хэл сурч байжээ. УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн бие төлөөлөгчөөр Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байсан. 2012 оноос НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн хот тохижилтын газрын даргаар ажиллаж байсан. 2013 оноос нийслэлийн “Улаанбаатар нэгтгэл” гэх хотын мянга гаруй хүнтэй аж ахуйг удирдаж ажилласан. Ийнхүү ажиллаж байхдаа хотын ногоон байгууламж, тохижолтын салбарт хэд хэдэн шинэчлэлийг хийсэн байна. 2012 оноос өмнө Улаанбаатар хот эзэнгүй, хэн нэгэн мод тариад ургаж шалидаггүй нөхцөл байдалтай байж. Дөрвөн жилийн хугацаанд ногоон байгууламж, хот тохижолтыг хөгжүүлсэндээ баяртай явдгаа тэрээр нуугаагүй. Одоо Сонгинохайрхан дүүргийн “Шинэ нам”-ын даргаар ажиллаж байна.

 -Та уг нь Ардчилсан намд байсан шүү дээ. Ардчилсан намаасаа яагаад гарчихав. Шинэ намд орох болсон учир шалтгаан юу байна?

-Гучин жилийн хугацааг тоймлоод хэлэхэд монголчуудын ядуурал улс төрийн том намуудаас шууд хамааралтай гэж харж байна. Тэд улс эх орныг зөв удирдаж чадаагүй. Сүүлийн үед том намуудын толгой хүмүүс эх орноосоо урвасан ямар нэгэн асуудалтай болчихсон байна шүү дээ. Заавал ийм хүмүүст оюун тархиа хүлүүлээд, хамраа дөрлүүлээд явах  шаардлага алга. Тийм учир эх оронч үзэл, зориг гаргаад өөр шинэ нам руу орох хэрэгтэй гэж шийдсэн юм. Ж.Батзандан МАНАН-гийн эсрэг зоригтой дуугарсан. Би мөн Ж.Батзандангийн зоригийг үнэлж Шинэ намд орсон. 2020 оны УИХ-ын сонгуульд Шинэ нам эвсэл болчихсон учир нэр дэвших хүмүүс багтахгүй байна. Маш олон эх оронч нэр дэвших хүсэлтээ илэрхийлж байна. “Хулгайч” хүмүүсийг намдаа авахгүй. Жинхэнэ эх оронч, нэр цэвэр хүмүүсийг авч, нэр дэвшүүлэх бодлоготой ажиллаж байна. Би Сонгинохайрхан дүүргийн “Шинэ нам”-ын даргаар ажиллаж байна. Манай нам  онлайнаар гишүүдээ бүртгэсэн. Нийтдээ 3000 гаруй гишүүнтэй. Хүмүүс үнэхээр тэсэж хүлээгээд залхсан учир өөрчлөлт шинэчлэлийг их хийхийг хүсэж байна. 2020 оны сонгуульд манай том том намын нөхөд мөнгөөр ялаад болчихдог гэсэн үзлээ тээсээр байна. Хүмүүс мөнгөнд хууртахаа байсан. Би УИХ-д нэр дэвшинэ. Гэхдээ их мөнгө гаргахгүй. Сонгуульд ажиллаж буй хүмүүсийнхээ цалин, хоол унааны зардлыг өгнө. Тэгээд нэр дэвшинэ. Тараах мөнгө ч байхгүй. 2020 оны сонгуульд ард түмэн ялах уу, мөнгө ялах уу гэдэг сонголт хийгдэх гэж байна шүү дээ. Гучин жилийн хугацаанд 30 тэрбум ам.долларын өрөнд орчихсон байна. Монгол Улс ийм нөхцөл байдалтай болсон. Би 45 нас хүрсэн.

 

Залуу хүний хувьд бас өөрчлөгдөж, өөрийгөө боловсруулсан. Би гадаад харилцааны болон эрх зүйч, олон улсын харилцаа судлаач мэргэжилтэй. Дэлхийн 200 гаруй орны хөгжлийн түүхийн загварыг харахад гучин жилийн дотор манай улсыг хөгжлөөрөө хол хаялаа. Бид байрандаа байгаад л байна. 2020 оны сонгууль бол маш хариуцлагатай сонгууль. Ард иргэд нэг үеийг бодвол ухаарсан хэмээн бодож байна. Тусгаар тогтнол гэдэг маш чухал. Дэлхийд 500 гаруй үндэстэн тусгаар улс болохын төлөө тэмцэлдэж байна. Тусгаар тогтнол гэдэг үндэстэн болгонд олдоод байдаггүй том хувь заяа. Тусгаар тогтнол гэдэг бол аливаа үндэстэн хэнээс ч, юунаас ч хараат бус бие дааж оршин тогтнох явдал юм. Монголчууд бид эдийн засгийн, оюун санааны, хилийн халдашгүй байдлын гэсэн гурван тусгаар тогтнолыг ямагт баталгаажуулах ёстой. Мөн Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудад тусгаар тогтнолын үнэ цэнэ, үндэсний үзлийн үнэ цэнийг хэвлэл мэдээлэл болон боловсролын системээр дамжуулж хүргэх ёстой. Ингэхийн тулд энэ цагт гарч ирж буй улс төрчид шунал хүслээ хойш тавиад, үндэсний үзлийг эрхэмлэх хэрэгтэй. Дээрээс нь тив дэлхийд эзэнт гүрнээ байгуулж явсан Монголынхоо түүхийг судалдаг, мэддэг ийм бодол  санааг өөртөө тээсэн эх оронч хүмүүс гарч ирээсэй гэж  л би бодож байна. Тусгаар тогтнол бол асар их үнэ цэнэтэй зүйл.

-Ярих, хэлэх амархан л даа. Хүн болгон л тусгаар тогтнол, шударга ёс ярих болсон. Тэгвэл таны хувьд эх оронч хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Эх оронч хүн адаглаад л Монголынхоо бараа бүтээгдэхүүнийг хэрэглэдэг сэтгэхүйтэй байх ёстой. БНСУ-д л гэхэд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг боловсролын системээр нь дамжуулан үндэснийхээ бараа бүтээгдэхүүнийг авч хэрэглэдэг дадлыг багаас нь суулгаж байна. Бид жилд 500 сая ам.долларыг тансаг үнэтэй машин, брэндийн цүнх, гутал зэрэгт зарцуулдаг юм байна. Тэр мөнгөөр бид улсынхаа эдийн засагт хөрөнгө оруулалт хийх ёстой. Ийм эх оронч худалдан авалтаас л эх оронч хүн эхэлнэ. Үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг, тэдний бараа бүтээгдэхүүнийг авч хэрэглэдэг ийм хандлагатай болмоор байна.

-Шинэ нам, Бүгд найрамдах нам, Үнэн ба зөв нам, Үндэсний ардчилсан нам гэсэн намууд нэгдэж эвсэл болоод Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө өгсөн. Мөрийн хөтөлбөр чинь шаардлага хангасан гэж бодож байна уу?

-МАН, МАХН-ын мөрийн хөтөлбөр шаардлага хангаагүй гээд тав хоногийн дотор хуулиараа буцаагдсан. Манай мөрийн хөтөлбөр шаардлага хангасан. Бид бусад нам шиг таван сая төгрөг, гурван сая төгрөг өгнө, үнэгүй байранд оруулна гэж амлаагүй. Энэ бол хуучин намуудын солиорол. Шинэ нам ийм асуудал хөндөөгүй. Бид байгалийн баялгийг ард түмэнд тэгш хүртээнэ, шударга ёсыг тогтооно гэдэг ерөнхий агууллагатай мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн. Энэ хуучин намуудыг халж байж Монголын эдийн засаг, нийгмийн харилцааг бүрэн өөрчилнө.

-Шинэ намд тан шиг ийм хүсэл зорилготой хүмүүс олон бий юу?

-Бид одоо л хөдлөхгүй бол дараа нь дуугарч чадаагүйдээ харамсана. Намын гишүүн гээд үгээ хэлж чадаагүйдээ харамсана. МАН болон АН-д намынхаа бодлого шийдвэрээс болоод үнэн байдлыг хэлж чадахгүй байгаа хүмүүс зөндөө байна. Үнэнийг хэлбэл хөөчихдөг, арга хэмжээ авдаг. Тэгэхээр бид л Монголын өнөөгийн нөхцөл байдлыг үнэнээр нь хэлж, ард түмэнд ойлгуулж,  засах шаардлагатай. Бид дэлхийн хэмжээнд нилээд хоцрогдолтой байна шүү дээ. Нам гээд оюун тархиа хүлүүлээд үгээ хэлэхгүйгээр би лав сууж чадахгүй.

-Танай нам үнэхээр дотоод ардчилалтай, ямар ч зүйл болсон түүнийгээ ил цагаахан хэлээд шүүмжилж чадах нам уу?

-Манай Шинэ намын төв зөвлөл, дарга нарын зөвлөл гээд шат шатны байгууллагууд байна. Төв зөвлөлийн хурал дээр би асуудлыг шууд хөндөж байгаа. Намын даргаа бид шууд шүүмжилдэг. Танд ийм алдаа байна, ийм зүйл чинь болж байна гэдгийг бид чөлөөтэй хэлдэг. Шүүмжлэлийг хүлээж авдаг. Цаашдаа ч бид ийм эрх тэгш харилцааг тогтооно. Нам гэдэг хамтын эвсэл. Тэрнээс биш АН, МАН шиг даргаасаа айгаад хэлэх зүйлээ чөлөөтэй хэлж чадахгүй байна гэдэг утгагүй.

-Хэд хэдэн намтай эвссэн. Эвсэлд байгаа хүчнүүдийг та нар хэрхэн хүлээн авч байна. Цаашдаа ганзага нийлээд явж чадах уу?

-Энэ намд орохдоо бид хоорондоо эвслийн гэрээг байгуулсан. Одоогийн хуулиар эвслээс олонх нь гарсан тохиолдолд эвсэл задарсанд тооцно гэсэн заалттай. Гэрээндээ бүх нарийн ширийн зүйлээ тусгасан. Уг эвслээсээ гарахгүй, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд хамтарч ажиллана. Сүүлд нэгдэж буй намууд бид эрх мэдлийн төлөө задарч бутрахгүй. Тэгэх цаг алга. Нийгэм ийм байдлаар явах юм бол дуусна. Одоо л засаж авах хэрэгтэй.

-Та нарын гол зорилго юу байна?

-Улс төрийн намын гол зорилго ард иргэддээ сайн сайхан, аз жаргалтай амьдралыг авч ирэх шүү дээ. Мөн бид байгалийн баялгийг ард түмэнд тэгш хүртээх зорилготой.

-Манлайлагч хүн, удирдагч хүн гэж таны хувьд ямар хүнийг хэлэх вэ?

-Удирдагч хүн нийгмийн луужин. Тэр хүний үг, үйлдэл бүгд зөв байж гэмээнэ нийгэм түүний араас дагана. Монголд өнөөдөр зөв сайн удирдагч гээд хэлэх хүн алга. Тиймээс ийм хүнийг гаргаж ирэх зайлшгүй шаардлага гарсан юм. Манлайлайгч хүн тухайн нийгэмдээ хүмүүсийг зөв зүг рүү хандуулдаг хүнийг хэлнэ гэж боддог.

-Ж.Батзандан удирдагч хүн үү, манлайлагч хүн үү?

-Би удирдагч хүн гэж хардаг. Шинэ намыг удирдан зохион байгуулаад үндэсний хэмжээний нам бий болголоо шүү дээ. Намд маш олон үзэл бодолтой хүмүүс орж ирдэг. Тэр болгоны үгийг хүлээцтэй сонсдог. Аливаа юмны зөв өнцөг, гарц шийдлийг харж чаддаг учир Ж.Батзанданг удирдагч хэмээн харж байгаа.

-Та бүхэн гэр хороолол, замын түгжрэл, ядуурлын асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Улаанбаатарын хөгжлийг би гэр хорооллын хөгжил гэж хардаг. Гэр хорооллын утаа, хөрс болон агаарын бохирдол зэрэг нь ядууралтай шууд холбоотой. Хүмүүс орлогогүй байна шүү дээ. Үнэхээр орлоготой байвал янз бүрийн халаалтын систем тавиулчихна. Бид эхлээд ард иргэдээ орлоготой болгох хэрэгтэй. Том том ордын ноогдол ашиг, хувьцааг ард иргэдэд өгөх хэрэгтэй. Өнгөрсөн гучин жилийн хугацаанд үйлдвэр барьж байгуулъя гэж хэлсэн улс төрчийг сонсож байсангүй. Улс төрчдөөр үйлдвэр яриулах хэрэгтэй. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж байж ард иргэдээ ажлын байртай болгоно. Орлогогүй болохоор хүмүүс ядуураад гадагшаа дүрвээд байна. Ийм энгийн зүйлийг улс төрчид харж чадахгүй байгааг гайхаж байна. Шинэ намын бодлогоор бол үндэсний үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ борлуулаад гараад ирвэл худалдааны том цогцолбор бариад тэндээ зөвхөн ус, цахилгааны урсгал зардлаа төлөөд бараагаа зарж байх механизмтэй болгоно.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.231.127)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.