ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээл авах хүсэлтэй хүмүүсийн 61 хувь нь эмэгтэйчүүд байна
Б.Баабар
Үйл явдал
/
2020-05-20

ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгох зээлийн хүсэлт хүлээн авах хугацаа өнөөдөр буюу тавдугаар сарын 19-ны өдөр дуусч байна. Энэ оны хувьд төсөл ирүүлэгчид төслөө боловсруулах, материалын бүрдэл хангахад хуанлийн 30 хоногийн хугацаа олгож, 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 19-ны өдрийг дуустал коронавирусийн цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор цахим хэлбэрээр авчээ. Энэ талаар Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн Зээлийн удирдлагын хэлтсийн дарга Д.Дашхүүгээс тодрууллаа.

-Энэ жилийн хувьд цар тахалтай холбоотойгоор ямар төсөл хөтөлбөрүүдийг илүү дэмжиж байна вэ?

-Энэ жил бид олон хүн цуглуулахгүй гэсэн үүднээс Онцгой комиссоос гаргасан заавар зөвлөмжийн дагуу иргэдийн материалыг онлайн хэлбэрээр хүлээн авч байна. Өнөөдөр материал авах сүүлийн өдөр. Энэ жил бид:

  1. Сүү, сүүн бүтээгдэхүүн
  2. Дотор мах, дайвар бүтээгдэхүүн боловсруулах
  3. Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ боловсруулах
  4. Зоорь, хүлэмжийн аж ахуй
  5. Арьс, шир боловсруулах бүтээгдэхүүн үйлдвэрлэх
  6. Ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэх
  7. Сав, баглаа боодол үйлдвэрлэх
  8. Аялал жуулчлалын үйлчилгээ
  9. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, ариутгал халдваргүйжүүлэлтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэсэн чиглэлийн жижиг, дунд үйлдвэрлэлүүдийн төслийг хүлээн авч байна.

-Материалаа ирүүлж буй иргэд ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?

-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам гэж байдаг. Уг журмын 1.4. ЖДҮҮЭ-д дараах тохиолдолд зээл олгохгүй, 5.9 ЖДҮҮЭ нь төсөлд дараах материалуудыг хавсаргасан байна гэсэн заалтуудыг хангаж байх хэрэгтэй. Дээрх журамд заасан заалтуудыг хангасан хүмүүсийг урьдчилсан шалгаруулалт, нарийвчилсан шалгаруулалт зэрэгт оруулдаг. Нарийн зохион байгуулалттай.

-Энэ жилийн хувьд хэдэн хүн материалаа ирүүлээд байна вэ?

-Бид цар тахалтай холбоотойгоор онлайнаар зээлийн хүсэлт хүлээн авах программаар дамжуулан хүсэлт хүлээн авч байна. Өнөөдрийн байдлаар 488 хүн материалаа ирүүлсэн. Фэйсбүүкээр хандаж буй хүмүүсийн 61 хувь нь эмэгтэй, 39 хувь нь эрэгтэй байна. Мөн фэйсбүүкээр үзсэн хүмүүсийн тоо 13 мянга байна. Хүмүүсийн дунд ЖДҮХС-гийн зээлийг таньдаг мэддэг хүмүүстээ өгчихдөг, юм хийж гэсэн хүмүүст олддоггүй гэсэн ойлголттой байдаг. Тийм биш бид энэ мэт ЖДҮХС-гийн талаар мэдээллийг хүмүүст аль болох хүргэж, хүртээмжтэй байлгахаар ажиллаж байна.

 

 

 



Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.118.229)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.