Ирэх долоо хоногийн эхээр ОХУ-д буй иргэдээ татан авна
Үйл явдал
/
2020-05-22

Улсын Онцгой комиссын Шуурхай штаб гадаадад буй иргэдээ эх орондоо татах ажиллагааг тасралтгүй зохион байгуулах талаар Даваа гаригт мэдээлсэн. Энэ дагуу ОХУ-аас ирэх өдрүүдэд оюутнуудаа татан авах гэж байна. Тодруулбал, ОХУ-ын Европ тивийн хэсэг дэх хотуудын иргэд, оюутнуудыг Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай захиалгат нислэгээр ирэх Даваа гаригт буюу 2020 оны тавдугаар сарын 25-ны өдөр, Уралын нуруу дагуух, Баруун Сибирийн хотуудын иргэд, оюутнуудыг Хиагт-Алтанбулагийн хилийн боомтоор тавдугаар сарын 26,27-ны өдрүүдэд хэсэгчлэн хүлээн авахаар холбогдох яам, байгууллагууд хамтран ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар ОХУ-ын хэмжээнд эх орондоо буцах хүсэлт гаргасан 1000 орчим монголчууд байгаа бөгөөд энэ удаагийн татан авалтаар тэдний 50 орчим хувь нь эх нутагтаа очих юм.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам тавдугаар сарын 25-ны өдрийн шууд нислэг (онгоц нь 170 хүртэлх зорчигчийн суудалтай)-т бүртгэх иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргаж, Улсын Онцгой комисст хүргүүлэхээр ажиллаж байгаа ажээ. Энэхүү жагсаалтад нэгдүгээрт, сургууль болон дотуур байрны эрүүл ахуй, халдвар тархалтын байдал нь хүндэрч Монгол оюутнуудыг нутагт нь буцаах боломж гарсан даруйд эх оронд нь хүргэх ажлыг зохион байгуулахыг Элчин сайдын яамнаас албан ёсоор хүссэн сургуулийн оюутнууд, хоёрдугаарт, тухайн хотод ганц хоёроороо сурдаг, өмнө нь нутаг буцах хүсэлтээ гаргасан оюутнууд, гуравдугаарт, бага насны хүүхэд болон жирэмсэн, архаг, суурь өвчтэй иргэд, дөрөвдүгээрт, аль болохоор эмэгтэй оюутнуудыг тус тус бүртгэж байгаа аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.187.113)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.