Сүхбаатар аймгийн малчид Ч.Улаан сайдаас НООЛУУРЫН МӨНГӨӨ нэхлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-05-22

Сүхбаатар аймгийн Онгон, Баяндэлгэр сумдын малчдын төлөөлөл ХХААХҮЯ-ны гадаа ирж, сайд Ч.Улаанд шаардлага хүргүүллээ.

Тэдний зүгээс ноолуурын ханш анх 75-80 мянган төгрөг дээр тогтож байсан. Гэтэл Ч.Улаан сайд “Ноолуурыг 105 мянган төгрөгөөр авна, хадгалаарай” гэж мэдэгдэл хийсэнд нь итгэсэн. Одоо мөнгөгүй, ноолуургүй үлдлээ гэсэн байр суурийг илэрхийлж байна.

Номгон сумын ИТХ-ын дарга Б.Батбаярын хэлснээр “Говь” ХХК тэргүүтэй үндэсний үйлдвэрлэгч компаниуд төр төлөөлөн ирж, 30-аад тонн ноолуурыг гэрээ байгуулж авчээ. Тэгээд мөнгөө төлөлгүй алга болсон хэмээж байлаа.

“Төрөөс ноолуурыг зохицуулалттайгаар авна гэж мэдэгдсэн. Тэгээд манай сумаас килограмм тутмыг нь 105 мянган төгрөгөөр авна хэмээж, 30-аад тонн ноолуур аваад явсан. Нэг ч төгрөг өгөөгүй. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болоод байна. Гэрээндээ дээд талдаа 30 хоногийн дотор мөнгө данс руу шилжүүлнэ гэж заасан. Тэр хугацаа нь болчихлоо. Мөнгө нь ирээгүй, ноолуур маань хаана байгааг ч мэдэхгүй байна. Одоо гэрээгээ өөрчилж, 85 мянган төгрөгөөр авна гэх яриа яригдаж эхэллээ. Малчид өдийд ноолуураараа л хөлждөг. Мал нь эцэнхий туранхай байгаа учраас эргэлтэд оруулж чадахгүй байгаа.

“Говь” ХХК тэргүүтэй хэдэн компани төр төлөөлж 210-аад өрхийн ноолуурыг аваад явсан. Ганц айл нь ч мөнгөө аваагүй байгаа. Анх ноолуур зах зээл дээр 75-80 мянган төгрөг хүрч байсан шүү дээ. Тэгтэл телевизээр мэдэгдэл хийж, 105 мянгаар авна, ченжүүдэд битгий өгөөрэй гэсэн. Бид сайддаа итгэсэн” гэлээ.

Иймд тэд худалдсан ноолуурын мөнгөө анх хэлэгдсэн 105 мянган төгрөгийн ханшаар нь авах шаардлагыг Ч.Улаан сайдад хүргүүллээ.

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын хоршооны менежер Б.Хүрэлсүх, “Уг нь анх манай суманд ноолуурыг 80, 85 мянган төгрөгөөр авч байсан. Гэтэл телевизээр Ч.Улаан сайд мэдэгдэл хийж, төрөөс өндөр үнээр авна, ченжүүдэд битгий хууртаарай гэсэн. Бид сайддаа итгэнэ биз дээ. Гэтэл ноолуур аваагүй сар болсон. Ингээд сарын дараа ямар ч бэлэн мөнгөгүйгээр манай сумаас 70 тонн ноолуур аваад явсан. Сарын дотор мөнгөө өгнө гэсэн ч одоо хэр өгөөгүй байна. Иймд малчдын мөнгийг хэзээ өгөх гэж байна вэ гэдэг шаардлагыг сайдад хүргүүлж байна” гэсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.218.69)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.