Монгол улс архины асуудлаа шийдэж чадаагүй цагт хүүхдийн хүчирхийлэл байсаар байна
Ярилцлага
/
2020-05-24
"Энэ удаагийн ярилцлагад ХЗХТ-ийн дарга Н.Мандуул оролцлоо. Нийгмийн ухаан, философийн багш мэргэжилтэй тэрээр 2019 оноос ХЗХТ-ийн даргаар ажиллаж байна.

 

-Та “Хүүхэд, залуучуудын хөгжлийн төв” гэсэн энэ байгууллагад хэрхэн орж ирж ажиллаж байсан бэ?

- Миний үндсэн мэргэжил бол “Нийгмийн ухаан, философийн багш мэргэжилтэй. Тэгээд оюутан байхдаа ч хүүхдийн байгууллага, оюутны байгууллагад ажилладаг байсан. Их сургуулиа төгсөөд МУБИС-д Философийн багшаар ажиллаж байлаа. Тэгээд 2010 оноос төрийн албанд бүртгэлийн ажилтан, нийгмийн ажилтанаар ажилд орсон. 2019 оноос хүүхэд, залуучуудын хөгжлийн төвийн орлогч дарга бөгөөд даргын албыг хашиж байна.

- Хорио цээрийн дэглэмтэй байгаа энэ үед гэр бүлийн хүчирхийллийн дуудлага хэр их нэмэгдэж байна. Ачаалал их байна уу. Танай байгууллага газар дээр нь хэрхэн ажиллаж байна.

-  Айхтар их нэмэгдсэн юм байхгүй. Тодорхой хэмжээгээр нэмэгдэж байна. 2020 оны эхний дөрвөн сарын байдлаар хүүхэд хамгааллын төвийн утсанд 1268 дуудлага бүртгэгдсэнээс 381 дуудлагын асуудлыг шийдсэн. Одоогоор 887 дуудлага дээр хяналт тавиад ажиллаж байна. Үүнээс гадна хүүхэд хамгааллын утсанд “Би хүчирхийлэлд өртлөө, хүнд байдалд байна туслаач” гэсэн дуудлагаас гадна, мэдээлэл авах, зөвөлгөө авах дуудлага их ирдэг. "Манай найзад ийм зүйл тохиолдлоо, надад туслаач тэхүү" гэдэг зөвөлгөө авах гэсэн дуудлага их ирдэг. Мөн дуудлагын дийлэнхи нь томчуудын дуудлага байна. Энд хэдэн хүүхдүүд ингэж байна, тэр сургуульд тийм юм болж байна гэх мэт.

- Түр хамгаалах байр хэр хүрэлцээтэй байна вэ?

- Түр хамгаалах байранд үйлчлүүлж байгаа хүүхдийн тоо буурахгүй байна. Хүрэлцээ маш бага байна. Яг одоогоор 108 тусламжын утсаны дэргэд 24 ортой түр хамгаалах байр нэг байна. Тэрнээс гадна Хан-Уул дүүрэгт нэг түр хамгаалах байр байна. Бага-Хангай дүүрэгт бас нэг түр хамгаалах байр ажиллаж байна. Би ажил авсанаас хойш Азийн Хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар нийслэлийн Сонгино-Хайрхан дүүрэгт шинээр түр хамгаалах байр барьж, Налайх дүүрэгт тохижилтын ажил хийж байна.

- Хамгаалах байрыг нэмэгдүүлэх биш, хамгаалах байранд ирж байгаа хүүхдүүдийг багасгах нь зөв юм биш үү?

- Зүйтэй. Мэдээж урьдчилан сэргийлэх ажлыг хийнэ. Гэхдээ нэгэнт сэтгэлзүй, биемахбоди, бэлгийн хүчирхийлэлд өртчихсөн хүүхэд уйлаад сууж байхад өнөөдөр нийслэлийн хэмжээнд яаж байгаан бэ гэхээр тэнд 24 ортой нэг байр байна, Хан-Уул дүүрэгт зургаан ортой нэг байр байна. Өөрөөр хэлбэл 30 ор нийслэлд байна. Өнөөдөр яваад очсон ч шалан дээр гудас дэвсээд хүүхэд авч байна. 24 орноосоо мөнхийн хэтрээстэй явж байдаг. Covid19 вируснээс үүдээд ачааллаа дийлэхээ болиод арга ядахдаа 15 хүүхдийг Найрамдал зусланд байлгаж байна шдээ. Нөхцөл байдал ийм байна.

- Хүүхдийн хүчирхийлэл яавал буурах юм бэ. Ямар арга хэмжээ авах нь зөв бэ. Таны бодлоор?

- Хүүхдийн хүчирхийлэл яагаад буурахгүй байгаа юм бэ гэхээр хоёр л асуудал байна. Тэр хоёр асуудлыг шийдвэл хүүхдийн хүчирхийлэл буурна бараг байхгүй болно.

1: Архины асуудлаа шийдээчээ. Энэ зах хязгааргүй уудаг устайгаа, иддэг талхтайгаа цуг зардаг ийм байгаа үед хүчирхийллийн асуудал шийдэгдэхгүй ээ. Бид архины асуудлаа шийдээгүй нөхцөлд хүчирхийллийн асуудлаа шийднэ гэдэг хэцүү.

2: Хувь хүн бид нартай холбоотой асуудал. Хүүхдийг бид нар өмч гэж хараад байгаа юм аа. Би төрсөн үр хүүхдийнхээ толгойг өөрөө мэднээ гэдэг хандлага одоо ч Монголд байна. Миний хүүхэд бол миний өмч гэдгээс ялгаагүй байгаа биздээ. Таны хүүхэд Монгол Улсын өмч болохоос биш тэ Мандуул ч юм уу Цэцгээгийн өмч биш байхгүй юу.

-Нийслэлийн хэмжээнд хүүхдийг асран хамгаалах эрх авсан 17 газрын 27 байгууллага ажиллаж байна. Энэнээс хэд нь Улсын байгууллага вэ?

- Хоёр нь Улсын байгууллага. Нэг нь Өнөр бүл Улсын төв асрамжын газар улсын төсвөөс санхүүждэг. Хүүхэд залуучуудын хүмүүжлийн тусгай цогцолбор гэж байдаг. Энэ нь бол нийслэлийн төсвөөс санхүүждэг.

- Тэгвэл бусад асран хамгаалах байгууллагыг шашны зориулалттай үйл ажиллагаа явуулдаг гэж сонссон. Энэ үнэн үү?

- Бид бүх асран хамгаалах байгууллагыг арга зүйгээр нь хангаж ажилладаг аа. Мөн хяналтын ажлыг давхар хийгээд явдаг. Улирал болгон тайлан мэдээг нь авна. Байнга очиж, дотор нь орж ажиллана. Шашны байгууллагын дэргэд үйл ажиллагаа явуулдаг байгууллага байгаа юу гэвэл ТИЙМ. Гэхдээ тухайн хүүхдүүдэд суртачилдаг, тэр зан үйлийг нь хүүхдүүдээр заавал үйлдүүлдэг тйим юм бол байхгүй ээ. Би энийг хариуцлагатайгаар хэлнэ. Магадгүй тэнд амьдарч байгаа хүүхдүүдийн зарим нь тухайн шашныг шүтдэг байхыг үгүйсгэх аргагүй. Тэр бол хувь хүний эрхийн асуудал.

- Саяхан Зариг.мн сайтад дээр нэг эмэгтэй “арван жилийн өмнө асрамжын газар өгсөн хүүхэд маань байхгүй байна” гэсэн мэдээ гарсан. Үүнээс үүдээд асрах байрнаас хүүхэд алга болдог уу цаашлаад хүүхдийн наймаа гэх мэт зүйлүүд дээр иргэд хардах сэтгэл төрөөд байна л даа. Энэ нь дээр та тайлбар өгөн үү?

- Тэр асуудал бол арван жилийн өмнө гудамжнаас олсон гээд хүүхэд авчирч өгсөн үү гэвэл өгсөн. Хүүг Мөнх-Эрдэнэ гэдэг. Харин сая хайлгахдаа Мөнх-Сайхан гэж хайлгасан. Тэгэхээр тэр хүүхэд байхгүй байна биз дээ. Өөр нэрээр хайлгахаар. Тэр хүүхэд одоо ээж аавтайгаа элэг бүтэн амьдарч байна. Саяхан тийм яриа гарахаар нь би өөрөө очиж шалгасан.

- Одоо нийгэмд хүчирхийлэлд өртсөн хүмүүс ил гарч “би ингэж хүчирхийлэлд өртлөө надад туслаач” гэх зүйлийг чөлөөтэй ярьж байна. Энэ хандлага зөв үү буруу юу?

- Ер нь аль ч улсад гэмт хэргийн мэдээллийг нийтэд ил зарладаггүй юм. Энэ нь өөрөө гэмт хэргийг суртачилж өдөөж өгдөг юм. Тийм учраас аль ч улсад энэ мэдээлэл хаалттай байдаг юм аа.

- Сүүлийн асуултаа асууя. Таны ажил үүргийн хувьд хүнд асуудал дээр очоод тухайн асуудлаа шийдүүлээд нээх сайхан мэдрэмж авч байсан тохиолдолоо хуваалцвал?

- Тийм тохиолдол олон байна л даа. Гэхдээ сүүлд очиж шийдсэн нэг асуудлыг мартаагүй байна. Нэг сарын өмнө энэ covid19 вирусны улмаас хүндхэн байдалтай байгаа айл өрхүүдэд хүнсний тусламж үзүүлэх зорилгоор гэр хорооллоор явсан. Тэгэж явж байхдаа Баянзүрх дүүргийн  16 хороонд хорихоос суллагдаад хоёр жил гаран болж байгаа. Чанга дэглэмтэй хорих ангид хоригдож байгаад гарч ирсэн тийм залуу амьдарч байсан. Хүн амьны хэрэг үйлдсэн тэр залуу алдаа гаргасан. Гарч ирээд хоёр, гуравхан сар болж байхад нь эхнэр нь бурхан болсон. Хүүхэд төрүүлж өгөөд бурхан болсон. Өөрөөр хэлбэл нэг нас гарантай жоохон хүүхэдтэйгээ амьдардаг. Арван жил хоригдож байсан хүнд тогтвортой ажил олдохгүй. Сэтгэлзүйн маш их гутралтай. Гэхдээ их сэтгэлийн тэнхээтэй тийм залуу байсан. Тэр залуу хэлэхдээ “Би бол ямар ч хамаагүй ажил хийнээ. Цемент үүрсэн ч би чадна. Юуг л бол юуг л хийнээ. Гол нь би энэ муу бээлийн чинээ амьтныг хаячихаад ажил хийх хэцүү, үүрээд ажилах бас хэцүү, ажил хийхгүй байх бүр хэцүү. Яршиг ингэж байхаар ямар ч хамаагүй хэрэг үүрээд буцаад шорондоо орчихмоор байна. Даанч энэ муу бээлийн чинээ амьтныг аваад шоронд орох хэцүү. Өөрийн хүүхэд болохоор асрамжын газар өгч бас чадахгүй” гэж ярьж байгаа юм.  Ах дүү нар нь бүгд тойроод зугтчихсан. Тэр нэг гэрт тэр залуу, тэр бяцхан хүүхэд л амьдарч байна. Тэгээд энэ асуудлыг яаралтайгаар шийдэж хүүхдийг нялхасын төв сувилалд аваачиж өгсөн. Нөхцөл байдлыг тайлбарлаж тэр хүүхдэд бага хэмжээний тураал байсан. Тэрэнгээр нь онш үйлдэж сувилалд хэвтүүлсэн. Одоо тэр залуутай би өдөр болгон биш юм аа гэхэд хаяа нэг ярьдаг. Манай ажил дээр хоёр удаа ирсэн. Ирэх болгондоо баярлалаа гэдэг үгийг байнга хэлдэг. Яагаад гэхээр тэр залуу хүссэн үедээ очиж хүүхдээ эргэж болно. Тэр залуу өөрөө болохоор барилгын туслах ажил хийнэ. Амьдарлаа болгох хэдэн төгрөг цуглуулна хамт олонтой болно. Нэг ч гэсэн залуу нэг ч гэсэн хүүхдийг аз жаргалтай болгосонд дотроо их баярлаж явдаг.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.116.91)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.