Дэлхийд Монголын нэрийг мандуулсан Ц.Гарамжав
Г.Золбаяр
Нийтлэл
/
2020-05-26
Монгол Улсын хүнд үйлдвэрийн салбарт тод мөртэй яваа Цэдэнгийн Гарамжав гэх бүсгүйн эх орныхоо хөгжилд оруулсан хувь нэмэр, шударга хөдөлмөр, хөлс хүчийг өгүүлэхэд нэн бахдалтай. Түүнийг Монголын нэртэй улстөрч, УИХ-ын гишүүн гэхээс илүү уул уурхайн салбарт өөрийн гэсэн хийсэн бүтээсэн үйлстэй, туулж өнгөрүүлсэн түүхэн замналтай, эрчүүдийн хийгээгүйг хийж, үүрээгүй ачааг үүрч чадсан цуцашгүй бүтээлч, шилдэг зохион байгуулагч, хүчирхэг эмэгтэй гэдэгтэй олон хүн санал нийлнэ. Монгол Улсын Уул уурхайн салбарын анхны Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Булган нутгийн унаган охин Ц.Гарамжав бол хийж бүтээхийн их далайд сэлж яваа зоригтон билээ.

 

Ерээд оны эхээр улс орон даяараа зах зээл рүү орж, нийгмийн байдал өөрчлөгдөж байх тэр үеэс уул уурхайн салбарт мөрөө гаргаж эхэлсэн. Уул уурхай бол эмэгтэй хүнд ахадсан хүнд хүчир хөдөлмөр. Түүний анхлан байгуулсан компани нь “Мөнхмандах” хэмээн бэлэг дэмбэрэлтэй нэртэй байв. Ажил үйлс нь мандан бадарч байхын сайхан эхлэл тавигдсан нь бодож олсон нэртэй ч холбоотой байж болох.

Компанийн үйл ажиллагаа өдрөөс өдөрт өсөн дэвжиж, өргөжин сайжирч, цар хүрээ нь тэлсээр “Монполимет” групп бий болсон түүхтэй. Бизнес л болсон хойно шулуун дардан замаар явсангүй. Унаж босох,уруудах өгсөхийн аль алийг эдлэн урагш тэмүүлсээр, зүтгэсээр байв. Түүний туулж өнгөрүүлсэн амьдралын хамгийн амт шимттэй болоод хатуужил, тэсвэр тэвчээр, ур ухааныг суулгасан он жилүүд бол “Монполимет” хэмээх  Монгол Улсын Үндэсний хөрөнгө оруулалттай хувийн хэвшлийн  компанийг байгуулж, хөл дээр нь босгож, өнөөгийн түвшинд хүргэж, Үндэсний үйлдвэрлэгч групп болгон хөгжүүлсэн цаг хугацаа байсан гэдэгтэй түүнийг мэдэх хүн бүр санал нийлнэ. Эргээд харахад, 1990-ээд он бол монголчуудын хувьд шинэ бүхэнтэй тулгарч, давж туулах, дасан зохицох гэж бужигнаж байсан цаг. Шилжилтийг туулах хүнд үед  өдөр хоногийн хоол хүнс дутмаг, картын бараанд монгол хүн бүр дугаарлан зогсож өнөөдрийн талх, атга гурил, будааны төлөө амьдарч байсан. Тэр үед Ц.Гарамжав өөрийгөө болоод өрөөл бусдын амьдрал ахуйг өөд нь татаж, улс эх орондоо хэрэгтэй, ирээдүйн холыг харж энэ компаниа байгуулж, мэргэжил нэгт андуудтайгаа гар сэтгэл нийлэн ажилласан юм. Анх 10 хүрэхгүй инженер техникийн ажилчидтай үйл ажиллагаагаа эхлүүлж байсан “Монполимет” компани өнөөдөр 1000 хол давсан ажилтан, албан хаагчидтай, Монголдоо төдийгүй олон улсын хэмжээнд үнэлэгдсэн томоохон аж ахуйн нэгж болон өргөжсөн.

“Монполимет” групп нь ашигт малтмалын эрэл хайгуул, уул уурхайн олборлолт,  уул уурхайн нөхөн сэргээлт, барилгын материал үйлдвэрлэл, барилга угсралт, худалдаа, үйлчилгээ зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг, үндэсний нэр хүндтэй компани болон өргөжин хөгжиж өдрөөс өдөрт, жилээс жилд өнгөжин  байна.  Одоогоос 20 гаруй жилийн өмнө бизнесийн ертөнцөд хөл тавьж бүтээх, босгох, үйл хэргийн дайчин замаа эхлүүлсэн дайчин бүсгүйг илүү сайн мэдэх, ойр дотных нь хүмүүс “Ухарч гишгэж үзээгүй” энгэсэгтэй “эр хүн” гэх нь учиртай. Ц.Гарамжав сургуульд байхын онц сурлагатан, нийгмийн идэвхтэй охин байжээ. Аравдугаар ангиа алтан медальтай төгсөөд арын хаалгагүйн улмаас эрчүүд л шимтэн зүтгэх геологийн ангийн хуваарь авсан байна. Тэрээр анхандаа тэр мэргэжилд дурамжхан байж. Гэхдээ гарт атгасан хувь заяаныхаа хөзрөөр хэрхэн тоглохоо тэр тооцоолж байсан биз. МУИС-ийг дүүргээд Улсын барилгын зургийн төв институтын Геологийн товчоонд лаборантаар ажлынхаа гарааг эхэлсэн түүх Ц.Гарамжавынх. Тэр цагаас хойш олон он улирчээ. Уул уурхайн салбарт хөрс шигшигчээс гавьяат уурхайчин, компанийн захирлаас Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдын албыг нэр төртэй хашсан он жилүүд ч түүнийх билээ.

Ерээд оны эхээр монгол оронд зах зээлийн шилжилт, бужигнаан эхэлж байх үед Улсын барилгын зургийн төв институт 10 гаруй пүүс болон задрав. Хамт олон нь Ц.Гарамжавыг пүүсийнхээ захирлаар сонгосон нь түүнд итгэж найдсаных л даа. Түүнийг итгэл даах ноён нуруутай, ажил хэрэгч, шулуун шударга нэгэн гэдгийг бүгд мэднэ. Хэдийгээр худалдаа, геологийн шинжилгээ судалгаа, хайгуулын “Мөнхмандах” компанийг зах зээлийн өрсөлдөөний “шуурга” хүчтэй ширвэж байсан ч тэд саад бэрхшээл бүхэнтэй “ноцолдон” урагшилсаар, шинэ бүхэн рүү зүтгэсээр байв. Улаан мөнгөгүй байгууллагын данс, гар харсан ажилчдынхаа цалинг тавихын тулд Гарамжав болон түүний нөхөд “гахай” чирж, ганзагын наймаанд мордсон үе ч байсан. Гэвч түүний сэтгэлийн угт компаниа үндсэн чиглэлээр нь эрхлэх хүсэл нууцхан оршсоор. Тиймдээ ч 1994 онд компаниа “Монполимет” болгон өөрчилж уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт үйл ажиллагаагаа эхлэх шан татаж чадсан. “Ахадсан ихийг мөрөөдөж байж, бүтсэн үнэнд хүрдэг” жамтай. Энэ хүртэл явж ирсэн түүний толгойлсон компанийн амжилт өгсөж, уруудахын аль алийг тойрсонгүй. Анх эхлүүлсэн хайгуулын ажил нь бүтэлгүйтэж оготно зурамнаас өөр “сонирхол татах” юмгүй ордод хуримтлуулсан хөрөнгөө булаад буцаж явсан гашуун түүх ч бий. Тэр ч байтугай  Америкийн алдарт “Caterpillar” компаниас 12 ширхэг эксковатор, бульдозер лизингээр авч хоёр сая ам.долларын өрөнд орж уурхайн орд болон техник төхөөрөмжөө алдаж бизнесийн салбарт мөргүй болохдоо тулж явсан ч нулимсаа нуун тэсч  үлдсэн.

Хэдийгээр хувь заяа, бизнесийн ертөнцийн эргүүлэг түүнийг байнга сорьдог ч “Монполимет” компаниа групп болгон уул уурхай, барилга худалдаа үйлчилгээний салбарт үйл ажиллагаа өргөжүүлсэн “зөрүүд зан” ч түүнийх. Тэрбээр амжилтад ханаж, алдар нэрд шунаж явсангүй. Салбартаа голлох тоглогч болж чадсан нь түүний алдаршихын төлөө бус ажиллаж бүтээхийг урьтал болгож ирсний үр шим.

Уул уурхайн нөхөн сэргээлт гэдэг үг монголчуудын хувьд танил болжээ. Тэгвэл энэ үгийн утгыг мэдрүүлж, салбарынхандаа үлгэр дууриал болж чадаж байгаа Н.Гарамжавыг мэргэжлийнхэн нь “эко хатагтай” хэмээн хүндлэх. Нөхөн сэргээлтийг 100 хувь хийдгээрээ “Монполимет” групп бусдыг өмнөө гишгүүлж байсангүй. Олборлосон газрынхаа суурин дээр хиймэл нуур хийж хун галуу цуглуулж, жимс тарьж, мод суулгаж цэцэг ногоо ургуулсан нь байгаль эхдээ хариугаа хангалттай барьсан гэж болохоор. Байгалийг унаган төрхөнд нь оруулах их ажилд “Монполимет” асар их туршлага хуримтлуулсан нь бусдад үлгэр жишээ болж буй. САТ, Комацугийн цогц техник бүхий “ЭКО Драг”-ийн үйлдвэрүүд, техникийн дэвшилттэй цементийн үйлдвэр зэргээр эх орны хөгжилд бүтээлч хувь нэмрээ харамгүй оруулж, бизнесийн түүхээ бүтээн байгуулснаараа бичиж яваа хүчирхэг эмэгтэй билээ.

 2015 оны “Азийн хүчирхэг 50 бизнес эмэгтэй” жагсаалтад Монгол Улсаас анх удаагаа “Монполимет” группийн удирдах зөвлөлийн дарга Ц.Гарамжав оржээ. Энэ жагсаалтад “Forbes Mongolia” сэтгүүлийн редакцаас  Монголын бизнес эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлсэн юм. “Forbes Asia” сэтгүүл хатагтай Ц.Гарамжавыг сонгон шалгаруулсан билээ. Ер нь улс орны ачааны хүндийг хэдэн улстөрч биш бүтээн байгуулалт, бизнесийн салбарын хүмүүс үүрч явдаг жамтай. Тэгвэл Монголын толгой компаниудын нэгийг төдийгөөс өдийг хүртэл залж яваа хатагтай ийн Азийн шилдгүүдийн нэг болсон нь олны сэтгэлийг хөдөлгөсөн сайхан мэдээ байлаа. Ц.Гарамжавын үүх түүхийн талаар энэ дашрамд тодотгон өгүүлэхэд илүүц болохгүй биз ээ.

Амьдрал нь тэгширч, өнөөдрөө биш маргаашаа харахтайгаа болж, өдрийг бус ирээдүйгээ харж алхсан тийм үе ирэхтэй зэрэгцэн амьдралын бас нэгэн сорилт тулгарчээ. Унаган наснаас ханилсан хань нь хоёр охинтой нь үлдээгээд бурхны оронд одоход хатуу хорвоогийн хэцүүтэй тулсан. Үртэй хүн үхэж болдоггүйн гашуунд ээрэгдэж бүсээ чангалж гадаа гарч эр, гэрт орж эм болж  хүндхэн ачааг дааж ядан үүрсэн. Хоёр охиноо хүний дайтай өсгөх, компанийн ажилчдын амьдрал хувь заяа залуу бүсгүйн нуруун дээр буув. Номын мөрөөр амжилтын оргилд гардгийг Гарамжав мэдэх болохоор 14-хөн настай балчир охиноо хүний нутаг, харийн газар суралцуулав. Охиныхоо суралцсан жимийг дагаж АНУ-ын “INМЕХ” оюутан солилцооны хөтөлбөрөөр 40 гаруй охид хөвгүүдийг алс холын АНУ руу явуулж жимийг зам болгосон буянтан бол Гарамжав.

Түүний бага нас тийм ч амар байсангүй. Хөл тэнцэн алхаж, хорвоог таних ухаан суух хуруухан чинээ охинд хувь заяа хуурай мэт хатуу хандсан аж. Хоёрхон настай хонгорхон охиноо ээж нь орхиод бурхны оронд оджээ. Элэг бүтэн амьдрал нүүр буруулсан тэр өдрөөс аавтайгаа үлджээ. Анхны алба “24”-ийн цэцэрлэг байв. Хоног тоолон, гэрийн бараа тоотойхон харах охины тэвчээрийн хязгаар алдагдан гэр өөдөө зүтгэнэ. Нэг удаа тавхан настай жаахан охин эмээгийнхээ барааг харж, энгэрт нь тэврүүлэхийн тулд цэцэрлэгээсээ оргож анх удаа амьдралын журмыг сөрж үзсэн нь тэр. Норжмаа хэмээх буурал нь бяцхан охиныхоо сэтгэлийн нар, итгэлийн гэрэл гэгээ, нөмөр нөөлөг нь байлаа. Наснаасаа эрт хэрсүүжсэн охин “Хүн хувь заяагаа өөрөө жолооддог” гэдэгт итгэдэг. Түүний дунд сургуулийн аттестатаа онц дүнгээр дүүргэж, толгой цохин сурсан нь өвгөдөөс үлдээсэн буян байсан ч байж мэдэх. Өвөг эцэг “харцага” Дамдин нь мал хөрөнгөөр чинээлэг, хажуу хавийнхныхаа ядарсан зүдэрснийг тэжээн тэтгэдэг нэр сайтай нэгэн байжээ. Өвөөгийнх нь хоёр ах Булган нутагтаа номтойд тооцогддог нөлөө бүхий лам нар байсан төдийгүй аав Цэдэн нь ч нялх балчраасаа бичиг үсэгт тайлагдсан, 17 насандаа Халиун сумын багийн дарга хийж явсан номын мөртэй удмын тасархай. Хувь заяаны даажин түүнийг дахиад л сорив. 17 настайд нь өмөг түшиг буурал эмээг нь бурхан залаад явчихав.

Мянга гаруй хүнийг ажлын байраар хангаж, хамт олныхоо хэний ч асуудалд өөрийн мэт хандаж, сэтгэлээсээ хандана гэдэг гайхалтай мэдрэмж. Хамт олондоо өгдөг хамгийн том бэлэг нь түүний итгэл юм. Тиймдээ ч бизнесийн гараагаа эхлэхэд нь хамт байсан журмын нөхөд нь өнөөдөр ч хамтдаа. Зөвхөн журмын нөхдөдөө ч бус спорт, урлаг, эрүүл мэнд, боловсролын салбарт түүний дэмжлэг туслалцааг авсан нь олон. Амьдралын нугачаанд бүдрэн тэмтчих нэгнийг малжуулах, ногоо тариулахаас эхлээд жижиг дунд бизнес эрхлүүлэхэд нь өглөгийн гар сунгасны ачийг санах хүн цөөнгүй. Эгэл амьдралын илүүдэх дутахыг мэддэг түүний дуртай хобби нь буяны үрийг харамгүй цацаж, бусдад итгэл бэлэглэж байдаг агуу сэтгэл юм. Түүний хувьд асуудлыг соргогоор харж, шийдлийн гарцыг олж чаддаг гэдгийг Сү.Батболдын танхимд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд байхдаа хамгийн оновчтой тоглолтуудаас анзаарч болно. Улстөрд бүсгүй хүний мяндсан ухаан ямар хэрэгтэйг түүний ажил хэрэг нотолж байлаа.  Монголын төрд ховордсон эр зориг, эрдэм ухаан, эхийн сэтгэл, шударга ёсны хослол Ц.Гарамжавыг хайрламаар сайхан хүн дээ.

Өнөөдөр Ц.Гарамжав Монгол Улсын Их Хурлын гишүүн хэмээх төрийн өндөр дээд хариуцлагатай албан тушаалыг хашиж улс эх орныхоо ирээдүйн хөгжлийн төлөө ажиллаж,уул уурхай, эрдэс баялгийн салбарын ноён нурууг түшилцэж байна. Үүсгэн байгуулж, хөл дээр нь бат зогсоосон “Монполимет” группийг нь түүний хүүхдүүд нэр төртэй авч яваа. “Би баяжиж хөлжихийн тулд бус зөвхөн амьдрал ахуйгаа л өөд нь татах гэж мэргэжлийн ажлаа хийж яваа хүн” хэмээн хатагтай Ц.Гарамжав даруухнаар өгүүлэх. Эмэгтэй хүнд байгалиас заяасан амьдралыг бүтээн байгуулж, эмх цэгцтэй цогцоор нь авч явахын тулд мятаршгүй хөдөлмөрлөдөг, уян хатан, нягт нямбай зан төлөв угаас байдаг гэдэгтэй үүнийг бичигч санал нэг билээ. 

"Монголыг удирдаж буй эрхмүүд" түүхэн ном төсөл Улстөрч агентлаг

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.152.226)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.