Яагаад цахим шилжилтийг хийх ёстой вэ?
Үйл явдал
/
2020-05-26

Төрийн албанд хүнд суртал, иргэддээ учруулж буй хүндрэл чирэгдэл ихээхэн байдаг нь нууц биш. Хүнд суртал байгаа газар авлига их бага хэмжээгээр заавал оршиж байдаг гэсэн бичигдээгүй хууль ч бий.

Төр нь өөрт байгаа мэдээллээ иргэнээсээ заавал шаарддаг, би өөрийгөө мөн болохыг заавал хаа нэг газар очиж хөндлөнгийн хүнээр баталгажуулуулдаг гээд чирэгдэл учруулдаг дүрэм журам маш их. Уул шугамандаа төрийн байгууллага хооронд иргэн нь гүйх биш, дата буюу мэдээлэл гүйдэг байх ёстой юм. Цахим шилжилтийг хийснээр маш олон давуу тал бий болдог.

Үүний тод жишээ нь Эстони улс. 1990-ээд оны үед АНУ-д Элчин сайдаар ажиллаж сүүлд Эстони улсын ерөнхийлөгч болсон Томас Хэндрик санаачлага гарган эхлээд дунд сургуулиудыг компьютерээр хангаж, интернетэд холбох “Барын үсрэлт” гэх нэршилтэй томоохон хөтөлбөрийг эхлүүлсэн байдаг. Тун удалгүй “E-Cabinet” хөтөлбөрийг хэрэгжүүлж цаасгүй хуралдаж, сайд гишүүд нь холбогдох материалуудтай цахимаар танилцан, санал хүсэлтээ байршил хамаарахгүй илэрхийлдэг болсон. Үүний үр дүнд цаасны хэрэглээ багасч, байгальд ээлтэй эко хэрэглээ нэвтэрч төрийн хүнд суртал, авлига, хээл хахууль, бичиг цаасан дээр үүдэлтэй хийсэн хийгээгүйн маргаан дуусгавар болсон түүхтэй.

Аж үйлдвэрийн 4-р хувьсгал, мэдээлэл технологийн эрин зуунд улс орон бүр, тэр дундаа нийгмийн салбар бүр техник, технологи, хил хязгааргүй орчих цахим мэдээллийн технологид суурилсан шинэчлэлт өөрчлөлттэй хөл нийлүүлэн алхахыг эрмэлзэж байна. Төрийн цахим шилжилтийн сонгодог жишээ нь Эстони улс.

Жил гаруйн өмнө бидний хэсэг нөхөд Эстони улсад туршлага судлаж байх үеэр олон ч зүйлийг олж харж мэдэж авсан. Төрийн цахим шилжилт бол дан ганц төрийн цахим шилжилт биш байдаг. Түүнийг дагаад иргэдэд үйлчилдэг нийгмийн салбар бүр энэ шинэчлэлд хамрагдаад явдаг. Сургуулиуд нь эцэг эхчүүдтэй эргэх холбоотой ажиллах үүднээс цахим системд бүрэн нэвтэрсэн, эмнэлгийн байгууллагууд нь бүх л шинжилгээ үзлэгийн хариу, эмчилгээний хуваарь, цаг авах гээд бүх үйлчилгээгээ цахимаар үзүүлдэг болсон гээд дурдаад байвал маш олон хэрэгцээтэй зүйлсийг бий болгожээ.

Ер нь иргэдийн мэдээллийн дата бааз дээр тулгуурласан төрийн байгууллагуудын харилцан уялдаа холбоо сайжирснаар иргэдэд учирдаг төрөл бүрийн хүнд суртал, чирэгдэл үгүй болно.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.79.241)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.