Мөнчгөрөөрөө яваа ч мөн чанараараа ялах Даваагийн Мөнх-Эрдэнэ
Г.Золбаяр
Нийтлэл
/
2020-05-27
Монголчуудын дунд “Мөнчгөрөөрөө яваа” гэсэн хэллэг бий болоод удаж байна. Мөнчгөрөөрөө явах гэдэг ойлголтод “үнэн цагаанаараа, бор зүрхээрээ, дээлийн захнаас нь дэндийтэл татаад босгох дээдэс танилгүй, дэргэдээс нь дэнхийтэл сугадаад өргөх ашиг сонирхлын гинжин холбоогүй” тийм нэг мөр цагаан хүний дүр тодрон харагдаад байдаг. Даваагийн Мөнх-Эрдэнэ хэмээх эл залуу яг л тийм мөнчгөрөөрөө, үнэн цагаанаараа яваа залуусын гол төлөөлөл юм. Түүнд ямар нэгэн том дарга ах нарын татаас байсангүй. Өөрийн бодсон санасныг л ажил хэрэг болгох гэсэн чин сэтгэл түүнийг өдий зэрэгт хүргэж.

Баянхонгорын улаан элсэн дунд хөрвөөн тоглож хүүхэд багын нөхөдтэйгөөн хөөцөлдөн гүйсэн цаг хэдийн алсран одож, хүний нутаг гүний газраас Түйн голынхоо ариун усанд булхан умбах хүсэл санагалзлаар сэтгэл зүрхээ дүүргэж байсан үе түүнд бий. Тэр нутгаа санахын гашуун амтыг сайн мэднэ. Компьютер менежментийн дээд сургуулиа дүүргэсэн омголон хонгор залуу өөрийнхөө ирээдүйг өөрөө л босгохгүй бол хэн ч туслахгүй юм байна гэдгийг гүнээ мэдэрч, Монголын түм түмэн залуусын нэгэн адил алс холын Солонгос орныг зорьсон. Тэнд бусдын л адил хар бор ажил хийж, хэд гурван төгрөг олж хэдэн жилийг үдэхдээ монгол сайхан эх орноо, говь хангайн цэнхэр орон Хонгор нутгаа санаж, зүүдэлж явлаа.

Мөнх-Эрдэнэ нутагтаа ирээд “Жийп сервис” компаниа байгуулж, бусдын төлөө гэх сэтгэлээр ажлын байр бий болгож, амжилтын оргил өөд тэмүүлсэн. Хамгийн гол нь ажил хийвэл ам тосдоно гэдэг ардын сайхан үгийн шидийг мэдэрсэн. Өмнөх замаа харж яваа зорилготой, зоригтой, золбоотой хүнд өндөр даваа ч юуны хол, өргөн мөрөн ч юуны алс байх билээ. Тэр өөрийн бизнесээ босгож, ёстой мөнчгөрөөрөө яваагаа аав ээж, ахан дүүс, нутгийн зон олондоо таниулж эхэлсэн. Эндээс л түүний компаниараа овоглох өдрүүдийн түүх бичигдсэн. “Жийп сервис” компани олон жил тогтвортой ажиллаж, улсын төсөвт олон тэрбум төгрөг оруулж, жийп түрээсийн тэргүүлэгч байгууллага болсон. Ингэж тэрээр нэг ёсондоо ажил үйлээрээ нутаг орондоо, зон олондоо танигдаж эхэлсэн гэсэн үг. Эрхэлж буй ажил үйлээр танигдана гэдэг хүн бүхэнд олдоод байхгүй сайхан хувь тавилан.

Удаад нь тэрээр Баянхонгор аймгийн “Хонгорын хурд” морин спорт уяачдын холбооны тэргүүнээр эрч хүчтэйхэн ажиллаж, нийгэм олонд холбооныхоо нэр нүүрийг таниулж эхэлсэн. Тэрээр холбооны тэргүүнээр ажилласан найман жилийн хугацаанд адуун өв соёл, хурдан морьдын чанар, адуун соёлын оргил болсон хурдан морины уралдааныг орчин үеийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн шинэ төвшинд гаргасан гавьяатай нэгэн.

Монгол Улс оршин байгаа цагт морин эрдэнэ байх нь хаанахын хэнбугайтай ч мөрийцмөөр гайхамшигт өв уламжлал юм. Уралдаад ирж буй морь харсан ямар ч монгол хүний хамрын самсаа шархирч, хоёр нүдийг нулимс бүрхдэг нь монголчууд бидэнд дээд тэнгэрээс заяасан нандин мэдрэмж байдаг. Хонгор нутгийн буянт адуун сүргийг хурд шандастай, өнгө зүстэй болгохын төлөө тэр үнэнхүү чин зүтгэл сэтгэлээр ажилласан. Үүнийг бичигч би биш Баянхонгор аймгийн говь, хангай, тал хээр гурван бүс нутгийн сумдын адуун буянтнууд үүнийг батлан гэрчилдэг нь оргүй биш. Хаврын хаварт л Сүхбаатар-Улаанбаатар-Баянхонгор чиглэлийн замд хурдан буян ачсан унаа тэрэг зөрөх нь Мөнх-Эрдэнийн л гаргасан агт морьдын алтан шар харгуй байдаг. Баянхонгор аймгийнхаа хэмжээнд хурдан удмын адууны угшлыг сайжруулах зорилгоор хорин сумын зуу гаруй багт хурдан удмын зуу гаруй үрээг бэлэглэж байлаа. Тэр сум сумыг хурдын удамтай болгосон.

Анх Монголын морин спорт уяачдын холбооны үйл ажиллагааг сурталчлан бүх сумаар тойрч байсан эл залуу эр салбар холбооны гурван мянга гаруй гишүүдийг бүртгэлжүүлж “Хонгорын хурд” морин спорт уяачдын холбооны үнэмлэх олгосон байдаг. “Хонгорын хурд” МСУХ 2013 онд Монгол Улсын шилдгийн шилдэг салбар хороогоор шалгарч, дэлхийн дээд амжилтын Гиннессийн номонд бүртгүүлэх “Монгол морьтон-10000”, “Монгол морь-3000” арга хэмжээнд Баянхонгорынхоо 300 гаруй уяачийн хамт оролцсон нь түүний удирдлага, зохион байгуулалтын үр дүн юм. Аймагтаа улсын бүсийн уралдааныг 2014 онд, 2019 онд хоёр ч удаа зохион байгуулав. 2011-2019 онд Баянхонгор аймгийн уяачдыг нэгдсэн удирдлагаар хангаж, зуны бүсийн 26, өвлийн бүсийн 31 уралдааныг зохион байгуулсан байдаг. Найман жилийн дотор Монгол Улсын алдарт уяач тав, манлай уяач нэг төрөн гарсан нь Мөнх-Эрдэнийн удирдсан холбооны морин эрдэнийн буян юм. Дэлхийн дайдыг морин туураар тамгалсан өвөг дээдсийн гэгээн сүнс түүний энэ ариун үйлийг дээд тэнгэрээс таашаан буй нь лавтай.

Мөнчгөрөөрөө яваа Мөнх-Эрдэнийн сэтгэл зүрхээ зориулж, үүсгэн санаачилсан нэг төрийн бус байгууллага бол “Баянхонгор” Хөгжлийн төлөө сан. Нам харгалзахгүйгээр төрж өссөн нутгийнхаа төлөө, ядарч зүдэрсэн зон олныхоо төлөө хийж бүтээх, эвлэлдэн нэгдэх хэрэгтэйг Хонгор нутгийнхаа алдар суутнуудад ойлгуулан нэгтгэж чадсан нь сайшаалтай. Ардын уран зохиолч Тангадын Галсан, ардын багш, шинжлэх ухааны гавьяат ажилтан Сэндэнжавын Дулам, төрийн шагналт, гавьяат жүжигчин Догмидын Сосорбарам, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Дожоогийн Цэдэв нарыг атгасан гар шиг нэгэн чигт хандуулж, олны танил улстөрчид, урлаг соёлынхон, бизнесменүүдийг ч хамруулж чадсан юм. Нутгаас төрсөн онц сурлагатай ч төлбөрийн чадваргүй оюутнуудын сургалтын төлбөрийг дааж, хорт бэрх өвчнөөр өвдөж шаналсан нэгнийхээ эмчилгээний зардлыг гарган, амжилт гаргасан нэгнээ хөхиүлэн дэмжиж шагнах гээд аар саархан мэт ч олон ажлыг Мөнх-Эрдэнийн санаачлагаар хийж хэрэгжүүлсэн. Ойрын хэдэн жил төрөөгүй байсан улсын цолтныг олон жил ивээн тэтгэж ирсний хамгийн ойрын жишээ бол улсын харцага Нацагсүрэнгийн Золбоогийн гаргасан амжилт юм. Баянхонгор хөгжлийн төлөө сан аймгийн нэгдсэн эмнэлэгт эх нялхсын хагалгааны орчин үеийн тоног төхөөрөмж хандивласан нь социализмын үеэс хэрэглэж байсан хуучин хэрэглэлийг сүүлийн гучин жилд сольсон сонин бөгөөд буянтай ариун үйл болсныг мэс заслын эмч нар нулимстайхан дурсаж байсан нь нүдэнд харагднам. Аяа, сайн үйл гэгч санаачилга, сэтгэл л байвал өчүүхэн төдий ч багаддаггүй ажаам.

Даваагийн Мөнх-Эрдэнийг чухамдаа би огт танихгүй хүн. Ямартай ч тэрээр байгуулсан компаниараа, бас үүсгэсэн төрийн бус байгууллагаараа, Морин уяачдын холбооны хүндэт тэргүүнээрээ овоглох гавьяатай нэгэн юм гэдгийг мэднэ. Тэрээр УИХ-ын сонгуулийн гуравдугаар тойрогт бие даан нэр дэвшиж байгаа нь Баянхонгор нутгийнхны маань хувьд оносон сонголтын эзэн байх магадлалыг өндөрсгөж байна.

Нэгэнтээ, төрийн шагналт яруу найрагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, цогт эх оронч, дөлт халуун найрагч Очирбатын Дашбалбар багш маань “Улстөрөөр чи оролдохгүй байж болно, улстөр чамаар хүссэн, хүсээгүй оролдоно” гэхэд үнэндээ гайхаад өнгөрч билээ. Даваагийн Мөнх-Эрдэнийн хэлж ярьж яваа, хийж бүтээж буй зүйлийг анзаарахад олон түмнээ гэх омголон халуун зантай, бурууд нүд хурц, зөвд чих зөөлөн, улстөрд ч, хувь амьдралдаа ч өөрийн гэсэн бор зүрхээрээ, мөнчгөрөөрөө яваа гал дөлтэй залуу санагддаг юм. Мөнчгөрөөрөө яваа Мөнх-Эрдэнэ маань одоо орон гүрэн дамнан ажиллаж амьдарсан туршлагаа олон түмэнтэйгээ хуваалцаж, монгол төр түмнийхээ төлөө мөн чанараа таниулж, хүн чанараа зориулах цаг нь болсон гэж уран бүтээлч хүний сэтгэлээр дэмжиж байна. Давааны цаана даваа бий. Даваагийн Мөнх-Эрдэнэд бүтээх их үйлс бий.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.18.80)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.