Хаандаа халдсан ХАНЛИГ... Ноёндоо ноцсон НОХОД...
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-05-27

Бөхийн ерөнтөнцөд "Аваргыг давж аварга болдог" гэдэг хэлц бий... Тэгвэл улстөрд орж байгаа залуучууд аваргуудыг амлаж авах үзэгдэл бий боллоо... Энэ удаагийн сонгуульд Ардчилсан намын гаралтай хоёр залуу бөх намынхаа “хоёр аваргыг” амлаад авчихсан байгаа. Л.Наранбаатар, П.Галиндэв нарын дэргэд З.Энхболд, С.Эрдэнэ хоёр үздэгээ үзсэг, туулдагаа туулсан, хийдгээ хийчихсэн туршлагатай, хашир, башир улс төрчид. Уг нь бол цолгүй залуу бөхчүүдийг дээд цолтон нь амлаж авдаг ёстой. Эрэмбэ дараа гэж энэ. Гэтэл логикийн зөрчилтэй энэ удаагийн "ам авах" ажиллагаа улстөрийг улам сонирхолтой болгож орхилоо. Бие даагч Н.Номтойбаяр Хан-Уул дүүрэгт Ц.Нямдоржийн эсрэг өрсөлдөхөө мэдэгдсэн ч түүний амалсан бөх Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж дутааж, Орхон аймаг руу зугтсан юм

З.Энхболдыг АН-ын хаан байх үед л түүнтэй шөргөөцөлдөж, үзэл бодол таарахгүй байгаагаа илэрхийлж, оймсоо шидэж олонд танигдсан эрхэм бол "Сахигтун-19" хөдөлгөөнөөс 2020 оны сонгуульд Баянзүрх дүүрэгт, тэр тусмаа З.Энхболдын тойрогт нэр дэвшиж байгаа. Сүүлд “Страто” гэх компанийн маргааныг ил гаргаж З.Энхболдын булхай, хууль бус үйлдлийг илчилж чадсанаараа олонд танигдсан.

1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагыг байгуулж, хэрэлдэхдээ хэрэлдэж, тохиролцохтой нь тохиролцсоны эцэст ямартаа ч 2018-2019 оны ногдол ашгийг хувьцаа эзэмшигч хүн бүрд олгох хаалгыг нээж чадсанаараа тэрээр өөрийн нэр хүндээ өсгөж, дэмжлэг авч чадсан. Уул уурхайн эдийн засагч.

З.Энхболд гэх АН-ын нэр нөлөө бүхий улстөрчийг амлаж аваад буй нэгэн. Энэ бол Л.Наранбаатарын улстөрийн карьерийн уналт, босолтын торгон цэг. З.Энхболдыг үнэхээр ялбал түүний үе эхэлж, Зи дарга уналтад орно. Ахиж сэхэхгүй. Харин Л.Наранбаатарын шинэ эрин эхэлнэ. Хэрэв ялагдвал хэнд ч, аль ч намд тоогдохгүй, нэр төргүй нэгэн болж, шалдаа бууна.

Л.Наранбаатартай хамт нэг завинд сууж яваа ижил хувь тавилантай нэгэн бол Пүрэвдоржийн Галиндэв. Тэрбээр бас л АН-ын гаралтай, чанга залуучуудын нэг. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад ажлын албанд нь байсан. Ардчилсан залуучуудын холбооны идэвхтэн гишүүн.

2020 оны сонгуульд тэрбээр Ардчилсан намын дарга С.Эрдэнийг “амлаж” олны анхаарлыг татаад буй нэгэн. С.Эрдэнэ бол Баянгол дүүргийг удирдаж, тус дүүргээс УИХ-ын сонгуульд хоёр удаа сонгогдож, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын албыг хашиж байсан удаатай зангарагтай улстөрч. Одоо 180 мянган гишүүнтэй үндэсний хэмжээний том намыг удирдан УИХ-ын сонгуульд оролцохоор бэлдэж буй эрхэм.

П.Галиндэвт С.Эрдэнэ даргын удирдах арга барил нь таалагдахгүй, мөн л үзэл бодол нь зөрөлдөөд байгаа учраас түүний эсрэг тэмцэхээр шийдсэн нэгэн. АН-ын гаралтай хэсэг залуучуудыг нэгтгэн “Ардчилсан намаа шинэчилье” хөдөлгөөн үүсгэж, Дархан, Орхон зэрэг аймгуудад уулзалт хийж, гарын үсэг зуруулж, С.Эрдэнийн эсрэг ажиллагааг зохион байгуулсан.

Баянгол дүүрэгт С.Эрдэнийн эсрэг бие даан нэр дэвшихээр 5000 гаруй иргэний гарын үсгийг цуглуулж, Сонгуулийн ерөнхий хорооноос батламжаа авсан. Гэвч түүний ялах эсэх нь тодорхойгүй. Баянгол дүүргийг угаас С.Эрдэнэ вангийн улс гэдэг.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.2.133)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.