Д.Төрмөнх: Буян хураана гэдэг бурхны дансанд буянаа хадгалуулж  байгаа юм аа
З.Батхуяг
Ярилцлага
/
2020-05-30

Зохиолч, сэтгүүлч, кино найруулагч Доржхандын Төрмөнх 1980-аад оноос уран зохиол, яруу найраг бичиж эхэлсэн бөгөөд түүний шүлгээр бүтсэн Б.Сарантуяагийн Аниргүйн шивнээ, Т.Ариунаагийн дуулсан Дурлал шиг асна”, Камертон хамтлагийн Халуун тэнгэр, Соёл-Эрдэнэ хамтлагийн дуучин Ч.Насантогтохын Амин насны урсгал, “Хар сарнай”, “Нисванис”, “Булсара”, “Харанга” зэрэг хамтлаг, дуучдын гуч гаруй дуунууд байдаг. Д.Төрмөнхийн зохиолоор бүтсэн Бодлын хулгайч уран сайхны кино Академи авардсын Шилдэг кино зохиол хүртсэнээс гадна зургаан номинацид тэргүүлж оны шилдгийн шилдэг Гран при шагнал авч юм. Түүний Бельгийн вант улсын уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн Нохойн орон” кино дэлхийн кино наадмуудаас 23 тэргүүн, дэд шагнал хүртсэн билээ. Түүнтэй Бурхан багшийн дүйчин өдөр болон бас бус сэдвээр хөөрөлдлөө.

-Бурхан багшийн дүйчин өдөр зургадугаар сарын 2-нд болно. Бурхан багш гэсэн сайхан кино олон ч хүнд хүрч байх шиг. Кино группт тавьсан таны бичвэр олон хүнд юм бодууллаа. Энэ киног хийсэн Zee tv”-гийн захирал Субхаш Чандратай та уулзаж байсан гэл үү?

 

-Тийм ээ, нэлээд хэдэн жилийн өмнө бясалгалынхаа багш Д.Ширэндэвтэй хамт  очиж уулзаж байсан юм. “Зи тв” бол бүр 1992 оноос Энэтхэгийн хамгийн том телевиз болсон маш олон  сувагтай их том телевиз л дээ. “Essel Group” буюу өөрөөр “Zee Group” гэж нэрлэдэг нь Энэтхэгийн  Мумбай хотод  байрладаг Энэтхэгийн конгломерат холдинг компани бөгөөд  тус компани нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, өргөн нэвтрүүлгийн дэд бүтэц гэх мэт олон салбартай   “Zee Media Corporation”, “Zee Entertainment Enterprises”, “Dish” TV, “Siti Networks”-ийн салбар байгууллагуудыг ажиллуулдаг. Субхаш Чандрагийн гэр бүл эзэмшдэг. Эдний л киноны салбар нь хийсэн юм билээ. Субхаш Чандраг мэдээллийн барон гэдэг юм билээ.

-Кино гэхээр тантай их ойр хүн юм даа. Хамтрах талаар та ярилцаж байсангүй юу?

-Анхны уулзалтаар ч үгүй л дээ. Харин уржнан би Ширэндэв багшаараа и-мэйл бичүүлсэн, хариу ч ирсэн. Тэгээд би тийшээ явж энэ “Эссэл” группийн кино хариуцсан хүнтэй уулзсан л даа. Субхаш Чандра өөрөө Энэтхэгийн БИЖИПИ  намаас нэр дэвшээд ялж, парламентын гишүүн болчихсон жил Дели гэнэт явах болоод намайг тэр хүнтэйгээ холбож өгсөн юм.

-Болливүүдтай хамтрах ажил яригдсан болж таарч байна уу?

-Ярьсан л даа, гэхдээ тэдний хувьд бол манайтай хамтрах ямар ч хэрэггүй шахуу шүү дээ. Энэтхэг гэдэг тэрбум илүү хүнтэй маш том зах зээл. Тэгээд тэд хинди хэлээр кинонуудаа хийдэг. Болливүүд гэдэг мөн л Холливүүд гэдэг шиг нэршил болохоос яг нэг тухайлсан компани биш. “Зи” бол тэдний нэг мөнөөр барахгүй нэлээд хүчтэй хэсэгт ордог. Тэд тэр үед тодорхой шийд хэлээгүй ч миний саналыг их сайхан хүлээж авсан.

-Таж Махал монгол хатны бунхан гэдэг дээ. Тэр талаар кино хийх тухай  ярьж үзэв үү?

-Нэгдүгээрт, Таж Махал буюу “Титэм ордон” угаасаа Монгол хатны бунхан биш. Энэ нь 1632 онд Могулын эзэн хаан Шах Жахан өөрийн перс  эхнэр Мумтаз Махалын дурсгалд зориулж босгосон бунхан. Шах Жахан бол бол манай гарвальтай гээд яривал их урт яриа болж орхино. Хоёрдугаарт, Таж Махал нь 1983 онд “Энэтхэг дэх Лалын урлагийн үнэт зүйл, дэлхийн өв соёлын гайхамшигт бүтээлүүдийн нэг” гэдгээрээ ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн байдаг. Энэтхэг улсыг та мэдэх байх, шашны асуудал ихтэй газар. Хинди нарыг энэ лалынхан хядаж сүм хийд, номын санг нь шатааж байсан гээд их олон түүх байдаг учир өнөөг хүртэл Таж Махалын тухай нэг л киног тавиад онд  хийсэн ч тэр нь ерөсөө яваагүй. Тэр ч байтугай Бурхан багшийн тухай энэ кино шиг ийм кино өмнө огт хийгдээгүй байх жишээтэй. Яагаад гэвэл Энэтхэгчүүдийн бараг 90 хувь нь хинди шашинтай.

-Тэхээр таны кино төсөл хөдлөх магадлал муутай гэсэн үг үү?

-Яахав дахиж бид хандсан, зохиолоо ч бичээд, орчуулаад явуулсан байгаа. Саяхан Энэтхэгийн Ерөнхий сайдын хэмжээнд ч ярьсан. Гэхдээ энэ тийм амар бүтэх нь юу л бол. Цаг хугацаа хэрэгтэй. Элчин сайд Модифер Пратаб Сингхтэй ч холбоотой ажиллаж л байгаа. Кино өртөг өндөр, тэгээд тэр том зах зээлд зориулсан кино гэдэг амар бүтэх зүйл биш л дээ. Гэвч оролдож л байна.

-Бясалгал ярих гэсэн биш Бурхны тухай кино гээд кино руу хазайгаад явчихлааСанкара гэж таны бичсэн ном борлуулалт их сайтай байгаа юм билээ. Та үнэхээр тасархай бичсэн байна лээ дээ. Баяр хүргэе гэж бодоод явсан юм. Сая кино группт бичсэнийг чинь хараад номоо яагаад ингэж нэрлэх болсныг  саналаа л даа?

-“Санкара” гэдэг нь хариу үйлдэл гэсэн пали үг. Кармаг үүсгэгч нь санкара юм л даа. Хүний сэтгэл виня, саня, ведна, санкара гэсэн дөрвөн хэсгээс бүрддэгийг Бурхан багш бясалгалаар олж нээсэн байдаг. Далд ухамсар таван мэдрэхүйг хариуцах бөгөөд хэзээ ч унталгүй хариу үйлдлээ хийсээр байдаг. Шөнө унтаж байхад ч гэсэн ялаа нүүрэн дээр суувал үргээж, загатнавал маажиж байдаг нь далд ухамсарын хариу үйлдэл юм. Виня гэх эхний хэсэг жишээ нь дуу орж ирэхэд дуу орж ирлээ гэж зөвхөн таних ажилтай бөгөөд (амтлах, үнэрлэх, хүртэх, харах бүгд адил) үүний дараагийн шат болох саня ажиллаж дүгнэнэ. Энэ авиа хараал байна эсвэл магтаал байна гэж дүгнэдэг байна. Ингээд түүний дараагийн шат ведна буюу мэдрэмж ажиллаж эхлэх бөгөөд сайхан эсвэл муухай мэдрэмж биед үүснэ. Муу үг сонсохоор дотор пал хийгээд бие арзайгаад ирдэг дээ. Муухай амт, муухай үнэр, муухай дүрс, мөн сайхан амт, үнэр, дүрс, хүртэхүй мөн адил. Энэ бол хүний ухаантай, тэнэг, хөгшин, залуу, ер нь юунаас ч хамааралгүй болж байдаг дотоод сэтгэлийн үйлдэл юм. Үүний дараа санкара ажиллаж хариу үйлдэл хийж эхэлнэ. Сайхан мэдрэмжид шунана, дахиад мэдрэхийг хүснэ. Муухай мэдрэмжид дургүйцнэ, уурлана гэх мэт. Энэ санкара насан туршид сайн, муу хариу үйлдлүүдийг хийсээр байх бөгөөд ингэж хуримталсан санкара амьсгал хураах үед гарч ирээд хамгийн их хураасан санкарадаа татагдан дараа төрөлдөө шилждэг гэдэг юм. Тэгэхээр ямар дадал их цуглуулсан байна, тийм дадал хамгийн сүүлд гарч ирээд тийшээ чирнэ гэж ойлгож болно.

-Хойд нас байдаг гэж та итгэдэг байх нь ээ?

-Байлгүй яахав. Би энэ тухай өмнө нь бас нэлээд бичсэн. “Санкара” номонд ч хэд хэдэн бүлэг байгаа. Гэхдээ одоо өөрөөс чинь эхлээд “Бурхан багш” киног үзээд сонирхож байх шиг. Жишээ нь, авьяас гэдэг бол урд насны дадал. Угаасаа самгарьд үг. Утга нь дадал гэсэн утгатай. Манай хэлэнд энэ мэт пали санскрит хэлнээс орж ирсэн үгс олон байдаг. Дивангар гэж ярьдаг, мөн л  одоогоос тооцоолшгүй зуу мянган галвын өмнө Замбуутивд Дипангар (Дивангар) Бурхан заларч байх үeд бидний одоо энэ киногоор үзээд байгаа Сидхарт Гоутам нь Сумэдха нэртэй байж таараад Дивангар бурхнаар бясалгал заалгаж өөрөө гэгээрч болох байсан боловч “Өөрөө ганцаараа жаргахаар бүгдээрээ жаргасан дээр” гэсэн сэтгэл ургаж бодьсатва болж энэ их цаг хугацааг туулж 2500 жилийн өмнө гэгээрсэн гэдэг шүү дээ. Тэгээд манайхан аль дивангарын юм гэж яриад байгаа хэрэг.

-Манайд ер нь бясалгал хэзээнээс анх орж ирсэн гэж үздэг вэ?

-Энэтхэгт Ашок хаан гэж их догшин хаан гарч ирээд дараа нь бурхны бясалгалд орж номын их хаан Ашок гэгдэх болсон үед Монгол руу гурван азар явуулсан гэдэг юм. Азар гэдэг ч бас л ачияара гэх үгний гажсан хувилбар. Одоо ч бясалгалын багш нарыг ачияара гэдэг хэвээр. Энэ үе бол Хүннүгийн үед л дээ. Модунь хааны дараа үе шиг байгаа юм. Тийм эртнээс бясалгал орж ирсэн болохоор их олон үг бүр монголжсон байдаг. “Нэр хугарахаар яс хугар” гэдэг мөн л хан хүү Сидхард хатуу шийдвэрийн бясалгалаар зургаан жил замнах үеийн үг гэдэг. Яс хугарах мэт өвдөвч хан хүүгийнхээ нэр хугарснаас яс хугараг гэж хатуу шийдвэрээр өөртөө өгүүлсэн үг одоо ч манайд явж л байгаа.

-Та өөрөө хэдэн жил бясалгаж байна даа. Санкара”-г уншихад нэлээд эртнээс бясалгасан юм шиг санагдсан?

-Би яахав дээ, уг нь арван хоёр жилийн өмнө л нэвтрүүлэг хийх гэж Энэтхэг яваад л анх суусан. Тэр цагаас тоолбол их л хугацаа. Арав хоногийн бясалгалд лав 15 суусан байх. Гэхдээ санкара ихтэй хүн учир нэг их өөдтэй өөрчлөгдсөн эсэхийг хэлж мэдэхгүй л юм. Тэгээд ч өөрийнхөө түүхийг бичсэн номоо “Санкара” гэж нэрлэсэн. “Үйлийн үр” гэж ч орчуулж бас болох талтай. Гэвч бүтээл их гарч байна, төвлөрөлт сайн болсон, элдэв бодол нисванист автах багассан, дотоод сэтгэлдээ тэгш амгалан жаргалтай болсон гээд өөрчлөлт их орсон. Гаднаас хараад бол хэн ч мэдэхгүй шүү дээ. Бүх юм дотор сэтгэлд л болж байгаа болохоор.

-Тэгнэ дээ. Зовлон гэж таныхаар яг юуг хэлэх бол?

-Ер нь хүн бодолдоо л эхлээд зовдог.Тэгээд ч сэтгэлийн зовлон хамгаас хүнд гэдэг шүү дээ. Өвчин бол мэдээж зовлон. Энэ бол дээр өгүүлсэн мэдрэмж шүү дээ. Өвдөх бол хамгийн хэцүү мэдрэмж. Гэхдээ тэр бас л мөнх бус түр зуурынх байдаг. Шүд өвдөөд жил явна гэж байхгүй шүү дээ. Үүн дээр сэтгэлийн зовлон нэмэгдэхээр л зовлон амилдаг. Бүх юм түр зуурынх байдаг. Сайхан ч түр зуур, муухай ч түр зуур. Тэгээд яагаад би бодол зовлон гэсэн бэ гэвэл нэгэнт өнгөрсөн болгонд зовоод байх нь их элбэг. Жишээ нь, ихэнх хэрүүл өнгөрснөөс үүддэг шүү дээ. “Тэгэхэд чи тэгээ биз дээ” гээд л эхэлдэг. Өнөөх нь ч “Тэгвэл чи тэгж байснаа мартаа юу” гээд л үргэлжилнэ. Бурхан багш “Өнгөрсөн гэж байхгүй, яагаад гэвэл өнгөрсөн учраас. Ирээдүй гэж байхгүй, яагаад гэвэл болоогүй учраас” гэж айлдсан байдаг. Уг нь их энгийн юм л даа. Ирээдүй, өнгөрсөн хоёрыг сөхөж өнөөдрөө баллаад байгаад л хамаг зовлон байгаа юм. Хүсэл ч гэсэн сэтгэл ханамжгүй байдал. Одоодоо сэтгэл ханахгүй болохоор хүсэж эхэлдэг. Мэдээж хүсэл гэдэг өнөөх ирээгүй ирээдүйд чиглэсэн байдаг. Тэгэхээр одоо байгаадаа сэтгэл ханах хамгийн эхний жаргалын түлхүүр болж байгаа биз.

-Цахим ертөнцийг та юу гэж бодож байна. Зовлонгийн ном ч юм шиг санагдах үе байх юм?

-Яахав, санкарагийн л ном юм уу даа. Байж байгаа царай нь энэ. Сэтгэлийн хөдлөлөө шууд тавьдаг болохоор өнөөх л одоодоо сэтгэл ханаагүй, ихэнхдээ муу бүхнээ уудалдаг газар. Өнөөх л хариу үйлдлийг эндээс тод харж болно. Гэхдээ бас пянз цуглуулагчдын клуб, номын элдэв группүүд  энэ тэр гээд бас сайхнаа хуваалцдаг групп бас олон байнаа. Би жишээ нь, гадны хөгжим, пянз тоглуулагч, өсгөгч гэх мэт сонирхдог зүйлийнхээ групүүдэд лайк дараад нэгдчихсэн болохоор их юм олж мэддэг. Мөн википедиа гэж маш том  нэвтэрхий толь байна гэх мэтээр интернэт бол ёроолгүй сав шүү дээ. Хэн юу сонирхохоос л хамаарна. Бас сэтгэлийн тэгш амгаланг ч шалгадаг талбар. “Сайн ану миний багш, муу ану бас миний багш” гэсэн хуучны сургааль байдаг даа. Уг нь сайхныг хуваах тусам үрждэг юм шүү дээ. Хүүхдийг хар л даа. Жаргалын үйлдвэр. Дандаа сайхныг хуваалцаж, түгээж явдаг биз дээ. Томчууд бид л зовлонгоо тарааж суудаг юм шүү дээ.  

-Та одоо ямар бүтээл дээр ажиллаж байна даа?

-“Монголыг дэлхийд таниулсан ах дүү хоёр” гэж нэг ном дуусаж байна. Жүдогийн дасгалжуулагч хөдөлмөрийн баатар, ардын багш Ч.Насантогтох, дүү чөлөөт бөхийн дасгалжуулагч, ардын багш Ч.Дамдиншарав гуай хоёрын тухай ном. Гэхдээ явж явж чөлөөт, жүдо, самбо бөхийн тухай л ном болж байх шиг.

-Таныг бөхийн тухай ном бичнэ гэж ёстой санасангүй шүү?

-Үгүй яахав, бөх гэхээсээ хүний л тухай л даа. Хэнд нь ч хөдөлмөрийн баатруудаас яриа орж байна даа.  “Хаан хүнс” группийн захирал Д.Бадамдорж  гэж миний багын найз байдаг. Бөх байсан хүн л дээ, тэр маань л “Багш нарыгаа номтой болгож  өрөө дармаар байна, чи л арай өөр уншууштай юм бичиж мэднэ” гэж надад хандсан. Спортын сэтгүүлч нэг эмэгтэй хамжилцлаа. Хөрөг ном хэд хэдийг бичсэн болохоор ярилцлагуудад л түшиглэсэн ном болж байгаа. Г.Аким ах ариутган шүүсэн. Нэг их удахгүй хэвлэгдэх байх. Бас нэг сериалын зохиолтой суугаа. Гэхдээ киног эхлээд ярьчих дэмий байдаг. Удна, нэлээд олон ангитай кино. Энэ өнгөрсөн хорин жилийн түүхийг хамрах юм. “Монте Кристо”-рхуу ч гэхүү дээ, нэг тиймэрхүү кино зохиол энэ зунжин бичих байх даа, яагаа ч үгүй байхад ярих эрт. Бас  нэг роман эхлээд нэлээд явууллаа.

-Бурхан багшийн дүйчин өдрийн талаар хоёулаа уг ярилцаж эхэлсэн дээ?

-Бурхан багшийн төрсөн, гэгээрсэн, нирваан дүрийг үзүүлсэн гурван өдөр давхацсан өдөр шүү дээ. Монгол Улсад энэ жилээс албан ёсоор амардаг болж байна. Азийн ихэнх орон амардаг. Буддистүүдийн л гол тэмдэглэлт өдөр шүү дээ. Бид одоо загалтайтны тооллоор он цагаа тоолж байгаа үед их онцгой өдөр яах аргагүй мөн. Энэ өдөр зүгээр нэг өдөр байсан бол Бурхан багш төрж% бас гэгээрч, мөн нирваан дүрийг үзүүлэх үү гээд бодвол их учиртай өдөр. Энэ өдөр буян хураавал хэдэн түм дахин үржих ёстой гэдэг энгийн л үнэн юм даа. Мэдээж маш чухал өдөр. Бүгдээрээ энэ өдөр буян хураавал өөрт нь л эргээд ирнэ шүү дээ. Буян хураах гэдэг бурхны дансанд буянаа хадгалж  байгаа юм даа.

Ярилцсан МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Батцэнгэл

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.189.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.