Б.Бат-Амгалан: Монгол улс далайд гарцгүй ч оюун ухаанаараа ДЭЛХИЙД ГАРЦТАЙ улс
Б.Баабар
Ярилцлага
/
2020-05-30

“Тод номын гэрэл төв”-ийн УЗ-ийн дарга, “Юмжаагийн Цэдэнбалын Гал Голомт” ТББ-ын тэргүүн Б.Бат-Амгалантай түүх, эх хэл, соёлын дархлааны талаар ярилцлаа. Тэрээр “Тод номын гэрэл төв”-ийг үүсгэн байгуулж, түүхийн архивыг эх сурвалжтай цуглуулж түүгээрээ 111-н цуврал гаргаад буй юм.

-Та чинь аль нутаг усны хүн бэ. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Баатаржавын Бат-Амгалан гэдэг. Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн харъяа. 1980 онд Увс аймгийн Улаангом хотын Хоёрдугаар 10 жилийн дунд сургуульд ороод 1990 онд Ардчилал эрх чөлөөний тайван хувьсгал мандаж байх үед 10 дугаар ангиа төгссөн. Тэгээд Орос хэлээр шалгалт өгөөд Хуучин Орос хэлний дээд сургуулийн Гадаад хэлний дээд сургуулийг анхны англи хэлний багшаар төгссөн. Мөн Эрх зүйч мэргэжил эзэмшсэн. Удирдлагын академийг Төрийн захиргааны магистраар төгссөн.

-Хаана ямар боловсрол эзэмшиж, аль газар ажиллаж байсан бэ? Таныг анхны англи хэлний багш нарын нэг гэж сонссон

-Ажлын гараагаа одоогийн СЭЗИС-д англи хэлний багшаар эхэлж байсан. 2001 оноос хувьдаа гарч аялал, жуулчлал, уул уурхай, геологи, хайгуулын ажил гадаад дотоодын компаниудад зөвлөгөө өгөх, консалтинг компани байгуулж ажиллаж ирсэн. Үндэсний хэл соёл, дархлаагаа хойч үедээ, үр хүүхэддээ өвлүүлэн үлдээх зорилгоор түүх, соёл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв”-ийг Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн нийлсэн таван залуу үүсгэн байгуулсан. Өнөөдөр уг төвийнхээ түүхийн 14 дэх жилийн хуудсыг эргүүлж байна. Өнгөрсөн хугацаанд түүх соёлоо эрхэмлэдэг үндэсний үзэл, өвөг дээдсийн захиас сургаалийг биелүүлдэг хүмүүсийн хүрээлэл дунд уг төв маань тасралтгүй үйл ажиллагаа явуулж нийтдээ үндсэн цуврал 111-ийг гаргасан байна. “Ойрад судлалын номын сан буюу BIBLEOTICA OIRATICA” гэсэн нэртэй цуврал гарч байна. Үндсэн цувралаасаа гадна бид сүүлийн 11 жил намтар судлалын дэд цувралуудыг гаргаж байна. Уг цувралын 11 дугаар гарсан. Энд нийт монголчуудын түүхийн салшгүй нэг хэсэг болсон баруун монголчууд, ойрад монголчуудын түүх, соёл, хэл бичиг, шашин, ахуй судлалын чиглэлээр нэртэй эрдэмтдийн хийж буй судалгаа бий. Мөн олон улсад нэрд гарсан монголч эрдэмтэд, монгол туургатан буюу гадаад улсын иргэд, монгол хэл соёлоо хадгалж яваа дэлхийгээр тархсан ахан дүүс, өв соёл тээгч, судлаач, ардын билэг зүйчидтэй холбогдож энэ чиглэлийн холбоо хэлхээгээ сайн хөгжүүлж байна.

- Монгол Улсын өнөөгийн хөгжил цэцэглэлтийг хэрхэн хардаг вэ. Засаж залруулах зүйл юу байна вэ...

-Монгол орон ХАА, газар тариалангийн эдийн засгийн суурьтай. Сүүлийн 30 жил зах зээлийн эдийн засагт шилжиснээр монгол орны эдийн засагт уул уурхайн салбар голлох байр суурийг эзэлж байна. Миний хувьд мал аж ахуй, газар тариалангийн салбарыг түлхүү хөгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Бас үүнийгээ шинэ техник технологийг хэрэглэн улам сайжруулан ажиллах хэрэгтэй. Манайхыг далайд гарцгүй гэдэг. Гэхдээ далай шиг хоёр хөрш байна. Дэлхийн хоёр том зах зээл байна. Энэ зах зээл рүү чиглэсэн МАА, газар тариалангийн наад захын бүтээгдэхүүнийг хоёр хөршрүүгээ нийлүүлэх хэрэгтэй. ЖДҮ-г танил талтай нь авдаг, томчууд авдаг, мэдээлэлд ойрхон нь авдаг баймааргүй байна. Энэ мэт зүйлс хийх шаардлагатай. Мөн залуучууддаа боломж олгох хэрэгтэй. Салбар болгондоо амжилт гаргаж буй мундаг залуусыг зөв бодлогоор, зөв удирдах хэрэгтэй. Монгол улс далайд гарцгүй ч оюун ухаанаараа дэлхийд гарч чадах улс. Энийг батлахын тулд бид залуучууддаа боломж олгох нь зүйн хэрэг. Жишээлбэл, олон улсын IELTS, TOFEL-ийн шалгалт өгсөн залуусыг урамшуулдаг байх хэрэгтэй. Ямар нэг дамжаа эсвэл дипломны цаас харах биш олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийд тэргүүлэх сургуульд тэнцсэн залуусыг төрөөс дэмждэг ийм л системийг бий болгох хэрэгтэй.

-Амжилт гэж юу вэ. Та өөрийн амжилтаасаа хуваалцаж болох уу?

-Би сүүлийн 14 жил би хэн бэ гэдэг асуултад хариулт авахыг зорьсон. Би баруун монгол. Түүхийн үүднээс авч үзвэл зүүн гарын хаант улсын хойч, ойрад монголчууд. Яагаад баруун монголчуудыг бага ястан гэж хардаг юм бэ. Яагаад бидний хэл аялгуу өөр байна вэ гэх мэт асуултад хариулт авахын тулд сүүлийн 14 жил эрдэм шинжилгээний чиглэлд өөрийнхөө сэтгэл санаа нэгт эрдэмтэн мэргэдтэй хамтарч ажилласан байна. Өмнө хийж байсан зүйлсээс харахад би нэг л зүйлийг ойлгосон. Монгол бол нэг цул бөх бат үндэстэн. Монголчуудын гарал үүсэл нэг. Харин тэр сагалагар модон дотор өв соёл, хэл аялгуу, уртын дуу, өв уламжлал гээд олон солонгорсон өнгө байна. Монголчууд баруун зүүн монголчууд, халх, буриад, халимаг, тува, өвөр монголчууд зэрэг өөр өөр газраас ирсэн юм шиг ондоошлыг зарим түүхийн мэдлэггүй хүмүүс ярьдаг. Тийм биш. Энэ бол тухайн үеийн эрх мэдэл, хаад ноёдын эзэмшлийн газар, улс төрийн хувиарлалтын үр дүнд бий болсон нэр томьёонууд юм. Энэ чиглэлийн ажил хийснээ өөрийн хувьд амжилт гэж дүгнэдэг.

-Таны хувьд хамгийн том ялалт юу вэ?

-Хамгийн анх ТББ байгуулахад зарим хүмүүс их өөр өнцгөөс харж байсан. Бизнес болгох гэж байгаа юм уу эсвэл өөрийгөө таниулах гэж байгаа юм уу, өөрийгөө алдаршуулах гэж байгаа юм уу гэсэн байдлаар харж байсан. Хамгийн гол нь бид өөрийн түүх, өв соёлоо ирээдүй хойчдоо бичиж үлдээж байна. Монголын түүх, өв соёл дандаа аман уламжлалтай байдаг. Өнөө цагт бид болон бидний хүүхдүүд өвөг дээдсээ өөрөөсөө дээш гурав, дөрвөн үе мэдэхгүй байна. Дээрээс нь өв тээгчид ховордож байна. Сүүлийн үед түүхээ зохиож бичдэг хүмүүс гарч ирж байна. Түүхээ гуйвуулдаг. Ямар нэгэн байдлаар бодитоор болсон юм шиг кино, уран зохиолд гаргаж байна. Энэ мэт шалтгаан, шаардлагууд буй учир бид архивын баримтыг ашиглаж түүхэн эх сурвалжийг хойч үедээ үлдээж буй юм. Бид үүнийг хийхэд төсвөөс нэг ч мөнгө аваагүй. Уг нь бидний хийж буй зүйлийг төрийн бодлогоор дэмждэг байх хэрэгтэй.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.135.14)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.