УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын 2016-2020 оны ажлын тайлан
Үйл явдал
/
2020-06-01

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир нь Баянхонгор аймгийн Галуут, Гурванбулаг, Заг, Жаргалант, Эрдэнэцогт, Баян-Овоо сумдууд буюу УИХ-ын сонгуулийн есдүгээр тойргоос сонгогдсон. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл санаачлах чиг үүргийн хэмжээнд нэр бүхий гишүүд хамтран болон өөрөө санаачлан арав гаруй хуулийн төслүүдэд ажилласан байна. Онцлох хуулийн төслүүдийн ач холбогдол үр өгөөжийг товчхон тайлбарлахад:

 

1.Бидний эцэг хууль болох Үндсэн хуулийн өөрчлөлтийг хамтдаа шийдвэрлэлцсэн. Энэ бол түүхэн бас их хариуцлагатай үйл хэрэг.

                                   

2.Хөдөө хөхөрч, Гадаа гандаж Зундаа халж, Өвөлдөө хөрж цаг наргүй хөдөлмөрлөж уламжлалт мал аж ахуй эрхэлж, өв уламжлалыг тээж, улсын маань газар нутгийн харж хамгаалж, эзэнтэй байлгадаг мөн нийслэлчүүдээ эрүүл хүнсээр хангаж байдаг. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгдийнхээ эрх ашгийг хамгаалах хөдөлмөрийг бодитоор үнэлэх зорилгоор нэр бүхий гишүүдийн хамт Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг батлууллаа. Тус хуулийн зохицуулалтаар Эмэгтэй 50, Эрэгтэй 55 настайдаа тэтгэвэрт орох боломж нэмэгдэж байгаа юм. Одоогоор 8020 малчин шинээр тэтгэвэрт тогтоолгож 11,0 орчим тэрбум төгрөгний тэтгэвэр олгосон байна.

 

3.Эрүүл хүнс байж Эрүүл хүн аж төрнө. Манай орны хувьд малын эрүүл мэнд, малын үржил селекц, малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлэх асуудлыг хайхрамжгүй орхигдуулсан байсан. Сүүлийн жилүүдэд малын шүлхий өвчин гарч, хүн, малын хөдөлгөөнийг хорьж, улсад ч, малчдад ч ихээхэн бэрхшээл, хохирол учруулж байлаа. Тиймээс БОХХААБХ-ны даргаар ажиллах байхдаа Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслүүдийг санаачлан УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан. Энэ нь малд ч, малчдад их ач холбогдолтой юм.

4.Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, тэдний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтаар тогтвортой, бодитой дэмжлэг үзүүлэх шаардлагатай учраас Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг батлууллаа.

 

Улсын үндэс газар. Хариуцлагагүй уул уурхайтай хуулийн хүрээнд байнга тэмцэж байна. Хуулийн хүрээнд аливаа зөрчилгүй сум орон нутгийн төсөв санхүүд нэмэртэй, орон нутагт ажлын байрыг тогтмол нэмэгдүүлж үйлдвэрлэлийн аюулгүй байдлаа хангаж, байгальд ээлтэй технологийг ашигладаг уул уурхайн компаниуд цөөнгүй. Харин хууль зөрчсөн байгальд экологид сөрөг нөлөөтэй, сум орон нутгийн иргэдийн дэмжлэгийг аваагүй хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагааг таслан зогсоох хэрэгтэй гэж боддог.

 

1.Одоогоор тойргийн сумдын иргэд, хөдөлмөрчдийнхөө хамт  Гурванбулаг сум, Галуут сум, Баян-Овоо сум, Заг сумдын нутагт байршилтай зургаан алтны уурхайн лицензийг цуцлууллаа. Жаргалант, Хүрээмарал, Баян-Өндөр сумдад дахин хууль бус уурхайн лицензүүдийг цуцлуулахаар ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт Баян-Өндөр сумын нутагт байршилтай нэг газрын лицензийг цуцлуулахаар хүсэлт хүргүүлээд байна. Иргэдийн дэмжлэг асар их хүч өгдөг. Алтны зарим уурхайн эздээс дарамт шахалт их ирдэг шүү.Энэ нь байгаль орчныг хамгаалах, бэлчээрийг нэмэгдүүлэхэд чухал юм.

 

2.Мөн байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүй, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий тойргийн хэмжээнд Галуут сумын Баянхонгор хайрхан, Гурванбулаг сумын Хөх нуур, Галуут сумын Хан Уул орчмын газар нутгийг авахуулах, улсын хэмжээнд зургаан аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийг хамарсан талбайг Улсын тусгай хамгаалалтад авч талбайн хэмжээ 1 298 047 га-аар буюу нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь 0.83 хувиар нэмэгдүүлсэн. Ингэснээр32 759 268 га буюу Монгол Улсын тусгай хамгаалалттай нийт газар нутгийн 20.94 хувийг эзлэх юм. Тус ажлын хэсгийг ахлаж байна. Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг 2020 оны тавдугаар сарын зургааны өдрийн Байнгын хорооны хурлаар дэмжүүллээ.

                       

УИХ гишүүдийн хамгийн чухал ажил бол сонгогчдын санаа бодлыг дээд шатны байгууллагад уламжилж, тэдний боловсрол, эрүүл мэнд, ажиллаж амьдрах орчинд анхаарал  хандуулах, ажлын байрыг нэмэгдүүлэх нь бидний нэг үүрэг.

1.Тухайн сумдад улсын төсөв, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлыг жил бүр батлуулахыг эрмэлзэн ажилласан. Гэхдээ дээр хэлсэнчлэн тухайн сум орон нутгийн иргэдэд нөлөөлөх ач холбогдол, хүртээмжийг нь тооцож эрэмблэн шийдүүлэхийг хичээдэг. Суманд бүтээн байгуулалт өрнөнө гэдэг ажлын байр нэмэгдэнэ, үйлдвэр худалдааны эргэлтэнд ч нөлөөлдөг малчдын мах, сүүнээс авахуулаад, мөн баригдаж буй барилга байгууламжид нь туслах ажилтнаас эхлүүлээд залуус ажилчихдаг. Онцлох ажлуудыг дурдахад Баянхонгор сумын 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилга, Хангайн сум дундын Өлзийт голын буюу Ганцын гармын гүүр, сумдын Соёлын төв, цэцэрлэг, сургуулийн барилгууд байна. Барилга байгууламжийн засвар үйлчилгээ нилээн хийгдсэн.

2.Үе үеийн УИХ-ын гишүүдээс хувийн хөрөнгө санхүүжилтээрээ тойргийн иргэдийн амжиргаанд нэмэр болох, эрүүл мэндийн үзлэг оношилгоог үнэ төлбөргүй зохион байгуулах, зарим шаардлагатай бүтээн байгуулалтын ажлыг хийдэг нь тийм ч олон байдаггүй. Энэ хугацаанд 300 гаруй сая төгрөгөөр нэхий элдэх, боловсруулах жижиг үйлдвэрүүд, 100 гаруй сая төгрөгний төсөвтэй ЦДШ сүлжээ, япон улсад үйлдвэрлэгдсэн яаралтай түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин, сүм дуганы барилга байгууламж, эмчилгээ, сувиллын зардал, оюутны тэтгэлэгт гээд чамгүй төсөв гаргасан.

 

3.2018 хаврын, 2019 намрын чуулганд тойрогтоо хамгийн олон өдөр ажилласан гишүүнээр тодорсон.  Манай тойрогт долоон сум, 32 тойрог байдаг. Тойрогтоо бүтэн нэг сар гаруйн турш ажиллаж “ХАМТДАА” нэртэй өдөрлөг, олон талт арга хэмжээ зохион байгуулж иргэн бүртэй гар барьж биечлэн уулзаж тэдний санаа бодлыг сонсож, харилцан ярилцаж олон асуудлыг шийдлийг хамтдаа олсон.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.47.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.