Э.Батшугар: НИЙГМИЙН ЗАХИАЛГА эсэхээ мэдэхгүй байна. Намаас л нэр дэвшүүлсэн
З.Батхуяг
Ярилцлага
/
2020-06-03

УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа хуулийн дагаа эхэлж байна. Хуульд зааснаар нам эвсэл нэр дэвшигчид болон бие даагчид СЕХ-оос олгосон нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа.

МАХН, МУНН, ИЗНН-ын хамтарсан “Та бидний эвсэл”-с нэр дэвшигчид МАХН-ын байрны гаднах талбайд цуглан үнэмлэхээ авлаа. Энэ үеэр УИХ-ын сонгуулийн 28-р тойрог, Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдөх эрхээ авсан МАХН-ын гишүүн Намбарын Энхбаярын Батшугартай цөөн хором ярилцлаа

Юун түрүүнд нэр дэвшигчийн батламжаа гардаж авсанд баяр хүргэж, амжилт хүсье.

Баярлалаа.

Таны хувьд анхны сонгуульдаа оролцож “сонгогдох эрх”-ээ эдлэх гэж байна. Ямар сэтгэгдэл төрж байна вэ?

Анхныхаа улстөрийн сонгуульдаа оролцох гэж байна. Маш их хариуцлага ирж байна. Хичээнээ.

“Та бидний эвсэл”-с нэр дэвшиж байна. Танай тойрогт шийдэх ёстой ямар асуудал байна вэ. Та ямар асуудалд голлон анхаарах вэ?

Манай МАХН болон “Та бидний эвсэл”-с хамтран гаргасан “МОНГОЛЫН ГУРВАН БАЯЛАГ” мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд л асуудалд хандана. Манай тойрогт шийдэх ёстой олон асуудал бий. Нэгдүгээр өрх бүрийг үнэгүй орон сууцанд хамруулна. Хоёрдугаарт хүссэн хүн бүрд үнэгүй боловсрол олгоно. Гуравдугаарт ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүрд хүрэлцэхүйц хангалттай цалин олгоно. Ийм болгохын тулд зөв, тогтвортой эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлнэ.

Та бол Монголдоо танигдсан хүчтэй  улстөрчийн хүү. Аавынхаа явсан улстөрийн замналаар орлоо. Энэ адармаатай замд хэр хол явна гэж бодож байна вэ?

Маш их хариуцлага өвөртлөн анхныхаа сонгуульд оролцох гэж байна. Манай аавыг хүчээр сонгогдох эрхийг нь хязгаарлаж байна. Эцсийн цэгт үнэн ялна гэдэгт итгэж байна.

Монголын нийгэмд бохирдсон, намууд бүлэглэл болсон гэж танай нам шүүмжилдэг. Гэтэл өнөөдөр та гурван хүчтэй бүлэглэл дундаас нэр дэвшиж байна шүү дээ?

Ер нь бол үнэн шүү дээ. Улстөрийн нам бус ашиг сонирхолоороо нэгдсэн бүлэглэлүүд бий болчихсон. Шинэ, хуучин МАНАН байгаа нь үнэн.

Шинэ МАНАН үүчихсэн гэж үү?

Тийм..

“Миний хүү нийгмийн захиалгаар нэр дэвшиж байгаа” гэж өнгөрсөн сард аав тань яриа өгсөн байна лээ... Та яг нийгмийн захиалгаар нэр дэвшиж байна уу...?

/Инээв./ Мэдэхгүй. Мэдээж манай намын анхан шатны  байгууллагаас л миний нэрийг дэвшүүлсэн. Нийгмийн захиалга эсэхээ мэдэхгүй.

Та энэ удаагийн сонгуульд ялалт байгуулна гэдэгтээ хэдэн хувь итгэлтэй байна вэ?

 Тэрийг ард түмэн шийднэ. Би хувьдаа бүх чадлаараа хичээх болно.

Танд баярлалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.197.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.