Улс гэрийнхээ ачааг үүрэлцэхээр УИХ-д нэр дэвшсэн уран бүтээлчид
Нийтлэл
/
2020-06-06

УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшиж байгаа нам, эвсэл, бие даагчдын нэрсийн жагсаалтыг Сонгуулийн ерөнхий хорооноос зарлалаа. СЕХ-ны зарласнаар УИХ-ын сонгуульд нийт 606 хүн оролцох юм байна. Эдэн дотор нэр дэвшигч уран бүтээлчид хорь гаруй байгаа аж. Архангайн 1дүгээр тойрогт Ж.Мөнхбат, Дундговь, Говьсүмбэрийн 6дугаар тойрогт Гомпилдоогийн Мөнхцэцэг нарын “Болор цом” наадмын тэргүүн шагналт яруу найрагчид МАН-аас нэр дэвшиж буй бол “Болор цом”-ын хошой шагналт яруу найрагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шашин, соёлын бодлогын зөвлөх, Соёлын гавьяат зүтгэлтэн Цоодолын Хулан Баянзүрх дүүргийн 22дугаар тойрогт бие даан нэрээ дэвшүүлжээ. Мөн “Аавын охин, хүний хань бас охидын ээж. Эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх чин хүсэлтэй” телевизийн сэтгүүлч Доржзовдын Энхтуяа Дархан хотын 19дүгээр тойрогт АН-аас нэр дэвшиж буй бол УИХ-ын гишүүн асан, сэтгүүлч Гантөмөрийн Уянга Чингэлтэй дүүргийн 25дугаар тойрогт АН-ыг төлөөлөн нэрээ дэвшүүлэв. Энэ удаагийн сонгуульд нийгмийг эрүүлжүүлэх тангарагтай сэтгүүлчид цөөн төдий боловч нэрээ дэвшүүлсний нэг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Хархүүгийн Мандахбаяр Өмнөговь аймгийн 11дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшээд буй. Ерээд оны эхээр Монголын утга зохиолд “Хөх зул” яруу найргийн номоороо орж ирж, Нобелийн шагналтнуудын лекцийг утга төгс монголчилсон яруу найрагч, орчуулагч  Лувсанцэрэнгийн Энх-Амгалан Хөвсгөл аймгийн 17дугаар тойрогт МАН-аас дэвшээд байгаа. Түүнийг өнгөрөгч сонгуулийн жилүүдэд УИХ-ын дэд даргаар ажилласныг уншигчид мэдэх байх.

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн захирал асан Мянганбуугийн Наранбаатар “Та бидний эвсэл” (МАХН-ИЗН-МУНН)-ээс “МАНАН бүлэглэлийн хуйвалдааны системийг өөрчилж, төрийг жинхэнэ утгаар нь цэвэрлэн, бүгдэд тэгш боломж олгох бодлого дэвшүүлэн УИХ-ын сонгуулийн Сонгино-Хайрхан дүүргийн 28-р тойрогт нэр дэвшээд байна.

УИХ-ын сонгуулийн 9дүгээр тойрог Завхан аймагт телевизийн нэрт сэтгүүлч Бибишийн Баасанбямба бие даан нэр дэвшсэн бөгөөд “Шинэ сонголт: МАНАНгүй маргааш” уриа сонгожээ. Б.Баасанбямбын хувьд аймгийн ИТХ-д сонгогдон ажиллаж иржээ. “Өдрийн сонин”-ы улстөрийн албаны сэтгүүлч, Гэр хорооллын дахин төлөвлөлт “Гудамж” төслийн санаачлагч Ягааны Мөнгөнцэцэг Гэр хорооллын хөгжлийн намаас Сонгинохайрхан дүүргийн 27дугаар тойрогт нэр дэвшсэн бол Төв аймгийн Бүрэн сумын уугуул хуульч, сэтгүүлч Ширчингийн Сүхбаатарын хүү Эрдэнэболд АН-аас Сүхбаатар дүүргийн 24дүгээр тойрогт нэр дэвшжээ.

Я.Мөнгөнцэцэгийн хувьд “Гэр хорооллынхон улстөрчдийн амаа арчаад хаядаг нэг удаагийн цааш биш. Одоо хөгжих цаг болсон. Үүний төлөө бид тэмцсэн. Гэр хорооллын дуу хоолой парламентад орж, гэр хорооллынхон засаглал авч байж гэр хороолол хөгжинө. Тиймээс гэр хорооллынхны дуу хоолой болж олигархиудын эсрэг хүч тэнцвэргүй тулаанд өрсөлдөнө. Би эрх мэдэлд хүрсэн олигархи биш. Би эгэл амьдралаас ургаж байгаа энгийн та бүхний төлөөлөл. Надад мөнгө байхгүй. Надад газраараа бизнес хийдэг эрхтэй болж, үр хүүхэд нь энддэггүй эрүүл аюулгүй орчинтой амьдрал хүссэн Гэр Хорооллынхон л байна. Тэдний төлөө тэмцэх зүрх зориг сэтгэл байна” гэсэн чин эрмэлзэлтэйгээр их улстөрд хүч үзэх зорилгоо тодорхойлжээ.

Багануур, Багахангай, Налайх дүүргийн 21дүгээр тойрогт нэвтрүүлэгч Гомбосүрэнгийн Чоглоонамжил бие даан нэр дэвшиж буй бол түүхийн ухааны доктор Цэрэнбалтавын Минжин Баянзүрх дүүрэгт бие дааж хүч үзэхээр шийдсэн байна. Сэтгүүлчдээс мөн телевизийн сэтгүүлч, ЭМЯ-ны сайд Даваажанцангийн Сарангэрэл МАН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн. Зураачдын төлөөлөл бол “хөлөөрөө зурдаг” Лүүрэвийн Өнөрчимэг Хөгжлийн хөтөлбөр намаас Баянзүрх дүүргийн 22дугаар тойрогт, “сүнс зурдаг” зураач, яруу найрагч Дамбын Одгэрэл Хэнтий аймгийн 18дугаар тойрогт ШИНЭ эвсэл (ШИНЭ нам, Бүгд найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Монгол Үндэсний ардчилсан нам)-ээс нэр дэвшээд байна.

Парламентын дөрвөн удаагийн гишүүдийг шогчлон зурж ном гаргасан улстөрийн шог зураач, хүүхдийн үндэсний “Би чадна” контентыг хөгжүүлэгч багш Адьяагийн Бат-Эрдэнэ Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23дугаар тойрогт нэр дэвшээд байна. “Монголын хувь заяаны төлөө” уриатай улстөрд орж буй эрхэм Шогч харандаа А.Бат-Эрдэнэ цахим хуудсандаа “Би худлаа амлаж чадахгүй, хулгай хийж чадахгүй. Урваж шарваж чадахгүй.Улсаа МОНГОЛОО худалдаж чадахгүй” гээд “Гэмт үйлдлээ нуун дарагдуулж орогнох газраа олж ядан дэвшигч, бузар аргаар баяжсан мөнгө хүүлэгч бэтэг сэтгэлтэн барагдашгүй шуналт дэвшигч, ирээдүй хойчдоо их нүгэл хийгч газар шороо сэндийлэгч гахай мэт гөлөв доловтонгуудыг л бүү сонгоорой. Бие даан дэвшигч бид хэдийгээ ялган тунгааж,түрийвч рүү нь биш зорилго руу нь өнгийж шүүслэж сонгоорой” гэж түмэн олондоо сонордуулга илгээсэн байна.

Сүхбаатар дүүргийн 24дүгээр тойрогт ШИНЭ эвслээс Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын зохиолчдын эвлэлийн дарга асан, судлаач, шүүмжлэгч Цэндийн Энхбат нэр дэвшиж буй бол “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч Пүрэв-Очирын Анужин Сонгино хайрхан дүүргийн 28дугаар тойрогт МАН-аас өрсөлдөхөөр шалгарсан. Булган аймгийн 4дүгээр тойрогт МАН-аас орчуулагч Цогт-Очирын Анандбазар нэр дэвшсэн. “Сод Монгол” группын ерөнхийлөгч тэрээр өмнө нь Дорноговь аймагт хоёр гурван ч удаа нэр дэвшсэн ч “Бурхан аавын буг шиг хүү” гэж түүнийг огт хүлээж аваагүй гэдэг. Одоо мань эр нагац ах Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч, яруу найрагч Зундуйн Дорж агсны алдар хүндэд дулдуйдан, Мал сүргийг Гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлигийн ерөнхийлөгч гэдэг нэрийн далбаан дор Булганыг зориод буй. Зундуйн Дорж агсны Мал сүргийн хулгайн эсрэг уриаг малгай болгон УИХ-д АН-аас дэвшиж буй нэгэн бол medee.mn сайтын захирал, сэтгүүлч Осормаагийн Батханд юм. АН-ын Хэвлэлийн албаны дарга О.Батханд нь талийгаач яруу найрагчийн төрсөн охин гэгддэг ч овгийг нь огтхон ч аваагүй юм байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 29дүгээр тойрогт гурван мандатын төлөө гучин хүн өрсөлдөж буй бөгөөд өнөө цагийн нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, түүхч Баасангийн Наминчимэд “Та бидний эвсэл”-ээс  нэр дэвшсэн байна. “Тогтолцоог өөрчлөхгүйгээр хөгжлийн гацаанууд арилахгүй. Хэл, соёлоо манана” уриатай улстөрийн тэмцэлд орж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын Үндэсний зөвлөлийн гишүүн Б.Наминчимэд Говь-Алтай аймгийн Бугат сумын “Социализмын зам” нэгдлийн Хонь үржлийн фермд хоньчин,  “Өдтэй бичиг” сонинд сэтгүүлч, МАХН-ын Удирдах зөвлөлд хэвлэлийн төлөөлөгч, “Үнэн” сонины Улс төр, гадаад мэдээллийн албаны дарга, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт ерөнхий редактор, газрын дарга, АНУ-ын Вашингтон хот дахь тусгай сурвалжлагч, Америкийн монголчуудын “Даяар Монгол” сонины эрхлэгч, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга, сонин сэтгүүлүүдийн нэгдсэн редакцийн ерөнхий эрхлэгч зэрэг хариуцлагатай алба хашиж ирсэн Монголын шилдэг сэхээтнүүдийн нэг аж. Тэрээр “Аригбөх хаан”, “Хантайширийн цадиг хууч оршвой”, “Эгнэшгүй нөхрийг олов”, “Бурхан мэт насанд нь”, “Монголоо нэхэж буй Монгол”, “Аугаа эрин” туульсын романы тэргүүн дэвтэр. “Хөх илдний очис”,  “Шинж” зэрэг түүх, уран зохиол, соён гэгээрлийн олон арван ном туурвиж, Дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын “Эрдэнэсийн сан-108” цувралыг бүтээлцсэн төдийгүй утга зохиол, түүх, сэтгүүлзүйн чиглэлээр 150 орчим номын редактор, зөвлөхөөр ажиллажээ. Соён гэгээрүүлэгч Б.Наминчимэд “Залуус маань хэрхэн яаж арга чарга, сүйхээ самбаатай улс төрч болох вэ, эсвэл яаж их мөнгөтэй болох вэ гэсэн аар саархан зүйлд эрч хүчээ сорихоос бус ухаарч, сэхээрч, ойлгож, танин мэдэх гэж тэмүүлэх нь хомс байна. Салбар бүрт шилдэг сайхан үндэсний сэхээтнүүд бий. Урлагийн салбарт Н.Жанцанноров, хуулийн салбарт С.Нарангэрэл, хэл шинжлэлд Ш.Чоймаа нарын үндэсний сэхээтнүүд байна. Бизнесийн салбарт ч бишгүй олон нэр хэлж болох байх. Салбар бүрд хэд хэдээрээ бий. Тэднийг үгүйсгээгүй. Гэвч тэд дэндүү цөөхөн, бүхэл бүтэн давхарга болж чадахааргүй цөөн байна. Энэ олон их дээд сургуулиуд, энэ олон мянган оюутан, докторуудын тоотой харьцуулахад дэндүү цөөхөн байна. Өнөөгийн энэ будангуй харанхуй цаг үед зуу зуун Жанцанноров, Нарангэрэл, Чоймаа хэрэгтэй байна. Монгол оронд Үндэсний сэхээтнүүдийн бүхэл бүтэн давхарга үгүйлэгдэж байна” гэж сэтгэл зүрхээ зовинуулж явдгаа сонгогчдодоо илэрхийлжээ.

УИХ-ын сонгуулийн 12дугаар тойрог Сүхбаатар аймагт ШИНЭ эвслээс Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, цогт яруу найрагч Зоригтнууд овогт Айлтгүйн Төмөр-Очир нэр дэвшээд байгаа. “Оюу толгойг ухаж болно, оюун санааг нухаж болохгүй” гэж бэлэн сэцэлдэг эл найрагч УИХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн өдөр “Сэрцгээ, Ард түмэн минь. Ташуурах далайх багадав. Тархинд одоохон буулгая. Гурван мянган жилийн түүхтэй бидний монгол төрийг гучхан жилд гучин гэр бүл л гударчихсан юм. Бид тэсэхгүй ээ. Би тэвчихгүй ээ.

Хайран сайхан гэгээн гэрэлт эх орон минь. Сүүлгүй чононууд сүйрүүлчихсэн болохоос сүүлтэй чононууд үйрүүлчихсэн юм биш шүү. Загнана аа загнана. Агнана аа агнана.Намнана аа” гэж “Түүхэн замналтай төрөө өмгөөлж түмэнд тунхаглах цээжний үгс”-ээ тунхаглажээ.

Энэ тойрогт “ТА БИДНИЙ ЭВСЭЛ” (МАХН-ИЗН-МУНН)-ээс “Зууны мэдээ” сонины албаны дарга, сэтгүүлч, яруу найрагч Чанцалын Үл-Олдох, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Намсрайн Лутбаяр нар нэр дэвшээд байгаа юм. “Завхан гол”, “Дуут нуур” зэрэг олон сайхан дуугаараа ард олноо алдаршсан Н.Лутбаяр гавьяат “Ард түмэн бол цагаан цаас хэмээгээд ардчилал нэрээр авслахыг завдсан болгоныг хүмүүний дотор унтаж байгаа Монгол болгон сэрээд, бузар болгоныг тас хянгардаж, буянтай болгоныг үрслүүлэх болно. Энэ бол цөвүүн цагийг цөн шиг түрж цөс ихтэй монголчуудын хийж байгаа сонгуулийн хувьсгал байх юм шүү. Үүний төлөө улс төрд үйлчлэв, түүний төлөө сонгуульд нэр дэвшив” гэж улстөрийн зорилгоо тодорхойлсон харагдана. Харин үзгийн хурцаар, үгийн үнэнээр өрсөлдөж буй нэр цэвэр сэтгүүлч Ч.Үл-Олдохыг УИХ-ын нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авах үеэр МАХН-ын дэд дарга С.Ганбаатар “Сэтгүүлч хүн гэдэг бидний төлөө шаналж зовж, заримдаа золиослогддог. Олон жил хүний төлөө тэмцсэн хүмүүсийг өмгөөлж хамгаалж зүтгэсэн Ч.Үл-Олдох сэтгүүлчийг дэмжээрэй” гэж ард түмэнд уламжилсан. Тэгвэл сэтгүүлч Ч.Үл-Олдох сэтгүүлч “Би мэргэжлийнхээ нэр хүндийг ямагт эрхэмлэж, хууль журмыг сахин ёс зүйтэй, цэвэр шударгаар өрсөлдөж, сэтгүүлч хүний хүмүүжил төлөвшил, ёс зүйг олон түмэндээ батлан, бас эмэгтэй хүний хувьд зорилго тэмүүлэл, бодол санаа, шийдэл юунд чиглэж байдгийг, монгол төрд зөв жишиг, зөв үзэл, хандлага хэрэгтэй гэдгийг өөрийн чадах мэдэх хэмжээнд харуулах болно. Та бүхэн минь надад итгээрэй. Намайгаа бас битгий чамлаарай. Та нараасааа намайг дэмжээрэй гэж гуйж, зовоож гэх юм уу, давуу тал олох гэж хэнээс чинь ч шалж шахаж ямар нэг зүйл хүсч, сурталчлаад өгөөч гэх мэтээр шаардалгүйгээр бор зүрхээрээ Жанжны нутгаа зорин замдаа гарлаа. Бас ярилцлага, контeнтод урьсан зарим найз, дүү нарын урилгад очиж амжсангүй тул хүлцэл өчьe. Сонин танилцуулга хэвлүүлэх зардал олох гээд яг л та нар шигээ өөр нэр дэвшигчдийн сонин сэтгүүл дээр ажиллаж цаг зав бага, нойр муутай явсаар замдаа гарлаа. Би та нарын нэг гэдгийг санаж сонгуулийг шударга явуулахад та бүхнийг санаа зорилго чиглэх байх гэж найдна. Мөн өрсөлдөгчдөөсөө цэвэр шударгаар өрсөлдөхийг хүснэ” хэмээн цахим хуудсандаа бичээд аян замын жолоог алс Сүхбаатар аймаг руугаа залжээ.

Монгол Улсын Их хурлын наймдахь удаагийн сонгуульд ийнхүү зургаан зуу гаруй нэр дэвшигч өрсөлдөхөөс уран бүтээлчийн зовлон, жаргал нэгт хорь гаруйхан нөхөд минь улстөрийн хөлгийн дөрөөнд хөл тавин нэрээ дэвшүүлжээ. Монголын шилдэг сэхээтний төлөөлөл болсон яруу найрагч, сэтгүүлч, зохиолч, зураач, нийтлэлч, судлаач, түүхч, шүүмжлэгч, нэвтрүүлэгч, хөтлөгч Та бүхэндээ ихийн их амжилтыг хүсэн ерөөе!  

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Лхагвасүрэнгийн БАТЦЭНГЭЛ 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.240.125)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.