Архигүй тэмдэглэх ганц өдөр буюу буян үйлдэх, БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЦЭН өдөр тохиож байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-06-06

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын гишүүдээс санаачлан батлуулсан “Бурхан багшийн их дүйцэн өдрийг тэмдэглэх, бүх нийтээр амрах” тухай хууль хэрэгжиж эхэллээ. Уг хууль өнөөдөр биелэлээ олж монголын төр ард түмэн бүх нийтээр амарч, Зуны эхэн сарын билэгт өдрийг тэмдэглэж, бурхан шашиндаа мөргөж, аав ээжийнхээ ачийг хариулах, буян үйлдэж байна. Бурхан багш эхийн хэвлийд оршсон, 36 насандаа гэгээрлийн хутгыг олсон, 81 насандаа нирваан дүрийг олсон гурван үйл давхцсан өдрийг их дүйчин өдөр гэж нэрлэдэг. Дүйчин өдөр гэдэг нь буян үйлдэх их цаг гэсэн утгатай. Дэлхий нийтэд ард түмнийг амраадаг баярын хоног дунджаар 30 байдаг.

Энэ өдөр бүх орон хийд буяны хурал хурж байгаа бол ард иргэд бие хэл сэтгэлээ төвшитгөн элдэв хэрүүл тэмцэл, хар хорн муу үгийг цээрлэдэг юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Есдүгээр зүйлийн 9.1-т “Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ”, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол Улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ. Энэ нь иргэд бусад шашин шүтэхэд саад болохгүй”, НҮБ-ын 54 дүгээр ерөнхий чуулганаас баталсан 54 115 тогтоолд “Дэлхийн хамгийн эртний шашин болох бурхны шашны 2500 гаруй жилийн тэртээгээс хүн төрөлхтний оюун сэтгэлийн хөгжилд оруулсаар буй хувь нэмрийг талархан тэмдэглэж байгааг харгалзан Бурхан багшийн Их дүйчин өдрийг НҮБ-ын төв болон бусад салбар байгууллагуудад олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсугай” гэжээ. Эдгээрийг тус тус үндэслэн зуны тэргүүн сарын шиний 15-ны Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан юм.

Буддын шашин нь Монголын төрийн шашин байсан бөгөөд Монголын хаад арга билгийн ухаан, хатуу, зөөлөн үйлийн үрийн харилцан шүтэлцээ, номт төрийн гадаад, дотоод холбоо, шашин төрийн хос ёсны бодлогоор улс, түмнээ удирдан жолоодсоор ирсэн түүхтэй. Монголын ард түмний олон зуун жилийн оюуны өвийг тээж, хадгалж, монголчуудыг эвлэлдэн нэгдэхэд нэн чухал хэрэгсэл болж, хэдэнтээ төрийн шашнаар хүлээн зөвшөөрөгдөж, хүн амын нэгдсэн тооллогоор 15-аас дээш насны хүн амын дийлэнх хувь нь өөрийгөө бурхны шашинтан гэж тодорхойлсон зэрэг нь Монгол Улс бурхны шашинтан орон болохыг харуулж байгаа юм. Мөн  БНСУ, Тайланд, Шри Ланк, Сингапур, Япон, Энэтхэг, Вьетнам, Мъянмар зэрэг бурхны шашинт орнуудад Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн Их дүйчин өдрийг олон нийтийн баяр, амралтын өдөр тэмдэглэж, түүгээрээ ард түмнийхээ язгуур эрх ашиг, эв нэгдэл, сүшиг бишрэлийг хүндэтгэн дээдэлж, хойч үедээ хүнлэг энэрэнгүй, ёс зүйтэй, төлөвшсөн нийгмийг уламжлуулахыг эрхэм зорилгоо болгодог байна.

Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Бурхан багшийн Их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар 1999 онд шийдвэрлэсэн байдаг. Тиймээс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэр, иргэд, олон нийтийн хүсэлтийн дагуу Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тоонд оруулж хуульчилсан юм. Энэ өдрийг энх тайван, эв санааны өдөр, ёс суртахуунаа дээдлэх өдөр болгож тэмдэглэгдэг уламжлалтай юм байна. Тиймээс бурхны шашинтан гэгддэг монголчууд ийм нэг өдөртэй болж, Их дүйчин өдрөөр мацаг барих, согтууруулах ундаа хэрэглэхгүй, худалдахгүй байх, бие, хэл, сэтгэлийн аливаа муу үйлийг тэвчих, өглөг хандив өгөх, өнчин ядууст туслах, бясалгал хийх, байгаль орчноо хамгаалах зэргээр нийгэм, олон нийтийг хамарсан сайн үйлс дэлгэрүүлдэг байхаар тогтсон юм.

Өнөөдрийн байдлаар манай улсад 364 сүм хийд бүртгэлтэй байгаагаас 134 нь буддын шашны сүм хийд агаад статистикийн байгууллагаас өнгөрсөн оны дундуур гаргасан судалгаагаар нийт иргэдийн 53 хувь нь буддын шашин шүтдэг гэсэн дүн гарчээ. Мөн манай улсад 8 өдрийн баяр буюу нийтдээ 14 хоног бүх нийтээрээ амардаг нь бусад оронтой харьцуулахад дундаж үзүүлэлт юм байна. Манай улсын хүн амын 53 хувь нь бурхны шашин шүтэж байгааг дурдав. Мөн Монгол Улсад баяр, амралтын өдөр жилдээ 14 хоног байгаа бол БНХАУ, ОХУ, Япон, АНУ, Энэтхэг зэрэг улсад 14-28 хоног байгааг тэмдэглэв. Гэвч зарим баяр, амралтын өдөр бямба, ням гарагтай давхцсанаар монголчууд жилд дөрвөн хоногоор л илүү амардаг.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.31.163)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.