Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Ухнаагийн ХҮРЭЛСҮХ: ТАНЫ ИТГЭЛИЙН БОСГЫГ ТОРОЛГҮЙ ДАВНА
Үйл явдал
/
2020-06-05

Mонгол Ардын Намын түүх Монгол Улсын тусгаар тогтнолтой салшгүй холбоотой. Тэрхүү тусгаар тогтнолын үйл хэргийн хамгийн шийдвэрлэх үйл явдлууд Сэлэнгэ аймагт, Сэлэнгэ нутгийн эрэлхэг, хөдөлмөрч ард түмний өмөг түшиг дор өрнөсөн билээ. Ардын хувьсгал болон Ардын Намын 100 жилийн түүхэн ой удахгүй тохиох гэж буй энэ цаг үед бид өөрийн сор болсон боловсон хүчнүүдийн нэгийг та бүхний итгэлийг авахаар илгээж байна. Дамдинсүрэнгийн ӨНӨРБОЛОР бол Монголын баялаг бүтээгчдийн залуу, эрч хүчтэй төлөөлөл, Сэлэнгэ нутгийн охин юм. Монгол Улсын төрийн хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль дэлхий нийтээрээ “Covid19”-ийн цар тахалтай тэмцэж буй хүндхэн өдрүүдэд болох гэж байна. Гэсэн хэдий ч Монгол Улсын иргэд парламентаа сонгох хариуцлагатай, дөрвөн жилд нэг тохиодог чухал үйл ажиллагаанд идэвхитэй сайн оролцоно гэж Ерөнхий сайдын хувьд, улс төрийн ууган хүчний даргын хувьд итгэж байна. 

Монгол Ардын Нам энэ удаагийн сонгуульд нийгмийн баримжаатай зах зээлийг хөгжүүлэх үзэл баримтлалд суурилсан мөрийн хөтөлбөр дэвшүүлэн оролцож байна. Улс гэрээрээ өнгөрсөн дөрвөн жилд хүрсэн ололт амжилтыг бататгаж, эдийн засгийн өсөлтийг хурдлуулж, иргэн бүрийнхээ ахуй амьдралыг өөд татахад Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөр бүхэлдээ чиглэж буйг дуулгахад таатай байна. Харин энэхүү мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд шинээр байгуулагдах парламент түүхэн үүрэг гүйцэтгэх учиртай юм. Чухам иймээс Монгол Ардын Нам 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулахдаа долоо хэмжиж, нэг огтлох зарчмыг баримтлан ажиллалаа. Миний бие Монгол Ардын Намын даргаар сонгогдсоноосоо хойш намаа цэвэрлэнэ, төр засгаа цэвэрлэнэ гэж ярьж, амлаж ирсэн. Энэ бодол, зорилго маань хэрэгжиж буй. Цаашдаа ч бүрэн төгс хэрэгжүүлэхийн төлөө явна. Монгол Улсын парламентад хулгайч, завшигчид бус сор болсон сэхээтнүүд, эх орноо гэсэн сэтгэлтэй зөв хүмүүс суугаасай гэж 
хүсдэг. Бүх салбарын төлөөлөл байгаасай гэж бас дотроо боддог. Энэ үзлийг маань намын гишүүд маань итгэн дэмжсээр байгаа. Мөн парламентад залуу, дунд, ахмад үеийн төлөөлөл мөр зэрэгцэн суух ёстой гэсэн хүн ёсны зарчмыг ч бид огоорохгүйг хичээсээр ирсэн билээ. Ийм л тэмүүлэл, ийм алсын хараагаар 2020 оны УИХ-ын сонгуульд өөрийнхөө багаа удирдан орж ирлээ. Миний ойрын шадар, Ерөнхий сайдын зөвлөх, багийн маань гишүүн Дамдинсүрэнгийн ӨНӨРБОЛОР Монгол Ардын Намд 2012 оноос бэлтгэгдэн шат шатны сонгуульт ажлыг хашин туршлагажсан манай шилдэг боловсон хүчнүүдийн нэг юм. Ард түмнээсээ ангижирсан нам мөхдөг. Ард түмнийхээ хүсэл бодол, итгэл үнэмшил, хүлээлтийг сонсож мэдэрч, түүнд нь тохирсон арга хэмжээ авч чаддаггүй улс төрийн хүчин мухардалд ордог. Тиймдээ ч бид ард түмэндээ хамгийн ойр, ард түмнээ бүрэн дүүрэн төлөөлж чадах тийм л хүнийг УИХ-ын сонгуульд нэрийг нь дэвшүүлж байна. Төрийн эрх барих дээд байгууллага 

шинэ үеийн бүтээлч залуусаар бүл нэмж, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг ажралгүй давах арга эвийг олох учиртай юм. Нэр цэвэр, дунд үеийн бүтээлч залуусын төлөөлөл болсон хүмүүсийг гарган ирж, төрийн эрх барих дээд байгууллагад илгээхийг манай нам зорьсны нэг нь УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшиж буй Дамдинсүрэнгийн ӨНӨРБОЛОР билээ. Монгол Ардын Нам Сэлэнгэ нутагт охиныг нь илгээлээ. Итгэлийн босгыг тань давах болтугай.

 

Монгол Улсын Ерөнхий сайд, 

Монгол Ардын Намын дарга 

Ухнаагийн ХҮРЭЛСҮХ

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.196.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.