СҮХБААТАР аймгийн малчид СОНГОСОН ТҮШЭЭГЭЭ АТГ-т өгч, шалгуулахаар хандлаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-06-10

Сүхбаатар аймгийн малчид амьжиргааны эх үүсвэрээс нь салгасан ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг Авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлт гаргаж буй талаар өмгөөлөгч Г.Батбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Малчид ХХААХҮ-ийн Ч.Улааныг АТГ-д өгөхөөр хүсэлт гаргасан. Хоёр сарын өмнө Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Мөнххаан, Онгон, Эрдэнэцагаан дөрвөн сумын нутаг дэвсгэрт 12 тэрбум төгрөгийн үнэ бүхий ноолуурыг дөрвөн компани авч, 10 хоногийн дотор мөнгийг нь өгнө гээд алга болчихсон. Үүний дараа тавдугаар сард ноолуурын тухай тогтоол батлагдсан. Үүнтэй холбоотой Ч.Улаан сайд малчдыг хохироож буй тухайн дөрвөн компанийн үйлдлийг хаацайлж байгаа мэт үйлдэл удаа дараа гаргасан. Тус дөрвөн компани 105 мянган төгрөгөөр ноолуурыг худалдан авч, 10 хоногийн дотор төлнө гэсэн гэрээг малчидтай бус сумын засаг даргатай байгуулсан. Ийнхүү 176 тонн ноолуураар 311 өрхийг хохироосон. Ноолуурын 20 мянган төгрөгийн урамшууллыг 105мянган төгрөгөөс Засгийн газраас бүрэн дааж байгаа мэтээр буруу ойлгуулж албан тушаалаа урвуулан ашиглаж байна. Иймд Эрүүгийн хуулийн 22.1.3 заалтын дагуу шалгаж өгнө үү хэмээн хандаж байна. Түүнчлэн Сонгуулийн сурталчилгаа эхэлж буйтай холбогдуулан өнөө маргааш мөнгө өгнө гэж худал амлалт өгч, Сонгуулийн тухай хуулийн 48.1.5-д заасны дагуу Ирээдүйд мөнгө, төгрөг өгөхөөр амлах, гэрээ хэлцэл хийхийг хориглосныг зөрчиж байна гэж үзэн АТГ-д хандаж байна” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.176.80)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.