Б.Наминчимэд: Ардчилсан нам үндсэндээ УЛСТӨРИЙН ТАВЦАНГААС мултарч байна
Ярилцлага
/
2020-06-10

УИХ-ын сонгуулийн 29 тойрогт "Та Бидний Эвсэл"-ээс нэр дэвшигч зохиолч, нийтлэлч Б. Наминчимэдтэй ярилцлаа

- УИХ-д Г. Мөнхцэцэг, Ц. Хулан тэргүүтэй уранзохиолын хүрээний хүмүүс их орж ирдэг л дээ. Тэдний нэг нь та. Энэ жил нэр дэвшиж байна. Таны зорилго юу вэ. Юуг өөрчилье гэж зорьж байна вэ.

- Их олон зүйл ярих хэрэгтэй болж байна. Яагаад гэвэл өөрчлөх зүйл олон байна. Тэгэхээр би гол цөмийг нь л ярья. Энэ тэргүүнд бид төргүй болчихсон. Яагаад гэхээр төр нь тодорхой улстөр, санхүүгийн бүлэглэлд үйлчилдэг, бодлого гаргадаг байхад төр гэж хэлэх үндэслэлгүй. Хамгийн тодорхой жишээ иргэд өрийн, хүүний дарамтанд сөхөрч байгаа. Одоо 10 саяыг зээлээд, 15 сая болгож өгдөг. Ийм мөнгө санхүүгийн мөлжлөгийн тогтолцоо байна. Энэ тохиолдолдолд жижиг дунд бизнес эрхлэгчид хөл дээрээ босож ирэх боломжгүй. Иргэд хүүнд нугалж төлдөг мөнгөө үр хүүхэд, өөрийн эрүүл мэнддээ зарцуулах ёстой. Төр зээлийн хүүгийн дарамтын тогтолцоог халахгүйгээр энэ нийгмийн хөгжил цааш явахгүй ээ. Зуун жилийн өмнө хятад хүмүүс, пүүсийн эзэд монголчуудыг яаж шулж, мөлжиж байлаа. Ард түмэн сүүлдээ уурлаж өрийн дэвтрийг нь шатааж байсан. Одоо энэ байдал удаан үргэлжилвэл хүмүүс банкуудыг шатаах хэмжээний бухимдал үүссэн.

Зээл байна. Харин иргэдээ дэмжих зээл байх хэрэгтэй. Чи жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхээр зээл авсан бол эхний гурван жилдээ ямар нэгэн зээлийн дарамтгүй байх ёстой. Хөл дээрээ босоод төлбөр төлөх чадвартай болсон хойно өрөө төлнө. Гэтэл одоо бол 10 сая төгрөгний зээл авлаа гэхэд буцаагаад газар дээр нь хүүг нь эргүүлээд авчихдаг. Гар дээр 10 сая төгрөг ирдэггүй. Үүнийг бизнесийг дэмжсэн бодлого гэх үү, хавчсан бодлого гэх үү? Зүй нь 3 жилийн дараа зээл, хүүгээ тооцож эхэлбэл нэгд найдвартай буцаан төлөх болно, хоёрт татвар төлөгчдийн тоо нэмэгдэж, эргээд том утгаараа банкин дахь мөнгөний эргэлт нэмэгдэнэ гэсэн үг юм.

Ардчилал гараад 30 жил боллоо. Энэ хугацаанд манай улсын эдийн засаг 2. 2 хувиар өссөн. Гэтэл манай орны хөрш Хятад 100 дахин өссөн. Хоёр хувь өсөх, зуу дахин өсөх хоёрын хооронд асар их ялгаа байгаа биз. Энэ янзаар бид тушаатай юм шиг дороо догонцоод байх юм бол дэлхий биднийг хаяад гээгээд явна. Бид нүүрсээ, зэсээ, алтаа түүхийгээр нь ахиухан мөнгөөр зарах тухай юм яриад сууж болохгүй ээ. Бид гээгдэнэ. Монголчууд залхуу биш хөдөлмөрч хүмүүс, гагцхүү бололцоо боломжийг нь МАНАН гэдэг тогтолцоо гаргаж өгөхгүй байгаа юм. Дээр нь монголчууд хоорондоо талцаж хуваагдаж байна. Энэ иргэний нийгэм биш ээ.

Мөн боловсролын салбар дампуу байна. Бид гучин жилийн турш боловсролын салбарын шинэчлэл ярьлаа. Одоо ч ярьж л байна. Нэг нам гараад дөрвөн жил нэг бодлого хэрэгжүүлдэг. Дараагийн сонгуульд өөр нэг нам гараад хонзонтой юм шиг өмнөхөө үгүй хийж өөр бодлого гаргаж тавьдаг. Энгийн жишээ, сурах бичгүүд жил бүр өөрчлөгддөг. Хэн нэгний бизнес гэж хардаж байгаа. Хардахаас ч өөр аргагүй. Энэ мэтчилэн олон бэршээл, зовлонг тоочиж барамгүй.

Хүнд нэг өвчин байлаа гэхэд олон хам шинжээр илэрч байдаг. Тэр суурь өвчнийг эмчлэхгүйгээр илрэлүүдтэй нь зууралдаад өвчтөнг эрүүл болгох боломжгүй.

Тэгэхээр УИх-д нэр дэвшиж буйн үндсэн зорилго нь одоо тодорхой болж байгаа биз. Суурь тогтолцоог өөрчилж байж бусад дагалдах хам шинжүүд нь эдгэнээ гэсэн үг. Ахиад хэлэхэд Үндсэн хуулийн эрс шинэчлэл хийхгүй бол бид энэ олон гажиг, олон гацаанаас салж чадахгүй.

- "ТА БИДНИЙ ЭВСЭЛ"-ийн мөрийн хөтөлбөр, бодлоготой таны энэ үзэл бодол бол яг цав нийцэж байгаа биз дээ. . . ?

- Нийцтэй байлгүй яахав. Надтай хамт нэг тойрогт нэр дэвшиж байгаа Төмөрдашийн Баярхүү гуай эдийн засгийн ухааны доктор хүн. Жил бүр Монгол төгрөгийн ханш унах хэрээр олонхийн халааснаас цөөнхийн халаас руу ашиг урсаж байдаг тийм тогтолцоог бий болгочихсон. Үүний мөн чанарыг олж хараад, судлаад хэрхэн, ямар арга замаар энийг засах вэ гэдэг бүхэл бүтэн цогц конвенц барьчихсан явж байна. Ц. Оюунбаатар гуай бол анх баялагийн хувьсгалын талаар ярьсан хүн л дээ. Одоо баялгийн сангийн тухай бараг нэр дэвшигч, нам бүр яриад байгаа. Гэтэл санааг анх 17 жилийн өмнө буюу 2003 онд санаачилсан хүн нь Ц. Оюунбаатар. Тэгтэл одоо болтол хэрэгжүүлдэггүй. Хэрэгжүүлэх цаг нь болоод ирэхээр тэр баялгийн сангийн түлхүүрийг хэн атгаж явах вэ гэсэн эрх ашихг дээрээ очоод алалцчихдаг юм, энэ нам нэртэй бүлэглэлүүд. Тэгсээр одоо 17 жил баялгийн сан ярьсаар л байгаа.

- Та хэрвээ сонгогдвол хамгийн түрүүнд юу хийх вэ?

Суурь тогтолцоог өөрчлөхийн төлөө боломжтой бүхнийг хийнэ.

- Тэгэхээр энэ удаад бид нам биш зөв хүнийг сонгох хариуцлагатай сонголт хийх нь, тийм ээ. . ?

- Яг одоогийн сонгуульд бодитой, суурь өөрчлөлтийг аль баг нь хэрэгжүүлэх чадвартай вэ гэдгийг нь харах ёстой. Багаараа байна гэдэг нь хоёр талтай. Бүлэглэдэг нэг баг байна. Шударга ёсны төлөө тэмцдэг нэг баг байна. Харин аль нь бүлэглэдэг, аль нь шударга зарчимд тулгуурласан гэдгийг ялгахад бэрх.

Одоо хүмүүс нам гэдэг зүйлээс залхаж. Өөрийнх нь намын хүн бол чөтгөр байсан ч өмөөрдөг. Өрөөлийн намын хүн бол бурхан байсан ч нүүр лүү нь угаадас цацдаг тийм солиотой талцал бий болсон.

- Тэгвэл намын тогтолцоог бүр халчихаж болдоггүй юм уу?

- Боломжгүй. Харин бодлогын нам байх боломжтой. Бодлогоор өрсөлддөг, хөгжлийн загвар гаргадаг, иргэд харин аль хөгжлийн загвар нь зөв тогтолцоо байна гэдгийг сонгоод дэмжээд явдаг. Үүнийг эрүүл нийгмийн тогтолцоо гээд байгаа юм. Гэтэл өнөөдөр эсрэг байна. Наанаа хүмүүсийг хагаралдуулчихаад цаанаа ханцуйн дотроо наймаалцдаг ийм тогтолцоо байна. Энийг чинь олигархийн тогтолцоо гээд байгаа юм.

Төрт улс бий болсноор зургаан шинжийн төр бий болсон. Сайн гурван төр. Муу гурван төр.

Сайн гурван засаглалын оройд нь Хаант засаглал байдаг. Одоо ингэж хэлэхээр хүмүүс гайхдаг. Өдий хүртэл явж ирсэн хүн төрлөхтөний туршлага ярьж байна. Ямар үед хаант төр зөв байдаг вэ гэхээр ард түмнийхээ эрх ашиг, ёс зүйг өөртөө шингээж чадсан хүчирхэг хаантай улс асар хурдан хөгжиж, дэвшдэг. Хамгийн тодорхой жишээ гэвэл манай Чингис хаан байна. Чингис хаан шудрага байсан уу гэвэл шудрага байсан, өгөөмөр байсан уу гэвэл өгөөмөр байсан, ард түмнээ энэрдэг байсан. Чингис хааны үед гадныхан нэг зүйлийг гайхан бичиж байсан. Монголчууд шиг нэг нэгэндээ хайртай ард түмэн байхгүй. Монгол хүнийг амьдаар нь барьвал алах гэж битгий яар. Монголчууд нэг хүнээ авах гэж асар их мөнгөн золиос өгч чаддаг хэмээн бичин үлдээж байжээ. Гэтэл одоо монгол хүн монгол хүндээ хог болчихсон байгаа.

Сайн гурван засаглалын хоёрт нь Элитийн засаглал. Ард түмнийхээ төлөө гэсэн ухамсартай сэхээтнүүдийн бүлэг удирддаг тогтолцоог элитийн засаглал гэнэ. Эх орон ард түмнийхээ төлөө ухамсартайгаар тэмцэж чаддаг, шаардлагатай бол амиа өгч чаддаг хүмүүсээр удирдуулдаг засаглал. Эрүүл ухаанаар ярилцдаг, эрүүл ухаанаар шийддэг жинхэнэ элитүүд улс нийгмээ авч явдаг.

Сайн засаглалын гуравт нь Иргэний засаглал. Манайх 1990 онд иргэний нийгэм байгуулна гэж зорьсон юм. Гэвч 30 жилийн дараа эргээд харвал харин ч бүр эсрэг болчихжээ.

Иргэний нийгэм нь гишүүн бүр хариуцлага үүрэх, үүрэг хүлээх чадвартай иргэнтэй нийгмийн хэлдэг. Идэх хоол, түлэх түлшнээсээ илүү зүйл бодож чадахгүй өнөөгийнх шиг цөхцөлд иргэн төлөвшихгүй. Ингээд иргэний засаглал бий болгох гэж явсаар өнөөдөрт ирлээ.

Муу гурван засаглалын нэгт массын засаглал бий. Массын засаглал аливаа асуудлыг шуугиж байгаад хамт шийддэг. Онож ч болно. Алдаж ч болно.

Муу гурван засаглалын хоёрт нь олгархийн засаглал гэж байна. Тэр засаглал нь овтой, зальтай, шуналтай хүмүүсийн гарт төрийн эрх мэдэл төвлөрөхийг хэлнэ.

Энэ олигархиудаасаа салж чадахаа байсан ард түмэн эцэст нь хатуу дарангуйлагчийг нэхдэг. Яг түүнийг нь отоод сууж байдаг хүмүүс хэзээд бий. Тэгээд дарангуйлалын засаглал бий болно. Хамгийн муу засаглал. Ийм гурван муу засаглал байдаг.

Бид яасан гэхээр иргэний засаглал байгуулах гэж яваад дийлэхгүй массын засаглал руу гулссан. Тэгээд бүр дахиж унасаар одоо олгархийн засаглалтай явна. МАН-АН гээд яриад байгаа нь олигарх засаглал. Олон түмнийг нэг тураагаад үхүүлчихдэггүй, аргацаагаад явдаг тийм л засаглал. Өнөөдөр хатуу гар нэхэж буй хандлага хүчтэй анзаарагдах болсон нь аюулын дохио гэсэн үг. Ойрын хугацаанд олигархиудаасаа салж, шударга, зоригтой сэхээтнүүд засаглалыг гартаа авч чадахгүй бол дарангуйллын засаглал руу гулсан аюул ойртсон.

Монголын нийгэмд хамгийн боломжтой засаглал бол Элитийн засаглал.

- Ийм элитүүд МАНАН бүлэглэлд байгаа юу?

- Аль ч намд шударга ёсзүйтэй хүмүүс мэр сэр байгаа. Гагцхүү МАН-АН-ынхан бүгдээрээ нэг мангас шиг хүмүүс, бусад нь бурхан шиг хүмүүс гэвэл гэнэн явдал болно. Гагцхүү тогтолцоон дотроосоо гарах эрмэлзэлтэй эсэхээрээ л ялгарна

- Та МАХН-д хэзээ элссэн бэ?

- Би 1987 онд 10 дугаар ангиа төгсөж, хөдөө малчинаар очихдоо МАХН-ын идэвхтэн болж байв. Дараа нь 1996 онд МАХН анх удаа улс төрийн цөөнх болоход Удирдах зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгчөөр ажилласан. Намайг “Энэ уран зохиолын хүн, улстөрийн мэдлэг байхгүй” гэдэг. Харин ч би улстөрийн амьдралд их ойр байсан. 1996-2000 оны хоорондох манай улс төрийн амьдралд олон хурц ширүүн үйл явдал болж байлаа. Хэд хэдэн Засгийн газар солигдож, Зориг агсан алуулж, улс төрчидтэй холбоотой дуулиантай олон том хэргүүд гарч гэх мэт.

2000 оны сонгуулийн дараа би төрийн ажилд шилжиж, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт орлогч дарга, ерөнхий редактор, МОНЦАМЭ агентлагаас АНУ-д суух тусгай сурвалжлагч зэрэг алба хашсан.

2008 оноос МАХН-д “Шударга ёс, ардчилал, эрх чөлөө” жигүүрийн нөхдүүдтэй нийлж, төрийн боловсон хүчний томилгоог мөнгө, бүлэглэл шийдэж байгааг, намын шинэчлэл зарчмын дагуу явахгүй байгааг шүүмжилж явсан. 1990 онд Төрийн дээр нам гарлаа хэмээн шүүмжилж байтал өнөөдөр бүр нэг бус олон бусармаг намууд төрийн дээр зайдагнаж, төрийн төр биш болгож байгаа. Тиймээс Төрийн чадварлаг болгохын тулд Намыг шинэчлэх ёстой гэсэн итгэл байв. Харамсалтай нь МАХН шинэчлэгдэж чадаагүй. Тэгээд улс төрөөс ч, төрийн ажлаас ч хөндийрч, 2013 онд уран бүтээлээ хийгээр өргөдлөө өгч, ажлаасаа гараад хэсэг суулаа. Гэвч “Чи улстөрөөр оролдохгүй бол улстөр чамаар оролдоно” гэдэг л юм болов. Өнөөгийн улс орны нөхцөл байдлыг зүгээр хараад тайван суух боломж хомс байгаа. Хожмын өдөр үр хүүхдүүд маань “Аав минь та хэлэх ёстой үгээ хэлэх цагт нь хэлэхгүй, хийх ёстойгоо хийх цагт нь хийхгүй яав даа” гэж халаглах вий гэдгээс айж байна. Тийм л эгзэгтэй нөхцөл байдал бий болчихсон.

- Ер нь уран зохиол улстөр хоёр хэр ойр байдаг юм бэ?

- Уран зохиол улстөрөөс хол байх ёстой гэж үздэг хүмүүс бий. Гэхдээ монгол шиг улсад ялангуяа ард түмнийхээ оюун санааны түүчээ болж явдаг уран бүтээлчид улстөрөөс хол байх боломж муутай. Улс орон нь уруудан доройтож, эрх чөлөө, тусгаар тогтнол нь ганхаад ирсэн үед хэн хамгийн түрүүнд босож ирдэг гэхээр уран бүтээлчид. Унгарын их найрагч Фөтөөпи Шаандар тэдний нэг жишээ нь.

Уран зохиолд амьдрал бүтнээрээ, гэрэл сүүдэртэйгээ, сайн муутайгаа, ил далдтайгаа тусдаг. Тиймээс зохиолчид гэдэг бол хүнийг, нийгмийн шинжээчид байдаг. Агуу их романч Оноре Дьо Балзак “Хүн төрөлхтөний эмгэнэлт явдал” цуврал роман бол ерөөсөө тухайн үеийн Европын нийгмийн мөн чанарыг дэлгэн үзүүлсэн. Агуу их Карл Маркс “Капитал”-аа бичихэд маань надад Пирдоунаас илүү Балзак тус болсон гэж байж. Учир нь Маркс капиталын мөн чанарыг тэр үеийн Европын тэргүүний эдийн засагчаас биш, харин Бальзакийн нийгмийн романуудаас олж харсан хэрэг. 

- Манай улсад 100 жилийн түүхтэй нэг нам, 30 жилийн түүхтэй сөрөг хүчин л улстөр, нийгмийн амьдралыг удирдаж байна. Бид сүүлдээ МАНАН гэж шүүмжилдэг болсон шүү дээ. Угаас хүчтэй гуравдагч хүчин гэж байхгүй юм чинь энэ хоёр намын алийг нь илүү дэмжвэл зөв юм бэ?

- Ер нь Ардчилсан нам Улстөрийн талбараас мултарч байна. 30 жилийн Монголын хувь заяаг энэ хоёр нам л үүрч ирлээ. Алдаа бий бол энэ хоёр намтай ярина. Оноо байгаа бол мөн энэ хоёр намтай л ярина. Гэтэл одоо нэг нам нь үндсэндээ тоглоомоос гарах талдаа. Яах аргагүй цаг үе өөрчлөгдөж байна. Ардчилсан намын үлдээсэн тэр том орон зайг өнөөдөр МАХН, эсвэл ХҮН, ШИНЭ намууд элзэх боломжтой. Чухам аль нь илүү зарчмаа барьж чадсан нь ялгарна. Яг одоогийн нөхцөлд бол АН-ын онгойж буй орон зайг МАХН нөхөж, хүчтэй сөрөг хүчин болох боломжтой.

Бие даагчдын хувьд зохион байгуулалттай энэ том хүчний өөдөөс тэмцэж чадахгүй.

- Таны сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаар ярилцлагаа өндөрлөе

- “Аугаа эрин” романыхаа хоёрдугаар ботийг дуусгаж чадсангүй. Нэг өгүүллэгийн түүвэр, аян замын тэмдэглэлийн ном боогоод тавьчихсан. Зав чөлөө гарвал эргэж жаахан хараад хэвлүүлнэ дээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.19.72)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.