Б.Гантулга: Уурхайчдын төлөөлөл улстөр, хууль эрхзүйн хүрээнд орж ажиллах цаг зайлшгүй ирсэн
Ярилцлага
/
2020-06-13

УИХ-ын сонгуулийн 21дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт ШИНЭ намаас нэр дэвшигч, уул уурхайн инженер, аймгийн алдарт уяач Бэгзсүрэнгийн Гантулгатай уулзаж хөөрөлдлөө. Тэрээр “Багануур” ХК-ийн Техникийн асуудал эрхэлсэн дэд захирал, “Багануур” ХК-ийн Судалгаа, хөгжлийн хэлтсийн дарга, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн Геологи, уул уурхай, стратеги төлөвлөлтийн газрын захирал, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанид Геологи, уул уурхайн Удирдлагын газрын дарга, тус компанийн Уурхайн ерөнхий захирал, Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын албыг хашсан нэгэн юм.

Бид эцэг эхээс долуулаа

-Та аль нутгийн хүн билээ?

-Би Баянхонгор аймагт 1971 онд төрсөн. Жалын Бэгзсүрэн гэдэг айлын долоон хүүхдийн зургаа дахь хүүхэд нь байгаа юм. Аав маань Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянбүрд багийн хүн. Аав маань багаасаа мал маллаж байгаад гэрээрээ долоон настайдаа монгол болон түвд бичигт суралцаж, 17 настайдаа жин тээж, багаасаа бичиг үсэгтэй байсан тул зарлага, ухуулагч зэрэг ажил хийж байгаад цэрэгт 1940 онд мордож, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож байсан. Намын дээд сургуульд хоёр жил суралцаад сум, орон нутгийн намын хорооны орлогч даргаар олон жил ажилласан, Баянхонгор аймгийн номын сангийн анхны эрхлэгч нь байсан хүн дээ. Баянхонгор аймгийн Тоосгон заводод мастер хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Тэтгэвэртээ гарснаас хойш Бууцагаан сумандаа мал маллаж байсан даа.

-Ээж нь юу хийдэг хүн байв?

-Миний ээж Гончигсүрэнгийн Пагмасүрэн маань Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Цагаан голын эхэнд төрсөн хүн дээ. Ээж маань Бууцагаан сумын дунд сургуулийн анхны төгсөгч сурагч байсан. Бууцагаан сумын даргаар олон жил ажилласан, Хөдөлмөрийн баатар Жамсран гэдэг хүнтэй нэг ангид суралцаж байсан юм билээ. Хүүхдийн сүүний үйлдвэрт ажиллаж, сувилагчийн сургууль дүүргээд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан даа.

-Ах дүү долуулаа гэл үү?

-Бид аав ээжээсээ долуулаа. Ууган ах Ганхуяг 1970-аад онд Германд сантехникийн чиглэлээр суралцаж ирээд Улаанбаатар хотын Барилга трестэд сантехник угсралтын бригадын даргаар ажиллаж байсан. Гадаад харилцааны яаманд сантехникчээр ажиллаж байлаа. Москва дахь Монголын ЭСЯ-нд сантехникчээр олон жил ажилласан хүн. Удаах эгч Гантуяа дунд сургуульд хөдөлмөрийн багш, эгч Ганчимэг барилгын засал чимэглэлч, эгч Гандулам бас барилгын мэргэжилтэй, олон жил мал маллаж байгаад хоёр жилийн өмнө бурхан болсон доо. (Тэрээр бурхан болооч эгчийгээ дурсахдаа гүн санаа алдав. Л.Б) Эгч Гантөгс маань барилгын инженер мэргэжилтэй, одоо Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газарт барилга хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байна. Би өөрөө айлын зургаадахь хүүхэд юм. Дүү Ганцэцэг маань Говь-Алтайн Анагаахын дунд сургуулийн эх баригч бага эмч мэргэжлээр дүүргээд Баянхонгор аймгийн Бууцагаан суманд мэргэжлээрээ 11 жил ажиллаж байгаад Багануур дүүрэгт шилжин ирж мэргэжлээрээ ажилласан. Одоо “Багануур” ХК-ийн Аваарын эмнэлгийн бага эмчээр ажиллаж байна даа. Бид нэг иймэрхүү л эгэл жирийн ажил амьдралтай улс байгаа юм.

Уул уурхайн инженер болно гэж багаасаа л мөрөөдсөн

-Бага, дунд сургуулиа хаана суралцав?

-1979 онд Баянхонгор аймгийн хоёрдугаар арван жилийн сургуульд орж суралцаж байгаад долоодугаар ангиасаа нэгдүгээр арван жилийн сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид 1986 онд орж суралцсан. Монгол Улсын гавьяат багш Далайгийн удирдсан математикийн гүнзгийрүүлсэн сургалттай энэ ангид гурван жил суралцаад 1989 онд арван жилээ дүүргэсэн. Дунд сургуульд суралцаж байхдаа Баянхонгор аймгийн сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин байлаа. Өсвөрийн сагсан бөмбөгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, шагналт дөрөвдүгээр байрт шалгарч байсан. Ангийнхан маань сум сумаас шилэгдэж ирсэн, тоондоо сайн хүүхдүүд байлаа. Би багаасаа л тоонд их сонирхолтой хүүхэд байсан болохоор “Математикийн гүнзгийрүүлсэн ангид орно” гэж бэлдэж байж энэ ангидаа орж байлаа. Манай ангийг 31 хүүхэд төгссөн. Ангийнхан маань бүгд математик суурьтай Монгол Улсын санхүү, эдийн засаг, тооны багш,  барилгын инженер, цахилгааны инженер зэрэг чухал мэргэжлүүдийг эзэмшин, эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байна. Манай ангийнхнаас уул уурхайн инженер гэвэл би ганцаараа байх шүү.

-Дунд сургуулиа төгсөөд уул уурхайн сургуульд оров уу?

-Аравдугаар ангиа төгсөөд, Улаанбаатар хотод нэг жил ажил хийсэн. 1990 оныхоо хавар элсэлтийн шалгалтад тэнцэж, сургуулийнхаа хуваарийг сонгох гэж эргэлзэж байхад тухайн элсэлтийн шалгалтын комиссын дарга нь “Ийм сайхан бие хаатай залуу эр зориг шаардсан уул уурхайн сургуульд уул уурхайн инженерийн мэргэжил эзэмшвэл сайхан шүү” гэж хэлсэн нь надад “Гэрлэж амжаагүй явна” гэсэн уурхайн тухай кино санаанд бууж аавтайгаа зөвлөж байгаад тухайн үеийн Политехникийн дээд сургуулийн уул уурхайн цахилгаан механикийн инженерийн ангийг сонгон элсэн орж таван жил суралцсан. Намайг төгсдөг жил манай сургууль Техникийн их сургууль гэсэн нэршилтэй болсон.

-Уул уурхайн инженер гэдэг бас л чанга алба байх шүү?

-1990 онд Налайхын уурхайд болсон том осол намайг ер нь уурхайн инженер болоход их нөлөөлсөн юм шүү. Оюутнууд бид 1990 оны арванхоёрдугаар сарын 17-ны орой амралтаараа байрандаа амарч байтал Налайхын уурхайд маш дуулиант осол болсон. Хорь гаруй хүн нас барсан гунигтай мэдээ цацагдсан. Аав маань санаа нь зовсондоо хөдөөнөөс “Уурхайн мэргэжил хэрэггүй. Мэргэжлээ солибол яасан юм бэ” гэж захиа бичиж байлаа. Уурхайн ослын дараа Засгийн газраас онцгой комисс томилогдож байсан. Тэр хүнд нөхцлийг даван гарч буй уурхайчдын үйл хэрэг үнэхээр баатарлаг байсан. Налайхын уурхай бол арваад хөдөлмөрийн баатар, хорь гаруй гавьяат уурхайчин төрсөн Монголын анхны нүүрсний уурхай. Монголын уул уурхайн хөгжил Налайхаас эхтэй байдаг. Налайхаас төрсөн туршлагатай уурхайчдын зарим ажилтнууд Шарын голын уурхайг байгуулж, Шарын голын уурхайчид Багануурын уурхайг байгуулж байсан ийм залгамж халаатай. Харамсалтай нь энэ ослын дараа Налайхын уурхайг хаах шийдвэр гарснаас хойш уурхайчдын ажил, амьдрал, нийгмийн асуудал орхигдсон. Уурхайчдын тэр л баатарлаг үйлс миний сэтгэлд хоногшиж уурхайчин болох хүслийг минь өрдсөн дөө.   

-Ерээд оны эхээр ч амьдрал үнэхээр хэцүү байсан, цэргийнхэн армиасаа гарч, гавьяат жүжигчид хүртэл тайзаа орхин гахай үүрэх нь үүрч, мэргэжилтнүүд ч ажилгүй гудманд гарч байсан үед суралцана гэдэг чамгүй л хүндхэн байсан байх?

-Тийм ээ. Ерээд оны эхэнд нийгмийн асуудал их хүнд байсан. Социалист нийгмээс ямар нийгэмд шилжиж орох нь тодорхойгүй. Ардчилсан хувьсгал дөнгөж эхэлж байлаа. Оюутнууд бид сониучхан. “Яг юу болох гээд байгаа юм бол” гэсэн сонирхлоороо Сүхбаатарын талбай дээр очиж ардчиллын байдлыг ажиглаж, жагсаал цуглаанд оролцдог байсан. Энэ шилжилтийн үед маш олон оюутан сургуулиасаа гарсан. Тэр үед оюутнууд ганзагын наймаа их хөөсөн. Зөвхөн  манай ангид гэхэд хорь гаруй оюутан элсэн ороод төгсөхөд цөөхүүлээ болсон байлаа. Бид ийм л хүнд нөхцөлд тэсч үлдэн, суралцаж төгссөн. Үүгээрээ их бахархдаг гэх үү дээ. Улс оронд мэдлэг, мэргэжилтэй хүн зайлшгүй шаардлагатай байсан учраас хэзээ нэгэн цагт мэргэшсэн боловсон хүчин хэрэгтэй гэдэгт бид бүгд итгэл төгс суралцаж байсан даа. Тэсч үлдэх үү, үлдэхгүй юу гэдэг торгон ирмэгт л бидний хувь тавилангийн сонголт дэнжигнэж байж дээ.

-Оюутан байхад мөн ч их өлсдөг байж билээ гэж тэр үеийн оюутнууд дурсдаг даа?

-Өлсөж үзсэн үзсэн. Бид оюутны байранд байлаа. Картын бараанд орчихсон. Нэг тасгийн дөрвөн хүнийг нэг ам бүл гэж үзээд картын барааны хуваарилалт хийдэг байсан. Үнэндээ хэлэхэд талханд дугаарлуулахын тулд нэгийгээ хичээлээс нь цонхолж үлдээгээд өглөө зургаан цагт тэр маань оочерлоно. Бид хичээлдээ яваад ирэхэд нөгөөх маань оочерлож оочерлож хоёр талх авчихсан байна. Хэдүүлээ талхаа крантны усаар даруулж идэхэд хөлс чийхарч явсан түүх бий. Дэлгүүрийн лангуун дээр юу ч байхгүй, тийм л хэцүү цаг үе байсан.

-Улс орны байдал ийм хэцүү байсан үед сургуулиа дүүргээд ажлын байртай болно гэдэг тун чухал шийдвэр байв уу?

-Тэр үед улсын үйлдвэр, аж ахуйн газрууд бүгд шахуу зогсонги байдалд орсон. Үйлдвэрүүд зогсоод ирэхэд уул уурхайд ажиллаж байсан мэргэжилтнүүд хүртэл ганзагын наймаа хөөж, бүх салбарт хямрал үүссэн. Албан байгууллагууд цалингаа тавьж чадахаа байнгуут ажилчид яалт ч үгүй наймаа хөөж байсан. Тэр үед бидэнд уул уурхайнхнаас бидэнд хамтран ажиллах санал их ирсэн. “Гэрээ хийе. Бид боловсон хүчингүй боллоо” гэж уурхайн удирдлагууд санал ирүүлнэ. Социализмын үед уул уурхай, үйлдвэрлэлийн хувьд давуу тал их байсан. Их дээд сургууль төгсөнгүүт яам, үйлдвэрүүд ажиллах хүчний захиалгаа өгнө. Зах зээл эхлэхэд энэ байдал хөл толгой нь олдохоо больсон үе байлаа.

Нэг сар засварчнаар ажиллаад инженер болж жинхэлсэн

-Таны хувьд Багануурын уурхайтай л хувь заяагаа холбох учир жанцан байж дээ?

-Багануурын уурхай анх 1978 онд байгуулагдсан. Монголын гуравдахь том уурхай, Улаанбаатар хотыг түлш эрчим хүчээр хангах томоохон төслийн нэг болсон. Багануурыг анх Ленинградын Гипршахтын институтын проектын дагуу байгуулсан. Төслийн ерөнхий удирдагч нь ЗХУ-ын мэргэжилтэн Анри Блинкен гэсэн хүн байсан. Улаанбаатар хотыг нүүрсээр хангах төслийг хэрэгжүүлж, энэхүү нүүрсний уурхайг дагаад томоохон суурин бий болсон. Багануурын уурхайн гучин жилийн ойгоор уг төслийн удирдагчийг урьж, Багануур дүүргийн хүндэт иргэн болгосон. Энэ хүний дурсан ярьснаар анх Багануурыг хот суурин байгуулахгүйгээр ашиглах гэж байхад нь төслийн удирдагч холбогдох яам удирлагуудад санал тавьж дүүргийн эхлэлийг тавьсан гавьяатай нэгэн юм билээ. Энэ хүний ярианаас Багануурыг хот болгож, улс орны аж үйлдвэрийн томоохон төв болгон хөгжүүлэх бодол мөрөөдөл надад байдаг юм. Уурхай дагасан хотуудын хүн ард нь сайхан амьдрах, хөгжлийн өндөр төвшинд яригдах ёстой. Техникийн их сургуульд хамт суралцаж байсан зарим нэг найз нөхөд маань Багануурын уурхайтай холбоотой байсан. Бид арай илүү мэдээлэлтэй байсан гэж болно. Ингээд Багануурын уурхайтай оюутан ахуйгаасаа гэрээ хийж, төгсөөд тийшээ зорьж очиж байлаа. Уул уурхайд хамгийн доод шат буюу засварчнаас ажлын гараагаа эхэлдэг бичигдээгүй хууль, нэг ёсны алтан зарчим байдаг. Дагалдан хийгээд засварчин болж жинхэлнэ шүү дээ.

-Та засварчнаар ганц сар ажиллаад инженер мэргэжлээрээ жинхэлсэн гэл үү?

-Би 1995 онд сургуулиа төгсөөд ирэхдээ Багануурын уурхайн Эрчим хүчний хэсэгт засварчнаар анх ажилд орсон. Засварчнаар дор хаяхад Багануурын уурхайн жишгээр зургаан сар дагалдан ажиллах ёстой байсан. Уурхайчин хамт олон маань намайг маш халуун дотноор хүлээж авсан. Засварчнаар нэг сар болоод инженер болсон маань хамт олноос хүлээлгэсэн итгэл найдвар үүрүүлж байсан үүрэг хариуцлагын өгөөж гэж боддог. Их хариуцлагатай ажил дээр анх ингэж очиж байлаа.

-Хүнийг тэгж яв гэсэн зам мөр яах аргагүй л байх юм даа. Будаг нь ханхалсан шинэхэн инженер хамт олныхоо дунд хэрхэн төлөвшиж эхлэв?

-Багийн спортод тоглож байсан болохоор хамт олонтойгоо би маш хурдан хугацаанд ойлголцож нэг баг болсон. Арав гаруй засварчин ахлаад, өндөр хүчдлийн тоног төхөөрөмжийн инженерээр ажиллаж эхэлсэн. Оройн үдшийн цагаар дуудлагаар явна. Өвлийн хүйтэнд гадаа хасах гучин тав, дөчин градуст төмөр дээр ажиллаж л байлаа. Уул уурхайн тоног төхөөрөмжийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангахад бидний оруулж буй хувь нэмэр бол үнэхээр баг болж ажиллахаас аргагүй байдаг байсан. Ингэж л хүнд хүчир ажлыг хийж гүйцэтгэсэнээр цаашдын ажилд минь нэмэр болж, төлөвшиж байсан байх.

-Багануурын уурхайд засварчнаар орсноос хойш ажил мэргэжлийн хувьд үргэлж өгсөж дэвшиж ажиллажээ дээ?

-Багануурын уурхайн ерөнхий цахилгаанч гэдэг албанд 1999 онд томилогдсон. Энэ бол хариуцлагатай том уурхайн бас нэг том ачааг үүрэх үүрэг томилгоо байсан. Ерөнхий цахилгаанчаар ажилласан хоёр жил арван хүнээс олон хамт олныг удирдаж зохион байгуулахад их түлхэц болсон. Эргээд инженер болчихоод удирдлагын чиглэлээр суралцах, өөрийгөө хөгжүүлэх ёстой юм байна гээд Удирдлагын академид Удирдахуй ухааны чиглэлээр суралцсан. Сургуульд суралцах хугацаандаа байгууллага, хамт олныг удирдлагын менежментээр удирдан зохион байгуулах, компанийг ямар төвшинд авч явах вэ гэдэгт суралцсан. 2004 онд гүйцэтгэх захирлын туслахаар хоёр сар орчим ажиллаад Багануур хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Д.Дамбапэлжээгийн удирдлагын багт багтаж Техникийн асуудал эрхэлсэн хариуцсан дэд захирлаар томилогдон ажилласан. Уурхай маань асуудал хариуцсан хоёр захиралтай байдаг. Нэг нь технологио, нөгөөх нь техникээ хариуцдаг. Үүний нэг баганын үүргийг хүлээж авсан маань надад өндөр итгэл үзүүлж, их хариуцлага үүрүүлсэн явдал байсан. Аливаа хамт олон, байгууллага гэдэг удирдагчдаа хүмүүжүүлж төлөвшүүлдэг. Би хаа ч явсан хамт олноо сайхан дурсан санаж явдаг шүү.

-“Багануур” ХК-ийн Судалгаа, хөгжлийн хэлтсийн даргаар нэг жил  ажилласан даа?

-Багануурын уурхайд 2011 онд цоо шинэ хэлтэс байгуулагдсан. Уурхайн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон Судалгаа, хөгжлийн хэлтэс гэж байгуулагдахад анхны даргаар нь томилогдож ажилласан. Судалгаа, хөгжлийн хэлтэс юун дээр тулгуурлаж гарч ирсэн бэ гэвэл Үйлдвэрлэл, технологийн паркийг томоохон уурхайг түшиглэж хэд хэдэн судалгааны ажлуудыг хийж байсан. Дараа нь судалгаа хөгжлийн хэлтэст энэ ажлуудыг хуваарилж, Багануурын уурхай болон Багануур дүүргийн ирээдүйн хөгжлийн асуудлын эхлэлийг тавьсандаа бахархаж л явдаг.

-“Багануур” хувьцаат компани олон хүнтэй байсан биз?

-Намайг Багануурын уурхайд ажиллаж байхад 1200 гаруй ажилчидтай байсан. Ажлын байрны давхардлыг арилгаж, боловсон хүчний оновчтой бодлогыг хэрэгжүүлсэнээр орон тоог цэгцэлсэнээр 1100 орчимд багтааж ажиллуулж байлаа.

-Та “Багануур” хувьцаат компанид ажиллаж байхдаа ямар ямар ажил хийв?

-“Багануур” ХК-ийн уурхайн найдвартай, тасралтгүй үйл ажиллагааны төвшинд ханган нэмэгдүүлж ажиллахад хэдэн томоохон ажлуудыг бодлогын төвшинд хэрэгжүүлсэн. Үүнд: ОХУ- /хуучнаар ЗХУ/-ын 1970, 1980-аад оны экскаваторуудын цахилагааны удирдагын системүүдийг шинэчлэх ажлууд, Хүнд даацын автосамосвол болон уулын техник төхөөрөмжүүдийн түлшний хяналтын систем, цаг бүртгэл, цалингийн систем, диспетчерийн хяналтын удирдлагын систем зэргүүдийг дурьдаж болно. Мөн Азийн бүтээмжийн байгууллага болон Монголын бүтээмжийн төвтэй хамтран дэлхийн шилдэг менежментүүдийн арга барилыг Багануурын уурхайд хэрэгжүүлсэн. Азийн бүтээмжийн байгууллагаас тодорхой сургалтуудыг Багануурын уурхайд явуулсан. Манай бүх ажилчин, албан хаагчид “Өөрчлөлтийн менежмент” гэсэн сургалтад хамрагдсан. Энэ сургалтынхаа үр дүнд Багануурын уурхайн 2005-2010 оны алсын хараа, эрхэм зорилго, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон. Эрхэм зорилгодоо хүрэхийн тулд дэлхийн менежментийн шилдэг аргуудыг хэрэгжүүлэх талаар Сингапурын медлэгийн менежментийн арга, Японы Кайзен 5S гээд ажлын байрыг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх аргуудыг хэрэгжүүлсэн. Монголын анхны бүтээмжийг нэмэгдүүлэх менежментийн аргыг Монголд анх удаа уул уурхай салбарт хэрэгжүүлсэнээр Азийн бүтээмжийн байгууллагаас Азидаа үлгэр жишээ загвар компаниар шалгарч байсан. Энэ аргыг хэрэгжүүлснээр Монгол Улсын томоохон байгууллага, аж ахуй нэгжүүд манай “Багануур” ХК-иас суралцаж байлаа.

Спортын ордон байгуулсанаар уурхайчдын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, хамт олны халуун дулаан уур амьсгал нэмэгддэг

-Багануурын уурхайн ажилчдын дунд таныг их олон ажил хэрэгжүүлсэн гэж ам сайтай байдаг юм билээ?

-Жил бүр ажилчид маань эрүүл мэндийн үзлэгт хамрагддаг. Нүүрсний ил уурхайн нэг зовлон нь тоосжилт их байдаг болхоор уушгины өвчлөл их. Мөн гадаа халуун, хүйтэнд орчинд их ажилладаг учраас артикулет, үе мөчний өвчинд их нэрвэгддэг. Ажилчид маань мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс болоод тэтгэвэртээ гарч амжихгүй ажлаасаа чөлөөлөгддөг. Дээрх өвчлөлүүдээс гадна эрүүл мэндийн үзлэгийн судалгаанаас онцлож үзтэл ажилчдын дунд таргалалт болон ходоодны өвчлөл ихсэх хандлага ажиглагдсан. Ажилчдынхаа эрүүл мэндийг анхаарч ажиллах зайлшгүй тодорхой хийж асуудал гарч ирсэн.

-Чухам ямар ажил хийж хэрэгжүүлэв?

-Уурхайдаа спортын хамтлагийн зөвлөлийн ахлагч байсны хувьд ажилчдад хөдөлгөөн тун чухлыг хөндөж тавьдаг байлаа. Удирдлагын төвшинд эрүүл ахуйч эмч нартай зөвлөлдөж байгаад Багануурын уурхайн сувилалтай хамтран зөвлөмж дүгнэлтүүд гаргасан. Эхний ээлжинд өөх тосыг нь багасгаж нэг үзсэн. Үүнд уурхайчид маань хоолны талаар гомдол санал гаргасан. Амьдрал дээр тэр их халуун, хүйтэнд ажиллаж байгаа хүмүүсийн бие физиологи өөх тостой хоолыг яалт ч үгүй л нэхдэг юм байна. Иймээс хооллолтын талаар нэлээд судалгаа хийж байж үр дүнтэй ажлууд хэрэгжүүлсэн. Хөдөлгөөний талаар асуудлыг захирлын зөвлөлд танилцуулж, уурхайн нийгмийн хариуцлагын хүрээнд томоохон ажлыг эхлүүлсэн. Би өөрөө спортын хүн болохоор ямар ч байсан спортын том заал, ордонтой болохоор шийдсэн. Спортын ордны асуудлыг захирлын зөвлөлд танилцуулж тухайн жилийнхээ төсөвт оруулж богино хугацаанд 2008 оны олимпийн болон компанийхаа 30н жилийн ойн хүрээнд барьж ашиглалтад оруулсан. Дөрвөн сарын хугацаанд ингэж спортын ордонтой болж байлаа. Хамт олны маань уур амьсгал ч улам сайхан халуун дулаан болсон доо. Багануур хувьцаат компанийн ажилчдын спортын амжилтууд энэ спортын ордонтой салшгүй холбоотой болсон.

-Ямар амжилтууд гаргасан бол?

-Спортын ордныхоо доторх тохижилт, тоног төхөөрөмжийг бүгдийг өөрийн биеэр гардан зохион байгуулж суурилуулсан. Уурхайн гучин жилийн ой болж байлаа гэж би дээр өгүүлсэн. Тухайн үед байгууллагууд ойгоороо нэгэндээ юу бэлэглэдэг байсан гэхээр том зураг ч юм уу, мөнгөн хандив, мөнгөн аяга бэлэглэдэг байлаа шүү дээ. Тиймээс хамтран ажилладаг байгууллагууддаа “Манай уурхай спортын ордонтой болсон. Та бүхэн манай ойд хандив өгнө өө гэвэл спортын тоног төхөөрөмж, шаардлагатай хэрэгслүүдийг бэлэглэнэ үү” гэсэн албан тоотыг жагсаалтын хамт явуулж байсан.

-Ёстой зөв менежмент хийж байж спортын ордноо тохижуулж дээ?

-Байгууллагууд ийм хандивт үнэхээр нааштай хандаж байсан. Нэг байгууллага гэхэд бялдаржуулах урлагийн бүрэн тоног төхөөрөмж бэлэглэх жишээний. Зарим нь бөхийн дэвжээ хивсийг Эрдэнэтийн хивсний үйлдвэрт “Багануур ХК-ийн 30 жилийн ойд” гэж тусгай шошго хадуулан бэлэглэж байсан. Компаниуд ар араасаа фитнессийн тэр юмыг даая, спорт заалын камержуулалтыг хүртэл нэг компани даасан. Ингэж 30 жилийн ойдоо бэлэг барьж байсан. Энэ спортын ордон манай ажилчдад үнэхээр чухал бэлэг болж чадсан.

-Спортын ордны буянаар төрөл бүрийн спортын мастер тамирчид төрж гараа байлгүй?

-Төрөлгүй яахав. Би өөрөө Монголын сагсан бөмбөгийн холбооны Багануур дүүрэг дэх салбарын тэргүүнээр томилогдож ажиллаж байсан, сагсны нэгдүгээр зэрэгтэй тамирчин. Намайг тэргүүнээр ажиллаж байхад манай дүүрэгт спортын хоёр том ордонтой. Тэдгээрийн хоёр дасгалжуулагч хоорондоо тамирчдаа өрсөлдүүлж хөгжүүлснээр Багануураас сагсан бөмбөгийн болон бусад спортын томоохон зэрэг цолтой тамирчдыг бэлтгэх бааз суурь болсон. Спортын ордон ашиглалтад орсон сүүлийн арав гаруй жилд сагсан бөмбөгөөр манай тамирчдын амжилт эхний гурван байраас буугаагүй. Түрүүчийн тамирчид маань Монгол Улсын дээд лигт багаараа орж эхэлсэн. 2019-2020 оны дээд лигт “Багануур” гэсэн баг маань орсон. Дээд лигт тоглодог Бямбадорж гээд тамирчин байна. Монголын нэг номерын сагсан бөмбөгчин Болдбаатар “Танан гарьд” багт тоглож байна. Эд нар маань Монгол Улсын шигшээ багт ч тоглож байна. Гэх мэт олон тамирчид Багануурын нэрийг улс даяар дуурсгаж л явна.

-Та сагсан бөмбөгийн спортоос гадна уяачдын холбоо, бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн юм байна. Морь уяна биз?

-Би 2005 оноос Төв аймгийн Баяндэлгэр суманд Ганболд, Батдорж уяач нартайгаа  хамтарч морь уясан. Моринд орох болсон гол шалтгаан бол миний авга өвөө Жал гэдэг хүн нутагтаа их хурдан морьтой хүн байсан. Жалын хүрэн гэж цуутай хурдан морь байж. Аав энэ морины түүхийг их ярина. Дөчөөд онд ойрын сумдад маш олон түрүүлж байсан байдаг. Аав маань хүүхэд ахуйд энэ  морины сийлбэрийг хийж байхдаа их түүх ярьж өгсөн. Энэ бүхэн намайг морин спортод дуртай болгосон. Арав гаруй жилийн хугацаанд бүсийн наадмаас түрүү авлаа. Баянхонгор аймгийн 70 жилийн ойн наадамд хязаалан, азарга хоёрт айраг авсан. Багануурын наадам, бусад сумдын наадмаас маш олон наадмын түрүү, айраг хүртэж байлаа. Улсын наадамд соёолон насанд 24-өөр нэг давхиулсан. Төвийн бүсэд соёлонгоо 13-аар давхиуллаа. Баянхонгор аймгийн алдарт уяач болсон доо. “Хонгор нутаг” бөхийн дэвжээний тэргүүлэгч гишүүн. Сурагч байхдаа барилдаж сургуулийн аварга шалгаруулах барилдаанд бас ч гэж гуравт орж байлаа. Оюутан байхдаа барилдаж байлаа. (Инээв. Л.Б) Багануурын уурхайн спартакиадын барилдаанд хоёр ч удаа зодоглож, спортын бусад төрлүүд давхацдаг учраас аймгийн арслан цолтой хоёр ч бөхийг өвдөг шороодуулаад цааш барилдаж амжаагүй байх жишээтэй. Хоккейгоор манай хэсгийн баг “Багануур” ХК-ийнхаа аваргаар тодорч байлаа. Багануур дүүргийн сурын спортын талбайг тодорхой хөрөнгө гаргаж хийж байлаа.

Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унасан үед “Эрдэнэс Таван толгой”-г дампууруулаагүй

-Таны ажил амьдрал “Эрдэнэс Таван толгой” хувьцаат компанитай хэрхэн холбогдов?

-Багануурын уурхайгаас би уурхайчныхаа хувьд асар их мэдлэг, туршлага хуримтлуулсан. Энэ мэдлэг, туршлагаа Монгол Улсынхаа уурхайн салбарт зориулах юм сан гэсэн мөрөөдөл маань Монгол Улсын том уурхай “Эрдэнэс Таван толгой” хувьцаат компанитай хувь заяагаа холбох шалтгаан болсон. Энэ компани 2010 онд байгуулагдсан. “Эрдэнэс Таван толгой” бол Монгол Улсын экспортын коксжих нүүрсний нүүр царай болсон том уурхай л даа. Энэ уурхайг дэлхийн хэмжээний уурхай болгочих юм сан гэсэн бодлоор мэргэжлийнхээ карьерийг нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэс Таван толгой”-н уурхай руу явсан. Монгол Улсын Ерөнхий сайд байсан Н.Алтанхуягт би энэ саналаа 2012 онд тавьсны дагуу тийшээ томилогдсон. “Эрдэнэс Тавантолгой” компанийн Геологи, уул уурхай, стратеги төлөвлөлтийн газрын захирлаар очсон. Уурхай байгуулагдаад хоёр жил болж байсан ч тэгээсээ эхэлж буйтай ялгаагүй байдалтай байсан. Нэг жилийн хугацаанд 900 мянгаад тн нүүрс гаргасан байлаа. Дөрвөн жилийн хугацаанд энэ уурхайг хөл дээр нь босгочих гэж өөрийнхөө боломжоор л зүтгэсэн. Хүний нөөцөө сайжруулах тал дээр анхаарч ажилласан. Намайг ажиллаж байх үед дэлхийн зах зээл дээр нүүрсний ханш унасан. Энэ уурхай бараг дампуурлаа зарлахад бэлэн байсан. Тэгэхэд би тодорхой төвшинд зах зээл нэмэгдэх болтол зардлыг аль болох багасгах тал дээр анхааралтай ажилласан. Үйл ажиллагааны  зардал өндөр, борлуулалтын үнэ өртгөөсөө багасаад ирсэн шүү дээ. Нэг ёсондоо дампууруулчихгүй, нүүрсний үнийг нэмэгдүүлэх хэмжээнд уурхайг бэлдсэн. Дараа нь 2016 онд өөр менежментийн баг ороход нүүрсний үнэ нэмэгдсэн.

-Та “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанид Геологи, уул уурхайн Удирдлагын газрын захирал, Уурхайн ерөнхий захирал, Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын албыг хашиж байсан. Чухам яагаад ажил албаа хүлээлгэж өгөх болов?

-2016 онд парламентын сонгууль болсон. УИХ-ын сонгуулиар МАН 65 суудал авлаа. Энэ улстөрийн шалтгаан надад нөлөөлсөн бол уу гэж бодож байна. Би тэр уурхайд үнэнийг хэлэхэд улстөрөөс аль болох ангид ажиллахыг хичээсэн. Аваарт ороод эмчилгээ хийлгэхээр ээлжийн амралтаа авсан хойгуур намайг ажлаас халсан байдаг юм.

 

Хууль эрх зүй, улстөрийн хүрээнд уул уурхайн мэргэжлийн хүн орж ажиллах цаг болсон

-Таны ажлын байрыг булааж авахад сонгуульд ялсан МАН-ын нөлөө, улстөр орсон байна шүү дээ?

-Улстөр орсон. Намайг халаад миний ажлыг улстөрийн томилгоотой хүн авсан. Ажил албыг би өгч ч сурсан, ажиллаж сурсан хүн. Мэргэжил талаасаа тэр ажил авч байгаа улстай уулзсан. Намайг халахаар гаргаж байгаа тушаал нь Хөдөлмөрийн хуулийг ноцтойгоор зөрчсөн байсан. Тэр хууль зөрчсөн тушаалыг тайлбарлаж өгсөн.

-“Хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулна” гэж Үндсэн хуулиндаа заачихсан улсад бол хүний эрх талаасаа ч өвчтэй хүнийг хална гэдэг дэндүү хүнлэг биш л явдал юм даа?

-Үйлдвэрлэл болон ямар ч ажлын байран дээр байгаа хүнийг өвчтэй, ээлжийн амралттай байхад халах тушаал гаргана гэдэг маш ноцтой асуудал. Хүний эрхийг зөрчсөн тухай заалт “Үндсэн хууль”-д бий, Хөдөлмөрийн хуулинд ч бий. Би уул уурхайн салбарт олон жил ажиллахдаа хууль зөрчсөн хүн чанаргүй ийм муухай явдлыг анх удаагаа өөрийн бие дээр амсаж үзлээ. Манай уул уурхайн салбар чинь уг нь сайхан шүү дээ. Ажлыг өгч, авч сурсан, маргааш нь хэн хэндээ гомдолгүй, оногдсон ажлаа хийгээд явдаг хамт олноос бүрэлддэг юм шүү дээ. Тэгэхэд улаан цайм улстөрийн хүн ирээд хууль бус тушаал гаргаад явна гэдэг үнэхээр утгагүй зүйл шүү дээ. Миний ажлыг авсан хүнтэй би дараа нь уулзаж “Хууль бус тушаалаа өөрчил. Бага тушаалын ч хамаагүй уурхайн салбарт минь үлдээж өгөөч” гэж байр сууриа илэрхийлж зөвлөсөн, гуйсан. Нүүрэн дээр “За” гэж хэлээд хуурч, худлаа зан гаргасан. Аливаа тушаалд хөөн хэлэлцэх хугацаа гэж байдаг учраас иргэн хүний хувьд шүүхэд хандахаас аргагүй байдалд хүрсэн дээ. Уул уурхайн салбар ойлгож мэддэггүй хүн гэдэг бол хад чулуутай л адил байдаг юм билээ. Хөөн хэлэлцэх хугацаа маргааш дуусна гэж байхад өргөдлөө шүүхэд өгөхөөс аргагүй байдалд орсон. Энэ мэтчилэн мэргэжлээрээ ажиллах боломжгүй болсон үед надад тохиолдож буй асуудлыг хуулийн хүрээнд шүүхээр яаж шийдвэрлэснийг олон нийт болон уул уурхайн салбарынхаа бүх хүмүүст бодитоор танилцуулна даа.

-Шүүхийн шийдвэр яаж гарав?

-Гурван шатны шүүхийн шийдвэр миний талд гарсан. Улстөрийн томилгоотой улсын заль мэх үнэхээр дийлдэхгүй юм байна. Эхний гурван шатны шүүхээр миний цалинг олгон, ажлын байранд буцаан томил гэсэн шийдвэр гарсан боловч тэд хуулийн цоорхойг ашигладаг юм уу, яадаг юм төрийн хуулийг биелүүлэхгүй юм байна. Ингэж хуулийг замхрууллаа. 2016-2020 оны хооронд дөрвөн жил үндсэндээ Хөдөлмөрийн харилцаатай хуулийг судалж нэлээд мэргэшлээ. Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлага, хуулийн хэдэн ажилтан нартай мэтгэлцээн маргаан нэлээд хийлээ. Энэ бүхэн надад том сургамж, мэдлэгээ дээшлүүлэх сургалт, гашуун туршлага боллоо. Өнөөдөр Монгол Улсад хууль хэрэгжих ёстой. Уул уурхайн салбарт ч хууль хэрэгжих ёстой.

-“Хууль хэрэгжихгүй байна” гэж үзэж байгаа учраас ШИНЭ эвслээс УИХ-д нэр дэвшиж байна уу?

-Монгол Улсад уул уурхайн салбар үүсэн байгуулагдаад 98 жил болж байна. Налайхын уурхай улсын мэдэлд 1922 онд ирсэн байдаг. Монгол Улсад 2008 оноос уул уурхайн салбар маш эрчимтэй хөгжсөн. Уул уурхайн эл давалгаалсан салбарын амьдралд мөнгөтэй хүмүүс, улстөрчид гээд янз бүрийн хүмүүс орж байна. Уул уурхайн лицензүүдийг эзэмшиж байна. “Монголын уул уурхайг гучин гэр бүл эзэмшиж байна” гээд улстөрийн хүрээнд яриад байгаа. Уул уурхайн мэргэжлийн хүмүүс хаа байна вэ гэсэн асуулт зүй ёсоор тавигддаг. УИХ-д уул уурхайн мэргэжлийн хүмүүс ховорхон байна. Уул уурхайн чиглэлийн ойлголт ч тааруухан байна. Мөнгөтэй, улстөрийнхөн л энэ талаар өөрсөддөө ашигтай талаас дуугарч баялгийг цөлмөж байна. Нэг ёсондоо баялгийн тэгш хуваарилалт байхгүй байна. Монголын уул уурхайг улстөржүүлж байна. Улстөржүүлж буй улс бол аль болох өөрсөддөө ашигтайгаар шийдүүлж байна. Монгол Улсын төсвийг бүрдүүлж байгаа хамгийн том салбар бол уул уурхай. Төсвийн 70-аас дээш хувийг уул уурхайгаас бүрдүүлж байгаа. Төсвийг ихэнх хувийг бүрдүүлж байгаа гол салбарыг туйлын эмх замбараагүй авч явж байна. Баялгийн тэгш хуваарилалт, уул уурхайн салбарын дуу хоолойг улс орон, ард түмэнд зөв зүйтэйгээр хүргэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх тухай асуудлыг төр засгийн хэмжээнд тавихгүй бол болохгүй болсон. Монголд хүн болгон толгой дараалан уул уурхайг сонирхох боллоо. Гуталчин хүн гутлаа засаад явж баймаар. Эмч хүн эмчийн ажлаа хиймээр. Уурхайчин хүн уурхайнхаа ажлыг л хиймээр байх юм. Уул уурхайг хэн ч байсан л эрхэлчихнэ гэж бодоод байх шиг байгаа юм. Хууль эрх зүй, улстөрийн хүрээнд уул уурхайн мэргэжлийн хүн зайлшгүй орж ажиллах хэрэгтэй цаг үе болсон. Хуулийг хууль биш яаж гууль болгодгийн жишээг би өөрөө биеэрээ эдлээд явж байгаагийн хувьд уул уурхайн салбарын хууль эрх зүйг засаж сайжруулах ёстой, уул уурхай зөв зүйтэй гольдролоороо хөгжих ёстой. Тийм учраас улстөрд орж асуудлыг тавих ёстой гэж бодсон доо.

-Амжилттай яваа эр хүний ар талыг дааж явдаг хань ижил, ар гэр гэдэг гайхамшигтай нөмөр нөөлөгтэй хүн байж таараа. Гэр бүлээ танилцуулаач!

-Миний ханийг Отгонцэцэг гэдэг мэргэшсэн нягтлан бодогч мэргэжилтэй хүн бий. “Улаанбаатар” төмөр зам ХК-ийн Вагон депогийн орлогч нягтлангаар ажиллаж байна. Бид хоёр 1998 онд гэрлэсэн юм. Манайх дөрвөн хүүхэдтэй. Ууган хүү Зууннаст худалдааны менежер, хятад хэлний орчуулагч. Удаахь хүү Чинзориг дээд сургуулиа энэ жил төгсөнө. Гуравдахь хүү Жавхлантөгс аравдугаар ангийн сурагч, охин Маралгоо долоодугаар ангид суралцаж байна даа.       

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Лхагвасүрэнгийн БАТЦЭНГЭЛ

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.88.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.