Намын эрх ашиг төрийн эрх ашгаас хэдий чинээ өндөрт тавигдана төдийчинээ улс орны хөгжил дэвшил доройтож байна
Ярилцлага
/
2020-06-15

Улс төрд орох болсон шалтгаан:

Ардчилалд хөл тавьсан цагаас хойш улс төрийн намуудын тэмцэлд улс орон туйлдаж өр зээлэндээ баригдаж, газрын баялагаа харийнханд ухуулаад хүртсэн ашиг гэх зүйлгүй явж ирснийг бүгд харж байгаа. Аль ч нам төр барих хугацаандаа улс орноо зөв удирдаж чадсангүй, намуудын ашиг сонирхол улсынхаа эрх ашгаас давсан нэг үгээр хэлбэл нам засагтай улс болсон. Намын эрх ашиг улсын эрх ашгаас тэргүүнд тавигдаж байгаа нөхцөлд эдийн засаг, эрүүл мэнд, боловсролын тогтолцоо гажуудаж, хөгжлийн чиг баримжаагаа уул уурхайгаа түшиж байгалийн баялагаа зарж худалдаж амьдарна гэж тодорхойлж хамаг баялагаа харийнханд зөөлгөсөн нь манайд хэр хөгжил авчрав, үр дүнд нь хэн баяжив гээд олон асуудлууд байна. Одоогийн улс төр бохир гэж харж байгаагийн үндсэн шалтгаан ерөөсөө намууд дотроосоо ялзарсан тойрон хүрээлэгчиддээ үйлчилсэн бодлого барьж ард түмэнд наалдац муутай бодлого чиглэл гаргаж халамжийн аргаа барсан бодлогоор ард иргэдээ тойглож байгаагаас харагдаж байна.

Иймээс улс төрийн нөхцөл байдлыг өөрчлөхгүйгээр улс орны цаашдын хөгжлийн талаар ярих боломжгүй юм. Би өмнөх 2016 онд УИХ-ын Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшиж сонгуульд өрсөлдсөн ч ялагдал хүлээхээс өөр аргагүй хөрөнгө мөнгөтэй намуудын эсрэг хүчин мөхөсдөж байсан. Энэ удаад няцахгүйгээр мөн л төрж өссөн Баянзүрх дүүргийнхээ 23 дугаар тойрогт дахин бие даан нэр дэвшиж байгаа маань миний олон жилийн байгаль орчны төлөөх хийж буй ажлуудынхаа хууль эрх зүйн нөхцлийг бий болгох, сайжруулахыг зорьж байгаатай холбоотой.

Нийгмийн ямар асуудал таныг бухимдуулдаг вэ:

- Монгол Улс уг нь ТӨР засагтай байх ёстой. Харин миний харж буйгаар НАМ засагтай улс болсон. НАМ засаглал гарч ирсэнээр Монголын хөгжлийн гарц гацсан. Байшин барилга, зам гээд дэд бүтэц хөгжиж байгаа нь бүх шатанд явагдаж байдаг энгийн асуудал. Энэ бол улс төрчдийн сонгогдох, гавьяа үүрэх шалтгаан биш.

Хөгжил хүний сэтгэхүйд байдаг. Хүний сэтгэхүйд байна гэдэг нь иргэн өөрөө ёс зүйтэй, хариуцлагатай, улс үндэстнээрээ бахархсан зон олныг бий болгосон байх ёстой. Дахин хэлэхэд одоогийн НАМ засагтай улсыг ТӨР засагтай болгоход системийн шинэчлэл хэрэгтэй.

УИХ үнэндээ хууль санаачилж, хуулийн хэрэгжилтийг хяндаг, шаарддаг болохоос улсын төсөв батлаад, түүний төлөө алалдаад явж байдаг газар биш. УИХ бол хууль, эрх зүйн орчныг бүрдүүлдэг, хяналт тавьдаг, энгийнээр хэлвэл хууль санаачлах, хэрэгжүүлэх үе шатыг хангуулдаг газар.

Тэгэхээр монгол зон олныг төлөөлдөг улс төрч байхын тулд хууль эрх зүйн төдийгүй, улс орны хэмжээнд нийгэм, эдийн засгийг үндэсний онцлог , байгаль экологитой уялдуулан бодлого шийдвэр гаргах чадамжтай хүн байх, харин гадаад оронд Монголоо төлөөлөхийн тухайд бол геополитикын төдийгүй эрх зүйн өргөн хүрээний мэдлэгтэй хүн байх ёстой. Эцсийн үр дүнд улс төрчидтэй тооцох хариуцлага нь дэд бүтэц бус улс орны хөгжил дэвшлийн бодлогын тухай асуудал юм.

Тиймээс би системийн шинэчлэл хийж, шударга төр засагтай болъё гэж уриалж, ярьдаг юм. Нэгэнт шүүмжилсэн бол заавал шийдэл хэлэх ёстой. Байгалийн баялаг, нөөц шавхагдана, улс орноо бид хоосруулж болохгүй, үр хүүхэддээ өвлүүлэн үеийн үед бахархаж хайрлах эх оронтой нь үлдээх ухамсрыг хүртэл суулгаж өгөх учиртай.

Үүний учир байгаль орчинд хортой үйл ажиллагааг зогсоох, ард иргэдийнхээ мэдэлд хяналт тавих эрхийг үлдээх, байгаль хамгааллын талаарх бүх хуулиудыг дахин эргэн харж хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлага байна. Тухайлбал, Цөмийн энергийн хуулиараа Монгол улс цөмийн эсрэг байвч хуулийн үзэл баримтлалд цөмийн циклийг ашиглана гэсэн агуулга байгаа нь цөмийн хог хаягдлыг Монголд булж болохоор юм шиг байсныг бид эсэргүүцэж NO NUKE буюу Урангүй Монгол хөдөлгөөн өрнүүлсний хүчинд зогсоож байлаа.

Утаа, хөрсний бохирдол үүний дотор хүнд металлын бохирдол, үнсний хаягдлыг шийдэх, гол мөрний ай савын газруудыг тусгай хамгаалалтанд авах зэрэг байгаль орчинд төдийгүй хүний амьдрах орчинд нөлөөлж болзошгүй хор хөнөөлтэй үйл ажиллагаатай холбоотой хууль эрх зүйн орчинг тодорхой болгох, хуулиудыг цогцоор нь авч үзэх зайлшгүй шаардлагатай юм.

Ноён уулыг ашиглах 4 лицензийг харийнханд буюу анх Сентерра голд компанид өгснөөс болж бид 2014 оноос хойш 5 жил дамнан шүүхээр заргалдан саяхан 2020 оны 5 сард тусгай хамгаалалтанд авах шийдвэрийг гаргуулсан. Анх Зүүнхараагийн гадаадад сурдаг оюутны холбооны ... гэж хүн надад Ноён уулыг хамгаалах талаар та ажиллаж өгөөч гэж санал тавьж эхэлснээс үүдэн Хүннүгийн археологийн үеийн булш бунхан бүхий түүхийн үнэт зүйлтэй Ноён уулыг судалж алдаж болохгүй гэж үзсэнээс Ноён уулаа аврая хдөлгөөний тэргүүн Цэрэннадмид эгчтэй холбогдож 2014 оны 1 сард хэвлэлийн хурал зарлан энэ асуудлыг гаргаж ирж байлаа.

 

Сонгуулийн дараа санал луйвардсан, мөнгө тараасан, хууль бус сурталчилга хийсэн гэх мэдээлэл ил болдог ч тэгсхийгээд намжчих юм. Сонгуулийг шударга ямар нэгэн эргэлзээ маргаангүй явуулах ямар арга байдаг юм бол. Дэлхийн бусад орны жишээнээс та хэлж өгөөч:


Сонгууль бүрийн дараа ийм асуудал гардаг. Сонгуулийг анхнаасаа луйвар гарах үндэслэлгүйгээр зохион байгуулах ёстой, ямарваа нэгэн хууль бус үйлдэл гарвал шударгаар шийдэх нь зүй ёсны хэрэг, харамсалтай нь манайх санаатай санаандгүй байдлаар орхигдуулдгаас нийтэд эргэлзээ төрөх нь аргагүй юм.
Манай орны нөхцөлд хэдий тархмал байдлаар суурьшдагч тоо томшгүй хүн амтай биш давхар гараар тоолох нь буруу биш гэж боддог. Хар машинд хулхидуулж байна, итгэх боломжгүй гэдгийг дэлхий даяар шуугисаар ирсэн.

 

Та хар машинаар тоолох нь шударга байж чадна гэдэгт хэр итгэлтэй байдаг вэ?

Хар машины тухайд үнэндээ итгэлтэй биш, техник технологийн зуун шүү дээ. Тийм ч учраас дахин гараар тоолох асуудал байнга яригддаг.

Энэ жил хамгийн олон бие даагчтай сонгууль болж байгаагаараа онцлог байна. Бие даагчдыг сонгох хамгийн том шалтгааныг та хэлж өгөөч.

Би дээр хэлсэн, намуудын эрх ашиг төрийн эрх ашгаас хэдий чинээ өндөрт тавигдана төдийчинээ улс орны хөгжил дэвшил доройтож байна гэж. Нам дагаж гүйгсэд бүүр залуужиж байна, муухай жишиг тогтож байна. Бурууг нь мэдсээр байж дулдуйдан дагаж гүйгээд байгаагийн ард эрх мэдэлд ямарч хамаагүй үнээр хүрэх гэсэн тэмцэл харагдаж байна. Нэр дэвших эрх авч чадаагүй болохоор эргээд намынхаа эсрэг бие даах гэсэн хүмүүс ч гарч ирсэн.

Намууд энэ чигээрээ байх юм бол Монгол улс хөгжихгүй улмаар доройтох хандлага ажиглагдсан учраас бие даагчид олноороо дэвших нь дамжиггүй байсан. Өөрийн итгэл үнэмшил, зорилгоор бие даан нэр дэвшигч нарыг үгүйсгэх боломжгүй, Монгол улсыг сэргээх зоригтой өөрчлөлт хийх төлөөлөл нь бие даагчид болно гэж би харж байна.

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.107.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.