Сонгууль жүжиг биш ч сонирхолтой, солиотой үзэгдлүүд өрнөсөөр л байна даа
Нийтлэл
/
2020-06-16

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа үргэлжилсэн өдөр хоногууд өнгөрч байна. Ардчилсан хувьсгалаас хойшхи наймдахь удаагийн сонгуулийн сурталчилгаа өмнөх жилүүдийнхтэй ижил сонирхуулах зүйлсээр баялаг байгаа нь нууц биш. Ер нь сонгууль жүжиг биш ч гэсэн улстөрийн тайзан дээр бол сонирхолтой, солиотой үзэгдэл драмууд элбэгших шинжтэй.

 

Номтойбаярын сурталчилгааг эцэг Нямтайшир нь үргэлжлүүлэн хийнэ

УИХ-ын гишүүн Нямтайширын Номтойбаярыг шүүхээр хорьсон явдал энэ сонгуулийн хамгийн том сенсаациар зүй ёсоор нэрлэгдэнэ. Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 2020 оны зургаадугаар сарын 11-ний өдөр УИХ-ын гишүүн асан, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч Н.Номтойбаярт холбогдох хэргийн шүүх хурал болсон. Хуралдаанд яллагдагч Н.Номтойбаяр оролцсон бөгөөд түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас авчирсан байсан. Шүүх бүрэлдэхүүн Н.Номтойбаярыг үргэлжлүүлэн цагдан хорих шийдвэрийг гаргасан. Харин шүүх хурлыг энэ сарын 17-ны өдрийг хүртэл хойшлуулсан юм. Мөн шүүгдэгч Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандах, Х.Базаррагчаа нар шүүгдэгч Н.Номтойбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж, шүүгдэгч Н.Номтойбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, бусад шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэр дэвшигч Номтойбаярын сонгуулийн эцэг Нямтайшир үргэлжлүүлэн хийхээ хэвлэлийнхэнд мэдэгдээд буй нь өнгөрөгч сонгуулиудад гарч байгаагүй шинэ үзэгдэлд тооцогдох юм.

Номтойбаярыг ийн хоригдож байх зуур мунзуй Г.Нямдорж хэмээх хүн “Номтойбаяр бол маш муу хүн” гэж мэдэгдсэн төдийгүй түүний эсрэг 30 мянган хувь захидлыг тараасан нь “дайны хажуугаар дажин” гэдэг үгийг өөрийн эрхгүй сануулна.

 

Ерөнхий сайд асан Жаргалтулгын Эрдэнэбатыг хорив

Энэ сарын 12-13-нд шилжих шөнө Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг гэрээс нь баривчилж, хорих 461-р ангид хориод буй юм. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Улаан сайр-2 хэмээх 1462.82 га талбайг 2017 оны арванхоёрдугаар сард “Элбэг орд” ХХК-иас төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констрашкн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр худалдсан гэх асуудлыг шалгуулахаар АТГ-т иргэд хандаж байсан. Уг асуудлыг хуулийн байгууллагууд шалгаж, улмаар шүүхийн шатанд шилжсэн юм.

Шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаан энэ сарын 11-нд эхэлсэн ч шүүгдэгчдийн хүсэлтийн дагуу тав хоног хойшилсон юм. Энэ үеэр  шүүх хуралд Б.Отгонбаатарын өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалгаангүйгээр ирээгүй, Ж.Эрдэнэбат нь өнгөрсөн сарын 15-наас буюу хэрэг шүүхэд шилжсэнээс хойш шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй гэсэн үндэслэлээр цагдан хорихоор шийдвэрлэсэн. Ингээд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг саатуулжээ.

Сүүлийн хоёр ч шүүх хуралдаанд өөрийн биеэр ирээгүй, мөн шүүхээс барьцаа болгож өгөхийг шаардсан 10 тэрбум төгрөгийг заагдсан хугацаанд байршуулаагүй гэх шалтгаанаар уг захирамж гарсан гэгдэж буй. МАН-ын зүгээс Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсон нь хууль бус хэмээн үзэж буйгаа илэрхийлж, мэдээлэл хийсэн. МАН-ын Хууль эрх зүйн ажлын хэсгийн хуульч Ү.Амарбат “Үүнд хуулийн үндэслэл алга. Ж.Эрдэнбат УИХ-ын сонгуулийн 13дугаар тойрогт нэр дэвшиж буй нэр дэвшигч. Түүнчлэн одоо хэр УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хүчин төгөлдөр байгаа. Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардсан хүнийг шинээр эрүүгийн хэрэгт татах, цагдан хорих болбол Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрлийг авах хуулийн заалттай. Гэтэл ямар ч зөвшөөрөл авагдаагүй. УИХ-аас баталсан хуулийг илтэр зөрчсөн энэ үйл ажиллагааг МАН эсэргүүцэж байна” гэсэн. УИХ-ын дарга Г.Занданшатар ч уг баривчилгааг хууль бус гэж үзэж Баянхонгор аймгийн Гурванбулаг сумаар огноолон Эрдэнэбатыг өмгөөлсөн мэдэгдлийг илгээгээд байна.

 

П.Галиндэвийг цагдаагийн байгууллагаас дууджээ

УИХ-ын сонгуулийн 26дугаар тойрог буюу Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшиж байгаа П.Галиндэвийг цагдаагийн байгууллагаас дуудаж, тайлбар авсан байна. Энэ тухай П.Галиндэв “Ардчилсан улсын сонгууль эхлээд дундаа орж байна. Би өнөөдөр сурталчилгаагаа эхлээд, ард иргэдтэйгээ уулзаад явж байх ёстой. Гэтэл Сүхбаатар дүүргийн цагдаад дуудагдаад байж байна. АН-ынхан намайг цагдаад өгсөн юм байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13, 14дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж намайг цагдаад өгч. Би АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнийг удирдаж, таван жил ажилласан. АН-д байгаа МАНАН бүлэглэлийнхэнтэй таван жил тэмцсэн. Хуулийн хүрээнд тэмцээд дийлдэхгүй болохоор нь сонгуульд өрсөлдье гэж шийдсэн. Намын толгойд гарчихсан, төрийг эзэлсэн С.Эрдэнэ мэттэй ард түмний дэвжээн дээр очиж, сонгуульд өрсөлдье гэж шийдээд нэр дэвшсэн. Гэтэл тэд шударга сонгууль явуулж, өрсөлдөхийн оронд намайг цагдаад өгч дарамтлуулах, цаг завыг минь барах байдлаар хандаж байна.  Нам, төрийн толгойд эзэн суусан, хорь гучин жил газрын баялгийг хувьдаа авсан, Улаанбаатар хотын газрыг зараад идчихсэн, төсвийн мөнгийг хулгайлсан хүмүүсийн үйлдлийг илчилж, тэмцсэн. Хариуд нь тэд цагдаад өгч, дарамтлуулдаг. Намайг цагдаад өгч байгаа гурав дахь тохиолдол нь болж байна.

Өнгөрсөн жилүүдэд намайг цагдаад өгөөд, дарамтлуулж л байсан.  Би С.Эрдэнэ гэдэг хүн АН-ыг бохир мөнгөнд живүүлсэн, УИХ-ын сонгуулийн мандатыг зарж байна гэж хэлсэн. 100 саяын асуудлыг та бүхэн мэдэж байгаа. М.Энхболд, С.Эрдэнэ хоёр нэг нь 60 тэрбумын схемийг хэрэгжүүлсэн, нөгөөх нь 100 саяын дэнчин нэхэж байгааг би удаа дараа хэлж, ярьсан. Гэтэл ингэж хэлсний минь төлөө намайг шалгуулж байгаа юм байна. Өнөөдрөөс сонгуулийн бохир муухай, бие биеэ гүтгэдэг, харлуулдаг ажил нь эхэлж байгаа юм байна. Би ард түмэндээ, сонгогчдодоо, Баянголынхондоо хэлье. Надад төсвийн мөнгө “идсэн”, хотын газрыг зарсан нэг ч тохиолдол байхгүй шүү” хэмээсэн.

“Буян”-гийн Жаргалсайхан, Т.Энхсайхан нарын авгай нөхрийн хэрүүл

Энэ жилийн УИХ-ын сонгуулийн нам гүмхэн сурталчилгааны өдрүүдийг АН-аас нэр дэвшигч Т.Энхсайхан, “Шинэ эвсэл”-ээс нэр дэвшигч, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нарын телевизийн мэтгэлцээний бичлэг чимж,   цахим сүлжээнд ярианы халуун сэдэв болж байгаа. Мэтгэлцээний үеэр Т.Энхсайхан  өөрийгөө “Би таны охин шиг залуу хүн” гэх утгатай үг хэлсэн бол хариуд нь Б.Жаргалсайхан  “Чи миний эхнэр шиг харагдаж байна. Дөч гарчихаад арван наймт шиг ёсзүйгүй юм битгий ярь” хэмээн эгдүүцсэн. Б.Жаргалсайхан  хувьд 1959 онд төрсөн өдгөө 61 настай, наснаасаа их залуу харагддаг хүн. Харин Энхсайхан бүсгүйг нийгмийн сүлжээгээр “Өөрөө эмээ шиг төрхтэй юм байж хүнийг насаар нь доромжлоод байхдаа яахав дээ” гэсэн хандлагатай байгаа юм.

“Хууль зүйн сайд Ц.Нямдоржтой тэмцэнэ” хэмээн олны өмнө гарч ирсэн Т.Энхсайханы хувьд туйлын зорилго нь УИХ-ын гишүүн болох байсан нь  АН-аас их хуралд дэвшихээр мандатаа авч баталгаажсан цагаас илэрхий болсон.  

Намын даргадаа мөнгө өгч нэр дэвшсэн гэх шүүмжлэл хэлсэн Б.Жаргалсайхан руу “Улстөрөөс та нар шиг хүмүүс, С.Эрдэнэтэйгээ  бүгдээрээ цаашаа, за юу” хэмээн бухимдсан.  Барьц алдсан уу, бухимдлаа барьж дийлээгүй юу намынхаа даргыг бусадтай хамруулж шүүмжилсэн нь  сөрөг үр дүн авчрах вий гэх сэтгэгдлүүд ч нийгэмд тархаад буй.

Уран сайхны киноных шиг сурталчилгаа

УИХ-ын 3дугаар тойрог буюу Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшигч А.Адьяасүрэнгийн сонирхолтой сурталчилгаа цахим ертөнцөөр яваад байгаа. Тэр нь юу вэ гэвэл Италийн алдарт кино Маленагийн монгол дүрийг тэрээр сурталчилгааны хуудаснаа амилуулаад буй аж. 2000 онд гарч эхэлсэн “Малена” хэмээх Италийн мелодрам төрлийн киноны гол дүрд Моника Беллуччи, жүжигчин Жузеппе Сульфаро нар тоглон, найруулагчаар Жузеппе Торнаторе ажилласан байдаг. Малена бол гоо үзэсгэлэнгээрээ тухайн жижиг хотдоо од болсон бэлэвсэн сайхан бүсгүй ба эрчүүд нь түүнээс харцаа салгаж чадахгүй, ангайн гөлөрцгөөж, эхнэрүүд нь энэхүү байдалд эгдүүцэн шаралхаж, бүсгүйг янз бүрээр доромжлон гутаахыг оролддог.

Маленагийн алхаа гишгээ, ихэмсэг сүрлэг байдал, найруулагчийн уран, торгон мэдрэмж, саундтрекийн зохицол зэрэг нь уг киног их өвөрмөц, донжтой болгосон байдаг. Үзэсгэлэнт бүсгүй Маленагийн дүрд Моника Белуччи тоглосон бөгөөд түүнийг нүцгэлж чадсанаараа тун онцлог кинонд тооцогддог. Монгол Малена Адьяасүрэнгийн хувьд ээж С.Амгалан нь Баянхонгор аймгийн Жинст сумын уугуул, өвөө Ц.Самбуу нь 1950-иад онд нэгдэл байгуулагдахад илгээлтийн эзнээр томилогдон, сум, нэгдлийн даргаар ажиллаж байсан гэх мэт намтартай нэгэн аж. Адьяасүрэн бүсгүйн эл хачирхалтай сурталчилгааны талаар “Шүлэнгэтсэн харцтай бөөн эрчүүдийн хажуугаар явах ч бие нэвт сүлбэх шиг хэцүү дээ. Яг ямар утга санаа хэлээд байгаа юм бол? “Баянхонгорын бараан гудамжинд гэрэл гийлээ”, “Баянхонгорын эмэгтэйчүүд өөрчлөлтийг авчирна”... за за, мэдкүээ, мэдкү... Заавал ингэж далд утга санаа бодуулж сонгогчдийнхоо сэтгэхүйн чадамжийг сорих ямар шаардлага байнаа” гэсэн хошин таамаглалууд ч хөвөрсөөр байна.

 

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Лхагвасүрэнгийн БАТЦЭНГЭЛ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.184.164)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.