Эрүүл мэндийн байгууллагуудад түргэн тусламжийн таван автомашин өглөө
Үйл явдал
/
2020-05-23

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир нар аймгийн удирдлагуудтай хамтран Баянхонгор аймгийн эрүүл мэндийн байгууллагуудыг түргэн тусламжийн автомашинаар хангах санаачилга, зорилт дэвшүүлж, санхүүжилтийг нь 2017-2020 оны төсөвт суулган хэрэгжүүлж байгаа билээ. Тэдгээрийн нэг хэсэг болох 5 ширхэг УАЗ пургон автомашиныг аймгийн нэгдсэн эмнэлэг болон  Хүрээмарал, Баян-Өндөр, Баянбулаг, Эрдэнэцогт сумын эрүүл мэндийн төвүүдэд өнөөдөр /2020.05.22/ хүлээлгэн өглөө.

Хөдөөгийн алслагдсан сумдын хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх,  хүн эмнэлэгт парк шинэчлэл хийх үүднээс төсөвт санхүүжилтийг нь тусгажээ.  

Автомашинуудыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, мөн яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т.Бямбасүрэн нар гардуулав.

Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал “Хөдөөгийн сумдын түргэн тусламжийн автомашин өдөр шөнөгүй ашиглагддаг тул богино хугацаанд элэгдэж, хуучирдаг. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир нарын санаачилгаар 2020 оны улсын төсөвт санхүүжилт нь тусаж шийдэгдсэнээр 5 эмнэлэг шинэ машинтай болж байгаад баяртай байна” хэмээн тэмдэглэсэн бол жолооч нар “УАЗ пургон машин хөдөөгийн нөхцөл, замд хамгийн тохиромжтой. Дотроо зай сайтай болохоор өвчтөнөө ямар ч байдлаар тээвэрлэж болдог. Олон жил хэрэглэж, дасал болсон орос машиндаа хөдөөгийн жолооч бид дуртай байдаг юм” гэж сэтгэгдлээ илэрхийллээ.   

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.42.243)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.