Шүүхэд шилжсэн эрүүгийн хэргүүд 10 ТЭРБУМЫН ҮНЭТЭЙ БОЛЛОО
Нийтлэл
/
2020-06-18

2020 оны УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг 10 тэрбум төгрөгийн барьцаа шүүхийн тусгай дансанд байршуулахыг шүүхээс шаардаж,  улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 11-нд захирамж гаргаж, цагдан хорьсон. Тэгвэл  Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг шүүн хэлэлцээд, шүүх хурлыг зургадугаар сарын 22-ны 11.00 цаг хүртэл хойшлуулсан.

Тэр болтол нэр дэвшигч Ж.Эрдэнэбат сонгуулийн сурталчилгаагаа хийхгүй, хоригдсон хэвээр байх ажээ. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруун дахь XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг өөрийн болгосон гэж үзэн буруутгаж байгаа. Түүний шүүх хурал болох өдөр буюу өчигдөр нутгийн ахан дүүс, МАН-ыг дэмжигчид шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн жагссан талаар бид мэдээллэж байсан. Энэ нь төлбөртэй жагсаал байсан уу эсвэл Ж.Эрдэнэбат үнэхээр нутгийн олондоо нэр хүнд сайтай нэгэн үү...

Мөн АН-аас УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшигч С.Баярцогт болон 17 дугаар тойрог, Хөвсгөл аймагт нэр дэвшигч Д.Ганболд нарыг  тус бүр 10 тэрбум,  19 дүгээр тойрог буюу Дархан-Уул аймагт нэр дэвшигч Б.Бямбасайханыг 2 тэрбумын барьцаа байршуулах шүүхийн шийдвэр өчигдөр гарав. Нэр дэвшээгүй ч  Ерөнхий сайд асан С.Баярыг 5 тэрбум төгрөгийн барьцаа байршуулах шийдвэр мөн гараад байна. Шүүхээс тэднийг энэ барьцаа хөрөнгөө хугацаанд нь байршуулаагүй тохиолдолд цагдан хорих аж.

Тэднийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шалгаж, Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангиар Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн дүгнэлтийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд хүлээн авсан бөгөөд түүнээс хойш тодорхой шалтгааны улмаас шүүх хуралдааныг хэд хэдэн удаа хойшлуулжээ.

Тэдний хэргийг шүүх хуралдаан дахин хойшлогдохгүй бол энэ сарын 18-ны өдрийн 09.00 цагт болно.

Ингэж төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох УИХ-ын сонгуулийн үеэр нэр дэвшигчдээс их хэмжээний мөнгө нэхэж, түүнийгээ богино хугацаанд байршуулахыг шаардаж, байршуулаагүй тохиолдолд цагдан хорьж байгаа нь Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Энэ болон бусад хуулийг шүүх уландаа гишгэж, Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд халдаж буйн цаана ямар ашиг сонирхол байна вэ?

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.203.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.