Баянзүрхт "битүү морьд" хамгийн эвгүй
Үйл явдал
/
2020-06-18

Баянзүрхчүүдийн хамгийн сүүлд хийсэн УИХ-ын сонголт 4 жилийн турш муугийн жишээ, муухайгийн үлгэр болж яригдлаа. Бидний сонгосон хүмүүсээс зарим нь төрийн түшээ, зарим нөхдүүд бол бас арай л байсан шүү. Би уг нь та нарынхаа нэг л дээ. Гэхдээ миний саналаа өгсөн хүмүүс гараагүй л болохоос. Та хэдтэйгээ хамтаар "Баянзүрхчүүдийн сонголт нүдээ олсонгүй" гээд хоморгонд нь би баахан л "нүдүүллээ".

Хатуухан хэлэхэд, Монгол омогшил, популизм хоёрт Баянзүрхчүүд 4 жилийн өмнө "дарлуулчихсан". Ер нь ч аль мэдлэг боловсрол тааруу, их ярьж, бага ажил хийдэг нөхдүүд УИХ-ын энэ тойрог руу явчих гээд байдгийг бас л бодууштай. Одоо хэдүүлээ өөр үзнэ ээ. Ярихын биш, хийснийг нь харъя. Хэлэхийн биш хийхийг нь сонсоё. Хэн болохоо бусад дүүргийнхэнд харуулна шүү харин ч нэг.

За сонголт бол хүн хүний өөрийн эрх. Тиймээс ингээд Баянзүрхчүүд та бүхнийхээ "цочирдом" сонголтын талаар ярихаа түр зогсооё. Гагцхүү ганц дорвитой хууль санаачилдаг, иргэдийнхээ байр суурийг нам, УИХ-д хамгаалаад, ганц нэг бүтээн байгуулалтууд шийдчихдэг, хулгай луйварт татагдаад орчихгүй хүмүүст итгэл өгмөөр байгаа юм. Түүнээс биш дээвэр засч, ташуур барьж гүйдэг хүмүүс бидний амьдралд холын зураглалдаа огт хэрэггүй. Эцэст нь намд элсээд, тойргоо солиод давхичихна. Эсвэл ЖДҮ "туугаад" буцаж ирэх нүүргүй болчихно. Эдгээрийг манайхан дор бүрнээ бодох буй за.

За гол асуудалдаа оръё. Энэ удаагийн сонгуульд хэн хэн хаанаас, аль тойргуудад нэр дэвшиж байгаа вэ гэдгийг хамтдаа харцгаая. Өмнө нь хэн хэн гарч, аль нам ялалт байгуулж байсан талаар нуршаад хэрэггүй биз. Угаасаа АН, МАН гэж хуваагдаад, солигдоод явсаар ирсэн тул. Шууд энэ удаагийн 2020 оны нэр дэвшигчид рүүгээ оръё.

Баянзүрх дүүргийн 23 дугаар тойрог

УИХ-ын 23 дугаар тойрог 3 мандаттай. МАН-аас Сангийн дэд сайд Х.Булгантуяа, ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн эмч, Баянзүрх дүүргийн засаг дарга асан Э.Бат-Амгалан. АН-аас НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг, жүжигчин Ж.Баясгалан, Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваа нар өрсөлдөнө. "Зөв хүн-Электорат" эвслээс Д.Гантулга, Г.Рагчаасүрэн, А.Дөлгөөн, Шинэ эвслийн дарга Ж.Батзандан "цэрэг" Ш.Батсамбуу, хуульч Х.Батсуурь, "Та бидний эвсэл"-ээс Б.Батболд, С.Бямбасүрэн, Н.Өнөрбаяр гэсэн хүмүүс мөн адил 3 мандатын төлөө хүч үзнэ. Бие даагчид болон бусад нам эвслүүдийн нэрс дунд гялтайж байгаа ганц хүн нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан.

Магадгүй гурван мандатын нэг нь түүнийх болох биз. Муугаар бодоход л дээрээсээ гуравт бичигдэх магадлал өндөр. Баянзүрхийнхэн маань 4 жилийн дотор хэтэрхий л мэргэн болчихоогүй л бол шүү дээ. Нөгөө хоёр эрхийнх нь төлөө жинхэнэ "аймаар" юм болно.  Х.Булгантуяа дэд сайд, Ж.Чинбүрэн эмч, Э.Бат-Амгалан, Д.Пүрэвдаваа тэргүүтэй бусад хүмүүс жинхэнэ ширүүхэн тэмцэлдэнэ. Том тойргийн зовлон гэгддэг нэг намын гурав нэгийгээ "аних" үйл явц жинхэнэ утгааараа энэ тойргийн МАН-д их л хүчтэй өрнөх болов уу даа.

Магадгүй гурван мандатын нэг нь Ж.Батзандангийнх болно гэж зарим нь ихэд таамаглаж байна.  Х.Булгантуяа дэд сайд, Ж.Чинбүрэн эмч, Э.Бат-Амгалан, Д.Пүрэвдаваа тэргүүтэй бусад хүмүүс ч түүнтэй жинхэнэ ширүүхэн тэмцэлдэнэ.

Олон нийтийн хувьд Ж.Чинбүрэн эмчийг элгэний гэх тодотголоор нь бүгд сайн мэднэ. Сангийн дэд сайд Х.Булгантуяа ч төсөв санхүүгийн мэдлэг, туршлагаараа массд хэдийнээ хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн. Харин “битүү морь” гэгдээд буй Э.Бат-Амгалан нь нийслэлийн төлөөлөгчөөр баянзүрх дүүрэгт сүүлийн жилүүдэд ажиллахдаа иргэдийнхээ итгэлийг нэлээдгүй хүлээсэн нэгэн аж. Нийтээрээ гэхээс илүүтэй Баянзүрхчүүд түүнийг дүүрэгтээ хийж хэрэгжүүлсэн ажлуудаар нь хамгийн сайн мэднэ. Мөн өмнө нь тэрбээр иргэдийн төлөөлөгчдийн хурлын шат шатны байгууллагуудад хороо, дүүргээ төлөөлж байсан учраас иргэдийнхээ өмнө тулгамдсан асуудлуудыг ч гэсэн илүүтэй нарийн мэддэг нэгэн.

Олон нийт Ж.Батзандан болон АН-ын нэр дэвшигчид болон МАН-ынхан руу анхаарлаа хандуулах зуур иргэд, дүүргийнхэндээ танигдсан асуудлаа мэддэг, шийдэж ирсэн Засаг дарга Э.Бат-Амгалан нь гэнэтийн цохилт хийж дундуур нь зүсч мэдэх тойрог хэмээн улс төрийн хүрээнийхэн таамаглаж байна. Ер нь энэ 23 дугаар тойрог буюу Баянзүрхт өрнөх тулаан нэлээдгүй ширүүн өрнөх бөгөөд "битүү морьд" цаг ямагт тааварлаагүй уралдааныг үзүүлдэг гэдгийг санах нь зүйтэй. Дээрээс нь Ерөнхий сайд өөрийн багтаа шударга, бэлтгэсэн хүмүүсээ нэр дэвшүүллээ. Багаар нь дэмжээрэй гээд мань хүнийг өнгөрсөн долоо хоногт баахан "шидсэн" нь Баянзүрхчүүдэд нэлээдгүй итгэл төрүүлээд байгаа юм. Үе үеийн сонгуулиар иргэд гэнэтийн бөгөөд ухаалаг сонголт хийсээр ирсэн. Харин энэ удаад  болохыг хамтдаа харцгаах л үлдлээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.140.195.225)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.