Дандаа инээмсэглэж явдаг гуниггүй бүсгүй Доржзовдын Энхтуяа
Нийтлэл
/
2020-06-19
Дарханчуудын шинэ ирээдүйг бүтээнэ

Дарханчууд түүхэн шинэ сонголт хийх шийдвэр төгс байна. Энэ тойрогт эмэгтэй хүн сонгогдож байсан түүх мартагдаад гучин жил болсон. Энэ удаа Дарханчууд Болдын Жавхлан, Доржзовдын Энхтуяа, Тордойн Ганболд гэсэн сонголт хийх нь судалгаагаар тогтоогдож байна. Ялангуяа ахмад настан, айл гэрийн эзэгтэй нар, үр хүүхдийнхээ ирээдүйн боловсрол, ажил мэргэжилд сэтгэл тавьдаг эцэг эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэдний ар гэр ахан дүүс, байнгын тогтвортой ажил тууштай хайж буй залуус Дархан хотыг жижиг дунд үйлдвэрийн төв болгох, тэр дундаа экспортын чиглэлтэй үйлдвэрийн төв болгох Доржзовдын Энхтуяа нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг тууштай дэмжихээ илэрхийлцгээж байна.

УИХ-ын хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж эх орныхоо өнцөг булан бүрт хүрч жирийн иргэдийнхээ амьдрал ахуйг гүнзгий судалсан сэтгүүлч Доржзовдын Энхтуяа Дархан хотоос тодорсон УИХ-ын ууган эмэгтэй гишүүн болох бололтой. Доржзовдын Энхтуяа Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Германы Карлсроугийн олон улсын сэтгүүлзүйн их сургуулийг дүүргэж, МҮОНТ-ийн “Үдшийн хэмнэл” студийн нэвтрүүлэгчээр ажлын гараагаа эхлэн, “Ийгл”, “NTV” телевизүүдэд мэдээний албаны дарга, УИХ-ын даргын Хэвлэл мэдээллийн албаны дарга, МҮОНТ-ийн захирал зэрэг алба хашсан байна. Тэрээр Монголын үндэсний телевизийн захирлаар ажиллахдаа хийсэн гол ажлуудын нэг нь 16 мм-ийн кино төслийг Голланд улсын мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэснээр манай уран бүтээлчид баримтат урын сангаасаа чухал хэрэгтэй дүрст бүтээлийг цаг алдалгүй, үнэ төлбөргүй эш татаж хэрэглэх алтан боломж нээгдсэн байдаг.

Монголын сайхан бүсгүйчүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог Д.Энхтуяаг “Дандаа инээмсэглэж явдаг гуниггүй сайхан бүсгүй” гэж Дарханы нэгэн сонгогч цахим хуудсандаа бичсэн байна лээ. Нэр дэвшигч Д.Энхтуяагийн аав Доржзовд гуайнд 2019 оны өдийд айлчлан “Өдрийн сонин”-д хэвлэгдэж байсан тэмдэглэлийг уншигч танаа хүргэж байна. Амьдралд жаргал, зовлон ээлжилдэг жамаар эл нийтлэл уншигчдад хүрснээс хойш Д.Энхтуяа маань хайрт ээжээ, басхүү хамгаас дотно ах Д.Энхтүвшингээ бурханы оронд үджээ. Мөчир нь бүтэн мод байдаггүй, элэг бүтэн хүмүүн үгүй хорвоо юм сан уу?

ЭРДМИЙН ГЭРЛИЙГ ЭРХЭМЛЭН ДЭЭДЛЭГЧ ДОРЖЗОВДЫНХОН

Доржзовд гэдэг айлд өнжлөө гэхээр уншигч танд танил сонсогдож байж мэдэх юм. Бичигч миний хувьд гэхэд л энэ нэр өнгөрөгч зууны наяад оноос хайртай нэгэн зохиолчийн маань нэртэй үргэлж хамт явдаг болохоор амны уншлага шахуу болсон юм. “Паанан”, “Соёо” туужийг зохиосон авьяас билэгт нэгэн гэхээр “Аа, тийм” гэж хүлээн зөвшөөрөх хүн олон байна байх. Улирагч долоо хоногийн баасан гаригт “Нарантуул” олон улсын худалдааны төвийн “Өгөөмөр” захын зүүнтээ орших “Ахмадын хороолол”-д аж төрөх Б.Доржзовд гуайнхыг зорилоо. Өмнө нь сайтар заалгасан болохоор гэрийг нь ч түвэггүйхэн оллоо. Хоёр давхрын тагтан дээрээс “Энэ шүү хө” гэх дуунаар харвал эдний дунд хүү Д.Энхтөр аж. Нуулгүй хэлэхэд миний бие Доржзовд гэдэг айлын гурван ч хүүтэй танил бөгөөд ажил мэргэжлийн хувьд ойр, сэтгэл зүрхээрээ дотно харьцаатай явж ирсэн юм. Тиймээс өнөр өтгөн эл айлын аж төрлийг мэр сэр гадарлана. Эдүгээ ерэн насны босго алхах дөхсөн гэрийн эзэн жижиг өрөөндөө хагалгаанаас саяхан гарсан ханиа халамжлан сууна. Харин бурхан тахилтай зочны өрөөнд нь таван хүү нь биднийг хүлээж байна.

Бямбын Доржзовд гуайн уугуул нутаг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум бол хань Лхамцоогийн Сугар гуай Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийнх аж. Доржзовд гуай Архангай аймгийн Мал эмнэлгийн техникумын анхны төгсөгч, малын эмч мэргэжилтэй нэгэн юм. Баянхонгорын Баянбулагийн Пэрэнлэйн Лувсанцэрэнтэй нэг ангид суралцаж, шүлэг зохиолоо уншилцаж Нямжав багшийнхаа хоёр талаас зүүгдэж явсан байна. Техникумд арван хоёр настай элсэж арван зургаатайдаа онц дүнтэй төгсөөд нэг дээлийн даавуу, хайрцаг ёотон, дугуй булант цайгаар шагнуулан төрсөн нутгаа зорьжээ. Тухайн үед юм ховор живэр цаг тул өдий дайны эдээр шагнуулна гэдэг их ээ том хувьд тооцогддог байж. Замдаа хүүхэд л болсон хойно хорхойсоод ёотонгийнхоо цаасан хайрцгийн буланг жаахан цоолоод ганц хоёрыг хүлхчихжээ. Гэртээ ирж бэлгээ өгсний дараа ээж нь нулимс унаган, ханцуйгаараа шудрахыг хараад “Намайг ёотон хулгайллаа гэж ээж минь гомдсон юм бол уу” гэж санаа нь зовон гэрийнхээ сүүдэрт сууж байсан нь өнөө цагт нүдний гэм болсон шударга, хүнлэг чанарын нэгэн илрэл гэлтэй. Ээж нь ийм их бэлгээр шагнуулсан онц төгсөгч хүүдээ баярласандаа нүдээ чийгтүүлж байсан нь тэр байжээ. Доржзовд хүү Бат-Өлзийдөө тэгтлээ ч удалгүй төр засгийн даалгавраар Өмнөговь аймгийн Ноён суманд малын эмчээр хуваарилагдан очжээ. Үүнээс хойш нутагтаа амралтаараа л хэдэнтээ очсныг эс тооцвол үндсэндээ 1975 онд Улаанбаатар хотод шилжин иртлээ Өмнөговь аймагт ажиллаж амьдарчээ. Тэрээр Гурвантэс суманд өрх үүсгэж, гал голомтоо бадраажээ. Зохиолч Д.Найманжин, П.Лувсанцэрэн нарын унаган багын найз Доржзовд залуу зандан насандаа өгүүллэгийн ном гаргахаар бэлдэж байсан ч андынхаа Монголын уран зохиолд цахиур хагалсан “Хаврын шувуу” өгүүллэгийн түүврийг уншаад үндсэндээ зодог тайлжээ. (Уран бүтээлтэй холбогдох эл хэсэг өвгөн бичээчийн үг биш Д.Нацагдоржийн нэрэмжит зохиолч Д.Энхболдынх гэдгийг дашрамд тэмдэглэсүгэй! Л.Б)

Гэрийн эзэн бие тэнхлүүн хүн юм. Тэрээр идэрхэн хоолойгоор “Тавин есөн онд Ноён сумаас Гурвантэс салж “Соёл” нэгдэл байгуулагдахад малын эмчээрээ ажиллаж эхэлсэн. Гурвантэсийн албан байгууллагын зургаан гэрийн хоёр нь манай мал эмнэлэг. Манай Гурвантэс улсын торгон хилээс жараад километрийн зайтай. Албан ажлын шугамаар Хилийн цэргийнхэндээ туслах үүрэгтэй. Хожим тавиад онд Овоотын отрядаас Замын-Үүд хүртэлх өмнөд хилийн дээсийг тогтооход оролцож байлаа” гэж товч болоод тодорхой хуучлах аж. Тэрээр малын эмчийн ажлынхаа зэрэгцээ “Хөдөлмөр”, “Үнэн”, "Залуучуудын үнэн”, “Говийн мэдээ” сонинуудад идэвхтэн бичигчээр ажиллаж, олон зуун мэдээ, сурвалжлага бэлтгэсэн нь тухайн үедээ нүүр нүүрээр хэвлэгдэж байж. Жаран нэгэн онд Өмнөговь аймгийн гучин жилийн ойгоор АИХ-ын дарга Жамсрангийн Самбуу очиход Б.Доржзовд баярын хүндэт зочноор уригдаж, буудалд тухлан, наадам үзэж явлаа гэж бахархана. Тэр үед Мандал-Овоогийн тэмээчин Жижээ гэдэг хүн БНМАУ-ын хөдөлмөрийн баатар болоход “Ахар Хоромсогын алтан соёмбот бүсгүй” сурвалжлага бичиж “Хөдөлмөр” сонинд нийтлүүлсэн байна. “Хөдөлмөр” сонины эрхлэгч нэрт зохиолч Д.Даржаа байсан гэнэ. Доржзовд гуай насны ханьтайгаа Ноён суманд тавин зургаан онд танилцаж хорол тоононы хос багана болсноос хойш найман сайхан үрийн зулай үнэрлэжээ. Ардын боловсролын тэргүүний ажилтан, алдарт эх, ардын авьяастан Сугар гуай “Зээргэнэтийн шил”, “Уяхан замбуутивийн нар”-ыг ёстой нэг торгон донж бүхий нугалаа шуранхайтай дуулахад байрных нь хөгшчүүл “Норовбанзадаас ч илүү дуулах юм” гэж шагширч байсан удаа цөөнгүй гэх. Бага ангийн багш мэргэжилтэй Сугар гуай Гурвантэс, Мандал-Овоо сумдын сургууль, Нийслэлийн 76, есдүгээр сургууль, Толгойтын 12дугаар сургуулиудад багшилж, цэцэрлэгийн эрхлэгчээр ч ажиллаж байсан сурган хүмүүжүүлэгч хүн юм.

Доржзовд гуай жаран нэгэн онд Хөдөө аж ахуйн их сургууль дүүргээд Зүүнхараагийн малын эмчээр ажиллаж байхдаа тэнд хоригдож байсан Өмнөд Монголын Дэмчигдонров вангийн армийн цэргүүд болох Эрээн Дамдин, Хандын Намхай нарт монгол ахан дүүгийн халуун сэтгэлээр хандаж байсан нь хожим хоёр улсын харилцаа найрсаж, хил нээгдэхэд уригдах шалтгаан болсон түүхтэй. Эрээн Дамдин дайн тулааны үед Японы армийн мэргэн буудагч байж. Тиймээс ч баривчлагдаж хоригдож байгаад 1955 онд нутаг буцсан юм байна. Хожим Шилийн гол аймгийн намын хорооны даргын жолоочоор ажиллаж байхдаа Доржзовдыг гэргий Сугар, Жаалхүү өвгөн, Д.Энхболд нартай урьж Эрээн, Шилийн хот, Жанчхүү, Бээжингээр зочлуулжээ. Уулаас мод бэлтгэхэд хоригдол барга цэргүүдийг ачааны машиных нь жолоотой гарыг нь гавлаж, хаазалдаг гишгүүр, тоормостой хөлийг нь дөнгөлснөөс яр шархандаа баригдаад хүн харахын эцэсгүй юм болсон байдаг байж л дээ. Доржзовд харин тэдгээр залуусын хөл, гарын хүлээсийг суллан итгэл үзүүлдэг байсан болохоор нөгөөдүүл нь үнэн сэтгэлээсээ талархдаг байснаа хожим нутагтаа урихдаа нулимс дуслуулан хуучилсан байна. Тэдний тухай тэмдэглэл бичиж сонин хэвлэлд ч гаргаж байж. Аав, ээжтэйгээ хамт Эрээн Дамдингийн урилгаар БНХАУ-д 1988 онд уригдсан зохиолч хүү Энхболд нь тэдгээр хүмүүсийн ээдрээт хувь тавилангийн тухай түүхэн роман туурвиж буй юм билээ. Хүний сайхан сэтгэл, андын гэгээн нөхөрлөлд улс орнуудын хилийн дээс ч тээг болдоггүйн жишээ энэ биз.

“Хөвгүүд голдуу тэрсхэн олон хүүхэд төрүүлж өсгөхөд хэцүү байв уу” гэхэд өвгөн буурал хариу өгөлгүй инээвхийлэв. Харин хүү Д.Энхтөр нь “Гурвантэсд байхад манай шуудайтай борц аргалын пин дээр овоо том юм харагддаг байж билээ” гэж байна. Идшиндээ нэг тэмээ, өрөөл адуу, бүтэн үхэр, арваад бог хүнсэндээ төхөөрдөг, гурилыг тав зургаан шуудайгаар нь базаадаг байсан гэхээр үр хүүхдүүддээ ямархан хайртай эцгийн зангарга харагдах биз. Монголын үндэсний телевиз байгуулагдсаны хойтон жил буюу жаран найман онд Доржзовд гуай “Хөдөлмөр” сонины найрууллын уралдаанд тэргүүн байр эзэлж шагнуулсан найман зуун төгрөг дээрээ “Мах комбинат”-ын шөнийн ээлжинд ажиллаж олсон хөдөлмөр өдрийн хөлсөө нэмэн байж 1600 төгрөгөөр “Темп” хэмээх зурагт авч байсныг эдүгээ тавь жар хүрцгээсэн хөвгүүд нь баяртайгаар хүүрнэж сууна. Эднийхнийг анзаарч байхад үрээ гэх аав ээжийн халуун хайр, үүсэл удмаа гэх үр хүүхдийн дулаан сэтгэлийн хайр үнэртэнэ. Бурханых нь гүнгэрваанд гэхэд мөөжийсөн хоёр монгол гутал тавиатай. Бус айлуудыг бодвол эрээн мяраан элдэв хөрөнгө тавилга сэлтэд таашаалын жолоо залаад байдаггүй нь илт. Яриа хөөрөөг нь сонсож суухад хүний төлөө гэх халуун сэтгэл, эрдмийн гэрэлд шүтсэн гэгээн хүсэл мэдрэгдэнэ. Хоёр хөгшний бурхан тахилын шүүгээнд “Бурхан багшийн сургаал” номтой хүүгийнх нь “Өвс ногоо аниргүй” өгүүллэгийн түүвэр өрөөтэй харагдана. Орчин үеийн залуусын хэлж, бичдэгээр энэ л ёстой “хайр юм аа”. Доржзовд гуай дотоодын сонин хэвлэлийн идэвхтэн сурвалжлагч байснаас гадна “Москвагийн радио”-гийн үнэнч сонсогч, үргэлжийн харилцагч идэвхтэн бичигч байжээ. Мандал-Овоо суманд аж төрж байхад нь “Кругозор” хэмээх голдоо цэнхэр хальсан пянзтай орос сэтгүүл ганцхан айлд хаяглагдаж ирдэг байсан нь эднийх. Хүүхдүүд нь ч тэр л сэтгүүл, тийм л гэгээн пянзуудаар баярхаж, бахархаж ухаан суусан нь ирээдүйн мэргэжил мэргэшилд нь нөлөөлөө биз ээ. Доржзовд гуай хэдий өндөр настай ч одоо ч сонин хэвлэл захиалж уншдаг, нийгмийн идэвх сайтай “хэнхэг уншигч” гэнэ. Ямар сайндаа л шуудангийнхаа хайрцгаас тэвэр дүүрэн сонин сэтгүүлээ авчихаад автобусанд бариулгүй явж байж жолооч болгоомжгүй тоормос гишгэснээс болж гэмтэж байх билээ. Тэрээр МАХН-д 1958 онд гишүүнээр элссэнээс хойш нам солиогүй аж. Үүнийгээ “МАХН-ыг Х үсэгтэй байхад нь элссэн. Дөрвөн үсэгтэй намдаа л үнэнч хүн би” гэж хөөрхөн хөөрлөөд авав. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ч өвгөнийг хүндэлж шинийн нэгэнд ирж золгодог аж. Хүүхдүүдийнх нь яриагаар одоо амьдарч буй Ахмадын хорооллын таван давхар байруудыг Б.Доржзовдын хөөцөлдсөнөөр Н.Энхбаяр дарга төрөөс төсөвлөж бариулжээ. “Та хүүхдүүддээ ямар сургаал хайрладаг вэ” гэхэд “Зөв л юм бичих хэрэгтэй. Буруу юм ерөөсөө бичиж болохгүй” гэдэг гэсэн нь үр хүүхдээ боддог сэтгэдэг хүн болгож өсгөж торниулсан аргагүй л бичиг номын сэхээтэн хүний амнаас гарах үг мөн ажээ.

Доржзовд гуайн ууган хүү Д.Энхбаяр. Юмны түрүүнд дуугараад байлгүй, нүдээрээ инээмсэглэн даруухаан суух энэ ахынхаа тухай дүү Энхтөр нь “Дууны шүлгийн их мастер, агуу их яруу найрагч Загдын Түмэнжаргал наад хүнийг чинь Энхболд ахаас ч том зохиолч болох байсан хүн гэж үнэлдэг байсан юм даа” гэж ахаараа бахархах сэтгэлээр өгүүлж байна. Тэрээр МУИС-ийн Утга зохиолын нэгдэлд явж байхдаа “Шаргал үст Наташа” энэ тэр гэсэн шүлэг өгүүллэгүүд бичиж шуугиулж байсан нь үнэн аж. Энхболд зохиолч ч ахынхаа эл бүтээлийг уншиж, сэтгэл нь хөдөлж явснаа өгүүлж байна. Энхбаяр геологийн анги төгсөөд дорнын говийн Хажуу-Улаанд хуваарилагдаж очиж ажиллаж байгаад Намын дээд сургуулийг 1980 онд төгсөн Зүлэгтийн уурхайн намын үүрийн даргаар ажилласнаас хойш “уран бүтээл баяртай” болжээ. Тэглээ гээд алдсангүй, насаараа уурхайн байгууллагад хариуцлагатай алба хашиж, Монгол-Оросын хамтарсан “Монросцветмет” нэгдэлд хэлтсийн даргаар ажиллаж байгаад гавьяаны амралтандаа суужээ. Дорноговьд ажиллаж байхдаа соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Лувсангийн Одончимэдтэй шүлэг найргаа харилцан уншиж нөхөрлөж явлаа гэх. Энхболд зохиолчийн наргиснаар эдний Энхбат, Энхболд, Энхбаяр гурав нь “цөллөгийнх” гэнэ. Учрыг асуувал зохиолч Пүрэвжавын Баярсайханы нэг өгүүллэгт гардагчлан эмээ өвөөгийн “тавиул”-ууд аж.

Эдний хоёр дахь хүүг Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналын хоёрдугаархыг Чимэдийн Энхээгийн дараа авсан, их зохиолч Д.Нацагдоржийн болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Доржзовдын Энхболд гэхээр манай уншигчид андахгүй. Түүний “Буйлс дахин цэцэглэнэ” тууж, өгүүллэгийн ном 1989 онд хэвлэгдсэн даруйдаа уншигчдыг үнэхээр байлдан дагуулж байв. За, тэгээд өдөр тутмын сонины хуудсаар анх уншигдсан алдарт “Паанан” тууж нь ерэн долоон онд ном болж хэвлэгдэхэд уншигч, шүүмжлэгчид ёстой нэг гал дээр тос нэмэх шиг халуун дулаан сэтгэгдлээр хүлээж авсан. “Паанан” бол Монголын уран зохиолд үзэгдэл болсон тууж. Лавтай, гурав дөрвөн удаа дахин хэвлэгдээд байгаа. Тиймдээ ч монгол судлаач Рената Баувегийн орчуулгаар герман хэлнээ хэвлэгдсэн эл тууж испани, итали гээд дэлхийн олон орны уншигчдын гар дээр удахгүй хүрэх гэж байгаа дуулиантай. Энхболд зохиолч бол жирийн нэг цагийн гарз, цаасны дайсан болсон бичээч биш. “Хүн байхад юу хэрэгтэй вэ” нийтлэлийн ном нь гэхэд л “Эдмон” компаниас зарласан эсээ бичлэгийн номын төрөлд шалгаран шинэ мянганы босгон дээр хэвлэгдэж байв. Монголын радиод сэтгүүлчээр ажиллаж байхдаа ч олон сайхан нэвтрүүлэг найрууллаа сонсогч түмэнд хүргэсэн. Зах зээл эхлүүт ганзагын наймаанд мордож гахай ч үүрч явсан Д.Энхболд АНУ-ын Чикаго хотод 2003-2014 он хүртэл гэр бүлийн хамт аж төрсөн. Тэнд ч зүгээр байлгүй “Казиног номхотгосон түүх” түүхэн детектив роман бичсэн нь шуугиан тарьж, оны шилдэг номоор шалгарч байсныг санаж буй байх. Энхболд хайртай ээжийнхээ нүдийг өвдөхөд ертөнцийн нөгөө бөөрөнд урьж аваачин дэлхийд алдартай эмнэлэгт үзүүлж шинжлүүлж явсан ачлалт хүү. Түүний “Өвс ногоо аниргүй” өгүүллэгийн номын баяр 2016 онд болоход ээж нь ирж баярласан сэтгэгдлээ илэрхийлж байсныг санаж байна. Монголын үндэсний радио телевизийн хамт олонд “Доржзовдын омголон” хэмээн нэрлэгдсэн авьяас билэгтний тухайд товч дурдахад ийм. Төрийн соёрхол авах магадлал хамгийн өндөр гэж судлаачдын үнэлдэг зохиолч Д.Энхболдын “Соёо” туужаар соёлын гавьяат зүтгэлтэн, найруулагч Баярцагааны Баатар агсан 1991 онд “Соёо” дэлгэцийн хар цагаан кино хийсэн нь Москва, Берлин, Японы Фукуоко, Хонконг, АНУ-ын Сан-Диегогийн кино наадмуудаас шагнал хүртэж, “Азийн соёлын сан”-д орж хадгалагдах болсон нь монгол түмний бахархал яах аргагүй мөн. Түүний “Паанан” туужаар МҮОНТ-ийн найруулагч Энхбаяр кино хийсэн ч банкны барьцаанд алдаж, олны хүртээл болгож завдалгүй бурхан болсон гэдэг. Д.Энхболд МҮОНТ-ийн 56 ангит “Хоймор өнжсөн нар” киног бас зохиосон юм.

Доржзовдын амгалан хэмээх гуравдугаар хүү нь бол Д.Энхтөр. Телевизийн салбарт энэ нөхөр гучаад жил ажиллаж байгаа зураглаач. Хүнтэй их нийцтэй эл залуу МҮОНТ-ийн Хүүхдийн редакци, Теле кино үйлдвэрт гэрэлтүүлэгч, дууны найруулагчаас ажлын гараагаа эхэлж “Миний ард түмэн” цуврал нэвтрүүлэг бэлтгэсэн нь үзэгчдийн таашаалд хүрсэн. Ерээд оны эхээр төрийн шагналт нийтлэлч Б.Цэнддоо “Малыг малчдад” нийтлэлээрээ “Хөдөлмөр” сонины оны тэргүүн шагналыг хүртэхэд Д.Энхтөр авсан зургуудаараа эл шагналыг хамт хүртэж байсан түүхтэй аж. Доржзовд гуайн гэр бүлээс төрийн дээд шагнал “Алтан гадас”-аар энгэрээ мялаасан таван хүн байгаа гэнэ. Үүгээрээ ч их бахархдагаа нуусангүй. Яагаад гэвэл тэд хийсэн бүтээсэн юмтай учраас баяр ёслолоор одонгоо зүүж зургаа даруулах дуртай гэв. Биднийг ийн хөөрөлдөж суутал эдний дөрөв дэх хүү орж ирэхэд “За, манай тэмцэгчийг танина биз дээ” гэж бүгдээрээ ам амандаа шуугилдав. Тэгэхнээ, мань эр “Эрс шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн Энхбат мөн байна аа. Энэ нөхөр Дархан хотын Политехникумыг цахилгаан техникч мэргэжлээр дүүргэж Аймгуудын эрчим хүчний нэгдэл, Сэргээгдэх эрчим хүчний шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд засварчин, бригадын дарга, гадаад худалдааны “Экспорт импорт” нэгдэлд ажиллаж байгаад цагаан морин жилийн хувьсгалаас хойш хувиараа аж ахуй эрхлэн, 2005 онд “Эрс шинэчлэл” хөдөлгөөнийг байгуулалцсан МУИС-ийн Хууль зүйн сургуулийг дүүргэсэн эрх зүйч нэгэн аж.

Эдний сэтгүүлч хүү Д.Энхтүвшин бид эртнээс дотно андууд юм. Энхтүвшин мань мэттэй л их нээлттэй харьцдаг болохоос ах нарынхаа дэргэд бол амаа үдүүлсэн даруулгатай нөхөр томоотой гэгч сууж байх юм аа. Эндээс би Доржзовд гуайн хүнээр хүн хийх аав хүний агуу ухааныг гайхаж суулаа. Энхтүвшин Толгойтын 12 дугаар сургуулийг дүүргээд Улиастайн цэргийн анги, Төв аймгийн Баянчандманьд гурван жилийн цэргийн алба хаахдаа “Мандухай цэцэн хатан” кинонд дүрээ мөнхөлж тогложээ. Ардын баатар Мянхайг цаазаар авах гэж байхад алхаж яваа Мандухай хатны ард залуугийн төрх нь дэлгэц дүүрэн гараад өнгөрдөг гэж байна. Тэрээр 1988 онд цэргээс халагдаад Техникийн их сургуулийн геологийн ангийг дүүргэж, Геологийн төв лабораторид чулуу дээжлэгчээр ажиллажээ. Нэгэн үе Солонгос улсад ажиллаж амьдарч байгаад эх орондоо ирж “Цог” сэтгүүл, “Ардчилал”, “Монголын мэдээ”, Өглөөний сонин”-д сэтгүүлч, улс төрийн албаны даргаар ажилласан байна.

Охин Д.Энхмандахын хувьд Швейцарь улсад ажиллаж амьдардаг бөгөөд одоогоор өндөр настай аав ээжээ асран халамжлахаар хүү, охин хоёртойгоо хамт эх орондоо ирээд байгаа юм байна. Гадаадад олон жил болсон гэхэд ундтай устай, ажилсаг гавшгай бүсгүй юм. Аавынхаа таягийг ч нэг дөхүүлж өгч, ээжийгээ өндийлгөн хувцаслаж зургийг нь авахуулах энэ тэрд эрчүүдээс илүү энэ л охиных нь зөөлөн гар, ялдам ааш тус дөхөмтэй байгаа нь анзаарагдсан. Тэр ч бас ах нартайгаа адил уран бүтээлч болох л нэгэн байж. Учир нь тэр Хэвлэлийн хүрээлэнгийн Сэтгүүл зүйн дээд курсийг төгссөн мэргэжлийн сэтгүүлч боловч Монголдоо ажиллаж амжилгүй барууны орны иргэн болж одсон ажээ.

Доржзовд хэмээх эл айлынхнаас магадгүй олонд хамгийн их танигдсан байж мэдэх нэгэн бол Д.Энхтуяа. Монголын сайхан бүсггүйчүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог эл бүсгүй Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Германы Карлсроугийн олон улсын сэтгүүлзүйн их сургуулийг дүүргэж, МҮОНТ-ийн “Үдшийн хэмнэл” студийн нэвтрүүлэгчээр ажлын гараагаа эхлэн, “Ийгл”, “NTV” телевизүүдэд мэдээний албаны дарга, УИХ-ын даргын Хэвлэл мэдээллийн албаны дарга, МҮОНТ-ийн захирал зэрэг алба хашсан байна. Тэрээр одоо өөрийн үүсгэн байгуулсан “TV2” сувгийн захирлаар ажиллаж буй аж. Айлын эрх охин тэрээр харин биднийг очих үеэр цаг зав муутай учир ирж завдахгүйгээ ах эгч нартаа утсаар уламжилсан юм. Тэрээр Монголын үндэсний телевизийн захирлаар ажиллахдаа хийсэн гол ажлуудын нэг нь 16 мм-ийн кино төслийг Голланд улсын мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэснээр манай уран бүтээлчид баримтат урын сангаасаа чухал хэрэгтэй дүрст бүтээлийг цаг алдалгүй, үнэ төлбөргүй эш татаж хэрэглэх алтан боломж нээгджээ. Доржзовд гуайн отгон хүү Д.Тэрбиш 40 дүгээр сургуулийг алтан медальтай төгсөж, “Их засаг” сургуулийг дүүргэсэн тавилгын “Гүнжийн орд” компанийн захирал нэгэн аж. Долоон Энхийг отголж төрсөн эл эрхэм чухал хуралтай учир аавындаа хараахан ирж амжаагүй юм. Бичиг номын ураг садан болсон энэ гэр бүлийнхэн сумын номын сангаас ч баялаг номтой аавынхаа хар, шар хоёр авдрыг уудалж Монголын болоод дэлхийн сонгодог зохиолчдын бүтээлээр оюун тархиа цэнэглэж ирснээрээ бахархах дуртай юм билээ. Энхболд зохиолч гэхэд нэг сонгодог зохиолчийн романыг уншиж долоо хоног хичээлээ тасалж байсан хөгтэй түүхээ хүүрнэж байсан. Ийм нэгэн зөв гэгээн үйлтэй өнөр өтгөн айлд өнжлөө. Буянтай хоёр хөгшнийг охин Энхмандах нь хүүтэйгээ, дүү Тэрбиштэйгээ хамт асарч, ах эгч нар нь ажлын ая дангаараа ирж очин бужигнацгаадаг байна.

 

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Лхагвасүрэнгийн БАТЦЭНГЭЛ

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.44.188)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.