Э.Долгион: ЦАЛИНГИЙН доод хэмжээг 1 сая төгрөг болгоно
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-06-22

УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог Сүхбаатар дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигч Э.Долгионы хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн үгнээс хүргэж байна.

ӨРХИЙН ОРЛОГЫН ТУХАЙ ХУУЛИЙГ САНААЧИЛНА

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Энд та бүхнийг урьсан шалтгаан нь Монголын өрх бүрд өсөлтийг авчрах, тэдэнд тулгарч буй нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх зорилготой ӨРХИЙН ОРЛОГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ танилцуулах юм. Олон улс дахь албан ёсны нэршил нь Household income law гэх Өрхийн орлогын тухай хуулийг дэлхийн зарим оронд Ядуурлын эсрэг хууль гэдэг бол зарим улсад Өрхийн хөгжлийн тухай хууль гэдэг.

УИХ-ын 2020 оны сонгуульд Ардчилсан намаас дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөрт Өсөлтийг өрх бүрд хүргэх санаачилгыг гол зорилт болгон зарласан. Өсөлтийн бодлогын хүрээнд экспортын орлогыг дөрвөн жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдүүлж 42.8 их наяд, эдийн засгийг мөн энэ хугацаанд хоёр дахин өсгөж, 73.8 их наяд төгрөгт хүргэхээр бид зорьж байгаа. Мөн УЛСЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ӨРХИЙН ОРЛОГООР ДАМЖУУЛАН хуульчлан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тодруулбал,

  • Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2.4 дахин өсгөж 1,000,000 төгрөг
  • Ахмадын тэтгэврийн доод хэмжээг хоёр дахин өсгөж 820,000 төгрөг
  • Улмаар өрхийн орлогын дундаж хэмжээг 7 дахин өсгөж 10,000,000 төгрөгт хүргэнэ
 

Тэгвэл ӨРХИЙН ОРЛОГЫН ТУХАЙ ХУУЛИЙГ хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр бидэнд байна уу? БАЙНА.

Дэлхийн банк болон олон улсын шинжээчид манай улс дахь стратегийн ач холбогдол бүхий 30 гаруй орд газрын нөөцөд тулгуурлан хийсэн судалгаагаар газрын хэвлийн доорх баялгийн нийт үнэлгээ 3 их наяд ам.доллар гэж тогтоосон. Энэ мөнгийг бид 3.2 сая гаруй хүн амдаа хуваариллаа гэж төсөөлбөл нэг хүнд нэг сая орчим ам.доллар ногдох хэмжээний их мөнгө. Гэхдээ ийм их хэмжээний баялгийн өгөөж иргэдийн гар дээр, тэдний амьдралд бодитой хүрдэггүй гашуун жишээг бид мэднэ. Газрын доор байгаа баялгаа дээр амьдарч байгаа өрхүүдэд, иргэддээ бодитой хүргэхэд бидэнд ӨРХИЙН ОРЛОГЫН ТУХАЙ ХУУЛЬ ус, агаар мэт хэрэгтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан хоёр чухал заалтыг та бүхэндээ сануулъя. Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан. Гэтэл Монголын төр Үндсэн хуулийнхаа энэ заалтыг биелүүлж, үүргээ гүйцэтгэж чадахгүй байна.

 

Мөн Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2-т Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэсэн. Гэтэл Монголын төр энэхүү байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмэндээ хүрэлцээтэй, хүртээмжтэйгээр хүргэх хууль эрх зүйн орчноо бүрдүүлж, арга замаа олж чадсан уу? Харамсалтай нь, ҮГҮЙ гэж Долоон буудлын Должин эмээгээс эхлээд, тансаг хаустай чинээлэг давхарга бүгд хариулах биз ээ.

Байгалийн баялгаас үүдэлтэй санхүүгийн эх үүсвэрийг ард түмэнд үр өгөөжтэй байлгах зарчим нь тунхаг төдий зүйл байх ёсгүй юм. Харин Монголын өрх бүрд өсөлтийг авчрах, тэдэнд тулгарч буй нийтлэг асуудлыг шийдвэрлэх эх үүсвэр болгох нь Өрхийн орлогын тухай хуулийн үндсэн үзэл баримтлал, үндсэн зорилго юм. Өөрөөр хэлбэл, ӨРХИЙН ОРЛОГЫН ТУХАЙ ХУУЛЬ нь БҮХ МОНГОЛ ИРГЭДИЙН БУХИМДЛЫГ АРИЛГАХ ХУУЛЬ байх юм.

 

Өнөөдөр манай улсад 700 гаруй хууль тогтоомж хэрэгжиж байгаа ч Монгол айл өрхийн орлогыг дэмжсэн, хамгаалсан нэг ч хууль байхгүй. Үр дүнд нь амьжиргааны доод түвшнээс бага орлоготой өрхийн амьжиргааг сайжруулах, ядуурлын ирмэгт байгаа өрхийг ядуурлын ангал руу унахаас урьдчилан сэргийлэх бодлого хэрэгждэггүй. Тэдэнд чиглэсэн санхүүгийн олон төрлийн эх үүсвэрийн боломжоо бид ашиглаж чадахгүй байна. Түүний улмаас Монголд гурван хүн тутмын нэг нь ядуу, ажилгүйдлийн тоо албан бус үзүүлэлтээр 300 мянгад хүрлээ.

Өрх нь орлоготой улсын гадаад харилцаа нь аюулгүй, дотоод амьдрал нь амар тайван байдаг бол өрх нь орлогогүй улсын тусгаар тогтнол аюултай, бүрэн эрх нь хэврэг байдаг. Улс оршихын үндэс нь өрх. Өрх оршихын үндэс бол орлого юм. Харамсалтай нь, хуулиар хамгаалагдаагүй Монгол өрхийн орлого Засгийн газрын төсөл хөтөлбөр төдийхнөөр аргацаан халамжлуулсаар, өрхийн гишүүн бүрт тохирсон ажлын байр, орлогын эх үүсвэр бий болгохгүй байсаар, өрхийн том, жижиг бүх бизнесийн 80 хувь нь эцэстээ дампуурч байна.

Тиймээс бид нэг удаагийн аргацаасан мөнгийг халж, дэмжлэг, хамгаалалт шаардлагатай өрхийг шинээр тодорхойлно. Монголын нийт өрхийн 99 хувь нь энэ боломжийг ашиглах нөхцөлийг бид бүрдүүлнэ. Өрхийн гишүүн бүрийнх нь санаачилга, боломжид тулгуурлан санхүүгийн эх үүсвэр, зээл тусламж, боловсрол, эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт зэрэг үйлчилгээг багцлан хүргэх замаар өрхийн хөгжил, орлогыг сайжруулан амьжиргааны түвшинг тасралтгүй дээшлүүлнэ.

 

Төлөөллийн ардчилал гэдэг бол зөвхөн төлөөлөгчөө УИХ-д сонгохын нэр биш юм. Харин төлөөллөөрөө дамжуулан хууль тогтоох засаглалд өөрийн дуу хоолойг хүргэх, бодлого шийдвэрт нь өөрийн үгийг тусгахын нэр юм. УИХ гэдэг бол агаарын мундаг зүйл ярьсан, амьдралаас тасархай газар байх ёсгүй. Харин иргэд юунаас бухимдаж байна, хаана бухимдаж байна, түүнийг л арилгасан хууль батлах ийм л газар. Өрхийн орлогын тухай хуулийг хурдан батлуулж, хэрэгжүүлэх, үр дүнг нь нэг өдөр ч хойшлуулалгүйгээр иргэдэд хүргэхийн тулд энэ сонгуульд Ардчилсан нам олонх болох зайлшгүй шаардлага бас бий. Энэ эрхэм шалтгаан, шийдлийн төлөө та бүхнийг Ардчилсан намд, Ардчилсан намын бусад нэр дэвшигчдэд боломж олгон нам харгалзахгүй дэмжээрэй хэмээн чин сэтгэлээсээ хэлэхийг хүсэж байна.

Тиймээс миний бие төдийгүй Монгол Улсын иргэдийн төлөө ажиллах Ардчилсан намын бусад гишүүдээр дамжуулан ӨРХИЙН ОРЛОГЫН ТУХАЙ ХУУЛЬ-ийг төрийн хууль болгон батлуулан хэрэгжүүлэх боломж олгохыг та бүхэндээ уриалж байна.

 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.170.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.