Өмгөөлөгч Б.Баяраа: Ерөнхий сайдын шийдвэрээс болж Да.Ганболдыг яагаад буруутгаад яваа нь ойлгомжгүй
З.Батхуяг
Ярилцлага
/
2020-06-23

Сэтэрхий зүү ч аваагүй байж эрүүгийн гэмт хэрэгтэн болж шүүгдэж байгаа Б.Бямбасайхан, Да.Ганболд нарыг харахаар  “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэдэг үг санаанд ороод байх юм-

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд асан Да.Ганболд УИХ-ын сонгуулийн 17-р тойрог, Хөвсгөл аймагт нэр дэвшиж байгаа. Шүүхээс УИХ-ын сонгуульд нэр дэвшигч зургаан хүнийг хорих гэнэтийн шийдвэрийг энэ сарын 18-ны өдөр гаргасан юм. Даваадоржийн Ганболдын өмгөөлөгч Б.Баяраатай ярилцсанаа хүргэе.

-УИХ, Засгийн газрын шийдвэрийг биелүүлснийхээ төлөө буруутаж байгаа хэд хэдэн албан тушаалтны нэг нь Да.Ганболд. Буруутгасан үндэслэл нь хуульд хэр нийцэж байгаа вэ?

-Да.Ганболдыг Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдаас өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлах “ажлын хэсэгт орсон, гарын үсэг зурсан гэсэн хоёр үйлдэлд буруутгадаг. Прокурорын яллах дүгнэлтэнд Ерөнхий сайдын захирамжийн дагуу ажлын хэсэгт орсон гэж буруутгадаг юм. Ерөнхий сайдын шийдвэрээс болж Да.Ганболдыг яагаад буруутгаад яваа нь ойлгомжгүй байдаг. Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал хүн Засгийн газар, Ерөнхий сайдаас үүрэг даалгавар ирж байхад биелүүлэхгүй гэж хэлэх эрхгүй. Наанадаж төрийн ажил гацаасан хэргээр ажлаас халагдах, цаашлаад хуулийн хариуцлага хүлээх нөхцөл байдал үүснэ шүү дээ.

-Ерөнхий сайдын захирамжийг биелүүлснийхээ төлөө буруудах нь эрх зүйн хувьд хэр үндэслэлтэй вэ. Илт хууль зөрчсөн буруутгал гэж хэлэх хүн цөөнгүй байна…?

-Хэрэв төрийн албан хаагч удирдлагаас өгсөн даалгаврыг биелүүлж ажлаа хийснийхээ төлөө эрүүгийн гэмт хэрэгт буруутгагддаг бол хэн ажил хийх вэ гэдэг асуудал үүснэ. Цаашлаад Монголын төрийн чадамжид ч  ноцтой нөлөөлнө. Шийдвэр гаргаж чадахгүй төрийн ажил гацаанд орох хэмжээний үр дагавар үүсэх эрсдэлтэй.

-Өмгөөлөгчийн хувьд хэлэх шүүмжлэл зөндөө л байгаа байх. Хэлэхгүй өнгөрч боломгүй шүүмжлэл гэвэл та юуг онцлох вэ?

-Өнөөдөр нэг ч төгрөг хувьдаа аваагүй, давуу байдлаар юунд ч хандаагүй, цэвэр төрийн ажил хийсэн хүн гэмт хэрэгт буруутгагдаж байна. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг гэдэг бол тэс өөр ойлголт. Хувьдаа ашиг хонжоо, эд зүйл, мөнгө, давуу байдал олж авсан буюу албан тушаалаа өөртөө урвуулан ашигласан тохиолдолд хэрэглэгддэг. Үүрэгт ажлыг нь сайн муу, зөв буруу гэж дүгнэж, алдаа оноог нь хувийн үзэмжээр шүүж, тэгж шүүж, дүгнэснээ  гэмт хэрэг мөн юм байна гэж хараад шүүх хурал хийх  нь хуулийн илэрхий үндэслэлгүй  зүйл.

-Хуулийн илэрхий үндэслэлгүй зүйл ярьж хэлж, буруутгаж явсаар АТГ, прокурорыг даваад шүүх хурал хүртэл хийчихлээ. Ингээд бодохоор хардах нэг л өнцөг байна. Улстөрийн захиалга юм биш үү гэсэн хардлага. Өрсөлдөгч намынхаа хүчтэй лидерийг сонгуульд ялуулахгүй гэх улайрал ийм маягаар илэрчихэв үү гэж олон нийт хардаж байна. Ингэж хардах үндэслэл бий юу?

-Таны хэлсэнтэй санал нэг байна. Улс төрийн захиалгатай гэж хардахаас аргагүйд хүрч байна.

-Хууль сөхөөд харахаар сонгуульд нэр дэвшигчийн тухайд гэмт хэрэг үйлдсэн нь газар дээрээ баригдсан тохиолдолд гэхээс өөрөөр барьж хорьж шүүх эрх байхгүй гэсэн утгатай заалт олж харлаа. Шүүхийн хараат бус байдалд эргэлзэхээр том шалтгаан шүү…?

-Монгол Улсын шүүх УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулийг илэрхий зөрчсөн шийдвэрийг удаа дараа гаргасан. Энэ талаар өгсөн шүүхийн тайлбар нь ч илэрхий үндэслэлгүй байгаа. Шүүх хараат бус, мэргэжлийн бие даасан байдлаар ажилласан гэдэгт эргэлзэх олон шалтгаан байна.

-Шүүх УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй хүмүүсээс хоёроос эхлээд арав хүртэл тэрбум төгрөгийн барьцаа байршуулахыг шаардлаа. Барьцаа байршуулахын тухайд дээд хэмжээ гэж бий юу. Хуульд барьцааны дээд хэмжээг хэд гэж заасан байдаг юм бол?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ гэсэн 14.6 дугаар зүйлийн 4-д “Барьцааны хэмжээг яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан тогтооно” гээд заачихсан. Шүүхээс гарч буй аливаа шийдвэр үндэслэл бүхий, биелэгдэхүйц байх хуулийн шаардлага тавигддаг.

Хувьдаа нэг ч төгрөг аваагүй хүнийг гурван  хоногт 10.000.000.000 төгрөгийн барьцаа төл гэдэг бол илэрхий биелэгдэшгүй даалгавар. Биелэгдэшгүй даалгавар өгсөний цаад зорилго тодорхой. Цагдан хорих шалтаг болгож байгаа л хэрэг. Энэ шийдвэр бол  хүний эрхийг зөрчсөн үйлдэл.  Ингээд ч зогсохгүй  эрүүдэн шүүх шинжтэй шийдвэр болсон.

Да.Ганболд нар нь өөрийн боломж бололцоогоор мөнгө байршуулж, шүүхээс мөнгөний хэмжээ, цаг хугацаа хоёроо эргэж харахыг хүссэн ч зөвхөн нэр дэвшсэн гурвыг нь ялгаж аваад цагдан хорих шийдвэр гаргалаа. Уг нь шүүх хурал гэрч, шинжээч ирээгүй гэсэн үндэслэлээр хойшилсон. Гэсэн хэдий ч хурал хойшлуулахад ямар ч буруугүй, саад учруулаагүй хүмүүсийг хорих шийдвэр гаргаад хорьчихлоо.

-Хоёулаа ярианы сэдвээ Да.Ганболдыг буруутгаж байгаа Дубайн төлөвлөгөө рүү хазайлгая. Дубайн төлөвлөгөөнөөс өмнө УИХ Оюу толгойг эрчимжүүлэх агуулгатай  тогтоол гаргахдаа  далд уурхайн төслийг гацаасан албан тушаалтантай хатуу хариуцлага тооцож эргэж тайлагнахыг үүрэгдсэн байдаг билүү?

-Тэгсэн. Оюу толгой төслийн далд уурхайн санхүүжилт, бүтээн байгуулалтын Дубайн төлөвлөгөө гэдэг баримт 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр батлагдсан байдаг. Тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг энэ баримтыг баталж Оюу толгой төслийг цааш үргэлжлүүл хэмээн УИХ-аас 2014, 2015 онд хоёр ч удаа тогтоол гаргасан. УИХ эдийн засгийн хүндрэлийг даван туулах тухай тогтоол гаргахдаа “Оюу толгойн далд уурхайн төслийг гацаасан албан тушаалтантай хатуу хариуцлага тооцож эргэж тайлагна” гэсэн байдаг.

-Дубай улстөрчдийн мөнхийн шүүмжилдэг сэдэв хэр нь Дубайн төлөвлөгөөг хүчингүй болгох шийдвэр гардаггүй нь сонин шүү…?

-Би бас гайхаад байдаг юм. УИХ, Засгийн газрын хэн нь ч Дубайн төлөвлөгөөг хүчингүй болгоогүй, ер нь болгох ч үгүй байх. Оюу толгой төсөл зогсвол эдийн засаг элгээрээ хэвтэнэ гэдгийг цаанаа бол бүгд мэдэж байгаа. Тийм болохоор л шийдвэр нь ярьсанаас нь өөрөөр гараад байдаг гэж хардаг. Дубайн төлөвлөгөөгөөр зогсонги байдалд ороод байсан Оюу толгой төсөл амь орж, гадаадын хөрөнгө оруулалт, валютын урсгал нэмэгдсэн, ханш тогтворжсон, Оюу толгойгоос халагдсан ажилчид ажилдаа эргэж орсон, төслийг дагаад ханган нийлүүлэгч иргэд, аж ахуйн нэгжийн орлого нэмэгдсэн, орон нутаг дахь дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажил эрчимжсэн, эдийн засаг өссөн зэрэг өгөөжийг хэн ч ярихыг хүсдэггүй.

Монголын эдийн засаг Оюу толгой төслийн нуруун дээр явааг Дубайг хамгийн их шүүмжилдэг эрх баригчид, улстөрчид мэдэхийн цаагуур мэдэж байгаа.  Анх төлөвлөсөн зардлын санхүүжилт хэтэрсэнээс ногдол ашиг авах хугацаа хойшилсон гэж буруутгадаг ч хүндэтгэх том  шалтгаан бий. Анхны техник эдийн засгийн үндэслэлээр нэг километрийн гүнээс лифтээр бүтээгдэхүүнээ зөөвөрлөхөөр байсан боловч хөрсний нуралтаас шалтгаалж налуу замаар тээврийн хэрэгслэлээр зөөхөөр болсон байдаг. Энгийнээр зүйрлэх гээд үзье. Цэцээ гүний оройг газрын гадарга гэж үзвэл Сүхбаатарын талбай хүртэл газрын гүнд налуу хонгил нэмж барьсан гэсэн үг. Энэ зардлын санхүүжилтийг УИХ-аас  ажлын хэсэг байгуулан хэд хэдэн удаа шалгасан ч зөрчилтэй гэж лав зарлаагүй.

-Дахиад асууя. Албан тушаал эрх мэдлээ урвуулсан, хэтрүүлсэн гэх эрүүгийн хэрэгт хамаатах өчүүхэн ч шалтгаан байхгүй юу?

-Байхгүй. Албан тушаал, эрх мэдлээ урвуулсан, хэтрүүлсэн гэх эрүүгийн гэмт хэрэг уг нь хувьдаа ашиг хонжоо, давуу байдал олж авсан үйлдлээр илэрдэг. Гэтэл манай хуулийн байгууллага хувийн ашиг хонжоо олж аваагүй нь хамаагүй гэж харж байна л даа. Хөлсний шинжээчээр хувийн үзэмж үнэлэмжээр харсан дүгнэлт гаргуулж гэмт хэрэг мөн юм байна гээд шүүхэд оруулаад байвал  ажил хийсэн хэн ч шоронд орж болохоор болчихож.

Ажил хийсэн төрийн албан хаагчдаа уралдан харлуулж цаашлаад эрүүгийн гэмт хэрэгт буруутган шалгаж шүүхээр шийдвэрлэж байгаад өмгөөлөгчийн хувьд эмзэглэж байна. Сэтэрхий зүү, өнчин ишиг ч аваагүй байж эрүүгийн гэмт хэрэгтэн болж шүүгдэж байгаа Б.Бямбасайхан, Да.Ганболд нарыг харахаар өөрийн эрхгүй “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэдэг үг санаанд ороод байх юм.

Өдрийн сонин: Ц.Баасансүрэн

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.73.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.