"Та Бидний Эвсэл"-ийн тэргүүн Н.Энхбаяр АРД ТҮМЭНДЭЭ СЭТГЭЛИЙН ҮГЭЭ ДАЙЛАА
Үйл явдал
/
2020-06-23
Уудам сайхан Монгол Улсдаа эзэн нь болж суугаа ухаант мэргэн Монгол ахан дүүсээ, Байгаль дэлхийд манан заавал арилж, нар манддаг хуультай. Хорвоогийн энэ үнэнийг жилийн 300 хоног нар үзэж баярладаг Монгол Улс, Монголчууд Та бид сайн мэднэ.

Харин Монгол Улсад МАН ба АН-ын аль алиных нь шууд болон шууд бус оролцоотойгоор зохион байгуулагдсан 2008 оны луйврын сонгуулийн шударга бус үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй ард түмний 7 сарын 1-ний өдрийн тэмцлийн дараа Монгол 5-ын 5 залуугийн халуун амийг золиослон бүлээн цусыг урсган үүссэн улс төрийн МАН-АН хууль зөрчин бий болсноос хойш өнгөрсөн он жилүүдэд

 

  1. Ард түмний ахуй амьдрал эрс уруудан доройтож,
  2. Байгалийн баялаг дотоодын болон харийн олигархуудын гарт шилжин очиж,
  3. Мөнгө хүүлэгчид иргэдийг маань өр шир, өндөр хүүгийн дааж давшгүй дарамт, барьцаанд оруулж,
  4. Шүүх гэмгүйг гэмтэн, гэмтэнг гэмгүй болгодог урт хонгил болон хувирч,
  5. Залуучууд эх орондоо мэдлэг боловсролтой, ажил төрөлтэй, амьдралд хүрэлцэхүйц орлого цалинтай байх боломжгүй учир харийн нутагт царайчлан очиж амьдрахсан хэмээн бодож мөрөөдсөөр олон жилийн нүүр үзлээ.

МАХН, ИЗНН, МУНН-ын ард түмэнтэйгээ хамтран байгуулсан “Та Бидний Эвсэл” Монгол Улсад тогтсон улс төрийн МАН-АН-г арилгахын тулд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд “Монголын Гурван Баялаг” Мөрийн хөтөлбөрөө боловсруулан, түүнийг хэрэгжүүлэх өндөр чадвартай бүрэн бүтэн багийг шигшин бүрэлдүүлж сонгуулийн нийт 29 тойрогт бүгдэд нь нэр дэвшүүлэн идэвхтэй оролцож байна. Сонгуулийн компанит ажлын үед ухамсартай, амьдралдаа эзэн болсон, идэвхтэй иргэдтэйгээ нүүр тулан уулзаж учрахад тэд нар маань МАН-АН-гийн дарангуйллаас үнэхээр залхсан, түргэн салахсан гэсэн хатуу бодолтой болсон нь тодорхой харагдаж байна.

Монголын ард түмэн

  1. Ядуурлаас гарах,
  2. Өр ширнээсээ салах,
  3. Ажлын байртай болох,
  4. Олж байгаа орлого амьдралд нь хүрэлцэхүйц байх,
  5. Өрх бүр орон сууцтай болох,
  6. Шударга шүүхтэй болохыг хүсэж, энэ бүх хүсэл мөрөөдөл нь биелэхэд саад хаалт болж байгаа МАНАН-гаас салахыг бодож байгаа нь илэрхий байна. Манай ард түмэн МАН-АН-гийн толгойд сандайлан суусан олигархуудтай хариуцлага тооцох эр зоригтой, Монгол Улсыг нуруун дээрээ үүрээд явах, Монголын ард түмний хувь заяаг тэгшлэх чадвартай, Монгол хүн,  Монгол өрхийн сайн сайханы төлөө сэтгэл нь өвдөж, зүрх нь цохилдог, тархи толгой нь ажилладаг боловсон хүчинтэй улс төрийн хүчин бол МАХН, ИЗНН, МУНН-ын ард түмэнтэйгээ хамтран байгуулсан “Та Бидний Эвсэл” мөн хэмээн үзэж дэмжиж байгаа нь өдрөөс өдөрт улам тод томруун мэдрэгдэж, мэдэгдэж байна.

МАН-АН-гийн тогтоосон хариуцлагагүйн туйл болсон дэглэм нуран унах өдөр ойргож байгаа энэ түүхэн цаг мөчид “Та Бидний Эвсэл” Монголын ард түмэндээ хандан

2020 оны 6 сарын 24-ний өдөр бол түүхэн сонголтын өдөр мөн хэмээн хариуцлагатай мэдэгдэж байна. Энэ бол МАН-АН-гийн дарангуйллаас монголчууд бүгдээрээ хамтдаа чөлөөлөгдөх өдөр мөн.

МАН-АН-гийн толгойд башир аргаар гарсан гадаад, дотоодын олигархуудад Монгол хүн, Монголын ард түмний аж амьдралыг өөд нь тагах сэтгэл нь ч, мэдээг нь ч дутагдаж байгаа нь олон жилийн турш дахин дахин нотлогдон батлагдлаа. Тэд бүх юмыг бахь байдгаар хэвээр нь байлгаж өгөөч, бид энэ албан тушаалдаа шигдэн байсаар байя гэж Та биднээс гуйж байна.

Хэрэв МАН-АН суудалдаа байсан хэвээр үлдвэл:

  1. Та бидний амьдрал ядуу хэвээр,
  2. Ард иргэд маань ажилгүй, орлогогүй хэвээр,
  3. Залуучууд маань боловсролгүй, мэргэжилгүй хэвээр,
  4. Хууль шүүх шударга бус хэвээр,
  5. Айл өрх орон сууцгүй хэвээр,
  6. Баялаг бүтээгч хөдөлмөрч олон түмэн өр ширэнд баригдсан хэвээр байх нь дэндүү тодорхой тул энэ удаагийн сонгуулиар МАН-АН-г өнжүүлэх нь хамгийн оновчтой сонголт байх болно.

Харин Та бид сонгуульд хамтдаа ялвал:

  1. Хэний ч оролцоогүй бүтсэн байгалийн баялагийг ард түмний саналд тулгуурлан ард түмний дундын өмч болгох,
  2. Шүүхийг ард түмэн өөрөө сонгон байгуулж, алдаа дутагдал гаргасан хэнбугай ч байсан хариуцлага хүлээдэг шударга ёсыг сэргээн тогтоох,
  3. Монгол айл өрхийн амьдрах тав тухтай орчныг бүрдүүлэхийн тулд орон сууцгай болгох,
  4. Зээлийн хүүгийн дарамтанд орж барьцаалагдсан ард түмнийг мөлжин шулж буй банк санхүүгийн гаж тогголцоог өөрчлөн зээлийн хүүг бууруулах,
  5. Залуучууд өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшиж, эрхэлсэн ажилтай, эх үүсвэр нь цэвэр орлоготой болох,
  6. Иргэд эрүүл саруул байхтай холбоотой эмчилгээний зардаыг төр засгаас хариуцдаг болох зэрэг сайн үйл хэргийг цуг хэрэгжүүлэхийн тулд “Та Бидний Эвсэл” цаг нартай уралдан ажиллах болно гэдгийг  “Та Бидний Эвсэл”-ийн хүчирхэг багийн нэрийн өмнөөс нийт Монголын ард түмэндээ хандан андгайлж байна.

МАН-АН-гийн 60 тэрбумтнууд, Жидүүчид, хүчиндэгчид, казиночид, гадаад дотоодын олигархууд ашиг сонирхлоороо нэгдэн сонгуулийг ашиглан “Хүчээ нэгтгэе” гэсэн уриатайгаар ард түмнийхээ эрх ашгийн эсрэг дайран давшилж байна.

Ийм ноцтой нөхцөлд Та бид улс орон, ард түмнийхээ эрх ашгийг бодох, тусгаар тогтнолоо хамгаалах, өвөг дээдсийнхээ халуун цусаа урсган, бүлээн хөлсөө дуслуулан бичсэн “Бахархалын түүх”-ийг баяжуулах, хүүхэд залуучуудынхаа гэрэлт ирээдүйн баттай суурийг одоо тавих, өөрсдийнхөө ажил хөдөлмөр эрхлэх, амьдралдаа хүрэлцэхүйц  цалинтай болох, шударга ёсыг сэргээн тогтоохтой салшгүй холбоотой эрх, эрх чөлөөгөө бүрэн дүүрэн эдлэхийн тулд Нийт Монголчууд МАН-АН-гийн эсрэг хүчээ нэгтгэх цаг ирсэн гэдгийг зарлан тунхаглаж байна. “Монголчууд шударга учир эвтэй, Эвтэй учир хүчтэй”.

МАХН, ИЗНН, МУНН-ын ард түмэнтэйгээ хамтран байгуулсан “Та Бидний Эвсэл” энэ удаагийн сонгуульд ялахаас өөр гарц байхгүй.

Энэ бол нэг хүний ялалт биш, харин том, хүчирхэг багийн ялалт, Монголын нийт ард түмний ялалт мөн. МАНАН-гийнхан сонгуулийг луйвардахдаа гаршсан тул, тэгээд ч сонгогчдын саналыг тарамдуулахгүй байх нь туйлын чухал ач холбогдолтой учир МАН ба АН-аас бусад улс төрийн эвсэл, нам, бие даагчид, ялангуяа тэднийг дэмжигчид энэ удаа эх орон, ард түмнээ бодон явцуу эрх ашгаа хойш нь тавьж “Та Бидний Эвсэл”- ийн нэр дэвшигчдийг багаар нь дэмжин саналаа өгч МАН-АН-г арилгах, нар мандуулах их үйл хэрэгт хамтран идэвхтэй, санаачилгатай оролцохыг уриалж байна. МАХН,ИЗНН,МУНН-ын “Та Бидний Эвсэл”-ийн баг сонгуулийн дараа Монголын Засгийн газар байгуулахаа албан ёсоор зарлан тунхаглаж байна.

Тийм ээ. МАН ба АН-ын урьд өмнө нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайдаар ажиллаж байгаагүй, “Та Бидний Эвсэл”-ийн “Монголын Гурван баялаг” Мөрийн хөтөлбөрийг Та Бидэнтэй хамтран хэрэгжүүлэх сонирхолтой чадварлаг боловсон хүчнийг Монголын Засгийн газарт урьж ажиллуулна.

Тийм ээ. Бусад нам, эвслээс болон бие даагчдаас “Та Бидний Эвсэл”-ийн “Монголын Гурван Баялаг” Мөрийн хөтөлбөрийг Та бидэнтэй хамтран хэрэгжүүлэх сонирхолтой чадварлаг боловсон хүчнийг Монголын Засгийн газарт урьж ажиллуулна.

Ингэж Монголын ард түмэн бүхэлдээ ялна.

Анхаараарай. Анхаараарай.

Монгол ахан дүүсээ.

Амьдралдаа, эх  орондоо жинхэнэ эзэн болсон Монголчуудаа.

Ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлж, томоор мөрөөдөж байгаа залуучуудаа.

МАН-АН арилж, Монголын ард түмний Нар нь гарах өдөр хүртэл 60 цаг үлдлээ.

“Та Бидний Эвсэл” харанхуй хонгилд өнгөрөөсөн олон жил улиран халагдаж, гэрэл гэгээ дүүрэн 60 жилийн нэгэн эрин эхлэхээр довтлон айсуйг Монголын ард түмэндээ баяр баясгалантайгаар мэдэгдэн зарлаж байна.

Бүгдээрээ Ирцгээ Монголчуудаа,

Ухаанаараа сонгоцгоо Монголчуудаа,

Зоригтой Өөрчилцгөө Монголчуудаа.

Монгол Улс, Монголын ард түмэн мандтугай.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.95.245)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.