МАН бодлогоо ярьж, АН нуугдаж, харлуулж өрсөлдлөө
Үйл явдал
/
2020-06-23

-Сурталчилгаанаас сонгуулийн өнгө харагдлаа-

Парламентын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт бариан дээрээ ирэв.Сонгууль бол бодлогын өрсөлдөөн. Сонгуулийн албан ёсны сурталчилгаа гэдэг улс төрийн нам, эвслүүдийн хувьд өөрсдийн боловсруулсан хөгжлийн бодлого, мөрийн хөтөлбөрөө болон нэр дэвшигчдээ танилцуулж буй үйл явц. Энэ хүрээнд нам, эвслүүд улс орныхоо хөгжлийн тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, тооцоо судалгаа, үзэл баримтлалаараа харилцан мэтгэлцэж, бодлогоо уралдуулдаг нь дэлхий нийтэд тогтсон жишиг. Ийм жишгээр УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа өрнөх ёстой. Хуулиараа ч тийм. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд олон нийтийн радио, телевиз сонгуульд оролцож буй бүх нам, эвсэл, бие даагчдад ижил нөхцөл, тэнцүү хугацаа олгож өөрсдийн мөрийн хөтөлбөр, бодлого, зарчмаа танилцуулах боломжийг олгосон. Нэг нам, эвсэл нэг удаа 15 минутын хугацаанд мөрийн хөтөлбөрөө танилцуулахаар зохицуулсан боловч ихэнх нам, эвсэл энэхүү цагаа арай өөр зүйлд зарцуулсныг олон нийт дүгнэж, цэгнэж байгаа болов уу. 15 минут гэдэг ажил ярихад богинохон боловч хов жив, гүтгэлэг, доромжлол нэвтрүүлэхэд урт хугацаа.

Телевизээс гадна сонин, сэтгүүл, сайт, олон нийтийн сүлжээгээр цацагдаж буй сурталчилгаанаас нь нам, эвслүүдийн сонгуулийн өнгийг дүгнэж болохоор байлаа. Тухайлбал, эрх баригч МАН мөрийн хөтөлбөрийнхөө суурь үзэл баримтлал, хөгжлийн бодлогууд, өмнөх дөрвөн жилд хийсэн ажлууд болон үргэлжлүүлэн хийх бүтээн байгуулалтуудаа танилцуулсаар сурталчилгаагаа өндөрлөсөн  бол АН-ын  гол сурталчилгаа МАН-ыг  харлуулан гүтгэх, муучлахад чиглэв. Үүгээрээ энэ хоёр нам өдөр, шөнө шиг ялгаатай байлаа.

МАН-ын хувьд өнгөрсөн дөрвөн жилд хийсэн олон талт ажлуудаа танилцуулахад 15 минут үнэхээр хүрэлцэхээргүй байгаа нь ажиглагдсан. Бодитой, тооцоо судалгаатай, хэрэгжих үндэслэл сайтай, хэрэгжээд эхэлчихсэн олон ажил МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан юм. Мөрийн хөтөлбөрийнхөө суурь үнэт зүйлийг “Амьдралын чанар ба дундаж давхарга” гэж тодорхойлж, ирэх дөрвөн жилд хийх ажлуудаа Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Засаглалын бодлого, Ногоон хөгжлийн бодлого, Нийслэлийн хөгжлийн бодлого, Бүс орон нутгийн хөгжлийн бодлого гэсэн зургаан бүлэгт цогцоор нь багцлан багтааснаас харахад л МАН улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлж яваа улс төрийн туршлагатай, тулахтай хүчин гэдгээ сурталчилгааны хугацаанд бүрэн дүүрэн харуулж чадсан.

Харин АН-ын хувьд эрх баригчид руу дайрсан хар пи-ар  хийсээр, “Өрх бүрд өсөлт” гэдэг уриагаа ч тайлбарласангүй, бүр мөрийн хөтөлбөрөө намынхаа албан ёсны сайтдаа ч байршуулсангүй, бараг л нууж хаасаар сурталчилгааны хугацааг дуусгаж байна. АН бодлого, хөтөлбөрөө ийнхүү олонд илүү дэлгэрэнгүй танилцуулахаас зайлсхийж байгаа шигээ АН-ын дарга С.Эрдэнэ ч мөн олны өмнө намаа төлөөлж бараг гарсангүй. Сонгуульд намаа удирдан орж буй лидер нь ингэж сурталчилгааны үед олноос нүүрээ буруулан зугтаж, бодлого хөтөлбөрөө танилцуулахаас жийрхэж байсан тохиолдол өнгөрсөн 28 жилд гарч байсангүй. АН-ын дарга С.Эрдэнэ сонгуулийн сурталчилгааны хугацаанд ганцхан удаа олны өмнө гарч үг хэлсэн нь АН ялбал дараагийн Ерөнхий сайдаар Р.Амаржаргалыг томилно гэдэг мэдэгдэл. Энэ мэдэгдлээрээ С.Эрдэнэ өөрийгөө намаа удирдах чадавхгүй, нэр хүндгүй, рейтинггүй болсон гэдгээ хүлээн зөвшөөрч, үүрэг хариуцлагаасаа бүрэн татгалзаж, нэг ёсондоо улс төрийн тавцангаас бууж байгаагаа мэдэгдэн, ялагдлаа урьдчилан зарласан юм. Сонгуулийн сурталчилгаа дуусч, сонгууль бариандаа орж байгаа энэ мөчид АН-ын хувьд намын дарга нь бүх эрх мэдэл, үүрэг хариуцлагаасаа сайн дураар татгалзчихсан, удирдан чиглүүлэх хүнгүй шахам болсон, утгагүй, ойлгомжгүй байдалтай байна.

Тэгвэл МАН-ын хувьд сонгуулийн сурталчилгааны хугацаанд бусдыг муулж, гүтгэсэн хар пи-ар  огт явуулсангүй. Бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, иргэд, сонгогчдынхоо санал бодлыг сонсоход гол анхаарлаа чиглүүлж ажиллав. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх бүх тойргоор явж, сонгогчидтойгоо уулзан, нэр дэвшигчдээ танилцуулж, намынхаа бодлого, хөтөлбөрийг танилцуулсан нь олон нийтийн талархлыг хүлээсэн. Сонгуульд оролцож буй улс төрийн намын дарга, лидер хүн ямар байх ёстой  вэ гэдгийг тэрбээр үлгэрлэн харуулсан.Тиймээс иргэд, сонгогчид МАН-ын мөрийн хөтөлбөртэй хангалттай сайн танилцаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн багт бүрэн дүүрэн итгэж байгаагаа илэрхийлсээр буй.

Сурталчилгааны төгсгөл дээр нам, эвслүүдийн сонгуулийн өнгийг шинжихэд ийм дүр зураг харагдаж байна.Хэн бусдыгаа их муулж, харлуулж, мушгин гуйвуулж, дайрч давшилснаар нь биш хийж бүтээснээ тайлагнаж, ирэх дөрвөн жилийн ажил, бүтээн байгуулалтуудаа танилцуулж, улс орны хөгжлийн бодлого, хөтөлбөрийг ярьснаар нь сонгогчид улс төрийн намуудыг үнэлж, цэгнэж, итгэл хүлээлгэн саналаа өгдөг.Улайрсан улс төрийн хүчнүүдийн гурван долоо хоногийн сурталчилгаа чухал  биш.Улс орны дөрвөн жилийн хөгжлийн хөтөлбөр, хөгжлийн гэрээ албажин, хэрэгжих эхлэлийг сонгогч та өөрийн саналаараа баталгаажуулах гэж байгаа нь л хамгийн чухал билээ.

 

Г.Баяр

 Эх сурвалж:  Өдрийн сонин 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.249.252)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.