Сонгуулийн сурталчилгааг хямд төсөр хийж сурах л хэрэгтэй байна даа
Нийтлэл
/
2020-06-24

Нар буцлаа. Монгол орон даяар ерөнхийдөө ган гачигтай, мал сүрэг маань олигтой тэвээрэггүй байна. Ойрд орсон бороо хур газрын өнгийг сэргээх байх гэсэн горьдлого өвөрлөсөн хүмүүс тэнгэр царайчилж байна. УИХ-ын сонгуулийн 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа өчигдөр хаагдлаа. Энэ он бол “Хотол төгс” хэмээх усан хулгана жил. Монголчууд “Хувьтай хүн хулгана жил үзнэ” гэлцдэг. Тэгвэл, улс төрийн амьдралд ч хувь заяагаа өөрчлөх шинэ тооллын салхи сэвэлзүүлсэн их сонголтын өмнөхөн бид амьсгал даран сууж байна. 2008 оны хулгана жилийн сонгууль Монголын түүхэнд хараар бичигдэж үлдсэнийг сонгогчид сайтар санаж буй биз. Энэ жил дэлхий даяар цар тахал нүүрлэсэн болохоор сонгуулийн сурталчилгаа санасныг бодоход даруухан талдаа өнгөрлөө. Ухуулагчид юу юугүй хаалга үүд нүдээд байсангүй. Хаалганы бариулд ганц нэг сэтгүүл, сонин өлгөөстэй хүлээж байлаа.

Сонгууль нэгээр дуусахгүй. Намраас орон нутгийн сонгууль болно. Тиймээс сонгуулийн сурталчилгааны талаар бас хэлэхэд илүүдэхгүй ганц нэг зүйл ажиглагдаж байна. Нэр дэвшигч болгон нэг салбайсан хэвлэмэл, эвхмэл сэтгүүл, сонин янз бүрийн юм хэвлүүлж жигтэйхэн их зардал гаргах юм. Үүний оронд нэг тойрогт нэр дэвшигчдийг бүгдийг багтаасан нэг л янзын сонин, сэтгүүлийг хэвлээд өрх айлд хүргэвэл сонгогчид нэгдсэн нэг мэдээлэлтэй болно. Тухайн хэвлэмэл зүйлийг тухайн орон нутаг, сум, дүүрэг, хорооны сонгуулийн байгууллагаас бүртгүүлсэн огнооных нь дагуу дугаарлаж жагсаалт гаргаад хуудсаа хуваарилчихна биз. Доторхи хуудас бол мэдээж нэр дэвшигч бүрт адил хэмжээтэй ногдоно. Ингэвэл баахан цагийн гарз, цаасны дайсан болоод байхгүй эдийн засагт хэмнэлтэй. Үүнийг улсаас Сонгуулийн тухай хууль, бусад журмаар зохицуулах боломжтой. Харин нэр дэвшигч тухайн хэвлэмэл сэтгүүлд өөрийн сурталчилгаагаа ямар хэлбэрээр өгөх нь тухайн хүний дурын асуудал байх юм. Бусад мэдээллээ цахим хэлбэрээр л цацна биз. Нэг ийм санаа байна. Санаа байхаар ч барахгүй ажил хэрэг болгоход ер гэмгүй. Монгол Улс цаас үйлдвэрлээд байдаг ч улс биш. Цаасыг гаднаас бөөн ногооноор авдаг орон. Тиймээс газар дэлхийнхээ амь амьсгал болсон ганц ч болтугай модыг аварч цаасны хэмнэлт хийж, үргүй их зардлаас өчүүхэн ч болтугай хэлтэлнэ гэсэн үг юм.

За, замаар нэг эрээлжилсэн сурталчилгааны самбаруудын талаар ярихгүй бол ёстой алдас болно. Явган хүний гарц хааж байна. Хүүхдийн тоглоомын талбайд өлгөсөн нэр дэвшигчийн самбар унаж хүн гэмтээсэн тохиолдол гарлаа. Самбарууд хүчтэй салхинд унаж шалбаагт хутгалдан хэвтэх нь харах нүдний өнцөгт ч эвгүй л юм байна. Хамгийн гол тэр олон самбар янз бүрийн өнгө, хэлбэр дүрс, хэмжээ дамжаатай байгаа нь цаанаа л нэг тээршаамаар. Өндөр хөгжилтэй орнуудын жишгийг харж байхад хот, дүүрэг, хороодын нутаг дэвсгэрт иргэд, сонгогчдод зориулсан тусгай мэдээллийн самбарууд олон нийтийн талбайд байрладаг юм билээ. Тиймээс аль нэг хотхоны нийтийн талбайд ийм нэгдсэн самбаруудыг байрлуулаад тэр самбартаа нэр дэвшигчдийн ижил хэмжээтэй танилцуулгыг дэлгэхэд болохгүй гэх газар ерөөс үгүй. Энэ бол нэр дэвшигчдэд бүгдэд нь таалагдах ёстой санал юм шүү. Энэ жилийн сонгуулийн сурталчилгаа хүч тэнцвэргүй байдалд боллоо гэх гоморхол нэр дэвшигчдээс гарч байсан. Айлаар орж болохгүй, хүн зоныг олноор цуглуулах  хориотой болохоор арга ч үгүй байсан биз. Ямартай ч сонгуулийн сурталчилгаа нэр дэвшигчдийн өөр өөрийн хэмжээнд болоод өнгөрлөө. Цаашид сонгуулийн сурталчилгааг дэмий их мөнгөний урсгал болгож байснаас хаа хаанаа үр ашигтай, цомхон, нэгдсэн байдлаар зохицуулж журамлах шаардлага байгааг төр засаг болон төрийн бус байгууллагууд хамтран шийдэлд хүрэх боломжтой л юм билээ дээ.

 

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Лхагвасүрэнгийн БАТЦЭНГЭЛ

     

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.183.240)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.