С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын удирдлагууд БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ОГЦОРЧЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-06-26

УИХ-ын 2020 оны сонгуульд ялагдал хүлээсэн сөрөг хүчний удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорчээ... Тус намын Үндсэн дүрмэнд АН нь УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал аваагүй тохиолдолд намын тэргүүн /дарга/, дэд тэргүүн, ерөнхий нарийн бичгийн даргыг огцорсонд тооцно. Эдгээр нь намын удирдлагын дараагийн сонгуульд нэр дэвших эрхгүй хэмээн заасан байдаг.

Тэгвэл АН-ын бүх гишүүдийн саналаар сонгогдсон одоогийн дарга Содномзундуйн Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Цэндийн Баатархүү, дэд дарга Х.Нарантуяа, Б.Пүрэвдорж, Р.Амаржаргал, Х.Тэмүүжин, Ц.Туваан нар намын одоо мөрдөж буй дурмийн дагуу огцорлоо...

Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд 29 тойрогт 76 нэр дэвшигчийг 100 сая төгрөгийн дэнчингээр сойсон ч Сүхбаатар аймагт бүтэн ялалт, Ховд, Баянхонгор аймгуудад тус бүр хоёр, Баян-Өлгий, Төв, Өмнөговь, Увс аймаг болон нийслэлийн Баянгол дүүрэгт тус бүр нэг нэг суудал авч бүлэг байгуулах хэмжээнд хүрлээ.

Тийм учраас АН-ын залуучуудын төлөөлөл нэгдэж “АН-ыг шинэчлэх түр хороо” байгуулсан бол УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл намын удирдлагад нэр дэвшиж буйгаа албан ёсоор илэрхийлсэн байна.

Ардчилсан намын залуучууд нэгдэж, намаа шинэчлэх шаардлагыг Намын төв байрандаа хүргүүллээ. Тус намын 100 гаруй залуу  гишүүн хуралдаж, есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр Ардчилсан намын дотоод ардчиллыг хангуулах түр хороог байгуулжээ. Тус намын залуучуудын төлөөлөл АН-ын одоогийн удирдлагыг дүрмийн дагуу хариуцлага хүлээх шаардлага тавьж буйгаа өнөөдөр /2020.06.25/ мэдэгдлээ. Залуучуудын төлөөллөөс УИХ-ын ээлжит сонгуульд хоёр ч удаа ялагдал хүлээсэн намаа шинэчлэх ёстой хэмээн үзэж байгаа юм.

Ардчилсан намын түр хороо дараах ажлыг хийнэ гэдгээ танилцууллаа. Үүнд:

  • Ардчилсан намын дарга, дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг 2020 оны зургадугаар сарын 24-ний орой огцорсныг тав хоногт багтаан албажуулах ажлыг АН-ын Үндэсний бодлогын хороо хийж чадах эсэхийг хянах
  • Намын Үндэсний бодлогын хорооны хурлыг 15 хоногийн дотор хуралдуулахыг шаардах
  • АН-ын дүрмийн хэрэгжилт дотоод ардчиллыг хангуулах бусад ажлыг зохион байгуулах.

Ардчилсан намын үндсэн дүрэмд нам сонгуульд олонхийн санал аваагүй тохиолдолд намын дарга болон дэд дарга огцрох ёстой гэж заасан. Энэ дагуу АН-ын Үндэсний бодлогын хороо нэн даруй хуралдаж, намын даргыг огцруулах тогтоол гаргахыг шаардаж байгаа юм. АН бол дотоод дүрэмтэй нам бөгөөд хэрвээ дүрмээ биелүүлээгүй тохиолдолд дараа дараагийн арга хэмжээг авна хэмээн мэдэгдлээ. АН-ын гишүүн М.ТУЛГАТ:

-Ард түмэн МАН-ыг дэмжиж, үнэмлэхүй ялалт өгсөнгүй. АН сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахгүй, дотоод ардчилалгүй байсан учраас ялагдлаа. Тиймээс бид намаа шинэчлэх хэрэгтэй. Олон нийт АН-д сэтгэл дундуур байна. Ардын нам нийт сонгогчдын 30 гаруй хувийн саналыг авсан. 60 гаруй хувийн санал гээгдсэн. Тиймээс бид АН-аа шинэчлэх ёстой. Бид шаардлагаа шат дарааллын дагуу тавина. Намын үндсэн дүрмийн дагуу сонгуулийн дүн гарсан даруйд намын дарга, дэд дарга ерөнхий нарийн бичгийн дарга нар огцорно. Тиймээс ҮБХ-г хуралдуулах шаардлагыг хүргүүлж байгаа юм. Залуучууд бидний бодол бол дүрмийн дагуу явдаг, дүрэмтэй намыг бий болгоод, дүрэмгүй аашилдаг ах нарыг шинэчлэх зорилготой юм.

АН-ын гишүүн Б.ГАН-ЭРДЭНЭ: УИХ-ын ээлжит сонгуулийн дүнгээр АН парламентад 11 суудал авч, хоёр сонгууль дараалан үнэмлэхүй ялагдал хүлээлээ. Энэ нь АН-ыг олон жилийн турш ардчиллыг дэмжиж ирсэн олон нийтийн итгэлийг алдсан хариуцлагагүй үйл явдал боллоо. Ардчилсан намын гишүүд бид энэ байдлыг хараад зүгээр суух эрхгүй болжээ. Намыг ялагдалд хүргэсэн одоогийн дарга дүрмийн дагуу хариуцлага хүлээж, дотоод ардчиллыг хангаж чадах эсэх нь эргэлзээтэй юм. Иймд цаашдын үүрэгт хяналт тавих, шинэчлэлийг сууриар нь зөв зохион байгуулах нь намын төдийгүй Монголын ардчилалд чухал ач холбогдолтой гэж бид үзэн, түр хороо байгуулснаа зарлаж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.50.222)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.