Гэрээ засаад Төрөө засахаар ирсэн Засаг дарга нар
Нийтлэл
/
2020-06-27

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд МАН 62 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан. Мөн МАН-аас нэр дэвшссэн засаг дарга нар бүгд иргэдийнхээ итгэлийг хүлээн ялалт байгууллаа . 

Нийслэлийн болон Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Налайх дүүргээс үнэмлэхүй санал авч ялалт байгуулсан юм. Түүнийг хотын захирагч байхдаа “Хонхот цэцэрлэг хүрээлэн”-гийн ажлыг дуусгаж сонгууль болохоос хэдхэн хоногийн нээлтээ хийсэн нь түүнийг сонгуулийн пиар хийж байна хэмээсэн шүүмжлэл дагуулсан. Хотын захирагч мөнгө идсэн гэх хар хэл, ам дагуулсан “Хонхтой цэцэрлэгт хүрээлэн” нь түүний аминд орсон уу. Эсвэл иргэд түүний амласан өрх бүрийг орон сууцжуулна гэсэн үгэнд итгэсэн үү ямартай ч С.Амарсайхан дээгүүр давхисан.

Түүнтэй зэрэгцээд Нийслэлээс Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир ялалт байгууллаа. Түүний хувьд улстөрийн карьер байгатай хүн. Гэсэн ч тэрээр Засаг дарга байхдаа дүүрэгтээ явган хүний зам тавих, үерийн усзайлуулах далан сувгийг засварлах, байрнуудын өнгийг сэргээж будах, гэрэлт гудамтай болгох гээд тайланд дурдах, тоо бөглөөсний ажлаа сайн хийсэн. Энэ нь иргэдийн сонголтонд нөлөөлсөн ч байж мэдэх юм. Түүнийг УИХ-ын тайлан өгөхдөө хүүхдийн тоглоомын талбай зассан гишүүн биш байгаасай хэмээн сонгогчид итгэл хүлээлгэсэн буй заа.

Орон нутгаас Орхон аймгийн засаг дарга Д.Батлут ялалт байгуулсан. Тэрээр Орхон аймгийн унаган хүүхэд. Мөн ажил амьдралынхаа гарааг Орхон аймгаас эхлэж төрийн албаны хамгийн багаас нь эхлэж өнөөдөр төрийн сэнтийд заларч байна. Түүнд Орхон аймагт хийж үзээгүй даргын алба ч үлдсэнгүй бололтой. Оюутан ахуй цагаасаа Орхон аймгийн Оюутны холбооны дэд ерөнхийлөгч, Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч, Орхон амйгийн засаг даргын албыг хашиж байжээ. Тэрээр төрсөн нутаг уснаасаа, түмний дэмжлэгээр төрд гарлаа.

Өвөрхангай аймгийн засаг дарга Г.Ганболд намын нөхдийн хамт багаараа ялалт байгуулсан. Өвөрхангай аймгийн засаг даргаар чамалхааргүй сайн ажилласан түүнийг С.Чинзориг, Д.Тогтохсүрэн нарын халаасны хүн гэх нь ч бий. Тэрээр засаг даргаар ажиллаж байхдаа Уул уурхайн асуудлаар хэд хэдэн удаа шүүхэд дуудагдаж түүнийхээ араас сурамгай гэгч нь залруулга хийдэг нэгэн.

Өмнөговь аймгийн засаг даргаар дуу нэгтэй сонгогдож байсан Н.Наранбаатарыг иргэд УИХ-ын сонгуульд мөн дуу нэгтэйгээр сонголоо. Түүний хувьд баруунд сургууль төгссөн. Чамалхааргүй  боловсролтой МАН-ын ирээдүйтэй залуу гишүүн.

Дорноговь аймгийн унаган хүүхэд, засаг дарга Т.Энхтүвшин мөн багаараа ялалт байгууллаа. Нутаг орондоо нэр хүнд сайтай тэрээр төрийн өндөр сэнтийд ард иргэдийнхээ итгэлийг дааж ажиллах сонгогдлоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.208.126)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.