Монголын Улстөрийн ПОПЫН ХААД зодог тайллаа...
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-06-27

Өнгөрсөн парламентыг амь оруулж, бараг сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байсан хоёр эрхэм 2020 оны сонгуульд ялагдсанаараа шинэ парламент нэг л тийм уйтгартай болох нь. Эрх баригч намынхан хоорондоо ЖДҮ, 60 тэрбумаараа талцаж байхад Ж.Батзандан, О.Баасанхүү хоёр л элдэв мэдэгдэл хийж, эрх баригчдыг шүүмжилж байсан.

Тэд шинэ парламентад багталгүй карьераа дуусгаж, зодог тайллаа. Ж.Батзандан бол хүнийг сайн явахад нь наалдаж, муу болохоор түлхдэг хүн чанар тааруу эр. Тэр эрх ашгийн төлөө сонгогдсон намаасаа гарч, махан цуглуулга шиг эрээвэр, хураавар нөхдөөр багаа бүрдүүлж, “ШИНЭ НАМ” байгуулсан ч анхны сонгуульдаа ялагдаж, улмаар улстөрийн давцнаас хүн нь ч, нам нь ч арчигдлаа. Түүний хоолойгоо шахаж ярьдаг, Ц.Элбэгдоржийг, М.Энхболдыг үзэн яддаг сэтгэлгээ нь улстөрийн хүрээнд хэсэгтээ үл мартагдана. ШИНЭ НАМЫН тэргүүн гэж жил хагас аягласан тэрбээр гүр хаан Жамух шиг эцсийн мөчид найз ч үгүй, дайсан ч үгүй, тал талд очиж нам царайчилж, гар тосох тавиланд уналаа.

Нэг хэсэг Ардчилсан намын даргын төлөө сонгуульд өрсөлдөж, С.Эрдэнэ вантай сөргөлдөж ялагдан, улмаар тус намаас өрх тусгаарласан ч амжилт олсонгүй. Шударга таван гишүүний бүлэг гэгчийг байгуулж, төрийн хулгайтай хатуу тэмцэх түүний эхлүүлсэн ажил ингээд төгслөө. С.Зоригийн хэргийг шалгах түр хороог байгуулж, тус хэрэгт ял эдлэж буй Содномдаржаа, Чимэгээ нарыг суллахыг шаардаж, шоронгийн хоригдлуудаар шоу хийгээд ч нэмэр болсонгүй.

О.Баасанхүү. Ардчилсан намын живэх гэж байгааг мэдсээр байж, улстөрийн намын туган дор нь нэгдэж улмаар хамт живчихэв. Улстөрд байхдаа хамгийн идэвхтэй, хүчтэй сөрөг хүчний байр суурь илэрхийлж байсан ч Ц.НЯМДОРЖТОЙ хамт ОРХОНД ялагдаж, Босоо Ганбаа, Н.Алтанхуяг хоёр нам даруулж, Эрдэнэтийн цагаан тоосонд булагдлаа.

Эрдэнэтийнхэний итгэлийг найман жил дааж, УИХ-д сонгогдсон тэрбээр энэ удаад АН-ын хоёр гишүүнтэй нэг баг болж явсан ч  ганцаарчилсан тоглолтын улмаас улстөрийн тоглоомоос гарч байна. Тэрээр өмнө нь Н.Энхбаярыг өмгөөлж анх олон нийтэд танигдаж байсан бол дараа нь МАХН-аас УИХ-н гишүүн болсон. 2016 онд мөн л хувьсгалт намаасаа нэр дэвшиж сураггүй, хүчгүй МАХН-ыг их хуралд суудалтай болгож, 2017 онд МАХН-аас С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломж олгосон. Энэ мэтээр тэр МАХН-д олон боломж олгосон ч Н.Энхбаяртай намын даргын эрх мэдлийн төлөө үзэлцээд хаанд ялагдаж, улмаар харьяалагдах намгүй болж, эцсийн мөчид С.Эрдэнэ ванд хадаг тавьж Ардчилсан намд элссэнээр хөөрхий минь улстөрчийн амьдралдаа цэг хатгав.

Одоо Ардчилсан намынхан шинэчлэгдэх процесс ахиад дөрвөн жил үргэлжилнэ. Энэ хооронд тэрээр хааяа нэг хэвлэлд яриа өгч эрх баригчдыг буруутгасан байр суурь илэрхийлж сууна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.98.78)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.